Байгаль орчинНийгэмЭх сурвалжFocus

Г.Эрдэнэбилэг: Дэлхий дээрх хамгийн их сүйтгэгч, аврагч нь хүн өөрөө

“Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо

Царайлаг төрсөн чи минь харин инээмсэглэнхэн ирнэ дээ

Цээжин дотроо булгилах зүрх минь дурлалын айзамд цэнгэнэ дээ

Цаг товлон болзсон газраа бид хоёр учирна даа” хэмээн аялахад өөрийн эрхгүй Дижитал хамтлагийн залуус үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, эрч хүчтэйгээр тэдний дууг дүрэн дуулж байгаа дүр зураг нүдэнд харагддаг. Тиймдээ ч Дижитал хамтлагийн гишүүдийн талаар бодоход л доргио дуу, эрч хүч дүүрэн хэмнэл, хэв маяг стиль имиж онцгой дүр төрх нь санаанд буудаг биз ээ. Тэгвэл уншигч таньд Дижитал хамтлагийн гишүүдийн нэг, дуучин Ганболдын Эрдэнэбилэгийн эх дэлхийдээ хайртай иргэнийхээ үүргийг эрхэмлэдэг хүндэтгэл хайр дүүрэн эгэл жирийн аав гэдгийг мэдрүүлсэн ярилцлагыг толилуулж байна. Таалан болгооно уу.

-Та өөрийн фейсбүүк цахим хуудсан дээрээ модны тухай дуу зохиож байгаа талаар мэдээлсэн байсан. Яагаад мод тарих тухай дуу зохиохоор шийдсэн юм бэ?

-Хүмүүс хэн нэгнийгээ өөд болохоор суварга, чулуу босгодог. Одоо эхнээсээ 70 давхарын асуудал яригдаад эхэлсэн байна. Хэрэв тэнд мод тарьчихсан бол өнөөдөр өөр асуудал ярих байсан. Тэгж харчихаад бичсэн чинь хүмүүст их хүрсэн. Манайхан тийм асуудлыг их сайн хүлээж авдаг болсон байна.

Хүүхэд байхдаа Архангай аймгийн Булган суманд байх өвөө эмээ дээрээ зун болгон очиж амардаг байлаа. Ах дүү хамаатан садны 20-30 хүүхэд цуглачихна. Миний үеийнхэн л хонь хурганд явна. Гэхдээ тэдний дундаас “Хонинд хэн явах вэ” гэхэд би л ганцаараа “Хонинд явна” гэдэг хүүхэд байсан. Хашин хээр морио унаад л явна даа. Хонины захад оччихоод ганцаараа ийш тийшээ харж, байгаль дэлхий уул усаа хараад л баясаж сууна. Хааяа эвтэйхэн гуу жалга олоод унтаад өгнө. Ер нь багаасаа байгальд л байвал тайван амгалан санагддаг, сонин мэдрэмжтэй хүүхэд байсан.

Хотын унаган хүүхэд болохоороо хотжилтийн үр дүнд нийслэл маань хэрхэн өөрчлөгдөж байгааг харж байна. Хотын хамгийн гоё хэсэг нь миний бага насны дурсамжинд үлдсэн шинэ ургасан улиас моднууд. Бага байхад бүх нийтийг хамарсан субботник хийж, мод тарина, орчноо цэвэрлэнэ, хаягдал түүхий эд, цаас яс гээд цуглуулна. Энэ болгон хөдөлмөрч занд сургаж, бидний төлөвшил хүмүүжилд нөлөөлж, байгальтай ойрхон ЭКО байх, орчноо цэвэр байлгах, зөв зохистой харьцах ухааныг суулгасан болов уу.

Би чинь тэр үед гэр хорооллын хүүхэд хашаан дотроо жижигхэн мод тарьчихсан. Модонд дуулж өгөхөөр хурдан, сайн ургадаг гэж хэн ч хэлсэн юм. Тэрийг сонсоод жижигхэн бутаа хараад л дуулаад суудаг байсан дурсамжийг огт мартагддаггүй юм. Харамсалтай нь нөгөөх маань дуулаад ч ургаагүй. Гэхдээ мод амьтай, хажуудаа байгааг мэдэрдэг гэдгийг хүүхэд байхаасаа л мэддэг болсон.

