Ярилцлага

А.Түвшинзаяа: Өөрийн амьдралдаа ҮСЧИН шиг ханд

Монголын миний ирээдүй гэрэлтэй байна. Учир нь эх орноо гэсэн сэтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой олон сайхан залуучууд өнөөдөр та бидний дунд байна. Гадаадын их дээд сургуульд амжилттай суралцаж, ихийг сурч мэдээд эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах урам зориг, хүсэл сэтгэлээр жигүүрлэсэн олон залуусын төлөөлөл болсон Ачитын Түвшинзаяа гэдэг сайхан бүсгүйг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.

Өмнө нь түүнтэй Италид байх үед нь цахимаар танилцаж, ярилцлага авч байсан юм. Энэ удаад эх орондоо нэгхэн өдрийн хугацаатай ирсэн байх үеэр нь уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад “Эхлээд чи нэрээ таниул, нэр чинь чамайг тэжээх болно” гэдэг үг санаанд бууж билээ. Таалан болгооно уу.

-Монголдоо богино хугацаагаар иржээ. Ямар ажлаар ирсэн юм бэ?

-Оюуны өмчийн газарт өөрийн “TUVZA” брэндийн барааны тэмдэгтээ патентжуулахаар өгсөн маань гарчихлаа гээд ирж авсан юм. Брэндийн маань логоны голд эмэгтэй хүн дүрслэгдсэн нь би өөрөө. Гаднах тойрог нь “Хувь хүний хүнээс бүтсэн оюуны бүтээл дэлхий рүү түгсэн” гэсэн утга агуулан нь нарны цацраг мэт цацарч байгаа. Патентын эрхээ дөнгөж авчихаад гадаа гарч “Яг тан шиг цацраад дэлгэрээд түгээрэй” гэж наранд билэгшээж харуулсан. /инээв/ Гоё ш дээ. Сэтгэлийн гүнээсээ гоё сайхан бүхнийг бодож явах юм бол хүний амьдрал тийм л байдаг.

“Хамгийн анх дэрсээр даашинз урлан “Үнсгэлжин” тэмцээнд орж байлаа”

-Өнөөдрийн Түвшинзаяаг бүтээхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, амьдралд бэлдсэн юм бэ?

-Хүүхэд наснаасаа амьдралд өөрийгөө бэлдсэн гэхээсээ илүү нэгд, өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байсан. Хоёрт, тийм юманд хүрнэ гэсэн зорилго тавьдаг байсан. Гуравт, дэлхийн алдартай хүмүүс бүгд “0” цэгээс буюу ямар ч мөнгөгүй, ядуу айлд төрж өссөн байдаг. Тэр хүмүүст юу ч байгаагүй. Гэхдээ тэд бүхнийг хийж, дэлхийн хүн болж чадсан байна. Дэлхийд нэрээ гаргасан олон хүмүүсийн амьдралын түүх бүхнийг батлан харуулсан нь надад их урам өгч байсан.

Жишээ нь, Коко Шанел гэхэд Асрамжийн газар өссөн. Ээж, аав байхгүй ч гэсэн бүхнийг өөрийн хүчээр бүтээж, өнөөдөр дэлхийн бүх хүн мэддэг, маш том брэндийг бий болгож чадсан. Түүнд өөрийнх нь хийж бүтээе гэсэн чин сэтгэл байсан учраас л бүтээлүүд нь хүнд маш сайн хүрсэн шүү дээ. Би ч гэсэн заавал аав ээж, ах эгч гэхгүй, миний хоёр гар, бодож сэтгэдэг ухаан бодол, эрүүл саруул бие байхад бүхнийг болгоно, бүтээнэ гэж хичээж явна.

-Хувцасны загвар зохион бүтээгч болно гэсэн урам зориг, мэдрэмж хэзээ төрсөн бэ?

-Анх би загвар зохион бүтээгч болно гэж бодож байгаагүй, зүгээр л багаасаа юм оёх ур дүйтэй байсан юм болов уу. Тийм сүрхий гоц авъяастай байгаагүй ч 12 настайдаа анх “Үнсгэлжин тэмцээн”-д орж үзсэн. Аймаг сумын хэмжээнд зохион байгуулагдсан тэр тэмцээнд хамгийн анхны бүтээлүүд минь гарсан. Тэр үед дэрсээр хувцас хийсэн юм. Дэрс нь өөрөө тариан түрүүг илэрхийлэх тул “Тариан түрүү” гэдэг нэртэй гоёлын даашинз урласан. /инээв/

Манай ээж тэр үед сургуулийн Биеийн тамирын багш хийдэг байсан тул спорт заалны  актлагдсан хөшгийг нь гуйж аваад сиси хормойтой даашинз бас хийж, ангийн охиноо модель болгоод тэр тэмцээнд оролцож байв. Тэмцээний дүнгээр III дугаар байранд оноо маань тэнцсэн ч тэр шагналыг авч чадаагүй. Яагаад гэвэл намайг нас бага жаахан хүүхэд гэж үзээд оноо тэнцсэн 10 дугаар анги төгсөж байсан эгчийг шалгаруулсан. Тэр эгчийг төгсөж байхад нь урам зориг өгчихье гэж шийдсэн гэнэ лээ. Би шагнал аваагүй үлдсэн ч “хувцас бүтээх” гараа минь эхэлсэн гэж болно.

Би бусад охидын адил гоё хувцас өмсөх дуртай байлаа. Зарим айлын хүүхдүүд дандаа л гоё хувцас өмсчихсөн явна. Өөрийнхөө гэрт байгааг харахаар гоё хувцас байхгүй. Гоё хувцаснуудыг хүссэнээрээ худалдаж авч чадахгүй учраас өөртөө хувцас хийж сурья л гэж зорьсон. Тэгээд л оёдлын чиглэлээр сурах хэрэгтэй гэж бодоод VIII ангиа төгсөөд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуульд эгчийгээ дагаад хөдөөний жаахан охин ирж байлаа.

“Миний 10 гаруй жилийн хичээл зүтгэл Европт очиж

суралцах боломж олгосон”

-Үйлдвэр урлалын сургуульд 15-16 тай хүүхдүүд ирж суралцдаг шүү дээ?

-Тийм. Би яг 15 настай байсан. Тэр бол миний гэрээсээ явж, бие дааж амьдарсан хамгийн анхны алхам маань байсан. Тэр үед дотуур байранд амьдарч, хичээлийн бус цагаар багшаасаа салахгүй, оёж шидэх юманд нь тусалдаг байлаа. Ангийн дарга болчихсон. Идэвхитэй оюутнуудын нэг байсан.

