ЯрилцлагаЭнэ сардФото сурвалжлагаFocus

Х.Сэргэлэнбат: “Амьдрал бүхэлдээ хайрын тойрог”

“Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаттай уншигч таныг уулзуулж байна. Тэрбээр “Эх орныхоо Тусгай хамгаалалттай газар нутгийн ховор ан амьтан, байгалийн сайхныг харуулсан “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэнгээ 21 аймгийн иргэд, хүүхэд залуучууддаа хүргэх ажлыг эхлүүлээд буй. Мөн Монголын Байгалийн түүхийн музей болон БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон, Бусан, Тэгү, Гуанжу гэсэн дөрвөн хотоор нэг жилийн хугацаатайгаар гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн. Байгалийн гэрэл зургаар дамжуулан хувь хүний байгаль дэлхийгээ хайрлах төлөвшилд нөлөөлөхийг зорьсон алхам минь байсан” хэмээн онцолж байна. Түүний зорьсон ажил улам өргөжсөөр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон гэдгийг байгалийн зургаар дамжуулан ойлгуулахаар “Нэг дэлхий” төслийг эхлүүлсэн ажээ. Уншигч танд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Таалан болгооно уу.

– Таны авсан олон сайхан гэрэл зургийг харсан. Ер нь яагаад гэрэл зураг руу орчихов. Нууц биш бол таны үндсэн мэргэжил юу юм бэ.?

-Би 2009 оноос гэрэл зураг авч эхэлсэн. Үндсэн мэргэжил маань программ хангамжийн инженер ч видео хийх сонирхолтой байсан тул хувийн студи байгуулан ажилласан юм. Энэ үеэр НҮБ, GIZ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, ойн тооллогод оролцсон. Миний оролцоо гэвэл бүтэн жилийн хугацаанд таван ширхэг модыг сонгон дөрвөн улиралд тохируулан нэг л цэгээс авсан. Хавар, зун, намар, өвөл нэг байрлалаас тэр моддыг авч, хэв шинжийг нь тодруулах ажил үнэхээр гоё санагдсан. Өвөл нөгөө модоо олохгүй төөрч байлаа. Байгаль өнгө төрхөө өөрчилж байгаа нь үнэхээр гайхалтай мэдрэмж шүү.

БОАЖЯ-ны Сонгон шалгаруулалтад тэнцэж, хамтран ажиллах болсон тэр  үеэс Монгол Улсын Тусгай хамгаалалттай бүх газруудад очих боломж олдсон. Эхлээд онгон дагшин байгалийн зургууд, мазаалай, баавгай, хүдэр зэрэг ховор амьтдын гэрэл зургийг авч, түүнийг хамгаалья гэдэг санаагаар зураг авч байлаа. Дараа нь уур амьсгалын өөрчлөлт яаж илэрч байна, энэ нуур ширгэчихсэн байна. Харин энд ийм газар нь онгон дагшинаараа байна тусгай хамгаалалтад оруулах хэрэгтэй гэх зэргээр гэрэл зураг авсан. Энэ хугацаанд  зургаан сайдын нүүр үзсэн. 2015 онд 21 аймгийнхаа хүн бүрийн мэдэх ёстой бүх мэдээлллийг багтаасан ном гаргах үед Байгаль орчны сайд Н.Батцэрэг байсан. Тусгай хамгаалалттай газар нутаг  руу хүн бүр очиж чадахгүй учраас ном гаргасан юм. Алтай Таван богдоос эхлэлтэй уг ном маань танин мэдэхүйн зорилготой, монгол англи тайлбартай хэвлэгдсэн. Өөрт төрсөн сайхан мэдрэмжээ хүмүүстэй хуваацаж, байгалиа хайрлах сэтгэлтэй байгаасай гэсэндээ “Миний эх орон” үзэсгэлэнгээ ч гаргасан.

Мөн Монголын Байгалийн түүхийн музей болон БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон, Бусан, Тэгү, Гуанжу гэсэн дөрвөн хотоор нэг жилийн хугацаатайгаар гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн. Ингэхдээ манай Байгалийн түүхийн музейн контейнэрт хадгалаатай байсан амьтдыг сэргээлгэж, Монголын зэрлэг онгон тал нутгийн гэрэл зураг, видео бичлэг, 3D апп зэргийг үзүүлсэн.

Өнгөрсөн онд “Миний эх орон” үзэсгэлэнгээ 21 аймгийн дунд сургуулийн хүүхдүүд, орон нутгийн иргэдэд зориулан үзүүлж байна. Өөрөөсөө санхүүжүүлж байгаа учраас жаахан аажуухан л явж байна. Тэгэхдээ хүүхдүүд үнэхээр гоё хүлээж авдаг. Одоо баруун аймгуудад үзүүлэх дутуу байгаа. Ирэх намар үзүүлнэ. Ер нь том жижиг 20 гаруй удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад явж байна даа.

-Хүүхдүүд яаж хүлээж авдаг гэж?

-“Бид нар ийм сайхан нутагт амьдардаг юм уу”. “Бидний бахархал энэ юм байна” гэдэг. Тэр үед нь “Байгаль эх дэлхийгээ хамгаалж, хог тарихгүй бай” гэж захьдаг. “Хөдөө хээр хогийн сав байдаггүй, атгаж яваад усанд эсвэл шороонд булна” гэдэг. Тэгэхэд нь “Шороонд булвал ийм амьтан, усанд хаявал усны ийм шувуу үхчихнэ” гэхээр “Аан тэгвэл зүгээр л халаасанд эсвэл уутанд хийгээд зориулалтын хогийн саванд л хаяж байх ёстой юм байна” гэж маш сайн ойлгодог. Хүүхдүүд их айхтар болсон. “Гэрэл зураг авахад их зардалтай гэсэн”, “Та яагаад ийм ажил хийдэг юм” гэх зэргээр асуудаг. Тэр үед нь “Сайхан байгалийн зураг авч сэтгэл ханамж мэдэрдэг. Тэрийг маань та нар хараад мэдэрсэн үү. Өнөөдрийн мөнгө гэдэг хий хоосон зүйл. Харин нүдээрээ харснаа зүрх сэтгэлээрээ мэдэрч чадсан бол миний өгөх гээд байгаа үнэ цэнэ” гэж хэлдэг.