Одоо орчинтойгоо уялдуулж амьдрах хүсэлтэй болсон. Жишээ нь, хүн болгон тухтай амьдралыг орон сууцаар төсөөлдөг. Миний хувьд хүйтэн сэрүүн  улиралтай улс оронд амьдардаг гэдэг утгаараа өвөлдөө дулаахан сайхан байгаа нь гоё юм шиг боловч жаахан дулаараад ирэхээр гэгэлзээд эхэлдэг. Хашаандаа очмоор санагдаад л эсвэл хөдөө гадаа явмаар санагдана.

Урлагийнхан чинь хөдөө гадаа их явдаг онцлогтой. Ер нь долоо хоног хотод  байхаар л өвөл, зун ч гэхгүй тогтож сууж яддаг. Хөдөө очихоор тархи толгой сэргэнэ. Уулан дээр гарчихаад юм бодоод суух их гоё байдаг. Агаар салхинд гарах хүслээ дагаж өөртөө ажил гаргаад хашаа худалдаж авсан. Тэр хашаандаа мөрөөдлөө бий болгож байна.

Тийм том хашаа биш л дээ. Өрх болгонд олгодог 0,7 га хэмжээтэй хашаа. Тэр хашаандаа өөрийнхөө төсөөллөөр эхлээд ийм мод тарья, дараа нь ийм мод тарья гэж бодоод л ажиллаж байна. Эко талын мэдлэг жаахан тааруу ч мод бут тарьдаг хүмүүсээс зөвлөгөө аваад өөрийн гараар тарьдаг. Хүнээр мод тариулаад сэтгэлийн таашаал авахгүй учраас чадахаасаа чадахгүйгээ хүртэл өөрийн гараар бүтээж байна. Тарьж байгаа мод бутнаас минь үхчихдэг нь байна, ургадаг нь байна. Ямар ч байсан 70-80 хувьтай ургачихсан.

Урам аваад энэ жил ийм мод тарина, ирэх жил тийм мод тарина гээд л хүмүүсээс суралцаж байна. Одоо цагт нэг гоё юм байна аа. Хүссэн бүхнээ мэдэх боломж нээлттэй. Мод тарьдаг хүмүүсийн нэгдсэн группээс мэдэхгүй чадахгүй зүйлээ асуучихна. Бичсэн постоос нь  мэдэхгүй зүйлээ судалчихна. Их өргөн боломж. Мод бут тарихаас өмнө ногоо тарих их гоё байсан. Хавартаа жижигхэн газраа хүрзээр гишгэж бэлдэж байгаад төмс, манжин, лууван, байцаа, нарийн ногоо тарьж үзсэн.

Тарьчихаад хэд хоногийн дараа нөгөөх маань газраас соёлоод ирнэ. Эхлээд тэднийгээ хараад тэд соёлсон байна гээд тоолно. Сүүлдээ тоогоо алдаад ногоороод ургахыг нь харах их гоё байдаг. Газар гишгээд хагалаад зогсож байх ч их сайхан санагддаг. Тэгтэл саяхан нэг зүйл уншлаа. “Хүн яагаад газар дэлхий хөрстэй ажиллахаар амар тайван аз жаргалыг мэдэрдэг вэ” гэвэл газрын хөрснөөс хүнийг аз жаргалтай  болгож, тайвшуулдаг бодис ялгардаг юм байна. “Нээрээ тийм байна” гэж өөрийн эрхгүй  бодсон шүү.

“Хотжилтын өвчин” гэдэг стресс бухимдал ихтэй гудамж талбайд бид  нэгэнтэйгээ зохицож амьдрах гэж нилээн асуудалтай тулж байгаа. Тиймээс тайвшрал нь ийм баймаар санагддаг. Магадгүй хөгжөөн цэнгээний газруудаар явж, амьдралын стресс нервээс холдож байна гэж боддог нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь над шиг байж болно шүү дээ. Миний хувьд хүрз бариад, газар гишгээд өвс ногоо, мод тариад сууж байх нь хамгийн сайхан стресс тайлах арга санагддаг.

-Ургаж байгаа бүхэн шинэ амьдралыг эхлүүлж байгаатай адил мэдрэмж төрүүлдэг болохоор тэгдэг юм болов уу?