Тэгээд л оёх урлагаас суралцаж эхлээд өөртөө хамгийн анх шар өнгийн куртик хийж өмссөн. Маш гоё санагдсан. “Энэ чинь муухай болчихож” гэж хэлэх хүн байхгүй. Тэр үе бол миний хувьд нэгд, дадлага. Хоёрт, би бага багаар оёдлын талаар мэдэхгүй бүхнээ сурч байсан. Гуравт, худалдаж авч чадахгүй хувцасаа хүссэнээрээ гоё загвартай болгон хийж, түүнийгээ өмсөж байгаа нь үнэхээр аз жаргалыг мэдрүүлдэг байлаа.

Тэгээд л айхтар захиалга авах хэмжээний чадвар суугаагүй ч хүссэн хувцсаа хийж өмсдөг болсон маань аяндаа “Хувцасны загвар зохион бүтээгч” болгосон болов уу. Тэр үед амьдрахад болон хувцасны материалд хэрэгтэй мөнгөө олох гэж хичээлийнхээ цаг заваар янз бүрийн л ажил хийдэг байсан даа.

-Хүмүүс хүүхдээ дунд сургууль төгсөнгүүт нь заавал дээд боловсрол эзэмшүүлнэ гэлгүй эхлээд Мэргэжил сургалтын төвд сургаж, мэргэжил эзэмшүүлэх нь чухал юм байна гэж бодлоо?

-Тийм ш дээ. Том сургуульд сурсанаараа хүний амьдрал өөрчлөгдөхгүй. Сайн сургуульд сурч, сайхан амьдарч байгаа хүн олон бий. Үгүйсгэхгүй. Гадаадад сураад ирсэн хүмүүсийн соёл, аливааг харах өнцөг нь өөрчлөгдсөн байдаг. Гэхдээ миний хувьд 15 настайгаасаа Европын сургуульд очиж сурах хүртэл туулсан зам минь маш урт, 10 гаруй жил. Тиймээс зүгээр л дунд сургуулиа төгсөнгүүт мөнгөө шууд төлөөд Европт очиж  суралцах хоёрт асар их ялгаа бий.

-10 жил нэг л зорилгын төлөө хичээл зүтгэл гаргана гэдэг. Тууштай юм аа?

-Миний хувьд эхлээд Ражив Гандийгийн сургуулиа төгсөх  байсан. Италид сурахад мэдээж маш их санхүү орно. Санхүүгээ яаж олох вэ гэдгээс л эхэлсэн дээ. Тухайлбал,  сургуулиа төгсөөд 4-5 жил ажилласан. Тэр орлогоос тодорхой хувийг хуримтлал болгоно.  Ажлынхаа хажуугаар давхар ажил хийнэ. Тэрнийгээ нэмэрлэнэ. Одоо бодоход би бие дааж амьдарч эхэлсэн цагаасаа хойш хоёр ажил хийхгүй байсан үе ховор доо. Дандаа л хоёр ажил давхар амжуулдаг байсан.

“Миний хань шиг ухаантай, тууштай залуучууд Монголд минь олон байгаасай”

-Ажил их болохоор залуу хүний хайрлаж дурлах зэрэг амьдралын бусад асуудал нь орхигдсон байх даа. Зорилго нь чухал ч хувийн амьдралын цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ. Нууц биш бол энэ тухайгаа хуваалцаач?

Мэдээж зорилго чухал. Гэхдээ би ханьтайгаа 15-хан настай байхдаа оюутны байранд танилцаж байсан. Бид хоёр 7-8 жил үеэрхэж байж, гэр бүл болсон. Хань минь миний уйлсан, инээсэн, баярласан бүхий л цаг хугацаанд хамт байсан. Хойшид ч хамт байх ханьдаа маш их баярлаж явдаг. Миний хайр шиг, хань шиг тэвчээртэй, ухаантай, гэр бүлийнхээ төлөө тууштай залуучууд Монголд минь олон байгаасай гэж хүсдэг юм.

-Сайхан хань амьдралд заяагдсан хамгийн том бэлэг гэдэг дээ. Сайхан санагдаж байна. Ер нь хүн зорьсондоо хүрэх гэж хичээл зүтгэл гаргасан ч заримдаа шантармаар, бүр уйлмаар ч үе тохиодог. Тэр үед бууж өгөлгүй илүү их хичээвэл бүх зүйлийг даван гардаг гэдэг шүү дээ. Тийм үе тохиож байсан уу?   

-Тэгэлгүй яахав. Би чинь заримдаа уйлна. Тэгээд ганцаараа байх үедээ уйлж байгаад л  өөртэйгээ ярилцдаг. Өөр хэнтэй ярилцахав. Ер нь хүн өөрийнхөө дотор хүнээ л их сонсож байх хэрэгтэй. “Одоо ийм байна, тийм юм боллоо” гэж бодит байдалтайгаа эвлэрч, зохицох хэрэгтэй. Хамгийн гол нь аливаа асуудал, саад бүхнийг давах хүч нь “ЗОРИЛГО” байдаг. Жишээ нь, “Би энэ 2 жилийн дотор ийм зүйл хийх ёстой” гээд зорилго тавина. Наана нь саад тохиоход, “Үүнийг л давчихвал миний нөгөө зорилго маань биелэхэд ойртож байна шүү дээ”  гэж бодно. Тиймээс “жижиг саад” тохиоход торохгүй, цаад талын зорилго руугаа л зорьдог.

“Би зорилгоо 2-3 жилээр тавьдаг. Гол нь миний зорилго биелэх ёстой”

-“Холын зорилгоо тавьж чадвал ойрын саадаас айх хэрэггүй” гэдэг дээ?

-Тийм. Ойрын саад бэрхшээлийг тоолгүй зорилгоо 2-3 жилээр тавьдаг. Тэгээд л зорилгоо бодоод тэмүүлээд явахад наана нь тохиох янз бүрийн асуудлыг даваад гарчихдаг. Магадгүй асуудал гарч ухарч болох ч гэлээ үндсэн зорилгоо марталгүй дахиад л урагш давшдаг. Жишээ нь, сургууль дээр хамт сурч байсан хүмүүс янз бүрийн асуудлаас болоод нутаг буцдаг. Би тэрэнтэй адил бэрхшээл гарсан ч гэлээ зорилгоо л биелүүлэхийг хичээдэг. Мөнгө хэрэг бодвол зээлнэ. Мөнгөний асуудлыг дараа нь шийдэж болдог. Гол нь миний зорилго биелэх ёстой.

-Зорилго биелэх бүрт амьдралын амтыг илүү ихээр мэдрэх байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Нэг нэгээр хүсэл зорилго минь биелээд байх гоё шүү дээ. Одоо би эхлээд энийг хийнэ. Дараа нь тэрийг гээд л төлөвлөнө. Тэр болгонд хүсэл зорилго биелээд байхаар улам л хүч аваад байна. Монголд ганцхан өдрийн хугацаатай ирж, Оюуны өмчийн газраас өөрийн “TUVZA” брэндийнхээ шошгыг авлаа. Энэ ч бас миний нэг зорилго байсан.

“Суралцах хугацаандаа брэндийнхээ материалын судалгааг хийж байна”

-Италид сурч байхдаа брэндийнхаа логог авчихлаа. Юу хийхээр төлөвлөж байна?

