НийтлэлОнцлохШинэ мэдээ

Амар тайван, аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа хичээцгээе

Нэгхэн өдөрт хүсэл мөрөөдөл, итгэл найдвар дүүрэн, хийж бүтээж, хайрлаж дурлаж явсан 10 мянга гаруй зүрх цохилохоо больж, хайртай хүмүүсийнхээ дурсамжинд л зөвхөн үлдэж байна. Ердөө жил гаруйханы хугацаанд 1 сая 800 мянга гаруй хүмүүний халуун зүрх зогсож, хайртай дотны найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүндэтгэн дурсаж буяны ажлыг нь ч хийх боломжгүй нулимсаа урсган үлдэж байна.

Дэлхийн 218 оронд тархсан аюулт цар тахал өвчний улмаас өнгөрсөн жил гаруйн хугацаанд хичнээн олон хүн хайртай хүмүүсээ цаг бусаар алдаж, гашуун нулимсаа урсган, сэтгэл нь бачуурч, итгэл нь замхарч үлдсэн бол …

Хувь тавилан гэгч хүмүүний амьдралын чухал зүйл гэдэг ч нүдэнд үл үзэгдэх вирусыг хэн ч хараагүй, хүсээгүй бас хүсэхгүй. Зөвхөн өөр хэн нэгэн хүнд л тохиох зүйл мэт, дэлхийгээс тусдаа арал дээр амьдарч байгаа мэт Монголчууд бид хамтдаа айх айдасгүй өнгөрүүлсэн цаг хугацааг эргэн санахад л энэ аз жаргалыг мэдрэх биз ээ.

Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг хичээл зүтгэл гаргаж, эмч, эснэлгийн ажилтан, цагдаа хүчний байгууллагынхан зэрэг онцгой нөхцөлд ажиллагсад аюулыг сөрөн амь биеэ үл хайрлан ажиллаж байна. Манай оронд ч мөн л адил тэд минь хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Бид цөөхүүлээ учраас илүү их анхаарал, болгоомж хэрэгтэй. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсээ хайрлаж, хүндлэх хэрэгтэй. Тэдний дүнд таны хайртай дотны хүмүүс, найз нөхөд чинь байж л байгаа. Миний хуввьд ч мөн адил.

Улиран одсон 2020 он та бидэнд амьдралын үнэ цэнийг ойлгуулсан их хүнд жил болон ард үлдлээ. Гэхдээ дэлхийн хүн төрөлхтөн, монголчууд та бид энэ цаг хугацааг даван гарч чадах учраас л яг одоо энэ бүх зүйл тохиолдож байгаа юм. Мэдээж маш олон хүнд хэцүү, болохгүй, бүтэхгүй, боломжгүй асуудлууд дүүрэн байгаа ч “Хүн бүрт өөрийн үүрэх ачаа, давж гарах даваа байдаг. Тэр ачааг хүрэх газар нь хүргэж, давааг давж чадах хүч чадал, зориг зүрх, итгэл үнэмшил байдаг” нь өөрөө амьдрал юм.

Хэрвээ хүмүүст итгэл найдвар гэж байдаггүй бол,

Урам зориг өгч амжилтаа ахиулах хүсэл байдаггүй бол

Маргааш хийх ажлаа итгэлтэйгээр төлөвлөдөггүй бол

Ирээдүйгээ төсөөлөх мөрөөдөл байдаггүй бол

Баяр жаргал, уйтгар гуниг ээлжилдэггүй бол

Амьдрал ямархан байх билээ.

Тиймээс бидний мэддэг амар тайван, аз жаргалтай амьдралын төлөө хүн бүрийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, итгэл найдвар хэрэгтэй байна. Өнөөдрийн хэцүү бүхэн та бидний амьдралын түүхэнд таагүйхэн дурсамж болон үлдэх цаг удахгүй ирнэ.

Нэгэнт дэлхийд төдийгүй Монголд хүрээд ирсэн цар тахлын аюулыг үл тоож хэнэггүйхэн алхалгүй хариуцлагатай байж, ирээдүйд тохиох олон олон баярт өдрүүдийг аз жаргалтайгаар угтан авахын тулд эрсдэлтэй үйлдэлээ зүгээр л тэвчиж, хойшлуулаарай. Тэвчиж гарсан бүхэн бидэнд гайхамшиг болон ирнэ.

Амьдрал бол гайхамшиг. Таны хичээл зүтгэл, хариуцлагатай үйлдэл яг одоо л хэрэгтэй. Бид хамтдаа итгэл дүүрэн байж энэ цаг үеийг даван гарна.

Амар тайван, аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа хичээцгээе.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close