Тэгэлгүй яахав. Ногоон өнгө өөрөө их гоё тайвшрал өгдөг. Тарьсан мод, ногоо маань ургах, ногоон ургамлын үнэр гэж байна. Дунд нь суучихаад юм хийхэд өөрийн эрхгүй “Амьдрал аз жаргалтай” гэдгийг мэдрүүлдэг. Бүх юм амьтай гэдгийг ойлгуулдаг. Эмээ өвөө минь бага байхад “Ширхэг чулуу ч амьтай шүү. Чулуу хөдөлгөх юм бол хөдөлсөн чулуу  байрандаа очих гэж их олон жил зарцуулдаг. Тэгэхээр миний  хүүхдүүд гол ус, байгаль дэлхийгээ хайрлаж бай” гээд л сургадаг байсан.

Энэ бүхэн дэмий хоосон зүйл биш.  Энэ нь өөрөө амьдралын үнэн, хүн байх ухааныг харуулж байгаа хэрэг юм. Хүн ер нь эргэн тойрноо хайрлаж, хамгаалж, арчилж, тордож амьдрах ёстой. Магадгүй дэлхий дээрх хамгийн  их сүйтгэгч нь хүн өөрөө, хамгийн их аврагч нь хүн өөрөө. Нар, салхи, агаар, ус энэ болгон чинь бидний амьдралыг тэтгэгчид. Яг үүнтэй адил хүн өөрөө амьтай бүхнийг тэтгэх ёстой. Амьтан гэдэг үг амьтай бүхэн гэсэн үг. Хүн өөрөө ч амьтай бүхэн гэдэгтээ орно. Тэгэхээр амьтай бүхнийг хүн тэтгэж, эргээд амьтай бүхэн хүнийг тэтгэж амьдруулдаг.

-Байгаль дэлхийгээ хайрлах энэ ухааныг хүн бүхэн өөртөө суулгах хэрэгтэй санагддаг. Хотын хувьд тохижилт гэхээр цементлэхээ л урьтал болгоод байх шиг. Миний хувьд бага насны дурсамж минь Бага тойргийн 5 дугаар сургуулийн орчимд ургадаг байсан монос мод. Харин одоо өөр болсон. Тохижилт хийсэн нь сайн ч гэлээ ногоон байгууламж нь хүнд илүү хэрэгтэй санагддаг?

-Энэ сэдвээр миний нэг санаа бий. Зүгээр л мод бут тарьдаг бүтээлч хүмүүсийн хүчийг ашиглах хэрэгтэй. Мод бут тарьдаг хүмүүсийг ажиглаад байхад амьдралаас нэг их юм хүсэж шунадаггүй хүмүүс харагддаг. Ер нь бол эрүүл зөв амьдралтай, эерэг бодолтой хүмүүс нь мод бут тарих ч юм уу, амьдралынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлж чаддаг юм байна. Тэр хүмүүсийн сэтгэл дотор адын, илүү харсан шунал байдаггүй.

Тийм залуучуудад боломжийг нь өгөөд, улсаас жаахан зохион байгуулалтын ажлыг нь хийгээд дүүрэг болгон чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй болох боломжтой.

Гол нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг нь л олгочих юм бол эвлэлдэн нэгдээд бүхнийг хийх боломжтой. Жишээ нь, би Баянгол дүүргийн иргэн. Бидэнд хандаад “За та нар 20-30 уулаа нийлээд энэ талбай дээр өөрсөддөө таатай цэцэрлэгээ байгуул” гэж болно шүү дээ. Надад таатай байна гэдэг хөршид маань, байрныханд маань таатай байна гэсэн үг. Хамтраад өөртөө болоод бусдад таатай орчин бүрдүүл гэвэл оролцох бүрэн боломжтой. Тэгвэл  дүүрэг болгон ногоон байгууламжтой, тэнд нь иргэд ажлаа тараад салхилаад, зугаалаад явах боломж нээгдэнэ. Хотын иргэдийн бие  биедээ уурлаж бухимдах нь багасна.