-Би одоо шинэ брэнд дээрээ ажиллаж байгаа. Энэ маань нэг зорилго. Тиймээс биелээгүй зорилгоо хэлмээргүй байна. Биелчихсэн зорилгоо л хэлэх гоё. Жилийн өмнө би брэндээ албан ёсны болгоно гэсэн зорилго биелж, брэнд минь минийх гэдгийг батлах бичиг баримттай болчихлоо. Дараагийн зорилго мэдээж шинэ загвар гаргах. Тэр зорилго дээрээ эхлээд ажиллах хэрэгтэй. Нүдэнд харагдаж, гарт баригдахаар болсон үед нь хэлнэ ээ.

-Италийн алдарт Булгари брэндтэй хамтын ажиллагаагаа үргэлжүүлж байгаа юу?

-Булгари брэнд шинэ үнэртэний  танилцуулгын ажилдаа хамтран ажиллах санал тавьсан. Гэхдээ би амжаагүй. Яагаад гэвэл Хятад руу очиж ажилладаг. Гэрээний дагуух ажлаа хийхгүй бол болохгүй. Мөн Гуанжу руу судалгааны ажлаар очиж байна. Би брэндээ хурдан гаргаж ирэх гэж яарахгүй. Харин маш бат бөх суурьтай, урт удаанаар оршин тогтнох зүйл хийхийг зорьж байна.

-Барилгын суурь бат бөх байх нь чухал гэдэг шиг үү?

-Тийм тийм. Тэгээд л юу юугүй сандчаад, хөөрөөд байлгүй тайван төлөвлөгөөтэйгээр ажиллахыг хүсдэг. Италид суралцах хугацаандаа брэндийнхээ материалын судалгааг хийж, олон улсын арьсны үзэсгэлэнг үзэж, компаниудтай хамтрахыг зорьж байна. Тэнд хувцас, гутал, цүнх бүгд арьсаар хийгдэж байгаа. Ялангуяа Итали Улс гутлаараа алдартай. Итали арьс ямар онцлогтойг судалж байна. Versace, Dolсe Gabbana брэндийн материалыг зөвхөн тэнд нь олж харахаас өөр газраас олдохгүй шүү дээ. Судалгаа хийснээр “TUVZA” брэндийнхээ хувцасны материал яг ямар байх вэ гэдгийг тогтооно.

“Бүх загвараа эхлээд өөртөө эхэлж хийдэг. Яагаад гэвэл би ч бас хэрэглэгч”

-Загваруудыг нь гадныхан хэр анхаардаг вэ?

-Миний хувцаснуудад үндэсний хэв маяг нь шууд харагддаггүй болохоор “Хаанаас худалдаж авсан бэ” гэж их асуудаг. “Өөрөө хийсэн” гэхээр “Их таалагдлаа” гээд захиалга өгдөг. Гэхдээ миний цаг зав амждаггүй болохоор тэр бүр захиалга авч чаддаггүй. Хичээлийн цаг их, дээр нь Хятад руу байн байн явж ажилладаг болохоор амждаггүй. Сургуулиа дуусгачихвал бүтэн цагаа брэнддээ л зарцуулна даа.

Би ер нь өдөр тутамд өмсөх хувцсаа өөрөө хийж өмсдөг. Ингэснээр брэндийн судалгаагаа давхар хийж байгаа юм. Яагаад гэвэл би хэрэглэгч. Өөртөө хийсэн хувцас маань надад ямар санагдаж байна гэдэг нь их чухал. Бусад хүн өмсвөл ямар байх вэ гэдгийг сонгосон материалаараа мэдчихнэ. Надад эвгүй байвал хэрэглэгчид ч эвгүй байна. Нэг ёсондоо туршилтын хугацаа явж байна гэсэн үг.

Өнгөрсөн өвөл гэхэд өвлийн куртикны судалгаа хийсэн. Куртикны материалын эдэлгээг нь анхаарах ёстойг мэдсэн. Нөгөө талаар өөртөө хувцас хийх гоё л доо. Буруу зөрүү юм боллоо гэхэд “Энэ чинь муу байна” гэж өөртэйгээ заргалдахгүй. Гол нь тэндээс өөрийнхөө алдааг олж харна. Засна.

-Хүн өөрөө л хүсэл мөрөөдөлтэй байвал бүх зүйлийг бүтээх чадалтай гэдэгтээ итгэх хэрэгтэй, тийм үү?

-Тийм. Яг үнэндээ би анх оюутан байхдаа өдөрт 500 төгрөгөөр л амьдардаг байсан. Тэглээ гээд би өлсөөгүй, өвдөөгүй, үхээгүй, эрүүл саруул, амжилттай сайхан явж л байна. Тэр үед би 200 төгрөгөөр автобусанд сууж, буцахдаа 200 төгрөгөөр нь харина. 100 төгрөгрөөр нь өдөртөө нэг янзага печень аваад идчихдэг байсан. Үнэн учраас би ичихгүй. Тэгж хичээж байж л би босч ирсэн. Тэгж байж би өөрийнхөө зорилгын төлөө мөнгө хурааж чадсан. Тэр үед өөртөө хооллолтын меню гаргасан. “Чи ингэж ид” гэж төлөвлөгөөний дагуу идэх гээд байгаа юм уу. Тэгэхгүй бол төлөвлөгөө нь тасарх гээд байсан  юм уу. /инээв/ Тэгэхдээ тэр  бүхэн хүнд хатуужил суулгадаг.

“Хүнд тэвчээр хэрэгтэй. Зарим зүйл цаг хугацаа өнгөрөхөд аяндаа шийдэгддэг”

-Би дунд ангид сурдаг охиныхоо ангийн хүүхдүүдэд “Хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг” гэдэг багахан илтгэл тавьсан. Тэр үед Түвшинзаяа дүүтэйгээ анх интернэтээр тухайгаа, Итали улсад очин амжилттай яваа тухай оруулсан юм. Тэр түүхийг улам бататгаж чадлаа. Ер нь хүн аливаа саадыг даван туулах гэж энэ амьдралд ирдэг гэж хардаг юм?

-Тийм тийм. Хүн бүхнийг даван туулах гэж ирсэн. Дээрээс нь хүнд тэвчээр хэрэгтэй. Зарим зүйл дээр дуугай байж, цаг хугацаа өнгөрөхийг хүлээхэд асуудлууд аяндаа шийдэгддэг. Тэгэхгүй бол хүн болчимгүй алхам хийж, эвгүй байдалд орох магадлалтай. Миний хувьд тэвчээрийн хязгаар тулчихсан, яг дэлбэрэх шахсан ч “За нөгөө” гээд зорилгоо боддог. Зарим хүн асуудал гарахад өндөр дээрээс шууд л унаад үхчихдэг. Тэгтэл тэр жаахан хормыг өнгөрөөчихсөн бол амьдралд нь ямар олон сайхан зүйл тохиох байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Ер нь сэтгэл хөдлөлөөр аливаад хандаж болохгүй. Хичнээн хэцүү байсан ч 2-3 хоног тэсэхэд л асуудал шийдэгдчихдэг шүү дээ.

