Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмОрон нутагЭх сурвалж

Д.Ёндонжамц: Улаан буудайн соёолж хүн, малын эрүүл мэндэд нэн тустай

Гидропоник буюу усанд ургуулах технологиор улаан буудайн соёолж ургуулж буй Д.Ёндонжамцтай уулзлаа. Тэрээр 2015 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас тэтгэвэртээ гарч улаан буудайн соёолж тариалах судалгаагаа эхлүүлэн энэ оноос тариалалтаа хийжээ. Д.Ёндонжамц Орхон аймагт зохион байгуулсан “Эдийн засгийн форум-2019” чуулганы үеэр өөрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан юм. 

– Улаан буудайн соёолжийг хоол хүнс, малын тэжээл гээд олон зүйлд ашигладаг юм билээ. Та ямар чиглэлээр нь ургуулж байна вэ?

-Одоогоор малын тэжээлд л ашиглаж байна. Хүмүүс улаан буудайг бордоо ашиглаж ургуулдаг бол би усаа цахилгаан соронзон аппаратаар зөөллөж анод болон катодын ус гаргаад, тэр усаараа буудайн үрээ ариутгаж угаагаад, анодын усандаа нэг хоног дэвтээгээд, тусгай бэлтгэсэн тавиур дээрээ 1.5-2 см-ын зузаантай суулгаж тарьдаг. Соёолж 7-10 хоногийн дотор 15-18 см-ийн урттай ургахад тайрч хэрэглэнэ. Ургах явцад нь усалгааг нь сайн хийх хэрэгтэй. Манай хүлэмж цахилгаанаар халдаг учир өвлийн ид хүйтэнд тариалалтаа хийж чадаагүй. Сая цагаан сарын дараагаас ажлаа эхэлсэн.

-Уг нь хүнсэнд хэрэглэвэл илүү тустай юм билээ. Энэ чиглэлээр нь боловсруулалт хийвэл хэрэглэгч нь олон байх болов уу?

-Улаан буудайн соёолж нь хүн, малын эрүүл мэндэд нэн тустай. Ялангуяа хлостеринийг багасгах, зүрх судасны өвчнийг бууруулах, төрөл бүрийн амин дэмээр баялаг тул хүмүүс их хэрэглэдэг. Гэхдээ бид одоогоор боловсруулах үйлдлээ хийгээгүй байгаа учир шууд малын тэжээл болгон ашиглаж байна. Цаашид боловсруулж хүнсэнд хэрэглэх бэлэн бүтээгдэхүүн болгочихвол энэ чиглэлээр худалдаанд гаргаж болно.

-Малын тэжээлийн зориулалтаар худалдаад эхэлчихсэн үү?

-Яг одоогоор зарсан зүйл алга. Гэхдээ аймаг болон сумын ЗДТГ-хан ирж үзсэн. Борлуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн. Би найзтайгаа хамтран аймгийн ЖДҮ-ийн сангаас 20 сая төгрөгийг 12 хувийн хүүтэй зээл авч хүлэмжээ тохижуулж дөрвөн метрийн урттай автомат усалгаатай нэг л машин авсан. Машин нь л гэхэд 12 сая төгрөг болсон. Надад ийм машин 11 хэрэгтэй.  Цаашид үйлдвэрээ томруулна гэж зорьж байгаа.

Хэрэв манай аймагт эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэр байвал бид соёолжоо тогтмол нийлүүлээд байж болно. Ургацаа 7-10 хоногийн хугацаатай хураана. Нэг эгнээндээ 7 үе буюу 7 тавиур тус бүрт  нь тарьдаг учир долоон өдөр дараалан ургацаа хураагаад байж болно. Хүлэмжийн температур 22-24 хэмийн дулаан бол 7 хоног тутам ургацаа хурааж авч болно. Манайх одоогоор 20 хэмийн дулаан байгаа учир 10 хоног тутам хурааж байна. Үнэ ханшийн хувьд малын тэжээлд ашиглах соёолжийг нэг кг-ыг 500-600 төгрөгрөөр борлуулна.

 -Та ямар мэргэжилтэй вэ?

 Би “Эрдэнэт үйлдвэр”–т цахилгааны инженерээр ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш улаан буудайн соёолж тарих туршилтаа гэртээ хийж түүнийгээ Хөдөө аж ахуйн газрын экспертизийн төв лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээ сайн гарсан тул өнгөрсөн онд үүнийгээ илүү том талбайд тарьж ургуулахаар зээл авч 200 ам дөрвөлжин талбайг тохижуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 140 ам дөрвөлжин талбайд нь соёолжоо ургуулж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close