Хүүхдүүд “Миний бахархах юмны тоо нэгээр нэмэгдлээ” гэдэг  нь надад их урам зориг өгдөг. Одоогоор 16 мянган хүүхэд, 10 аймгаар үзэсгэлэн маань гарсан байна. 16 мянган хүүхдээс ядаж 10 хувь нь бүрэн сайн ойлгочиход л байгаль орчиндоо ээлтэй хүн болон төлөвшинө. Тэр бол өнөөдрийн миний ажлын маань сэтгэл ханамж, үр дүн. Мэдээж амар ажил биш, санхүүгийн асуудлаа шийднэ. Цас бороотой байгалийн үзэгдэлтэй таарна. Дундговь аймаг руу анхны үзэсгэлэнгийн нээлтээ зарлачихаад шороон шуурга сөрөөд 30 км зайд 2 цаг 30 минут явж байхдаа “Би энэ байгалийн саадтай тулаад яг юу хийж байгаа юм бэ. Буцаад явчих уу” гэж бодсон ч замынхаа талд орчихсон болохоор “Жаахан тэсчихэд гайгүй болох байх” гэж бодсон. Үнэхээр л 30 км-ийн цаана нь цэв цэлмэг байсан. Тэгж зорьж очоод хүүхдүүдэд үзүүлсэн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй гэдэгт итгэлтэй байна. Нэг төсөл маань энэ.

-Өөр ямар төсөл дээр ажиллаж байна?

-“Говь шиг далай, Далай шиг говь” төсөл. Энэ бол говь, далай хоёрын ялгаа буюу арай илүү урлаг тал руугаа чиглэсэн төсөл юм. Нөгөө талаар далайн асуудал ч гэсэн дэлхийн дулааралтай холбоотой гэдгийг харуулахыг зорьсон. Далай маш их өөрчлөгдөж байна. Хүмүүс хогоо далайд ч хаяж байна. Уур амьсгалын өөрчлөлт далай, говь хоёрт яг адилхан нөлөөлж байна.

-Ямар өөрчлөлт?

-Байгалийн үзэгдэл нь өөр болсон. Өнөөдөр 6 сард говьд цас орж байна. Том том мөндөр орж байна. Дэлхий даяар гэхэд Испанид түймэр, Оросод үер, Мексикт цас орж байна. Тиймээс “Өнөөдөр олон улс орон, хүмүүс амьдарч байгаа ч гэсэн нэг л дэлхийтэй. Түүнийгээ хайрлан хамгаалья” гэдэг үүднээс гадагшаа чиглэсэн ажил хийж байгаа юм. Тэр дундаа Монгол маань илүү онгон байгалиараа учраас хүмүүст ойлгуулахад илүү боломжтой гэж харсан. Жишээ нь, Европт манайд байдаг амьтад байхгүй. Өмнө нь байсан ч хөгжлийн жамаараа хэт их соёлжоод байгалийн үндсэн өнгө төрхийг нь багассан.

Европ хүмүүс Монголд ирж зэрлэг байгалийг мэдрэх гэж л ирдэг. Энэ нь өөрөө Монголын минь үнэ цэнэ. Хамгийн энгийнээр говийн өргөн талаар тасралтгүй давхихад л гадаад хүмүүсийн стресс арилдаг. Уул уурхай орсон ч гоё газрууд нь байгаа. Гэхдээ бид нэг юмыг зөв хийх ёстой юм шиг санагддаг. Энэ эх дэлхий биднээр дуусах юм биш. Бид өнөөдөр өөрөө өөртөө хайртай гээд байгалиа ашиглаж болно. Ургамлыг нь, амьтныг  нь хүнсэндээ хэрэглэж болох ч үр хүүхэддээ, дараагийн хоёр үедээ үлдээмээр байна. Миний зорьж зураг аваад байгаагийн гол шалтгаан бол ердөө л энэ. Магадгүй муугаар бодоход 10 жилийн дараа миний зургийг авч байгаа байгаль байхгүй болчихлоо гэхэд гэрэл зураг, видео нь  үлдэнэ гэж бодсон.

-Муугаар үлдэх төлөв ажиглагддаг уу?

-Маш өндөр магадлалтай байна. Зөвхөн Монгол гэхгүй дэлхий маань уур амьсгалын өөрчлөлтөө дагаад өөрчлөгдөж байна. Дэлхий хүнээ даахгүй болж байна. Тиймээс ч эрдэмтэд 2030 он гэхэд дэлхийд маань нилээн хүндхэн асуудал тулгарна гэдгийг хэлж байна. Тиймээс хамгийн эхлээд хүмүүс өөрийнхөө хэрэглээг зөв болгох хэрэгтэй байна.

-Хэрэглээгээ танах гэж ойлгож болох уу?