-Ханьтайгаа багагүй хугацаанд хамт байжээ. Ханийгаа “минийх” гэж мэдэрч хүлээж авахад хэр хугацааг зарцуулсан бэ. Өнөөдөр олон залуус  ханиа сайн таньж мэдэж  амжилгүй үр хүүхэдтэй болж байна. Хамт амьдраад удалгүй “Болохгүй байна” гээд салчихна. Дунд нь хүүхдүүд өнчирч байна.

-Тийм шүү. Бидний хувьд хамгийн анх үерхэж эхлээд л бие биедээ тохирсон хосууд гэж мэдэрсэн. Мэдээж залуу  хүмүүст муудалцах үе гардаг л байсан. Гэхдээ бид тэр үеийг даваад гарчихсан.

-Яаж?

-Хайраараа. Бие биедээ жинхэнээсээ хайртай байсан. Нөгөө талаар хайр хүнийг өөрчилдөг. Би өөрчлөгдсөн. Ямар ч хүн өөрчлөгдөж болно. Жишээ нь бид байна. Бидний өөрчлөлтүүд маргалдахыг минь болиулсан. Магадгүй  бага залуу насанд гэр бүл, хүүхэд гэж  яарахаас илүү үерхэл нөрхөрлөл байх ёстой юм боловуу. Ханиа болгон  сонгох хүнээ 27-28 нас хүртлээ хангалттай таньж мэдэж болно. Тэр болтол өөрийнхөөрөө амьдарч, цаашид тэр хүртэл сурсан мэдлэгээрээ үлдсэн амьдралынхаа туршид хийх тэр зүйлийг олж авч байна гэсэн үг. Гэтэл сурч мэддэг насандаа гэр бүл зохиочихоод байгаа юм болов уу. Энэ миний л бодол.

“Гэр бүл зохионо гэдэг чинь маш чухал хариуцлага”

– Охиныхоо ангийнханд лекц уншиж дуусахад тэд “хайр” ын тухай дахин ярьж өгөхийг хүссэн. 12 той хүүхдүүдэд амьдрал хайрын тухай юу яривал зохистойг хэсэг бодоод “Эхийн хайр бол энэ орчлонд хамгийн агуу. Гэр бүлээ хайрлах, амьтныг хайрлах гээд олон хайр байдаг. Мэдээж та нар хайртай хосуудын тухай сонсохыг хүсэж байгаа гэж хэлээд үр хүүхдээ алдсан ч зовлонг хайраараа хамтдаа туулж дахин үр хүүхэдтэй сайн сайхан амьдарч байгаа хосууд, эрүүл мэндийн хувьд эдгэшгүй хүнд өвчтэй нэгнээ хайр халамжаар дутаахгүй яваа хосууд, эрүүл чийрэг, спортлог зорилго нэгтэй олны танил хосуудын түүхээс ярьж өгсөн. Дараа нь өсвөр насанд үерхэл байж болно. Гэхдээ энэ насандаа сурч боловсрох, мэдлэгтэй болоход илүү анхаарч, хэл сурч том болоод хүссэн мэргэжлээрээ суралцаж, гадаад дотоодоор аялж бие даасан хүн болох хэрэгтэй. Тэр үед чинь чиний зүрхний “цоож”-ыг нээх түлхүүртэй хэн нэгэн таарна. Тэр үед хайр дурлал аз жаргалыг илүү утга учиртай мэдэрч, ээж аав болж насан өндөр болтлоо аз жаргалтай амьдраарай. Хэрвээ тэгж чадвал олон олон хүүхдүүд салалтын хохирогч болон үлдэхгүй харин хайрын ундрага болон аз жаргалтай амьдрана гэж ярьж өгсөн. Тэр ярианы минь нэгэн бодит жишээ бол та хоёрын хайрын түүх байжээ. Нөгөө талаар 27-28 настай гэр бүл зохиох нь илүү бат бөх, бие биедээ үнэнч гэр бүл байхын үндэс юм болов уу?

-Тийм. Мэдээж тэр хүмүүс салья гэсэндээ биш. Аргагүй байдалд орж, амьдралд сөхөрчихсөн байсан юм болов уу. Дээрээс нь санхүүгийн хувьд тогтворжоогүй учраас хэн нэгнээс хараат байна. Нөгөө талаар бие хүн болж сайн төлөвшиж амжаагүй байдаг учраас гэр бүлийн үүрэг хариуцлага гэдгийг нарийн сайн ухамсарлаагүй байх нь бий. Гэр бүл зохионо гэдэг чинь маш чухал хариуцлага. Би  өмнө нь дандаа л дураараа эрс шийдэмгий, өөрийгөө хариуцдаг байсан. Гэтэл гэр бүл болсноор нэг нэгнийхээ үгийг сонсож хамт шийдвэр гаргадаг болно.

-Гэр бүлийн хүн нь юу хийдэг вэ?

-Манай хүн компьютерийн програмист мэргэжилтэй, Монголдоо байдаг. Миний ханийн хамгийн хүндэлж биширдэг зан чанар бол намайг маш сайн ойлгож, хүлээдэг. Нэрийг нь  Баатар гэдэг. Нэрэндээ тохирсон сайхан залуу бий. Бид  2-ын зан төлөв их төстэй. Багаасаа л биеэ даасан. Хоёулаа анх танилцахад л бие даасан байсан. Би гэхэд калькан цаас зарна, манай хүн бас юм зарна. Би ч, тэр маань ч гэрээсээ мөнгө энэ тэр гээд байхгүй хоёулаа болгоод л явдаг байсан, тэр зан нь яг адил. Бид их сайн таардаг. Бие биедээ хайртай, өөрсдийн хүчээр энэ амьдралаа босгож явна.

“Би Монголдоо ирнэ. Яагаад гэвэл эх орныхоо хөгжилд

өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой”

-Сургуулиа төгсөөд тэндээ ажиллах төлөвлөгөөтэй байгаа юу. Мэдээж гадаадад амжилтанд хүрэх боломж нь илүү гэдэг шүү дээ?

-Италид байхад болно л доо. Гэхдээ би Монголдоо ирнэ гэж боддог. Яагаад гэвэл би Монгол улсын иргэн. Гадаадад сурч, ажиллаж, өөр улсын соёлоос суралцаж ирээд эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой. Хүн бүр өөрийнхөө сурсан мэдсэнээ эх орондоо зориулах учиртай гэж би боддог.

