Орон нутагУИХУлс төр

Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Манай орны 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж. Бэлчээрийг доройтол, талхагдлаас хамгаалахын тулд зөв зохистой ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон. Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байна гэлээ. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.

Төвлөрсөн хот суурин газар, мал ихтэй аймгуудад бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн мэдээтэй байгаа бөгөөд бэлчээрийн усан хангамж муудаж, малын тоо толгой 1990 оноос 2018 онд 2.6 дахин өссөн байхад инженерийн хийцтэй худгийн тоо 1.7 дахин буурчээ. Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн бэлчээрт шинээр 1698 цэгт уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.

Зөвхөн 2019 онд 280 ширхэг инженерийн хийцтэй худгийг шинээр барих захиалга иржээ.

2020 онд инженерийн хийцтэй 450 худаг барьж байгуулахад 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас гаргах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа аж. Манай орны хээрийн болон тал хээрийн бүсийн 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархсан нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлжээ. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид улам нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгаа нь тогтоогджээ. Сүүлийн 10 жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайн үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байна. Энэ онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайн үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулжээ.

Бэлчээрийн талхагдал, доройтлыг бууруулж, цөлжилттэй тэмцэхийн тулд бэлчээрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж Шадар сайд хэллээ. ХХААХҮЯ-нд байгуулагдсан ажлын хэсэг Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулахаар ажиллаж буй аж.

Бэлчээр ашиглалтын төлбөр төлөх зохицуулалтыг бий болгож, бэлчээрийн төлөв, алслагдсан байдал, малын төрлөөр, аймаг сумаар бэлчээр ашигласны төлбөрийг ялгавартай тогтоон авах, тэрхүү төлбөрөөс бүрдсэн хөрөнгийг тухайн аймаг, сумын бэлчээр ашиглалт, хамгаалалт, малын чанарыг сайжруулахад захиран зарцуулах боломжийг аймаг, сумын ИТХ-д олгох шаардлагатай гэж үзэж байгаагаа Шадар сайд илэрхийлсэн.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд үлийн цагаан оготныг устгах томоохон ажлыг зохион байгуулах, малчид отор, нүүдэл хийн өөр аймаг, суманд өвөлжиж, хаваржих асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч ажиллах, махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, мал сүргийн бүтцийг сайжруулах, бэлчээр ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийх талаар саналаа илэрхийлсэн.

Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 40 сая гаруй га бэлчээрт тархсан үлийн цагаан оготныг устгах чиглэлээр тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээсэн. Тэрбээр бэлчээр хамгаалах, цөлжилттэй тэмцэх ажлын чанарыг сайжруулж, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах ажиллахыг чухалчлан сануулсан юм.

Мөн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй буй аж.

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр, зургаа нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой болсон байна. Түүнчлэн хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал их гаруй байгааг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдсан.

Хоршооны удирдлагын менежмент муу, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгөгүй байх, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавхи сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байгаа аж. Тухайлбал, судалгаанд хамрагдсан хоршоодын 8.7 хувь нь огт орлого олоогүй, 54 хувь нь 1 сая төгрөг болон түүнээс бага орлого олсон, 23 орчим хувь нь нэгэн хэвийн өсдөггүй орлоготой, 20 хувь нь орлого буурсан, 39 хувь нь орлого бага зэрэг өссөн гэсэн дүн гарчээ.

Ийм учраас хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр дурдсан.

Одоогийн мөрдөгдөж буй хууль хэт ерөнхий, хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлоогүй, хөгжлөө даган өөрчлөгдөж буй нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа нь Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа юуны өмнө одоо байгаа хоршоодод бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх чиглэлийн эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход түлхүү анхаарсан гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, Хуулийн төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад, дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээлд хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдснаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцийн хувьд бэхжих, хоршооллын салбарын мэдээлэл, судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татвар, аудитын зөрчилтэй асуудлыг арилах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоршооны үйл ажиллагаагаар дамжуулан хөдөөг хөгжүүлэх хөшүүргийг бий болгох, ядуурал, ажилгүйдлийг бууруулах боломжийг цогцоор харж, бодлого хоорондын уялдааг хангах, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ард иргэдийг ажилтай, орлоготой байлгах үндэс нь хоршоо бөгөөд хоршооны менежментийн олон улсад үр дүнгээ өгсөн тэргүүн туршлагыг тусгах, УИХ-ын гишүүн С.Чинзориг зөвхөн малчид ч биш хөдөөгийн залуучуудыг хөдөлмөр болон эд хөрөнгөөрөө хорших замаар ажлын байртай болгох, албан бус секторт ажиллаж байгаа бүртгэлгүй ажиллагсдыг бүртгэлжүүлэх, нийгмийн даатгалын асуудлыг сайжруулах, тэдгээрийг албан секторт шилжүүлэх боломж бүрдэнэ гэсэн саналыг гаргасан болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close