Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэм7 хоногОрон нутагФото сурвалжлага

Гачуурт тосгонд жилдээ 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийн шав тавилаа

“Ногоон Ази Сүлжээ“ ОУТББ-ын зүгээс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, цөлжилтөд нэрвэгдсэн орон нутагт 9 ойжуулалтын жижиг загвар талбайг байгуулан модыг тарьж ургуулж байгаа билээ. Ойжуулалтын талбайд тарьсан жимсний мод хэдийнээ үр жимсээ өгөөд эхэлсэн. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, КОИКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ хамтран Баянзүрх дүүргийн нутаг Гачуурт тосгонд жилдээ 600 тн жимс, жимсгэнэ боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн шав тавих ёслолыг хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Орлогч дарга Б.Пүрэвсүрэн, КОИКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Ран, орлогч дарга  Ким Сү Яан, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын ТУЗ-ын дарга У Ги Чүл, Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Газар, хүнсний хэлтсийн дарга Р.Ундармаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Батболд, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төслийн зохицуулагч Ким Сон Ги, Монголын Жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Булган аймгийн Баяннуур сумын “Баяннуур шугуй нөхөрлөл”-ийн ахлагч Б.Энхжаргал, Монгол дахь Солонгос төрийн бус байгууллагуудын холбооны тэргүүн Хан Бён Ги, “Жей Кей Эл Эм” ХХК-ний Ерөнхий захирал Чой Бэ Сүл, болон Гачуурт тосгоны иргэд, зочид төлөөлөгчид оролцов.

Монголын уур амьсгалын өөрчлөлтөөс хохирол амссан бүс нутгийн иргэдтэй хамтран үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээг байгуулах, жимс жимсгэнэ боловсруулах, иргэдийн бие даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төсөл нь 2019-2021 оны хооронд 1,4 тэрбум воны санхүүжилтээр хэрэгжих юм. Төслийн хүрээнд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумд, Төв аймгийн Аргалант сумын ойжуулалтын талбайд ургуулсан чацаргана, үхрийн нүд жимсийг боловсруулж, зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгон нийлүүлэх ажлыг хийх ажээ. Урьдчилсан байдлаар дээрх талбайд ажиллаж буй 80 гаруй хүнийг ажлын байраар хангаж, тэдний гэр бүлийн 300 гаруй хүний амьдрал сайжирна хэмээн үзэж байна.

 

Ким Сон Ги: Бид Монгол Улсад ойжуулалтын төслөөр дамжуулан

 орон нутгийн жишиг загварыг байгуулан ажилаж байна

Шав тавих ёслолын эхэнд “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Ким Сон Ги танилцуулга хийлээ. Тэрээр хэлэхдээ, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга зэрэг байгаль орчны асуудалд хариу арга хэмжээ авч, аюулгүй тогтвортой ногоон дэлхийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид Монгол улсад цөлжилтийн эсрэг ойжуулалтын талбайг байгуулан байгаль орчныг хамгаалах, эдийн засаг нийгмийн хөгжилд тогтвортой нөлөөлөх орон нутгийн жишиг загварыг байгуулан ажиллаж байна.

Бид 2000 онд Монгол улсын цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажлыг эхлүүлсэн. 2007 оноос “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллаж байна. 2019 оны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Багануур хот, Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн  сум, Архангай  аймгийн Өгий нуур сум, Дундговь аймгийн Мандалговь сум, Төв аймгийн Эрдэнэ, Аргалант, Эрдэнэцогт сумдад цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлж байна.

2019 оны эхээр НЗДТГ-тай хамтран “Жимс, жимсгэнийг боловсруулах үйлдвэр”-ийг байгуулан иргэдийн бие даах чадварыг дээшлүүлэх төслийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. КОИКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл бүхий Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтөд хохирсон иргэдийн холбоог байгуулах, мөн жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэрийг байгуулж, иргэдийг чадавхижуулах төслийн хэлэлцээрийг хийснээр төсөл эхэлсэн билээ.

“Ногоон Ази Сүлжээ” ОУТББ нь өнгөрсөн 19 жилийн хугацаанд орон нутгийн иргэд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, орон нутгийн ЗДТГ, БНСУ-ын КОИКА-тай хамтран цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажил хийж, иргэдийг чадавхижуулах тогтолцоог хангахаар хамтран ажиллаж ирсэн. Энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэн жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэрийг байгуулж, жимс тариалагч иргэдийг нэгтгэж, мэргэшүүлэх замаар амьжиргааг нь дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон жишиг загварыг байгуулах зорилготой юм.

Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар ойжуулалтын талбайн ажилчдын тарьж, ургуулсан жимсийг зах зээлийн ханшаар худалдан авч, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийслэлийн иргэдийн хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох бүрэн боломжтой болно. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой жишиг загварыг бий болгосноор иргэд өөрсдийн нийгэм, эдийн засгийн бие даасан байдлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээн танилцуулсан юм.