Монголдоо ирэх зорилго гэж байгаа шүү дээ. Харин төгстлөө брэндийнхээ ажлаар судалгаа хийгээд л байна. Утсаар асууж тодруулж, очиж үзэж мэдэж, судалж байна.  Гэхдээ аливаа зүйлийг эхлэхэд санхүүжүүлт  хэрэгтэй ч өөрийнхөө гараар бүхнийг босгохыг зорьж байна. Санхүү бүтэхийг хүлээж “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гэдэг шиг байж болохгүй. Дээрээс нь “Хэн нэгэн надад санхүүжүүлж мөнгө өгөх болов уу” гээд бодоод, хүлээж суухыг ч хүсдэггүй.

-Өөрийн гараар амьдралаа босгох нь илүү амттай утга учиртай байдаг юм болов уу?

-Тийм. Жаахан удаан байж магадгүй ч бүх зүйл сайхан болно. Болгоно.

-Нэг талаараа 30 хүрээгүй энэ насандаа их ажлыг амжуулж, өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлоод  явж байна гэдэг маш том амжилт шүү дээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Одоо би оюутан сургуулиа төгсөөгүй байна. Сургуулиа төгсөөд Монголдоо ирээд жинхэнэ утгаараа ажиллана даа. Тэгээд ч ээж болох гэж байна. Улам ч их эрч хүчтэй, аз жаргалтай байх болно.

-Тийм шүү. Ер нь ээж аав болохын тулд анхнаасаа эрүүл мэндийн хариуцлага хүлээж, хүүхдээ эрүүл саруул төрүүлэх нь их чухал асуудал санагддаг. Мөн ээж аав болсон л бол  эрүүл саруул урт удаан наслах үүргээ мартаж болохгүй?

-Тэгэлгүй яахав, Жишээ нь, ээж маань өвдлөө гэхэд маш хэцүү байдаг. Яаж байгаа бол гэж байн байн санаа зовно. Ээж л өвдөхгүй бол бүх юм сайхан байдаг. Тийм болохоор эрүүл мэнд хамгийн чухал. Ер нь ажил мэргэжлээс илүү эрүүл мэндээ нэгт тавьж амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл бие чинь эрүүл биш байвал ажил чинь бүтэхгүй, хагас дутуу хийгдэнэ.

Тиймээс эрүүл мэндээ их анхаардаг. Эм тариа гэхээсээ илүү эрүүл  амьдралын хэвшил, хэв маягийг гол болгож, зөв  зохистой хооллодог. Өглөө, өдөр сайн иддэг. Оройдоо ихэвчлэн жимс шахаж уудаг. Ажиглаад байхад манай Монголчууд “хоолны соёл” багатай ард түмэн. Хүмүүсийн дундаж наслалт бага байгааг анхаарч зөв зохистой хооллож, амьдралын хэвшлийг өдөр тутамдаа өөрийнхөө төлөө болгох хэрэгтэй юм болов уу.

Жишээ нь, Хятад болон Европт захын хоолны газарт ороод тухайн хүний, гэр бүлийн хооллолтыг харж болно. Ихэвчлэн урт наслахад тустай жимс, ногоо түлхүү хэрэглэж, хоолтойгоо дандаа цэвэр ус уудаг. Харин монголчууд ихэнхдээ махтай хоол идээд, сүүтэй цай уугаад байдаг. Тэр чинь ходоодыг ядраадаг. Олон дахин тэгж л хооллоод байвал бие махбод өвчилнө. Тиймээс өөрт хэрэгтэй хоол хүнсээ сонгож иддэг байгаасай.

“Завтай байна гэдэг амьдралд тохиох олон боломжыг

алдаад байна гэсэн  үг”

-Зорилготой залуучууд олон байгаа ч  ихэнх нь маш  их завтай байна. Гэтэл  хүний амьдралын цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Магадгүй тэр сул өнгөрүүлсэн цаг хугацаа хэн нэгний хамгийн үнэ цэнэтэй хором мөчүүд байдаг шүү дээ. Нэг талаараа цаг хугацаа бол хүмүүс бидэнд байгаа баялаг.

-Тийм шүү. Завтай байна гэдэг амьдралд тохиох олон боломжыг алдаад байгаа гэсэн  үг. Цаг хугацаа маш чухал. Цаг хугацаанд нь багтаан аливаа ажлыг амжуулж хийхийн ид шидийг би мэдэрсэн. Цаг хугацаандаа амжихгүй л бол бүх төлөвлөгөө хойшлоно. Ялангуяа миний сонгосон энэ салбарт цаг хугацаа маш чухал. Захиалагч захиалсан зүйлээ тэдэнд авна гэхэд нь гаргаж амжихгүй бол захиалагчаа ч, нэр хүндээ ч алдана.

-Италийн алдарт загвар зохион бүтээгч Gianni Tolentino-той хамтран ажиллаж байгаа нь хэвээрээ юу?

-Би Gianni Tolentino-тай хамтран ажиллаж амжихгүй л явна. Брэндийнхээ ажилд илүү анхаарч байгаа болохоор мөнгө төгрөг, цалин гэхээсээ илүүтэй дараа нь өөрт хэрэгтэй зүйлээ хийж байна. Италид байх хугацаа бол миний хувьд “надад олдож байгаа боломж”. Яагаад гэвэл хүмүүсийн аялалаар л очдог тэр улсад би оюутан болсон. Тэр хугацаанд би өөрийнхөө бүхий л хүч боломжийг ашиглаж, Италичууд хувцсыг яаж хийж байна, материалыг яаж сонгож байна гэдгийг илүү сайн судалж мэдэхийг зорьж байна. Энэ хугацаанд би өөрийнхөө чадлынхаа хирээр судалж мэдэх ёстой. Мэдлэгтэй болж, толгойдоо хийчихсэн байхад мөнгө өөрөө надад ирэх учраас өөрийнхөө төлөө хичээж байна.

-Маш сайн сурах нь насан туршийн, амьдралд хэрэгтэй хамгийн том хөрөнгө оруулалт болно, гэж үү?

-Тэгэлгүй яахав. Би зүгээр л аялалаар очиж, судалгаа хийсэн бол олигтой сурч мэдэж чадахгүй. Сурах хугацаандаа маш тайвнаар хэрэгтэй бүхнээ судалж байна. Виз, амьдрах байр гээд бүх боломж бүрдсэн. Цаг хугацаа надад “Чи зүгээр л хэрэгтэй бүхнээ хайж ол” гэж гэрлээ анивчуулаад л байна. Би тэнд байх хугацаандаа хийх ажлын төлөвлөгөөг сар сараар нь гардаг. Энэ сарын төлөвлөгөө гэхэд Жоржиа Армани брэндийн музейг очиж үзнэ. Яагаад гэвэл би хувцас загварын хүн. Тиймээс Жоржиа Армани гэдэг хүний түүхийг өгүүлэх музейд мөнгө төлж ороод тэндээс өөрт хэрэгтэй маш их мэдээлэл, мэдлэг олж авна, үзэж харж судална.