Ялангуяа ийм асуудал сошиалд их харагддаг. Хүмүүс их ууртай байна. Нэгнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Хоорондоо жижиг сажиг гэлтгүй байнгын хэл ам сөрж, түншилцдэг болсон байна. Энэ нь нийгмийн асуудал болоод хувирчихсан энэ үед бухимдал стрессийг багасгах боломж гэж хараад байгаа. Манай байрны урд талын Энэбишийн хөшөөт цогцолбор байна.  Тойроод автозамаар хүрээлэгдчихсэн учраас чөлөөт цагаа өнгөрөөхөөр очих боломж алга..

Холбогдох байгууллагууд нь дээгүүр, доогуур явах орц гарцыг нь шийдээд, жаахан зохицуулалт хийж, хүндээ чиглэсэн иргэддээ ойрхон болгоод өгөхөд ногоон байгууламжтай болгох амархан шүү дээ. Манай дүрэгт тохижуулж болохоор олон газар харагддагийн нэг нь хүүхэд насаа өнгөрүүлсэн усан оргилууртай хөшөөний орчим байна. Тэр орчинг тохижуулах талаар хажуугаар нь гарах бүрдээ л нүдэндээ төсөөлдөг юм.

Зүгээр л иргэдийн санаачлагыг дэмжиж, хамтдаа нэгдээд хийж чадах зүйлд нь итгэж, дэмжлэг үзүүлдэг байгаасай. Тэгвэл заавал нийслэлээс хөрөнгө мөнгө шаардаад байхгүй. Усан оргилуурыг ногоон чиглэлээр ажилладаг  байгууллагад хариуцуулаад, “Энэ газрыг бизнесийн шугамаар ашиглаж болохгүй. Харин та нар иргэдэд сайхан тохижуулаад өгчих. Бид та нартай ийм ийм байдлаар  хамтран ажиллая” гээд улсаас санал тавихад ажиллах залуучууд хангалттай бий. Нэг дүүрэг нь л энэ ажлыг санаачлаад жишиг болгоход бусад дүүргүүд адилхан дагана даа гэж үе үе бодогддог.

Гол нь манай шийдвэр гаргах түвшнийхэн амьдралын тав тух, аз жаргалыг  жаахан өөр юмнаас мэдэрдэг учраас энэ боломжийг олж хардаггүй. Хэдэн гүүр давж амьдардаг тэд бусдын ая тухын талаар бодох сөхөө ч байдаггүй юм болов уу. Гэхдээ ямар ч байсан энэ хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байна. Яагаад гэвэл өдөр ирэх тусам ногоон байгууламж, эко амьдралын тохь тухын талаар ярьдаг мэдэрдэг хүн олон болсон.

Заримдаа гадаадад явахдаа атаархдаг. Европ гэхэд суурин иргэншилтэй олон зуун жил хөгжсөн ч гэлээ нөгөө талдаа хөгжил гэдэг барилга байшин шахаж бариад байх биш юм байна. Хэдэн зуун жилийн өмнө баригдсан барилгын орчинг шахаад байшин барьсангүй. Харин ч зам талбай, ногоон байгууламжийг нь яг байснаар үлдээх гэж оролдсон нь эргээд хотыг маш сайхан өнгө үзэмжтэй  болгодог. Сайн сайхан, аз жаргалтай амьдрах хувь процентийг ингэж нэмдэг бол манайд гишгих газаргүй шахам барилга бариад, хуучны барилга байгууламжийг үгүй хийх нь холгүй байгаа нь асуудал болоод байна.

-Амьдрах орчинг сайжруулах нь хамгийн чухал. Энэ маш энгийн зүйлээс эхлэнэ гэдэг?

-Зах зээлийн нийгмээс өмнөх үед “хүний нийгэм” гэдгийг урдаа барьж байжээ. Улаанбаатар хот шинээр бий болж, зам талбай, орон сууцнууд баригдаж, хотын хаана ч тэр саруулхан, сайхан гудамжаар алхаад явж болохоор байсан. Харин өнөөдөр гараад харахад яг тэр цаг үеийн гудамж талбай нь хэвээрээ ч нарийсаад, явган хүн явах зам гарц нь асуудалтай болчихоод байна.