-Тийм.  Жишээ нь, идэх хэмжээнээсээ их хоол хийж эсвэл захиалчихаад түүнийгээ барахгүй хаяад байна. Өөрийн идэх хэмжээндээ тааруулахад л хог хаягдал гарахгүй,  байгалиа хамгаалах хамгийн зөв үйлдэл болно. Усанд орохдоо усаа хайрлая л гэдэг. Гэтэл манай улсад цэвэр усанд ямар гамгүй хандаж байгаа билээ. Тиймээс Сэргэлэнбат гэдэг хувь хүний зүгээс “Энэ сайхан дэлхий, Монгол орон үнэхээр сайхан, гайхалтай юм байна” гэдгийг харуулж, дараа нь “Тэгвэл энэ сайхан дэлхийгээ, байгалиа та хайрлаж байна уу” гэдгийг ойлгуулах гэсэн үйлдэл хийж явна.

Сүүлийн үед “Эх дэлхий таньд үргэлж хайраа өгдөг. Харин та эх дэлхийдээ хайраа өгч байгаа юу” гэдэг үг таалгадаад байгаа. Энэ үг миний “Хүлээсгүй орчил” нэртэй шинэ үзэсгэлэнгийн маань уриа үг болсон. Эх дэлхий бидэнд хайраа яаж өгдөг юм бэ. Өнөөдөр бид эх дэлхий дээрээ амьдарч байна. Газар, шороо, ус, ургамал, хүн бүгд эх дэлхийн хувьд өөр өөрийн онцлогтой эд эс нь л гэсэн үг. Түүнийг хүн оюун ухаанаараа тунгааж, хайрлаж хандвал эх дэлхий бидэнд хайраа улам ихээр өгч, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ.

-Солонгост үзэсгэлэнгээ үзүүлж явахад тэдний мэдрэмж ямар байсан бэ?

-Их сайхан хүлээж авсан, хүүхдүүд нь уулга алдаад л. Хадны сүг зургийг эвлүүлдэг пазл маягийн анимейшн тоглоом болгосон нь ч таалагдсан. Яагаад гэвэл тэдэнд Монголын говь, дөрвөн улирал нь байхгүй. Цас ордог ч гэсэн манайх шиг биш. Тэд уулаа бүтээж, мод ургамлаа тарьдаг хөдөлмөрч ард түмэн. Дайны хөлд нэрвэгдэж зовлон үзсэн учраас бүхнийг хүний гараар бүтээсэн. Ус, ургамал, амьтны тухай их зүйлийг мэдэж, гэр бүлээрээ үзэж гайхаж биширч, Монгол руу явдаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн гэж бодож байна. Учир нь нэг жилийн хугацаанд миний үзэсгэлэнг 500 мянга гаруй  хүн үзсэн гэж байсан. Монгол хүн болгон Солонгост очиж ажилладаггүй, харин ч үзэсгэлэн гаргаж, эх орноо 500 мянган Солонгос хүнд сурталчилсандаа баяртай байдаг.

-Монголчууд маань өөрт байгаа үнэ цэнийг мэдрэхээ болчихсон юм болов уу?

-Миний бодлоор хэт их хөгжил гэж яриад байна. Хөгжлөө гоё байшин, том машин, зам гээд бодчихсон. Зам тавих нь зөв байгалиа хамгаалж байна. Гэхдээ хувь хүн хэтэрхий эд хөрөнгө рүү яваад байна гэж хардаг. Санхүүгийн чадамж өндөртэй хүмүүс “Чамтай хамт байгальд явж үзье” гээд хэд хэдэн удаа хамт явж үзсэн. Тэднийг яг байгальд очоод “Машин тэрэг, идэж ууж байгаагаа орхи. Яахав тамхи, кофе гээд хэрэгцээтэй юмаа ав. Бусдыг нь үлдээ” гэж хэлдэг. Тэд ууланд очоод гурав хоноод л “Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Хий хоосон эд зүйлийн төлөө ямар ч сэтгэл ханамжгүй яваад байж. Би эд хөрөнгөтэй мөртлөө сэтгэл ханахгүй байж. Гэтэл гуравхан хоног ингэж байгальд гараад  сэтгэл санаа тайвширч, ханамж авч байна” гэдэг. Энэ бол хүн байгальтай ойр байж өөрөө өөрийгөө таньж мэдрэх нь бясалгал болдог гэдгийг баталж байгаа юм. Хүн өөрийгөө дотроосоо мэдрэхэд байгаль тусалдаг. Уулын өөдөө өөрийгөө ядрааж алхаад оргил дээр гарч сайхныг мэдрэх, амьтны араас гүйж байгаад харах зэрэг нь хүний дотоод мөн чанарыг илүү гаргадаг юм болов уу даа.

-Зүрхийг нь зөөллөдөг байх?

-Тэр хүмүүс дараа нь “Эх орныхоо төлөө юм хийе” гэдэг. Тэр үед нь би “Та нар миний 4-5 төслийг жаахан хөрөнгө гаргаад л хийчихнэ. Гэтэл би сүүлийн 10-аад жил энэ ажлыг  тасралтгүй хийж байна. Би сэтгэл ханамж дүүрэн явдаг учраас үргэлж баярлаж, инээж явдаг болов уу” гэхэд “Нээрээ тийм юм  байна. Дэмжиж туслана” гээд ажлыг маань ивээн тэтгэдэг.

