Улс төрАНОнцлох

С.Эрдэнэ: Бид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэхийн төлөө тэмцэнэ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж байна. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн  АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нарын АН-ын удирдлагууд оролцлоо.

Тэд энэ үеэр АН-ын зүгээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсож, 2019.04.04-нд АН-ын Онц Их хурлыг зарлаж, 21 аймаг, 330 сум, нийслэлд байгаа гишүүдтэйгээ зөвлөлдөнө, 2019.04.05-ны өдөр хуулийн хүрээнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгийг онцолж байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

Монголын төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булааж авсан үйлдэл өнөөдөр болж байна гэж харж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өнөөдрийн МАН 60 тэрбумын асуудлаар төрийн эрхийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь өнөөдөр хариуцлага хүлээгээгүй байна. Харин өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн хуулийн нэмэлтээр хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байна. Ардчилсан нам үүнийг нь дэмжихгүй гэж чуулганыг УИХ дахь Ардчилсан намын гишүүд орхиж гарсан. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. Тиймээс цаашид ч тэмцлийн хэлбэрт шилжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нэгдэн Үндсэн хуульд халдаж байгаад харамсч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

МАН 60 тэрбумын схемийг зохиож, тэр сүлжээний дагуу өнөөдрийн УИХ-ыг байгуулсан. Энэ сүлжээг зохион байгуулсан М.Энхболдыг 21 удаа шүүмжилж байсан ч тухай үед МАН-ын гишүүд эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр ийм үйлдэл хийж байна. Төлбөрөө төлсөн, схемийн дагуу гарч ирсэн гишүүд нь юу ч хийсэн, яаж ч идсэн болно гэдгийн жишээ бол ЖДҮХС-аас зээл авсан гишүүд юм.

ЖДҮ-ийн гишүүд бүх зүйлд барьцаалагдаж, төрийн эргэлт хийх хуулийн төслийн асуудлыг дэмжиж кнопоо дарлаа. Яг 100 жилийн өмнө хэдхэн ноёд Хятадуудад Монголын эрх мэдлийг худалдаж авсан үйлдэл удахгүй биелэллээ олж, ШХАБ-д элсэх кноп дарах юм байна гэдэг нь харагдаж байна. Тэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ямар ч шийдвэр гаргахад бэлэн болсон гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тиймээс ард түмэн Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байгаа үйлдлийг эсэргүүцэж, тэмцлээ илэрхийлэхийг уриалж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:

Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж буй үйл явц эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь УИХ байсан.

Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн.

Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалихчаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна.

АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд

Өнөөдөр шүүх, хяналтын байгууллагад нөлөөлөх энэ хуулийг баталж байгаа хүмүүс баатар мэт харагдаж байж болно. Гэхдээ эх орноосоо урвагчид болж түүхэнд үлдэнэ. Тиймээс амьгүй албат мэт кноп дарах гэж байгаа МАН-ын гишүүд ичих хэрэгтэй. МАН дотор зөв бодолтой гишүүд байгаа нь харагдаж байна. АН-ын зүгээс ч асуудалтай хүн олон бий. Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс АН руу хамгийн их нулимж байна. Тэд ардчиллын хамгийн том дайсан болж байна. Биднийг үгээ илэрхийллээ гээд хавчдаг, хорьдог байдал гарахыг үгүйсгэхгүй. 2019.04.04-нд олон чухал үзэл баримтлалын талаар ярилцах болно. АН нэгдмэл байж ардчилалд хайртай хүн болгоны хамтаар хууль бус үйлдэлтэй тэмцэх болно.

Эргэн сануулахад, Ардчилсан намын УИХ дахь бүлгээс “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг дэмжихгүй болохоо мэдэгдэж, чуулганы хуралдаанд оролцоогүй юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close