“Миний оюун бодол ажиллаж, мэдлэг минь байгаа цагт

хэзээ ч дахин эхэлж чадна”

-Хүн бодож сэтгэж байгаа оюун тархиа хөгжүүлж,  мэдлэгээ нэмэгдүүлэх, аливааг хийж чадах ур чадвартай болох  нь мөнгөөс илүү үнэ цэнийг авчирна гэдэг.  

-Тийм шүү дээ. Миний эзэмшсэн мэргэжил надад л байна. Мөнгө, байшин, машин бол алга болж болно. Гэтэл би өөрөө байж, миний оюун бодол ажиллаж, мэдлэг минь надтай хамт байх учраас хэзээ ч дахин эхэлж чадна. Тиймээс л яаралгүй сайн суралцаж судлая гэж хичээгээд байна. Өөрийнхөө үнэт өв хөрөнгө болсон мэдлэгээ арвижуулж хэзээ ч надтай хамт байх баялагаа бүтээж явна.

-Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотоос бараг 1000 км-ын алсад байх Завхан аймгийн Баянтэс сумын дотуур байрны охидтой уулзаж ярилцаж байлаа. Тэр охид бүгд онц сурдаг. Тэдний зорилго нь хотод очиж оюутан болох гэж байсан? 

-Хөдөө төрж өссөн хүүхдүүд хот руу ирэхийг зорьдог. Гэхдээ түүнээс илүү зорилго тавьж байж амжилтанд хүрдэг. Би багадаа хурга ишиг хариулж, цэцэрлэгт ч явж үзээгүй шахам өссөн. Шилбүүрээ газар зоож нарны  сүүдрийг харж байгаад л гэр лүүгээ явдаг байсан. Өвөөгийнх олон тэмээтэй. 2-3 настай байхад минь өвөө, ээж хоёр нүүдэллэхдээ миний хүчийг ашигладаг байсан. Жаахан гэж гололгүй тэмээн дээр гудас тавиад суулгачихсан мал туух ажил хийлгэсэн. Гол нь хүн өөрийгөө гололгүй, хэцүү гэж шантралгүй чадах бүхнийг хийдэг бай. Зорилгоо ч илүү алсад тавь.

-Хүн гэдэг харагдаж байгаагаасаа илүү чадвартай гэж хэлэх гээд байна, тийм үү?

-Манай ээж намайг ямар ч ажил голохгүй хийхийг сургасан. Бүр багаас минь гурил зууруулж, чадахгүй байсан ч илүү хичээх, хийх урам өгдөг байлаа.

-“Чи чадахгүй боль байг” гэж, эсвэл “жаахан байна” гэж голох нь ямар нэгэн юмыг хийх ур чадваргүй болгодог. Харин “урмаар тэжээ” гэдэг аргаар хүүхдээ өсгөх зөв гэдгийг баталжээ?

-Миний зуурсан гурил тухайн үедээ хачин л юм байсан нь мэдээж. Гэсэн ч урамшуулах бүрт илүү ихээр хичээж, тэр нь даван туулах чадварыг өгдөг байсан бололтой. Тэгээд л ямаа сааж, тэмээгээ хариулна. Багадаа хөл нүцгэн, гутал өмсдөггүй  байсан. Гэтэл тэр нь эрүүл мэндийг хамгаалж, одоо би өвчин хэлдэггүй. Магадгүй газраас маш их эрч хүч, инерги авч байсан бололтой. Нөгөө талаар хэцүү бүгдийг даван туулах урам зориг байхад өнөөдрийн жижигхэн бэрхшээл  юу ч биш санагддаг.

“Амжилт гэдэг шидэт дохиураар дохиж бий болгодог зүйл биш”

-Хүн ер нь аливаа саад бэрхшээлийг даван туулах тусам илүү хүчтэй, зоригтой болдог гэдэг?

-Тийм шүү. Би саяхан фейсбүүкээс “Хогийн цэг дээр байсан ч сайхан амьдралыг бүтээж чадсан” залуугийн ярилцлагыг уншсан. Тэр хүнд амьдралын замаас өөрийгөө авч гарна гэдэг үнэхээр мундаг. Тэндээ “живчихсэн” бол яана. Жирийн сайхан амьдарч байгаад тэнд “живчихсэн” хүн байдаг шүү дээ. Хувь хүн өөрийгөө ялна гэдэг нь их чухал. Өөрийнхөө хүчинд итгэх ёстой. Магадгүй хэн нэгэнд “За чи 5 хоногийн дараа үхнэ” гээд  хэлчихвэл  “Үхэх өдрөө зүгээр хүлээгээд хэвтэхгүй. Харин ч энэ 5 хоногт би юу амжуулах вэ” гэж хичээнэ. Түүн шиг өөрөө өөртөө эзэн нь болж, амьдралын замаа засах хэрэгтэй. Чи өөрөө тэр замын эхлэлийг тавихгүй бол гарч ирэхгүй шүү дээ.

-Мэдээж, “Амжилтын зам” гэдэг бэлэн байдаг зүйл биш?

-Амжилт гэдэг ид шид мэт шидэт дохиураар дохиж бий болгодог зүйл биш. Таны алсын зорилго чинь үйлдэл болно. Үйлдэл чинь бага багаар үр дүнг авчирснаар зорилго чинь биелнэ. Бодол хүслээ үйлдэл болгож байж зорьсон ажил бүтэж, амжилтын зам гэрэлтэнэ.

-“Нэг залуу бурханаас “Баян болгоод өгөөч” гэж олон жил гуйхыг харсан нэгэн шавь нь “Бурхан минь, та энэ залуугийн хүслийг биелүүлээд өгчихөөч. Их л олон жил гуйлаа” гэхэд Бурхан “Тиймээ олон жил гуйсан. Гэхдээ энэ залуу зүгээр л гуйгаад байх юм. Ядаж сугалаа ч болсон сугалаасай” гэж хэлсэн тухай хошин яриа байдаг. Тэгэхээр хоосон хүсэл бус ямар нэгэн үр дүнд хүргэх үйлдэл хийх нь чухал?

-Тэгэлгүй яахав, хүсэл зорилгоо биелүүлэх үйлдэл хийх нь маш чухал. Магадгүй тэр үйлдэл нь бэрхшээлтэй байсан ч хамаагүй. Бэрхшээл гэдэг тэр үйлдэлийн цаана гарахад маш том сургамж болон үлдэнэ. Алдаа ч гэсэн хүний амьдралд хэрэгтэй. Тэгээд тэр алдаагаа засаад дахиад эхэл. Дахиад гэдэг зүйлийг заавал давтаж хийж байх хэрэгтэй.

-Амьдралд боломж үргэлж байдаг шүү дээ?

-Алдлаа гэдгээ мэдэнгүүт л “За би дампуурчихсан өнгөрлөө” гэдэг. Маш их зовлонтой хүний дүрд ордог. Хүн юм чинь алдана шүү дээ. Гол нь алдсан ч босож ирж сурах л хэрэгтэй.