Би ер нь гэрэл зургаараа нэг ч гэсэн хүнд зөв үйлдэлд уриалахыг хичээдэг. Саяхан хоёр Швейцари хүнтэй хөдөө явсан юм. Тэгээд “Та нар мэдэр” гээд буулгаад 3 км шахам алхуулчихдаг. Эхэндээ тэд зүгээр л алхах ёстой гэж ойлгоод уралдаж байгаа мэт л ирдэг. “Та  нар замдаа юу үзэв” гэхэд “Юу ч үзээгүй, хараагүй. Байгаль нь гоё юм шулуун л алхлаа” гэдэг. Тэгэхээр нь дахиж буулгаад “За явсан газраа хар, байгалиа хар” гээд буулгаад эргээд уулзахад “Байгаль нь их гоё байсан. Зам нь, чулуу нь ийм байсан” гэхэд “Амьтан харав уу” гэхэд “Үгүй” гэвэл дахиад алхуулахад “ Хулгана, гүрвэл байсан” гээд зургийг нь авчихсан ирсэн. Ийм байдлаар 5 хоноход тэр хүмүүс байгалийг бүрэн мэдрээд сурчихсан. Нэг хүн нь Швейцари Улсдаа нэр хүндтэй сэтгэл судлаач хүн байсан. Тэр хэлэхдээ “Би дэлхийн 120 гаруй улсад очиж үзсэн. Хамгийн гоё нь Монгол байлаа. Өөрийн эрхгүй татагдаж байна. Хэзээ ч ийм сайхан тавтай сэтгэл ханамжтай байж үзээгүй” гэсэн. Энэ бол хүн өөрийгөө илүү тайван байлгаж аз жаргалтай амьдрахыг хүсвэл байгальтайгаа л ойр байх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Хүн ер нь амьдрах гэр, идэх хоолтой байхад болно. Илүү ихэд шунах хэрэггүй. Энэ дэлхийгээ үр хүүхэддээ үлдээх  хэрэгтэй. Бид хөгжиж байна гээд эх дэлхийгээ хэдэн талаас нь хэмлээд байх юм бол нэг л мэдэхэдхойч үед маань юу ч үлдэхгүй болчихно.

“Говь шиг далай, далай шиг говь” төслийн хүрээнд хоёр Солонгос зурагчинтайгаа  хөдөө  явсан юм. Би ер нь хөдөөгүүр явахдаа замд таарсан архины шилийг машиндаа хийгээд явчихдаг. Харагдангуут нь ямар ч хурдтай  явж байсан тоос манаруулж зогсоод очиж аваад машиндаа хийдэг. Тэгээд зогсоод явахад тэр хоёр маш их гайхаж, “Чи яагаад хог түүгээд байгаа юм. Хог түүдэг хүн биш биз дээ” гэхэд нь нэг шил өргөн нарны тусгалаар газарт өвс уугиулж гал гаргах аюултай гэдгийг харуулахад шууд ойлгосон. Дараа нь “Тэнд нэг шил” явсаар 2-3 шуудай шил аймгийн төвийн хогийн цэгт хаясан.

Би зүгээр нэг зураг аваад явдаггүй өөрийн алхам, үйлдэл болгоноор хүмүүст зөвөөр үлгэрлэхийг хичээж ирсэн. Машинтай хүмүүст 2-3 шуудай хог юу ч биш тиймээс бусад гэрэл зурагчиддаа ч уриалмаар байна. Гэрэл зураг авч байгалиа шагшихаас гадна өөрийн буудаллах газрыг анх байснаар үлдээгээд сурчихвал л “Та жинхэнэ байгалийн хүн болж байгаа юм”.

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой баримтат киног 12 настай охин мааньхамт үзэж дуусаад “Та ч азтай юм аа” гэлээ. “Яагаад” гэж асуухад “Та энийг үзэхгүй” гэсэн. 2030 онд “Би байна ш дээ” гэтэл “Та байна л даа. Гэхдээ таны нас нилээн явж, үзэх юм аа үзчихсэн. Харин миний амьдрал дөнгөж эхэлнэ. Би ч гэсэн сайхан амьдралыг хүсэж байна. Хэрвээ дэлхийд ийм юм тохиолдох юм бол амьд явах хэрэг байна уу” гэсэн. Тэгэхэд нь “Үгүй ээ, миний охин томчууд ирээдүйд болох аюулаас сэргийлж ажиллаж байгаа” гэхэд “Томчууд та нар хэзээ ухаарах юм. Та нар ажлаа сайн хийгээч” гэсэн. Үнэндээ чиний хийж байгаа ажил охины маань хэлсэн үгэнд хариу өгч, хүмүүсийг ухааруулах гэсэн зорилгын жинхэнэ биелэл гэж харлаа?

 -Нэг хүн ч гэсэн ухаараасай. Би анх томчуудад зориулж үзэсгэлэн, баримтат киногоо үзүүлдэг байлаа. Мэдээж нийгэмд тэргүүлж яваа хүмүүс учраас тэд ойлгочихвол бусдыг илүү уриална гэж бодсон. Тэд сэтгэл хөдлөл дүүрэн байж “Үнэхээр хэрэгтэй юм байна. Хийгээд өгье. Хамтрая” гэдэг ч хэсэг хугацааны дараа мартчихсан явдаг. Энэ талаарх судалгаа ч байдаг юм билээ. Том хүний үзэл бодолд нөлөөлнө гэдэг амаргүй, хугацаа их зарцуулдаг гэж байсан. Тиймээс би 21 аймгийн 500 гаруй мянган хүүхдэд үзүүлье гэж “Миний эх орон” үзэсгэлэнг эхлүүлсэн юм. Учир нь хүүхдүүд гэртээ очоод ээж аавдаа хэлнэ. Хүүхэддээ хайртай учраас тэднээр дамжуулж, нийгэмд нөлөөлөх зорилго агуулсан.

-Зарим хүмүүс би ганцаараа хог хаяхгүй байснаар байгаль цэвэрхэн болчихгүй гэдэг. Гэхдээ нэг хүний зөв үлгэрлэл олон хүнд хүрдэг гэдэг зарчим цаана нь яваа шүү дээ?

