ОнцлохНийслэлШинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Цэрэг татлагын явцтай танилцав

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ–ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, БХЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ–ны СБТГ–ын дарга, хурандаа С.Ганбямба, НЗДТГ–ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цар тахлаас үүдэн нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй. Хоёрдугаар ээлжээр үүнийгээ нөхөж таталтаа хийж байна. Тийм учраас хугацаат цэргийн алба хаах залуусын тоо энэ удаагийн ээлжээр өндөр гарах байх. Цэрэг татлагын ажилд залуус их идэвхтэй оролцож байна. Эхний өдрийн явцын байдлаас харахад залууст маань цэргийн алба хааж, хуулиа биелүүлье гэсэн хандлага давамгайлж байгаа нь ажиглагдлаа. 

Мөн улсын хэмжээнд цэргийн насны залуусын эрүүл мэнд ямар байгааг тодорхой харах боломжтой болсон. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт бүх төрлийн шинжилгээг газар дээр нь хийж байна. Цэргийн албанд бие бялдрын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод шаардлагатай тохиолдолд эмчилгээнд хамруулаад ажиллаж байгаа.

Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад цэрэгт эрүүл мэндээр тэнцүүлэх зааврыг шинэчилсэн. Монгол Улсын хэмжээнд цэргийн насны залуусын өвчлөл дээр анализ хийж, ямар өвчлөлийг цэргийн албанаас чөлөөлөх хэмжээнд авч үзэх, түүнийгээ хэрхэн эрүүлжүүлж, эмчлэх талаар нэгдсэн бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Энэ чиглэлээр сургууль болон эрүүл мэндийн байгууллагууд ч анхаарал хандуулж байгаа. Зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдсан хугацаат цэргийн алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломжтой, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Тодруулбал, эхний зургаан сарын хугацаанд цэргийн бэлтгэл сургалтдаа бүрэн хамрагдаж, мэргэжлээ эзэмшээд үлдсэн хугацаанд нь гэрээ байгуулж, төмөр замын болон улс орны стратегийн ач холбогдолтой бусад бүтээн байгуулалтад цалин, урамшуулалтайгаар ажиллах боломжтой” гэлээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ–ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох цэрэг татлагын байр, явцыг танилцуулсны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зарлан дуудах хуудас авч иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн залуусын төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байлаа.

С.Тэмүүлэн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хуваарилагдсан бөгөөд зарлан дуудах хуудас ирэхийг их хүлээсэн гэнэ. Түүний найзууд ч цэргийн алба хаацгааж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн аж. С.Тэмүүлэн ч ялгаагүй сайн дураараа цэргийн албанд мордохоор зэхэж бие бялдар, эрүүл мэндээрээ тэнцэж, бусад нөхцөлийг хангаад байгаа нь энэ. Тэрээр өөрийн сайн дураар цэргийн албанд татагдсан гэдгээ салбарын удирдлагууддаа хэлэхэд нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр урмын үгээр сайшааж төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломж бүрэн дүүрэн бий гэдгийг онцлоод албанд нь өндөр амжилт хүслээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон холбогдох албаныхан үргэлжлүүлэн Налайх дүүргийн цэрэг татлагатай танилцсан юм.

2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close