Засгийн газарГадаад харилцааБайгаль орчинОнцлох

Хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах төсөл эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нарыг /2021.03.16/ хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хоорондын ойн тогтвортой менежментийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, салбар дундын зохицуулалт зэрэг чиглэлд өргөн цар хүрээтэйгээр нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа тус байгууллагын байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, шинээр хэрэгжүүлэх боломжит төслийн талаар танилцууллаа. Мөн бусад хамтрагчидтай байгалийн нөөцийн зохистой ашиглалтад суурилан агро-экологийн нэмүү өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж буйгаа онцоллоо.

БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь манай яамны бодлогын гол түнш байгууллага. Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань үр дүнтэй, амжилттай байна гэдэгт итгэлтэй байна. НҮБ-ын Экологийн нөхөн сэргээх 2030 хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээх чиглэлээр нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн онцлов.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд байгууллагынхаа талаар болон 1992 оноос хойш хэрэгжүүлж ирсэн ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх, менежментийг бэхжүүлэх, ой болон цэнгэг ус хамгаалал, ховор амьтдын судалгаа шинжилгээ, цоохор ирвэс тооллого зэрэг хамгааллын олон үйл ажиллагааны талаар сайд Н.Уртнасанд танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн (“Дорнод хээрийн төсөл”) бичиг баримтад гарын үсэг зурж, албан ёсоор төсөл хэрэгжиж эхэллээ.

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн 6 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих тус төслийг Монгол Улсад НҮБ-ын ХХААБ нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжүүлнэ.

Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомстохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Винод Ахужа “Бид үндэсний хэмжээнд байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй зэрэг бодлогын чухал асуудлуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж хамтдаа шийдвэрлэх ёстой. Үүний тулд салбар дундын болон яам хоорондын нягт хамтын ажиллагаа маш чухал юм” хэмээн онцолж байлаа.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close