 -Тийм шүү. Нэг үеэ бодвол монголчууд хогийг хамаагүй хаяхаа больж байна. Мэдээж хаяж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Хүний зөв үйлдэл маш энгийн. Богд ууланд аяллаа гэхэд модыг нь тасдахгүй явдаг жимээр нь л алх. Заавал оргил дээр гарснаараа гоёыг мэдрэхгүй. Наана нь зүлгэн дээр суугаад салхийг, нарыг, ногооны үнэрийг, усны шоргиог  мэдэрч болно. Хүн болгоны оролцоо буюу байгальд хандаж байгаа хайрын илрэл тэр шүү дээ.

MN25 телевизийн “21 мянга” реалити шоуны хамгийн сүүлийн дугаарын оролцогч эрэгтэй үзэгчидтэй нэг түүх хуваалцсан юм. “Нэгэн өглөө Туулын эргээр гүйж явтал гадаадын бололтой эмэгтэй хог түүж байгаа харагджээ. Зорьж очоод уулзахад “Японоос 3 -4 хоногийн хугацаатай Монголд сургалт явуулахаар ирсэн” гэж. “Та яагаад хог түүгээд байгаа юм бэ. Танд өөр үзэж харах юм зөндөө байгаа шүү дээ” гэхэд “Үгүй ээ, энд муухай хогтой байна. Энэ ч бас миний дэлхий” гэсэн хариулт өгсөн гэнэ. Түүний хариултанд маш их ичихдээ тэр өдрийнхөө бүх ажлаа цуцалж, япон эмэгтэйтэй хамт өдөржин хог түүж өнжсөн” талаараа ярьсан. Энэ бол дэлхийн хүмүүсийн нийтлэг хандлага гэж ойлгож болох уу?

-Дэлхий гээд яагаад бүгд ярьдаг болчихов. Учир нь “Уур амьсгалын  өөрчлөлтийг сааруулж, эх дэлхийгээ хамгаалья” гэж нэгдэж байна. Тэгэхээс ч өөр аргагүй. Жишээ нь, би зөвхөн Монголоо яриад эх нутгаа аварлаа ч гэсэн бид нэг л дэлхийн бөмбөрцөгт амьдарч байна. Гэтэл 7 тэрбум хүний хэрэгцээг дэлхий өөрөө даахаа больж байгаа учраас л хүмүүс үйлдлээ хянах, засах хэрэгтэй болж байна. Их идэж, илүү гарснаа хаядагаа больж, байгалиа сүйтгэж, хөгждөг үйлдлээ болих гэсэн хандлага руу дэлхий нийтээрээ орж байна. Өнөөдөр дэлхий хуурайшиж, гал түймэр гарч, том том мөндөр орж, байгалийн таагүй үзэгдлүүд ихсэх боллоо. Энэ бол дэлхийн бөмбөрцөг хэлбэлзэж, хэвийн биш болоод байгаагийн л илрэл. Хэвийн хэмжээнд барьж байсан бүхнийг нь ухаж аваад байна. Алт гэхэд дэлхийн цөмд гагнагдсан маш чухал нэг цул зүйл шүү дээ.

-Эвлүүлж өрдөг тоглоомноос нэг нэгээр нь сугалж авдаг шиг л болж байгаа байх даа?

-Эцэст нь тэр тоглоом нурдаг шүү дээ. Түүн шиг л юм болж байна. Тиймээс дэлхий нийтээрээ эх дэлхийгээ хайрлая гэж нэгдэж байна. Миний хамгийн сайн чадах зүйл гэрэл зураг авах. Улс орны түвшинд 20-30 жилийн бодлого төлөвлөгөө гарган ажилладаг бол миний хувьд гэрэл зураг хамгийн хурдан хүнд хүрдэг арга. Гэрэл зураг, урлагаар  дамжуулж энэ бүхнийг олон нийтэд хүргэх зорилгоор л Солонгосын гэрэл зурагчин Пак Мин Гёнтай хамтран “Говь шиг далай, далай шиг говь” төслийг хийж байгаа юм.

Монгол орны говийг элсэн цөл л гэж боддог. Тэд ч тийм л бодолтой ирсэн. Гэтэл говь чинь амьдрал байдаг. Тиймдээ ч зураг авч байхдаа “Би Монголд ирээд уур амьсгалын өөрчлөлтийн талаар, яагаад дэлхийгээ хайрла гэдгийг, усаа гамна гэдгийн учрыг мэдлээ. Зүрх нь шимширч байна. Би үнэхээр тэнэг байж, өөрөө өөрийнхөө төлөө л явж байжээ” гэж хэлсэн. Түүнд мэдрүүлсэнээр миний зорилго бүтэж байгаа нь тэр. Тэмээг хараад говийн завь юм байна гэсэн. Ёлын ам, Мухар шивэртийг үзээд “Халуун говьд мөс байна” гэж уулга алдаж байсан. Тэгэхээр нь Дундговийн Дэл хадны орчимд хоноглож, шөнө оддын дор зогсоож байгаад “Би таныг таван одтой зочид буудалд хонуулж чадахгүй,  хөдөө байхгүй.  Гэхдээ би 5 тэрбум оддын дор хонууллаа” гэхэд “Энэ бол үнэхээр гайхамшиг” гэж байсан. Үндэс угсаа, соёл, хэл, хил өөр байж болох ч бидний мэдрэмж ижил.

Адилхан хүн гэдэг утгаараа?

-Тэгэлгүй яахав. Тэр миний санааг сайн ойлгосон. Хөгжсөн орны иргэн уур амьсгалын өөрчлөлтийг Монголд ирээд л мэдэрч байна. Энэ үзэсгэлэн маань Солонгост удахгүй нээгдэнэ. Монголдоо 9 сард нээнэ. Мөн Ирэх 10 дугаар сарын 11,12-нд Швейцарийн Базель хотноо “Хүлээсгүй орчил”нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргана.

