Боловсрол

Оюутнууд эх орноо сурталчилав

Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуульд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр болсон “Олон үндэстний өдөрлөг”-т  тус сургуульд суралцаж буй Монгол оюутнууд идэвхитэй оролцож эх орон, монгол ахуй, соёлоо амжилттай сурталчлав.

Монгол оюутнуудын ажиллуулсан үзэсгэлэнгийн талбарт монголын соёл, монгол түмний ахуйг илтгэн харуулсан зурагт хуудас, үзмэр, эд зүйлсийг дэлгэн байрлуулж, эх орныхоо хөгжил дэвшлийн тухай дэлгэцийн сурталчилгааг үзүүлж, үндэсний хоолны амталгаа хийж, хүрэлцэн ирсэн зочдын нэрийг тусгайлан бэлдсэн цаасан дээр уйгаржин монгол бичгээр татлан бичиж дурсгаж байсан нь олны талархалыг хүлээж байв.

Түүнчлэн “Монголын талбар”-хүрэлцэн ирсэн зочдод тус сургуулийн монгол оюутан, магистрантууд, тухайлбал Б.Рэнчинханд, А.Тэмүүлэн, А.Эр-Очир, Г.Намуундөл, О.Сүрэнжав, Э.Алтаншагай нар монголын түүх, дэлгэн тавьсан эд зүйлсийг тайлбарлан таниулж байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны дараа урлагийн тоглолт болов. Энэ үеэр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуулийн ректор А.А.Волков зочдод хандан хэлсэн үгэндээ тус сургуульд “дэлхийн 84 улсын иргэд суралцаж” байгааг мэдээлээд “оюутан бүр үндэснийхээ соёлыг тээгч, өнөөдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцож байгаа залуучууд бол эх орончид” гэдгийг онцлон тэмдэглэв.

Олон үндэстний өдөрлөгт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцож, монгол оюутнуудтай уулзаж эх орон, монгол ахуй, соёлоо амжилттай сурталчилж байгаад нь талархал илэрхийлэв.

Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуульд нийтдээ 27 монгол залуучууд, тухайлбал бэлтгэл курст 4, баклаврт 18, магистрантурт 2, аспирантурт 3 хүн суралцаж байгаа ажээ.

“Олон үндэстний өдөрлөг” Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуульд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Монгол оюутнууд анх удаа үзэсгэлэнгийн талбар ажиллуулж, үндэсний хоол, цайны амталгаа хийж байгаа юм байна. Эл ажиллагаанд тус сургуулийн монгол оюутан бүр идэвхи, чармайлт гарган оролцсон ажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close