Дэлхийн  улс орнуудад зам талбайн стандарт ямар байх ёстойг зөвлөдөг мэргэжилтнүүд манай улсад ажиллаад “Танайх явган хүн явах замгүй учраас яалт ч үгүй бүгд автомашинтай болж байна. Тиймээс автозам барьж асуудлыг шийдэх гэж оролдоод байгаа нь энэ түгжрэлийг үүсгэж байна. Хэрвээ та нар зам талбайгаа явган хүнд зориулагдсан талаас харж эхлэх юм бол асуудал арилна” гэж зөвлөж байна. Хэрвээ явган зорчигчийн ая тухтай зорчих боломж нээгдвэл би машинаа орхиод л гарна.

Улаанбаатар маань тийм ч том биш. Багаасаа л алхаад явдаг байсан. Гандангийн дэнжээс III хороололын эцэс рүү хичээлдээ алхаад л явчихна. Хотын төв ороход 2 км хүрэхгүй зайтай. Тэгтэл одоо заавал машин хэрэглэх гээд байна. Явган хүн явахад их хэцүү замтай. Гэрээсээ гараад  явган хүний замаар явж байтал зам нь тасраад зогсчихдог, эсвэл илүү гаргаад барилга барьчихсан. Тэрний хажуугаар явах гэж заавал зам руу орох болно. Ингээд л  аюулгүй амьдрах эрх зөрчигдөөд байна.

Унадаг дугуйн зам бараг л алга. Бидний мэдэх Хүүхдийн паркын эргэн тойронд дугуйн зам гээд явган хүний замын талыг нь будчихсан байгаа даа. Будсан замаар хэсэг  явтал брожур нь стандартын бус. Дугуйтайгаа  бууж давдаг. Дараагийн уулзвараар гарах гэхээр брожур нь өндөр дугуйнаасаа буугаад дугуйгаа өргөж гардаг. Ингэж шийдсэн нь үнэхээр сэтгэлгүй  байгаагийн л шинж. Тэгээд л явган болон дугуйтай хүний эко амьдрах гэсэн оролдлого яг тэнд хүрээд шууд зогсчихоод байна. Эко орчинг бүрдүүлж өгөхгүй болохоор хүмүүс өөрийн эрхгүй машинтай л явахгүй бол бүтэхгүй гэдэг нэг л сонголтыг хийж байна. Үнэндээ дугуйтай явах гэхээр машинд мөргүүлчих гээд, явган алхах гэхээр дээрээс юм уначих гээд эсвэл шороо тоос бужигнаад хэцүү шүү дээ.

-Хүүхдээ тэрэгтэй нь түрж явахад ч дэржигнүүр ихтэй хэцүү шүү?

-Тийм. Багадаа Гандангийн дэнжээс 13 сургууль, тарахдаа Мосвка ресторанд ээжийн ажлаар орж, эргээд Гандангийн дэнж гэр лүүгээ. Энэ замаар алхахад шороо бужигнадаг байсныг санадаггүй юм. Уг нь хөгжих ёстой гэхдээ арай л өөр хөгжөөд байх шиг. Үнэндээ бид цаг хугацааны нугалаанд л амьдраад байна. Магадгүй 90-ээд онтой харьцуулвал болж байгаа юм их бий. Картын бараагаар хоол хүнсээ худалдан авдаг байсан үетэй харьцуулашгүй. Гол нь залуучууд бид  нар энэ бүхнийг өөрчлөх ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

Дээрээс нь бид ногоон ирээдүйг бүтээж, эко орчинд амьдрахын тулд айл болгон, хүн болгон мод тарьж, ногоон хувьсгалыг хиймээр байна. Гэр хороооллын айлууд хашаандаа нэг, нэг мод тарьчих л даа. Тэр чинь л хөгжил авч ирнэ. Баянхошуунд, Телевизэд, Дэнжийн 1000-д айлууд мод  их тарьдаг байсан. Одоо мод нь хөгширсөн ч сайглайдагаад байж л байгаа. Харин одоо тэр идэвхи байхгүй болчихсон. Яагаад тэр идэвхи алга болов. Зах зээл шилжсэнээс хойш нэг хэсэгтээ нийгэм өөрчлөгдөн нийтээрээ юун мод тарихтай болсон нь үнэн.