-“Хүлээсгүй орчил” нэрийг тайлбарлаж өгөөч?

-Бид эх дэлхийгээ хүлмээргүй байна. Орчил гэдэг нь жам ёсны эргэлт гэсэн үг. Хүлээсгүйгээр жам ёсоор нь байгалийг эргэлдүүлье гэсэн санаагаар нэрлэж, Европт анхны үзэсгэлэнгээ гаргах юм. Дараа нь Германд үзэсгэлэн гаргахаар ярьж байна. “Монгол орноос эхэлж, байгалийнхаа төлөө дэлхий даяар нэгдье” гэж уриалах юм.Учир нь дэлхийн дулаарал Монголд илүү мэдрэгдэж байгаа гэдгийг судлаачид хэлж буй. Яах аргагүй мэдрэгдэж байгаа.

“Хэдэн жилийн  жилийн өмнө Булган аймгийн Баяннуурыг дахин зорьсон жуулчин дараа нь очоод нуураа хайгаад олохгүй, гэтэл GPS нь яг зогсож байсан газрыг зааж байсан” гэдэг. Хонгорын элснээс урагш 60-70 км т элсний нүүдэл нь үргэлжилж, улам л нэмэгдсээр байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт. Алтай Таван богд дээр очиход Потонины мөсөн гол жилээс жилээс багасаж байгаа нь харагдана. Манай улс илүү онгон байгалиараа байгаа болохоор  уур амьсгалын өөрчлөлт илүү мэдрэгдээд байна. Бид тэднийг хамгаалах ямар ч үйлдэл хийхгүй байгаа.

-Эх дэлхийгээ хамгаалах нэг чухал үйлдэл бол мод тарих гэж ярьдаг. Манай улсын хувьд мод тарих шаардлагатай чухал цаг үе нь ирсэн юм болов уу,

-Мод тарих нь их зөв. Жил болгон нэг мод тариад устгах биш нэг гэр бүл жилд нэг л мод тарья л даа. Тэр модыг тариад арчлаад ургуулчихсан байхад тэр модоо дагаад ус нь, зүлэг нь, цэвэр агаар нь бий болно.  Амьдралдаа нэг мод тарьсан ч хамаагүй. Гол нь тэр модоо арчлаад услаад ургуулах ёстой. Бид өмнө нь мод тарих нь ховор байсан. Одоо жилд хоёр удаа мод тарьдаг болж байна. Эхэндээ ургадаггүй гэж шүүмжлүүлдэг байлаа. Харин одоо модоо Монголдоо үрэслүүлээд тарих талаар ярьж байна. Мод тарих нүхийг нь бэлдчихье. Тэгээд мод тарих аргыг нь заагаад өгье гэж бодлого нь зөв болсон байна.

-Монголыг говийг мэдэрсэн Солонгос гэрэл зурагчны бодол сэтгэл, бусдад хэлэх үг нь ч өөрчлөгдсөн болов уу?

-Огт өөр болсон. Солонгос хамтрагч маань “Би өмнө нь зөвхөн өөрийгөө, үр хүүхдээ бодож юм хийдэг байжээ. Чамайг анх санал тавихад маш их гайхсан. “За яахав очоод нэг үзье” гэж бодсон. Гэтэл тэр залуу маань дэлхийг аврах талаар бодож явааг мэдээд бахархсан бас өөрөөсөө ичсэн. Гэртээ ирээд би уйлсан” гэсэн. 20-иод хоногийн дараа Сөүлд очиход хамгийн шилдэг гэрэл зурагчдаа цуглуулсан байсан. Намайг их хүндэлж  хүлээж авсан. “Монголд ийм мундаг хүн байдаг” гэж танилцуулахад “Би хувиараа гэрэл зураг авдаг зүгээр л сонирхогч” гэсэн.

Тэр уулзалтын дараа Солонгостоо гуравт ордог гэрэл зурагчин надтай уулзсан. Тэр хүн зөвхөн ерөнхийлөгчийн зургийг тусгай урилгаар авдаг хүн юм билээ. Тэр хүн бүр миний зураг авч байсан далайн эрэгт зорьж ирж уулзаад ярилцсан. Тэгээд “Үнэхээр гайхалтай. Би өөрийгөө сайн зурагчин, шилдэг нь гэж боддог. Гэрэл зургийг нэг хүний ажил гэж боддог байсан. Гэтэл чи олон хүний ажил гэж яриад байна. Яагаад” гэж асуухад нь “Зураг бол нэг л хүний харцаараа харж байгаа харалт. Тухайн гэрэл зурагчины нэг л үйлдэл мэт боловч тийм биш. Жишээ нь, Монголд очиход хэдэн хүнээр дамжуулж үйлчилгээ авах вэ. Онгоц, автобус, Хонгорын элсэн дээр очиход хэдэн хүнтэй уулзаж, хоол хийж өгч үйлчлэх вэ. Тэр бүхэн байхгүй бол сайхан бүтээл гарах уу. Уран бүтээлч хүн өөрийгөө л бодоод байвал баригдмал байна. Аяга байвал аягаа л бодож зургаа авна.

Уран бүтээлч хүн дэлхийг харах ёстой. Дэлхийг харсан хүний зураг том цар хүрээтэй байна. Тэр цар хүрээгээр харж авсан зургийг үзэгч хараад гоё мэдрэмж авна. Тэр бол ганц хувь хүний, хувь зурагчны үйлдэл биш. Тэр  зурагчин нийгмийнхээ төлөө гэсэн хандлагыг өөртөө шингээж, нийгэмд хандсан бүтээл болгосоны үр дүн юм. Тиймээс л “Говь шиг далай, далай шиг говь” төслийг хийж байгаа юм гэхэд тэр  зурагчин “Ёстой гайхалтай” гэсэн нь үнэхээр сайхан санагдсан.

