НийгэмХууль эрх зүйНийслэл

С.Амарсайхан: Шаардлага хүлээж авахгүй бол БЗД-ийг хуулийн дагуу албадан чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

-Баянзүрх дүүрэгт төрийн үйл ажиллагаа зогссон байна. 7-8 хоног тасралтгүй буудал юм шиг ашиглаад хоол, цайгаа зөөлгөөд, тэндээ хонож, өнжөөд жагсаж байна. Энэ хэзээ цэгцрэх юм бэ?

-Баянзүрх 360 гаруй мянган оршин суугчтай том дүүрэг. Энэ дүүргийн үйл ажиллагаа үндсэндээ цалгардсан. Улс төрийн шалтгаанаас болоод дүүргийн удирдлагууд нь ажлаа хийж чадахгүй байна. Дахин сонгуулиар хоёр төлөөлөгч сонгогдсон. Энэ хүрээнд Нийслэлийн захирагчийн хувьд Дүүргийн Засаг даргыг томилох захирамжийг гаргасан. Үүнээс хойш долоо хоногийн хугацаанд дүүргийн оршин суугчид асуудал тавих гээд орж чадахгүй байна. Холбогдох албан тушаалтныг нь дуудаад ирээгүй.

Чөлөөлөгдсөн Засаг дарга, Иргэдийн хурлын даргыг нь Хотын даргын хувьд албан журмаар асуудлыг ярья гэж хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй.  Баянзүрх дүүрэг маань Засаг захиргаагүй долоо хоног болж, эмх замбараагүй байдал газар авч, иргэдийг үүндээ турхирч байна. Төрийн захиргааны байгууллагыг гудамж, талбай шиг ашиглаж, үйл ажиллагагааг нь алдагдуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй дураараа авирладаг асуудал хэрээс хэтэрсэн.

Би өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан Т.Баясах, ИТХ-ын даргыг нь дахин дуудуулж байна. Дахиж ажил хэргийн журмаар шаардлагаа тавина. Хүлээж авахгүй бол тэр байр савыг хуулийн дагуу албадан чөлөөлөх ажлыг хийнэ. Болохгүй бол би өөрөө газар дээр нь очиж асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэл гэдэг төр захиргааны байгууллага. Бид дээрээ хуультай, дэргэдээ төр засагтай улс. Ингэж нийслэлийн төр захиргааны байгууллагын ажлыг хэвийн явуулах ажлыг явуулахгүй бол гудамж талбайн хог новш, иргэдийн ажил амьдрал, таатай амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах асуудал шалан дээр хаягдсан.

Хогоо цэвэрлэхгүй, хот тохижилт, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарахгүй, зөвхөн улстөржиж байна. Үүнээс болж Баянзүрх дүүрэг гурван жил эзэнгүй, эмх замбараагүй явж ирсэн. Энэ нь хэрээс хэтрээд Нийслэлийн Тамгын газрын дарга нь орох гэхэд оруулдаггүй, орохоор Дүүргийн удирдлагууд нь байхүй, өвчтэй гэж алга болдог. Эмнэлэгт хэвтэж байна гэчихээд захирамж, шийдвэр гаргаад явдаг.Гадагшаа, дотогшоо томилолт өгдөг. Өөрсдөө шөнө дөлөөр хулгайч шиг ирээд орж гараад явдаг.

Өдөржин Нийслэлийн удирдлагууд тэр байр уу орж чадахгүй байна. Ийм замбараагүй их, захгүй байдлыг цаашид үргэлжлүүлэхгүй. Тэр хүмүүст албан ёсоор би хэлж байна. Хуулийн хүрээнд ажил. Сонгууль албан ёсоор явагдаад дүн нь гарсан бол үүнийгээ хүлээн зөвшөөр. Сонгууль, улс төр хийх гэж байна гэж иргэдийн хувь заяагаар ингэж тоглож болохгүй. Хотын захирагчийн хувьд би шаардлагатай арга хэмжээг бүгдийг нь авч үзнэ. Боломжтой хувилбараар ойлголцох,  ажил хэргийг шийдвэрлэх, асуудлыг үймээн самуун руу оруулахгүй байх гэж боломжит үүрэг даалгаврыг нь өгсөн.

Боломжийг нь олгосон. Өнөөдрөөс цааш ямар нэг асуудал байхгүй. Баянзүрхийн сонгуультай холбоотой зарим нэг хүний хувийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Нийслэлийг 20 гаруй жил эмх замбараагүй байлгаж ирсэн зарим нэг бүлэглэл, сүлжээ ажиллаж байна. Хотын эд хөрөнгийг үнэгүйдүүлж, дарга нар нь өөрсдөө орон сууцтай болдог, тэдгээрийн гар хөл болсон олон хүний эдийн засгийн болон ахуйн сонирхол энд хөндөгдөж байна. Надад үүнээс айж, эмээгээд халшраад зугтаагаад байх зүйл байхгүй.

Ямар нэг гүтгэлгээр намайг хашраана, ухраана гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Нийслэлийг нэлээд гүнзгий хэмжээнд зохион байгуулалтыг нь өөрчилнө. Ажил, үүргийн хариуцлагыг нь дээшлүүлнэ. Хийж чадаж байгааг нь ажлуулж, чадахгүйг нь явуулна. Нийслэлийн мафийн сүлжээг зайлуулна. Нийслэлчүүдийн нурууг амраах ажлыг эхлүүлж байна. Өнгөрсөн сарын хугацаанд өмнө нь орж чаддаггүй байсан олон газар руу орж мэдээлэл олж авсан. Цаашид мэдээлэл өгөх ажлыг явуулна.

-Хот зургаан орлогчтой болсон асуудал яригдсан. Үнэн үү?

-Албан ёсны хоёр орлогч бий. Дөрвөн төслийн удирдагч байгаа. Энэ хүмүүсийг өнөөдрөөс эхлэн ажилд нь оруулна. Хугацаатай сараар ажлыг нь дүгнэж болно. Энэ хүмүүс ажлаа хийж чадаж байвал ажлаа үргэлжлүүлнэ. Үгүй чаддаг хүмүүст нь өгнө. Ингэж ажлыг явуулахгүй бол чаддаг ч байсан чаддагүй ч байсан хэн нэг хүн төрийн албыг бөглөж, цаг нөхцөөх байдлаар асуудалд хандаж байна.

Иргэдийг чирэгдүүлдэг, амин хувийн асуудлаа хөөцөлддөг. Тэр нь болохгүй болохоор зарим нэг ажил хийх гэж байгаа хүмүүс рүүгээ дайрдаг асуудлыг таслан зогсооно. Нийслэл арай өөр хэмжээ, түвшинд хөгжих болно. Тиймээс сэтгүүлчид та бүхэн ч гэсэн албан тушаалтнуудыг байх хэмжээнд нь ажлаа хийх, ил тод байх тал дээр хамтарч, дэмжиж ажлаарай гэж хүсье.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлага тооцох уу. 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаа хийгээд амь насаа алдчихлаа шүү дээ?

-Бүх ажлаа хийж чадахгүй байгаа байгууллагтай хариуцлага тооцно. Ил тодоор Эрүүл мэндийн газар ч бай, Өмчийн харилцаа, Газрын алба  ч бай ажлаа хийж чадахгүй бүхэнтэй хариуцлага тооцно.

С.Заяа

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close