“Өөрийгөө нэмэх болго”

-Зарим хүмүүс аливаа саад бэрхшээл тохиоход “Надад яагаад ийм юм тохиолдов” гэж хямардаг. Гэтэл үнэндээ тэр хүний эрүүл энх, амьд байгаа нь өөрөө аз жаргал гэж би хардаг. Хүсвэл юуг ч хийх боломжтой. Гол нь эрүүл мэнд. Эрүүл саруул байгаа цагт хэн ч, юуг ч хийх чадалтай.  Тиймээс хүн аз жаргалтай, урам зоригтой, итгэл найдвар дүүрэн оюун бодолтой болоход л анхаарах хэрэгтэй юм болов уу?

-Тийм шүү дээ. Хүний нутагт хэцүү зүйл олон тохиодог ч би тэнд байгаа гоё зүйлийг нь харж, мэдрэхийг хичээж сайхан инергитэй бүхнийг нь олдог. Өөрийгөө “нэмэх” болго. Сэтгэлд чинь хасах цэнэг өгсөн зүйл орж ирвэл аль болох хурдан гаргаад нэмэх болгоод бай. Хүнд гомдсон бол тэрийгээ гялс бодоод  л гаргачих хэрэгтэй. Магадгүй тэр хүн танд 10 удаа сайн үйл хийсэн байхад нэг удаа муу зүйл хийснийг нь бодолгүй орхиход л сайхан болчихно. Тэгж чадахгүй ганцхан удаагийнх нь алдааг бодоод байвал буруу харилцаа үүснэ.

Мэдээж тэр хүн алдаа гаргана гэж бодоогүй. Болно бүтнэ гэж бодоод л таниас тусламж хүссэн байж таарна. Тиймээс нэгэнт алдчихсан бол 1000 орилж хашгираад яах юм. Болоод өнгөрчихсөн, бодоод ч ашиггүй. Сэтгэл санаагаа зовоож бухимдаад яана. Харин өмнөө байгаа бодит байдалтайгаа эвлэрээд “Одоо яах вэ” гэдгийг л бодох хэрэгтэй. Үсчин хүн үйлчлүүлэгчийнхээ үсийг буруу хайчилчихвал яах вэ. Засаж янзлаад, залгаж наахгүй нь ойлгомжтой.

-Амьдралдаа үсчин шиг л ханд гэсэн үг, тийм үү?

Тийм. Үсчин гэдэг маш хариуцлагатай мэргэжил. Тиймээс амьдралдаа үсчин шиг хариуцлагатай хандаж, хэлсэн хийсэндээ эзэн болох хэрэгтэй. Би монголынхоо залуучуудыг хүчтэй, улс нийгмээ өөрчлөх шинэ хүч болон гарч ирээсэй гэж их хүсдэг. Хүчтэй, чадалтай зоригтой залуучууд зөндөө бий. Энэ нийгмийг өөрчилмөөр байна. Гэр бүлдээ хариуцлагатай ханддаг залуучууд олон байгаасай, хүүхэд битгий өнчрөөсэй гэж хүсдэг. Аав ээж болох гэж яаралгүй эхлээд өөрөө хүн болоход анхаараасай. Нэгнийгээ алдаа гаргалаа гэхэд зарим тохиолдолд сэтгэлийн хаттай байж, гэр бүлээ хамгаалж үлдээсэй. Зарим үед ухаан тэвчээр хэрэгтэй.

Энэ насаа хамтдаа туулах хүнээ сонгосон л бол “салалт” гэдэг үгийг тархиндаа оруулах ёсгүй. Эрэгтэй нь ч бай, эмэгтэй нь ч бай “Дургүй хүргэвэл салчихна” гэж бодох ч хэрэггүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн бол тасралтгүй үргэлжлэх замаараа явдаг. Вагон нь салж тасардаггүй. Эхэлсэн замаа дуустал нь явдаг шүү дээ.

“Гэр бүлийн гишүүд гэдэг таны амьдралын галт тэрэгний зорчигчид”

-Магадгүй галт тэрэг замаасаа гарвал осол гарна?  

-Тэр галт тэрэгний зорчигч нь таны гэр бүлийн гишүүд. Бүгд хамтдаа таны амьдралын галт тэргэнд суусан. Аав нь жолооч. Хүүхдүүд нь зорчигч. Ээж нь үйлчилгээний ажилтан. Жолооч зогсоход вагон зогсоно. Гэтэл вагон маань зорчигчоо гаргаж хаяад байвал гэмтэж бэртэнэ. Таны хүүхэд, таньд хайртай хүмүүс сэтгэл зүрхэндээ шарх авна.

Энэ үнэхээр эмзэг сэдэв. Зарим хариуцлагагүй хүмүүсээс болоод эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч байна. Зүрхэндээ шархтай амьдарч байна. Гадны орнуудад “салалт” гэхээсээ илүү “гэрлэсэн л бол хариуцлагатай байх ёстой” гэдгийг хүн болгон ухамсарладаг. Үерхэл нөхөрлөл хичнээн ч удаан хугацаагаар үргэлжилж болно. Харин нэгэнт гэрлэсэн бол илүү хариуцлагатай болдог.

-Нэг залуу найзтайгаа утсаар “Найзынх нь 14 тэй охин жирэмсэн болчихлоо яах вэ” гэхэд “Хүүхдийг нь төрүүлээд та хоёр өөрсдөө өргөж ав. Хүнд хүн илүүдэхгүй” гэж зөвлөж байхыг сонссон. Хүний хувийн асуудал ч гэлээ тийм насны хүүхэд амьдралын гоё зорилго тавиад сурч мэдэхэд анхаарсан бол гэж бодож явсан?  

-Миний хувьд ч 15 настай байхдаа найзтай болсон. Эрт хүүхэд төрүүлэх насыг тойрохгүй биш дайраад гарсан. Тэр үеийг яаж давсан юм бэ гэвэл “Эхлээд би сурна. Дараа нь гэр бүл зохионо. Амьдралд байр сууриа олно гэсэн бодол, төлөвлөгөө байсан. Түүгээрээ л явсан. Ер нь жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг шүү дээ. Тэгэлгүй дөнгөж сургуулиа төгсөөд гэр бүл зохиосон бол гадаадад суралцаж чадахгүй, хаа нэгтээ оёдолчин хийгээд л сууж байх байсан болов уу. Хамгийн гол нь би өөрийн гэсэн зорилготой байсан учраас зорьсондоо хүрэх зоригтой болсон.

Тиймээс дотоод сэтгэлдээ хэн болно гэж бодно тэр чинь биелнэ. Аав ээжийгээ хүлээгээд байх хэрэггүй. Өөрөө л бүхнийг хий. Аав ээж дуудах нэрийг чинь өгсөн. Дуурсагдах нэрийг өөрөө л олж авна. Аав ээж нь “Чи сур” гэж мөнгө өглөө гэхэд хүн өөрөө хүсэхгүй, зорихгүй бол ямар ч утгагүй. Аав ээжийнхээ мөнгийг идээд хэвтэж байдаг хүн, “би юу олж мэдэх вэ, би сурах вэ” гэж зорьсон хүн хоёр ялгаатай.