Энэ төслийг эхлүүлэхэд амар байгаагүй. Нууцгүй хэлэхэд эхнэртээ хөөгдөх шахам явж байж л энэ ажлыг хийж байгаа. Тэр хүнд хэдэн саяар нь ажилдаа гаргаж байгаа харагддаг. Гэртээ болохоор гурван сараар хүнсийг нь бэлдэж өгөөд “Чи наадахаа хариуц” гээд л орхиод гардаг. Гэр бүлийн маань хүн заримдаа “Чи хэний төлөө, юуны төлөө ингэж яваад байгаа юм. Би ойлгохгүй байна” гэдэг. 5 сая төгрөгийг би эхнэртээ өгсөн бол амьдралдаа хэрэгтэй их юм амжуулна. Өнгөрсөн 10-аад жилд зөндөө л уурлуулсан. Гэхдээ өнөөдрийн 5 сая төгрөг сонин биш. Ирээдүйд миний хүүхэд, түүний хүүхэд амьдрах эх дэлхийн төлөө би өнөөдөр чадах зүйлээ хийж яваа.

-Одоо л хийхгүй бол оройтох гээд байгаа шүү дээ?

-Оройтчихоод байна. Улстөр энэ нийгмийг байлдан дагуулаад яваг хамаагүй. Улс төрч улс төрөө л хийг. Угаасаа байгаль хамгааллыг хувь хүний үйлдлээр л засна. Миний үйлдэл нэг талаараа өөрийн хамгийн нандин хайртай хүмүүсээ орхиж, золиосолж байгаа. Гэхдээ амьдралд эрсдэл байдаг. Бүтэн сар үр хүүхдээ эрхлүүлээд гэр бүлтэйгээ хамт баймаар санагддаг ч нэгэнт зорьсон учраас би ажлаа үргэлжлүүлсээр л явна. Баавгайн зураг авах гэж 7 хоног өвдөг давсан цасан дунд явна. Орой нь тачигнатал халуурна. Гэртээ ирээд 14 хоног хөл гар янгинаад тэр болгоноо хэлэхээр загнуулах учраас өөрөө гүрийгээд аль болох дулаалж бэгнээд “Даараад л” гэж хэлдэг. Хамгийн гоё нь байгалынхаа төлөө явж байгаа минь үнэхээр сайхан. Амьтны зураг авахад нэг гоё юм байдаг.

-Ямар?

-Амьтад загвар үзүүлж байгаа юм шиг зогсоод зургаа авахуулдаг. Талархал мэт. Нэг удаа чонын зураг авна гэхэд Байгаль хамгаалагч нь үргээлэг хийлгэхээр тэр хавийн ан агнадаг хүмүүсээ буу шийдэмтэй нь аваад ирсэн. Би гайхаад “Юун буу” гэхэд “Аюулгүй байдлыг чинь хангаж байна” гэлээ. 10 газар үргээлэг хийж, хамгийн гарах магадлалгүй газар нь намайг зогсоосон. Тэгтэл чоно зөвхөн миний урдуур гарч ирсэн. Тэр үед хүмүүс “Байгалийн төлөө гэсэн сэтгэлийг чинь амьтан мэдэрчээ” гэсэн. Мазаалай, баавгай, аргаль бүгд л  маш гоё  хандлага мэдрүүлдэг. Байгаль намайг шагнаж  тэр амьтдыг харуулдаг гэж боддог.

Миний ажил олон хүний дэмжлэгээр амжилттай явж байна. Хөдөө байгаль хамгаалагч, малчид тусалдаг. Захын хүнээс гуйхад л “Би туслая” гэдэг хандлага, илүү сайн хийлгэчих  гэсэн сэтгэл нь миний ажил улам бүр төгс төгөлдөр болоход нөлөөлж байгаа юм. Тэр дундаа гэр бүл. Эхнэр хүүхэд, аав ээж бүгд л санаа зовдог. Тэд нар байгаа учраас би урам зориг дүүрэн ажиллаж байна. Магадгүй би өнөөдөр хүүхэдгүй байсан бол ингэж дэлхийн төлөө гээд явах болов уу. Магадгүй эхнэргүй байсан бол хүйтэн уулын орой дээр сууж байхдаа халуун цайг нь санаж, хайрыг нь мэдрэх болов уу. Урт хугацаагаар явж, эргээд гэртээ ирээд эхнэр хүүхдүүдээ эрхлүүлээд сууж байх нь үнэхээр сайхан жаргал.

Хүмүүст хэлэхэд аялаасай, гадагшаа яваасай. Гол нь өөрийнхөө зорилгыг зөв болгоосой гэж хүсдэг. Залуучууд биднээс илүү чадалтай. Асуудалгүй харилцах сайхан хэл нь байна. Одоо эх дэлхий рүүгээ анхаарал хандуулаасай. Ирээдүйн төлөө бүх салбарын оролцоо хэрэгтэй байна.

-“Өнөөдөр бид нар эх дэлхийдээ анхаарал хандуулахгүй бол ирээдүйд миний сурсан эрдэм хэнд ч хэрэггүй болох гээд байна” гэж нэг оюутан охиноос ярилцлага авахад хэлж байсан. Ингээд харвал Монголчууд бид хүсвэл маш их боломж байгаа гэж харагдах юм?