Одоо улс орны амьдрал өөрчлөгдөж байна. Тиймээс нийтээрээ мод тарья гэж уриалга гаргасан юм. Тэр хэцүү асуудал биш. Зохион байгуулалтаар хороон дээрээ иргэддээ модны үр суулгац тарааж, жаахан зааж зөвлөөд өгөхөд ямар ч айл мод тарина л гэнэ. Одоо нэг сайхан зүйл ажиглагдах болсон. Урд нь хайлаас, улиас, буйлс, гүйлс, нарс, гацуур л гэдэг байсан. Харин одоо жимсний мод тарьж байна.

Монголд жимсний мод тариалаад эхлэхээр бид ногоон байгууламжаа шийдэхээс гадна өөрсдийнхөө хүнсний хэрэглээгээ хангадаг болно. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд л тариалаад байх боломжтой заавал урдаас зөөх шаардлагагүй. Манайх гэхэд идсэн жимснийхээ үрийг цэцгийн савандаа хийхэд өөрөө ургачихдаг.

Лемоны үр маань сайхан ургачихаар нь тусгайлан саванд хийгээд ургуулж байгаа. Одоохондоо лемон ургаагүй байгаа ч гэсэн навчыг нь имрээд үзэхээр лемон үнэртдэг. Жимслээгүй ч гэсэн ургаж байгаа мод гоё шүү дээ. Зарим тасалгааны ургамлуудыг бодвол илүү сонирхолтой, гоё үнэртэй. Тэгээд л урам аваад одоо мандарин, алим ургуулж үзье гээд оролдож үзэж байна. Хэн ч гэсэн санаачлага байхад жижиг гэлтгүй зүйлсийг хийж чадна.

-Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтийг бууруулахын тулд  одоо л эрчимтэйгээр ажиллаж эхлэхгүй бол оройтох нь гэж дэлхийн эрдэмтэн судлаачид хэлж байна. Таны хувьд ирээдүйн төлөө яг юу хийх боломжтой вэ?

-Хамгийн ойроосоо л эхлэнэ дээ. Бид нар өвөө эмээ, аав ээжээсээ сурч мэдсэнээ үр хүүхдүүддээ зааж сургана. Тэд маань цаашаа ач зээд минь заана. Өнөөдөр, яг одоо мөнгө, эд хэрэглэл, хүний амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйл мөн. Гэхдээ тэрний цаана хүний дотоод мөн чанар яригдана. Энэ амьдралаас юуг мэдэрдэг юм, юунаас таашаал авч байна гэдгийг бодоод үзээрэй.

Бүх хүн зун зусланд гардаг. Хөдөө гадаа аялал зугаалгаар явдаг. Ногоон зүлгэн дээр очоод, ой модонд ороод, голын эрэг дээр хэвтэхээрээ л хүн энэ амьдралын хамгийн сайхан зүйлийг мэдэрдэг. Гэвч хүн бүр түүнийг мэдэрдэг атлаа тэр мэдрэмжээ тухай цаг үедээ л үлдээчихдэг. Хичнээн сайхан байснаа машинаа асаагаад хөдлөхдөө мартдаг. Тэр мартаж буйн илрэл нь хогоо үлдээгээд явж байгаа үйлдэл юм.

Уг нь манай монголчууд эрт дээр үеэс буусан буйрныхаа галыг унтрааж, үнсийг нь хийсгэхгүй гэж гурван чулуугаар дараад, цэмцийтэл цэвэрлээд явдаг уламжлалтай. Нэг буйранлд удаан суудаггүй учраас тэр газар нь талхлагдахгүй, өвс ургамал нь хурдан сэргэдэг байсан. Бид байгальтайгаа зөв зохистой харьцаж амьдарч сурсан ард түмэн.

Өнөөдөр суурин иргэншилтэй улс болж, дэлхийтэй хөл нийлүүлж байгаа ч цаад мөн чанараа алдаж болохгүй. Бид хаана ч авсан байгалиа хайрлах, цэвэр байх гэдгээ мартаж болохгүй. Үр хүүхэддээ зааж зөвлөөд явах учиртай. Өнөөдөр гудамжинд зарим машины жолооч цонхоороо хог хаяхад дүрс гээд л явчихдаг. Ухамсартай, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэгч насанд хүрсэн нэгэн тийм үйлдэл гаргаж байхад хойд талд нь хараад сууж байгаа хүүхэд яах нь ойлгомжтой.

