Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмОрон нутагЭх сурвалж

Д.Хосбүркит: Баян-Өлгий аймгийг 8-9 баллын магнитудын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд багтаасан

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Хосбүркиттэй ярилцлаа. 

– Баян-Өлгий аймаг газар хөдлөлтийн ямар бүсэд хамаарах вэ?                                                          – Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Яагаад газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг вэ гэвэл, зөвхөн өнгөрсөн зуунд гэхэд манай оронд дэлхийд мэдэгдэхээр, сүйрүүлэх хэмжээний дөрвөн удаагийн хүчтэй газар хөдлөлт болж байсан.

Тухайлбал, 1905 оны 8,3 магнитудын хүчтэй Цэцэрлэгийн болон Булнайн газар хөдлөлт, 1931 оны Монгол Алтайн 8 магнитудын, 1957 оны Говь-Алтай аймагт болсон 8,3 магнитудын хүчтэй Их Богдын, 1967 оны 7,3 магнитудын хүчтэй Могодын газар хөдлөлтийг дурдаж болно.

Баян-Өлгий аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. 1983 онд хийсэн Монгол Улсын газар хөдлөлтийн бичил мужлалын зурагт манай аймгийг 8-9 баллын магнитудын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд багтаасан.

2017 онд Баян-Өлгий аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг гэж тусгайлан гаргасан. Тус аймаг нь Ховд гол дагуу байрладаг учраас сэвсгэр хөрстэй байдаг. Сэвсгэр хөрс нь газар хөдлөлтийн энергийг маш сайн дамжуулдаг онцлогтой.

– Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт хэр олон бүртгэгдэж байсан бэ?– Хэд хэдэн тохиолдол байгаа. 1987 онд 5,6 магнитудын хүчтэй Цамбагаравын газар хөдлөлт болсон. Аймгийн төвд хүчтэй мэдрэгдсэнээс гадна тус уулын хойморт зусаж байгаа айлуудын нэлээн олон мал хорогдсон түүх бий. Хамгийн сүүлд 2003 оны есдүгээр сарын 27-ны өдрийн ОХУ-ын Чуйн газар хөдлөлт аймгийн төвд 6,7 магнитудын хүчтэй  мэдрэгдэж, олон айлын байшин, хашаа нурж маш их хэмжээний хохирол учруулсан.

– Тус аймгийн нутаг дэвсгэрт жилд дунджаар хэдий хэмжээний газар хөдлөлт бүртгэгддэг вэ?– Монгол Улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар есөн мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа. Үүний дотор 3,5-аас дээш магнитуд буюу хүчтэй газар хөдлөлт 17 удаа болсон байна. Харин баруун бүсэд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2 удаа, мөн өнгөрсөн сарын 26-ны өдөр манай аймгийн Дэлүүн сумаас урагшаа, Ховд аймгийн Дуут сумаас зүүн хойшоо 28 км-ын зайд 3,5 магнитудын нэлээн хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Манай аймгийн хэмжээнд 3,5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2017 онд 5 удаа, 2018 онд 4 удаа бүртгэгдсэн байгаа. Харин иргэдэд мэдрэгдээгүй, зориулалтын багаж, тоног төхөөрөмжид сүүлийн 5 жилд 11345 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн.

– Газар хөдлөлтийг зориулалтын багаж хэрэгслээр урьдчилан мэдэх боломж байна уу?– Харамсалтай нь өнөөдрийн байдлаар газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломж аль ч улс оронд байхгүй. Энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө олон судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажлыг хийж байна.

– Сүүлийн жилүүдэд Өлгий хотод барилга, байгууламж олноор барьж байгаа шүү дээ. Газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд шинээр барих барилгад ямар шалгуур тавигддаг вэ?                                                                                                                                                                    – Газар хөдлөлт бол гэнэт тохиолдож, хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг байгалийн аюулт үзэгдэл юм. Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, барилга байгууламжийн чанарыг сайжруулах, дэд бүтцээ бэхжүүлэх чухал шаардлагатай байна.

2018 онд аймгийн төвийн 1:10000 масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэсэн. Үүнийг барилгын норм, журмуудад тусгаж өгсөн бөгөөд барилгын зураг төсөв боловсруулдаг компаниуд мөрдөж эхэлсэн. Судалгаанаас харахад Баян-Өлгий аймгийн төвд  8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж барих ёстой.

Баян-Өлгий

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close