-Их олон түвшний гадаад хүмүүстэй уулзаж, аялах явцад нэг мэдэрсэн зүйл нь Монголчууд бид байгальтайгаа илүү ойрхон гэдгээ мэдэрсэн. Өнөөдөр Улаанбаатарт илүү төвлөрсөн ч гэсэн байгалаасаа эрч хүч авдаг. Тэр утгаараа монгол хүний сэтгэлгээ өөр. Өөрийнхөө хүссэн юмыг хийх хүч чадалтай. Би өнөөдөр өөрийн хүссэн юмыг хийж чадаж байна. Магадгүй 2 жилийн дараа “Гэрэл зурагчдын форум” хийгээд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэе. Нэг дэлхийгээ хайрлая” гээд сууж байх болов уу.

-Тухайн орон нутгаас онцолж харуулах сэдвээ яаж сонгодог юм бэ?

-Би гадаад, дотоод гэхгүй хаана ч очсон эхлээд музейгээр нь ордог. Тэр нутагт юу нь онцлог байна, хаана гоё газар нь байна. Ямар түүх өгүүлж байна гэдгийг мэддэг. Тэгээд аль талаас нь хүмүүст харуулвал илүү сонирхолтой байх вэ гэдгийг шийддэг. Ер нь их олон юм харах тусам биеийн бяр гэдэг шиг тархины бяр суудаг юм уу гэж боддог. Түүнийгээ өөр бусад зүйлстэй харьцуулж үйлдлээ зөв болгосноор үг нь шилмэл, үйлдэл нь цэгцтэй болдог гэдгийг ойлгосон.

-Хүн үзэж харсанаараа л аливааг шүүж тунгаадаг гэдэг шүү дээ?

-Тэр үнэн байх. Жишээ нь би одоо л нэг өөрийгөө олж эхэлж байгаа юм болов уу. Юм болгон руу савсагнахгүй байна. Байгаль хамгаалах чиглэл рүү орчихсон байна. Миний үзэл бодол юуг өгүүлэх гээд байгаа юм. Би юуны төлөө амьдарч байна гэдгийг ойлгосон. Үр хүүхдийнхээ төлөө амьдарч байна гээд хүүхэддээ хошуу дэвсээд буруу эрхлүүлээд, өдөр бүр чихэр өгч үнсээд байхдаа ч биш юм байна. Мэдээж хайрлаж эрхлүүлдэг л дээ.

Гэхдээ хүн гэр бүл болж, үр хүүхэдтэй боллоо, удам судраа үргэлжлүүллээ. Тэр нь том болж гэр бүл зохионо. Өсөж том болоод, өтөлж хөгшрөөд л явна. Хамгийн гол нь  хүн бүрийн амьдралын зарчим ижил юм болов уу.

Тэгвэл эцэг хүн үр хүүхэддээ юу үлдээх вэ гэдэг асуудал байна. Чингис хаан гэхэд өөрийгөө эрсдэлд оруулж, дайн тулаан болж байж асар уудам тал нутагт хамгийн сайхан газар нутгийг нь үр хүүхэддээ үлдээсэн байна. Тэр ганцхан хүний үйлдэл хэдэн зуун, хэдэн мянган жилээр яригдаж үр хүүхэд нь болсон бидэнд өвлөгдөн иржээ. Монгол маань онгон дагшин байгальтай. Тэр зургийг нь би аваад явж байна. Би өнөөдөр улстөр ойлгодоггүй байж болох ч миний хийж буй ажлыг ойлгосон хэн нэгэн хүн “Ширгэсэн нууран дээр нь төсөл хэрэгжүүлье” гээд хүрч ирээд зөвхөн тэр нуурыг аварч болно. Эсвэл нэг амьтныг нь аварч хамгаалья гээд хүрээд ирж болно. Энэ бол миний мөрөөдөл. Тийм төсөл хэрэгжээд, тэр амьтан хэзээ ч устахааргүй болчихвол миний үр хүүхэддээ үлдээж байгаа өв болно.

Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулдМонголоо дэлхийд таниулья, байгаль эх дэлхийгээ нэг гэдгийг хүмүүст ойлгуулж, нэгэн цогц болгоё” гэсэн зорилгоор Герман, Швейцарь, Солонгос гэрэл зурагчидтай хамтран ажиллаж байна. Одоо Америк, Япон гэрэл зурагчидтай ярьж байгаа. Дэлхийд үнэлэгдсэн таван өөр улсын гэрэл зурагчинтай нэгдээд “Таван улсаас бид юу хийх вэ” гэдгийг ярилцаж байна. Гол нь өөр өөрийн соёлоор дэлхийг нэг болгох гээд байгаа юм. Дэлхийн бүх хүмүүсийн амьдралын зарчим ижил мөртлөө өөр өөрийнхөөрөө амьдарч байгаа. Тиймээс бид нэг зорилготой ч өөр өөрийн харах өнцгөөр гэрэл зургаа авахаар тохирсон.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Миний хамгийн том мөрөөдөл бол Аав, ээж, эхнэр хүүхэд, ах, эгч нарыгаа баярлуулж, инээлгэхийг л дандаа бодож явдаг. Ямар ч завгүй байсан 5 дах өдөр бүр заавал аавындаа очдог. Долоо хонгийн 4 өдөр нь заавал утсаар ярина. Өөрийнхөө чадах бүхнээр тусалж зөв байхыг хичээж явдаг намайг аав ээж, эхнэр хүүхэд, ах эгч маань хүндэлж, хайрладаг. Энэ хайрын тойрог өнөөдөр намайг дэлхийн төлөө, ирээдүйн төлөө өөрийн чадах бүхнээ хийх эрч хүч болж байна. Амьдрал бүхэлдээ хайрын тойрог гэдгийг ойлгодог хүмүүс олон байх болтугай.

Ярилцсан: П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close