Тийм байдлаар үлгэрлэж болохгүй. Энэ чинь том асуудал. Томчууд хүүхэддээ  зааж зөвлөхөөс гадна өөрөө тэр хэлдэг шигээ байх ёстой. Миний хүү хог хаяж болохгүй, байгалиа хайрлана шүү гэж хэлэх хэрэгтэй. Байгаль дэлхийтэйгээ зөв харилцаад ирэхээрээ аяндаа л мод таримаар санагдана. Сэтгэлд нэг сайхан мэдрэмж төрчихвөл тэрийгээ л дагна.

Магадгүй өнөөдөр хэн нэгний сэтгэлд мөнгө гэдэг үг орж ирээд, тэр мэдрэмжээ дагаад илүү ихийг олчих гэж явсаар баян гэдэг дүр зургийг бий болгож болно. Их баян хүн байж болох ч сэтгэл нь ханах уу, үгүй юу. Гэхдээ тэр дүр арилвал  хэн ч биш болно. Гэтэл эсрэг талд нь эх дэлхийдээ зориулан мод тарьдаг, дахиж таримаар болдог. Тэр нь ургаад саглайгаад ирэхээр баяр бахдал төрөөд ирдэг. Гол нь модод мөнх үлдэнэ.

Хүн ер нь нас жаахан нэмэгдээд ирэхээр юманд ултай хандаад эхэлдэг юм байна. “За би мөнх биш. Миний амьдрал ч мөнх биш. Харин дэлхий мөнх. Мөнх үлдэх дэлхийдээ юу хийх вэ. Үр хүүхэддээ юу үлдээх вэ” гэж боддог болчихдог юм байна. Миний бичсэн уриалгад ийм, ийм үйлдэлдээ мод тарья гээд бичсэн нь бүгд л байж болох энгийн зүйл.

Оюутнууд их сургуулиа төгсөөд яадаг билээ дээ. Сүхбаатарын талбай, Зайсан толгой. Оройд хаа нэг клубт бүжиглээд, дуулаад, баярлаж, хөөрөөд дараа нь хэдэн гэрэл зураг л үлддэг. Тэгвэл ангиараа мод тариад “Төгсөгчдийн төгөл” байгуулж, хэдэн жилийн дараа хань ижилтэй болчихоод эргэн ирж, энэ минийх, тэр тэрнийх гээд явж байвал гоё шүү дээ.

Энэ байж болох л зүйл, зүгээр л хүний сэтгэл оюун мэднэ. Мод тарьж чадахгүй гэх хэрэггүй. Хүн хичээл сураад л А, Б гэж эхэлдэг. Нэгдүгээр ангиасаа сурдаг шиг л маш энгийн амархан зүйл. Зүгээр л би чадна гэдэгтээ итгэ. Ирээдүйнхээ  төлөө хийх зүйлийг өнөөдөр эхлүүл. Гартаа барьж болох хамгийн ойроосоо эхэл. Гартаа барьж чадахгүй бол сэтгэл дотроосоо эхлүүл. Үр хүүхдүүддээ үлгэр дууриал болохоосоо эхэл. Тэгэхэд л бүх юм байсан болно.

-Уран бүтээлийн тань сонин сайхнаас асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Фенүүддээ ямар бэлэг барихаар зэхэж байна?

-Ирэх жил Дижитал хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой тохионо. Ойн тоглолт, шинэ уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгох гээд төлөвлөсөн ажлууд их байна. Гэхдээ урьдынх шиг юу юугүй шуураад, дуусгах гэж яаралгүй их бодож хийж байна. Хийхээсээ өмнө ярихаасаа илүү хийснийхээ дараа хийлээ гэж хэлж ярьдаг болсон. Урьд нь сэтгэл хөдлөлөөр бүх зүйлд хандаж, их хурдан шуурхай байжээ. Харин одоо би чинь оюутан хүүхдүүдтэй тэд маань эхнээсээ амьдрал руу орж байна. Тэгэхээр эцэг хүн аливаад ултай суурьтай хандаж, тэдэндээ үлгэрлэх ёстой. Алдаж онож явах эрхгүй болсон шүү дээ.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

САЙХАН САНААЧЛАГА БАЙНА

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close