БоловсролОХУ

ОХУ-ын багш нар сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байна

ОХУ-ын тэргүүлэх 12 их, дээд сургуулийн багш нар энэ өдрүүдэд Монголд ажиллаж байна. Тэд өчигдөр орос хэлний сургалттай Г.В. Плехановын нэрэмжит дунд сургууль, Монгол, Оросын хамтарсан III сургууль болон Монгол Улсын Консерваторын сурагчидтай уулзаж, мэргэжил сонголтын талаар зөвлөж, сонирхсон асуултад нь илэн далангүй хариулжээ. “Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ чи яг алийг нь сонгосноор насан туршдаа сэтгэл хангалуун амьдрах вэ” гэдэг асуултыг эсрэгээр нь сурагчдад багш нар тавьж байлаа.

Уг мэргэжил сонголтын өдөрлөгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс анх удаа хийж буй. Ирэх жилүүдэд уламжлал болгон зохион байгуулах аж. Уг өдөрлөгт 250 гаруй хүүхэд ирсэн юм.

Тэднийг зургаан багт хуваан найман танхимаар аялуулсан. Үдээс өмнө шинжлэх ухаан, технологи, математикийн чиглэлээр мэдээлэл авсан сурагчид үдээс хойш соёл урлаг, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг мэдэж авчээ.

Эхний танхимд сурагчид орос багштай балетаар хичээллэж байв. Тодорхой хэлбэл, ОХУ-ын Театр урлагийн сургуулийн багш нар Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн IV ангийн сурагчдын ур чадварыг шалгаж, басхүү зөвлөгөө өгч байлаа.

Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн IV ангийн сурагч Б.Мандухай есөн настайгаасаа балетаар хичээллэсэн. Анх удаа орос багшийн удирдлага дор хичээллэж буй тэрбээр өдрийг гайхалтай өнгөрүүлснээ ярьсан юм. Тэрбээр “Мастер класс сургалтад хамрагдсандаа туйлын баяртай, сэтгэгдэл өндөр байна. Багаасаа балетчин болно гэж мөрөөдсөн. Хүсэл мөрөөдлийг нь ойлгож, Консерваторт шалгуулахаар авчирсан аав, ээждээ баярладаг. Ирээдүйд балетчин бас дуучин болно”  хэмээсэн.

Түүний ангийн хөвгүүн Г.Тэгшбаяр бас хос мэргэжилтэй болох зорилго тавьсан. Нэн тэргүүнд балетаар хичээллэж, амжилт гаргах хүсэлтэй. Мөн ЭЕШ-аа амжилттай өгч, анагаахын чиглэлээр суралцахаар төлөвлөж буйгаа биднээс нуугаагүй. Хамгийн гол нь мастер класс сургалт маш өгөөжтэй байсныг дурдаж, балетад улам дурлууллаа гэсэн юм.

Дараагийн ангид Эрхүүгийн Техник технологийн их сургуулийн багш нар хүүхдүүдтэй уулзаж байлаа. “Эрчим хүч эх орны хөгжлийн түлхүүр” гэсэн сэдвээр тавьсан илтгэл нь хүүхдүүдийн сэтгэлийг илтэд татаж байгаа нь ажиглагдсан. Тиймээс Монгол Оросын хамтарсан сургуулийн ахлах ангийн сурагч М.Хас-Очир ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ШУТИС-д элсэж цахилгааны инженер болохоор сэтгэл шулуудсанаа энэ үеэр илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, түүнд үдээс хойш сонссон нийгмийн ухааны лекцүүдээс илүү өглөөний заасан шинжлэх ухааны төрлийн хичээлүүд таалагдсан гэнэ. Мөн сурагчид энэ өдөр байгалийн шинжлэх ухаан, геологи хайгуул, төмөр замын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан, газар зүй, бизнесийн ухаан, дуулаач хөгжимчний мэргэжлийн багш нараас “номын дуу” сонссон.

Өдөрлөг өнөөдөр хот, хөдөөгийн бусад сурагчдын дунд өрнөх бөгөөд энэ удаад орчуулагчдын тусламжтайгаар сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх юм.

ОХУ-ын тэргүүлэх 12 их, дээд сургуулийг танилцуулъя

-Геосистем технологийн улсын их сургууль (СГУГИТ)

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль (ИРГУПС)

-А.А. Ежевскийн нэрэмжит Эрхүүгийн хөдөө аж ахуйн улсын их сургууль (ИРГАУ)

-Эрхүүгийн үндэсний судлалын техникийн их сургууль (ИРНИТУ)

-Эрхүүгийн улсын их сургууль

-Л.П. Сахьянова П.Т. Абашеев нарын нэрэмжит Бүжгийн коллеж

-Дорно-Сибирийн соёлын улсын дээд сургууль (ВСГИК)

-Өмнөдийн холбооны их сургууль (ЮФУ)

-Санкт-Петербургийн улсын их сургууль (СПБГУ)

-Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль (БГУ)

-Байкалын улсын их сургууль (БГУ)

-Арктикийн соёлын сургууль (АГИКИ)

Холбоотой мэдээ

Back to top button
Close