Амьдралын чанараар аяндаа ялгараад ирэх байх тийм үү?

-Илгээсэн мөнгийг нь зүгээр л үрээд сургуульд сурч байгаа нэр зүүж, хоног өнгөрөөх нэг өөр.Энэ багахан хугацаанд өөрт хэрэгтэй бүхнийг мэдэж, сурах нь дахин давтахгүй  боломж гэж харах нэг өөр. Аяндаа энэ хоёр хүн амьдрал дээр хийсэн бүтээснээрээ ялгараад л ирнэ.

“Охиндоо итгээд хүлээж суугаа ээжийгээ бодох бүр хүч ордог”

-Охиныхоо ангийнханаас “Ээж аавтайгаа хэр их ярилцдаг вэ” гэж асуухад дийлэнх нь “Аав ээж нь ажил ихтэй завгүй, утсаараа эсвэл удирдлагаа бариад суучихдаг,  салчихсан тусдаа амьдардаг, гадаадад байгаа” гэж хариулсан. Учир нь хүүхдийн төлөвшилд томчуудын оролцоо маш их. “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг ч томчууд түүний зөв, буруу аль тийш явж байгааг харж, хэлж ярьж ойлгуулах үүрэгтэй. Тэгэлгүй “Өөрөө мэдэг” гээд орхичивол хожим хүүхэд нь ч, аав ээж нь ч харамсана. Тийм үү?

-Хүүхдээ өөрөө мэдэг гээд бие даалгаж болно л доо. Гэтэл өсвөр насны хүүхдэд санамсаргүй байдлаар найзуудтайгаа архи ууж, эсвэл буруу зүйлийг туршиж үзэх боломж маш их гардаг. Хүүхэд тань өөрийн оюун ухаанаараа холдоно гэдэг их хэцүү. Буруу зүйлд автана. Харин тэр бүхэнд уруу татагдахгүй, өөрөө өөрийгөө татаж авах чадвар тэр хүүхэддэ суулгаж чадсан уу гэдэг их чухал. Жишээ нь, анги хамт олноороо гадуур гарч, элдэв асуудал болоход өөрийгөө жолоодох чадвартай байх ёстой. Мэдээж зожигроод байхгүй ч өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэж байх ётсой. Зарим зүйлд үгүй гэж сурах хэрэгтэй.

-Магадгүй татгалзвал надтай найзлахаа больчих вий гэсэн айдас буруу сонголт хийхэд нөлөөлдөг байх?

-Хэрэв өөрийнхөөрөө байлаа гээд холдож байвал тэр найз биш. Жинхэнэ найз бол хамт л байна. Харин ч хүнийг эрт таних боломж гээд л бодчиход болно.

-Ээж нь охиноо үнэхээр сайхан өсгөж хүмүүжүүлжээ?

-Миний ээж хөдөө охиноо залгахыг хүлээгээд л яасан юу болж байна гээд л ярьдаг. Италид байхад ээжийн бие жаахан муудаад санааг минь зовоосон ч одоо гайгүй. Ээжийгээ тайван сайхан, сэтгэл амар байлгах гэж байр авч өгөх зорилго тавиад түүнийгээ биелүүлчихсэн учраас одоо өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр хичээж явна. /инээв/

-Хайр хүнийг их өөр болгож , аливаа ажлыг хийх хүч өгдөг юм байна?

-Хайр үнэхээр тэгдэг. Хятадад ажилладаг байхад заримдаа буцмаар, бууж өгмөөр үе гарч байсан ч ээж маань буцахгүй байх хөшүүрэг маань болж байсан. Охиндоо итгээд хүлээж суугаа ээжийгээ бодох бүр хүч ордог байлаа. Тэгээд ч ээждээ байр авч өгнө гээд зорилго тавьчихсан  учраас “Би ямар ч байсан 3 жилдээ хаашаа ч явах ёсгүй. Энд намайг юу ч гэж хэлж байсан би зорилгоо л биелүүлнэ” гэж боддог байсан. Ажлын хүрээнд юу ч хэлж байсан сонсоно. Буруу гэвэл бурууг нь сонсож, зөв гэвэл урамшаад л явна. Энэ бүхний цаана гарахгүй л бол ээждээ авч өгөх байр чинь худлаа болно гээд бодчихсон болохоор надад ямар ч асуудал гарсан бууж өгөөгүй.

-Буянтай сайхан охин минь гэж ээж нь баярлаад л суудаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Нэгт, ажлаасаа олон зүйлийг сурч авсан. Хоёрт, нэг газар тогтвор суурьшилтай ажиллаж, хүнээс үг сонсож сурлаа. Больё гээд гарчихгүй нэг газар тогтвортой байх зан чанар суусан. Тогтвортой байна гэдэг нэг талаараа тэсвэр тэвчээрээ  зөв зална гэсэн үг. Хамгийн гол нь би шүүмжлэлийг хүлээн авч сурсан. Хэрэгтэй зүйл хэлсэн бол алдаагаа засаж, надад тэр нь сайн зүйл болно.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын зорилгод нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: П.Нарандэлгэр

 Холбоотой мэдээ: А.Түвшинзаяа: Мөнгөгүй гэдэг үгээр мөрөөдөлдөө хаалт битгий тавиарай

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

11 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 Жил

saihan yariltslaga unshlaa ih amjilt husie bayarlalaa

Зочин
Зочин
4 Жил

Мундаг эмэгтэй байна. Монголдоо заавал ажиллаарай. заавал гадаад явж хувцас хунар авмааргүй байна. Монголдоо Италын гутал шиг загвартай гутлын үйлдвэр байгуулаарай

Зочин
Зочин
4 Жил

[зочин
ямар сүрхий хэрсүү охин бэ Амжилт хүсье

Зочин
Зочин
4 Жил

мундаг найздаа улам их амжилтийг хүсэе.чамаараа бахархаж 😘😘😘

Зочин
Зочин
4 Жил

Мундаг дайчин охин

Зочин
Зочин
4 Жил

chamas faberliciin kom awch bsn xvrgej irsnixe dara tod udalgvi itali yawtsn bsn mundag bn shv amjilt

Зочин
Зочин
4 Жил

Uneheer mundag ohin urgelj xundelj xairlaj baharhaj ywdag shuu

Unuruu
Unuruu
4 Жил

Mundag nzdaa amjilt husie mundag shuu

Зочин
Зочин
4 Жил

namaig anh yuch medku oyutan bolj orj irehed chigluulsen hairtai egch mine uneher mundag shuu shan yriltslaga unshlaa tanida az jargap erul enhiig husie

Зочин
Зочин
4 Жил

mundag busgui delhiid ooriinhoo brandiig zaaval gargaarai❤️

Зочин
Зочин
4 Жил

Мундаг охин шүү. Амжилт хүсье.

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
Close