Б.Пүрэвсүрэн: Олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ загварыг бий болгоно

Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Б.Пүрэвсүрэн хэлэхдээ, Улаанбаатар хот болон “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ нь найрсаг хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг дээдлэн Монгол улсад явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цөлжилт шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хамтран ажиллаад 18 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд 6000 мянган гаруй га газарт мод тарьж, иргэдийн амьжиргааг дэмжин ажилласан та бүхэнд үнэхээр талархалтай байдаг юм. Өнөөдөр бид иргэдийн бие даасан чадварыг нэмэгдүүлэхийн тулд “Эко тосгон” байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулан Олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ загварыг бий болгохоор энэхүү үйлдвэрийн шав тавих арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна.

Улаанбаатар хотод орчин үеийн техник, технологитой үйлдвэр баригдаж, жилдээ 600 тонн  жимс жимсгэнийг боловсруулан экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, бие даах чадварыг бий болгон жимс, жимсгэнэ тариалалтын тогтвортой ажиллагаа хангагдсан төсөл хэрэгжих нь бидний байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад оруулж буй том алхам болох юм. Тогтвортой хөгжлийн үзэл санаа болон Нийслэлийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжин, байгаль орчны доройтолд нэрвэгдсэн газар нутагт “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийг байгуулж, хүнсний ногоо тарьж ургуулах технологийг зааж, иргэдэд чиглэсэн сургалт явуулах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан экологийн боловсрол нэмэгдэнэ. Цаашид иргэдийн бие даах чадварыг үр дүнтэйгээр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэллээ.

Жу Хэн Ран: Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр

1.4 тэрбум вонын санхүүжилтээр бүтээн байгуулагдана

КОИКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Ран хэлэхдээ, “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийн шав тавих ёслолд хүрэлцэн ирж, оролцож байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархаж байна. Бидний энэ төсөл маань 2019-2021 он хүртэл үргэлжлэх бөгөөд 1.4 тэрбум вонын санхүүжилтээр бүтээн байгуулагдана. Иргэдийн бие даах чадварыг дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлснээр амьдралыг чанарыг сайжруулах юм.

КОИКА байгууллагын хувьд өнгөрсөн хугацаанд маш олон хувийн хэвшил, байгууллагуудтай хамтран Монголд цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаа ойжуулалтын ажлыг дэмжиж, гар аргаар жимс, жимсгэнийг хураах ажлыг хийлгэж байсан ч төдийлөн санасан үр дүнд хүрэхгүй байсан. Харин энэ төслөөр дамжуулан  бидний зорьж буй ажил илүү сайн үр дүнд хүрч, Монголын олон газарт энэ ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд маш олон байгууллага оролцон, хүчээ нэгтгэж байгаад талархсанаа дахин илэрхийлж байна. Ялангуяа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт талархсанаа илэрхийлж байна. Цаашид бидний төсөл амжилттай хэрэгжин маш том үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

У Ги Чүл: Агаарын бохирдолгүй ирээдүйг, орлоготой ирээдүйг хамтдаа бүтээе

Шав тавих ёслолын арга хэмжээний үеэр “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын ТУЗ-ын дарга У Ги Чүл хэлэхдээ, 10 жилийн өмнө Монголд ирэх үеэр “Өнөөдөр мод тарих нь бидний өөрсдийн төлөө, маргааш мод тарих нь бидний үр хойчийн төлөө юм” гэдэг хэлц үгийг сонссон. Тэр үеэс хойш  Монгол улсын Засгийн газар 1 сая мод тарьсан байна. Тэдгээр моддын дундаас хамгийн түгээмэл тарьсан нь чацаргана мод байсан. 100 ширхэг чацаргана мод тариалахад жилдээ 2 сая төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой.

Тодруулбал, чацаргана модыг тарьж, ургуулахаас гадна хэн нэгэн нь энэ модыг худалдан авч байх ёстой. Тэгж байж чацаргана модыг үргэлжлүүлэн тарих боломжтой болно. Хамгийн гол нь ургасан үр жимсийг үнэ цэнэтэй болгохын тулд бид “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийг байгуулж, иргэдийг сургалтад хамруулан чадавхжуулахад анхаарлаа хандуулан НЗДТГ, КОИКА байгууллагатай хамтран энэ төсөл хэрэгжүүлж байна. Түрүүн хэлсэнчлэн маргааш мод тарина гэдэг бидний хойч үеийн төлөөх ажил юм. Дараагийн хойч үеийнхээ төлөө, агаарын бохирдолгүй ирээдүйг, орлоготой ирээдүйг хамтдаа бүтээж хойч үедээ үлдээхийн тулд бүгдээрээ хүчээ дайчилцгаая. Баярлалаа” хэмээн онцолсон билээ.

Энэхүү шав тавих ёслолын арга хэмжээний үеэр МУСТА морин хуурч, хөөмийч Н.Санжаадорж “Жонон хар морины явдал” морин хуурын аялгууг эгшиглүүлж, Уртын дуучин Э.Болороо “Уяхан замба тивийн наран” дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн газар дэлхий, хүндэт зочдод хүндэтгэл үзүүллээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд газар, лусыг аргадаж ном хурж, сан тавьсан юм.

 П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close