Урлаг спорт

Д.Хүү: Зохиолчдын бүтээл ямар нэгэн бизнесийн шинжгүйгээр хөгжих ёстой

Монголын Зохиолчдын 90 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Зохиолчдын баярыг тохиолдуулан Утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Зохиолчдын эвлэлийн шагналт Д. Хүүтэй Монголын зохиолын өнөөгийн байдлын онцлогийн талаар ярилцлаа.

Монголын Зохиолчдын 90 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Та хэдий үеэс эхэлж зохиол, яруу найраг бичсээр өнөөг хүрч байгаа вэ?

-Баярлалаа. Би уран бүтээлийн хэд хэдэн салбараар бүтээл тууривсан. Зохиолчдын эвлэлийг 40 настай байхад нь би уран бүтээлээ анх бичиж, тус салбарт орж байсан. Одоо Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тэмдэглэж байна. Монголын Зохиолчдын байгууллага 1929 онд  албан ёсны бүртгэлд орж тэмдэглэгдсэн өдөр нь юм.

-Сүүлийн жилд янз бүрийн зохиол, яруу найргуудыг бичиж, хэвлэдэг болсон. Зохиолч, яруу найрагчид ашиг орлого олохын төлөө ном, зохиолуудаа бичээд байна уу, эсвэл олон түмний оюун сэтгэхүйг тэтгэж, гэгээрүүлэх зорилготой ном, зохиол хэвлээд байна уу. Та судлаач, шүүмжлэгчдийн хувьд өнөө үеийн зохиолуудын ялгааг хэрхэн үзэж байгаа вэ?

-Зохиолч хүний бичиж байгаа ном нь хүний оюун ухааныг тэтгэх, хөгжүүлэхэд үйлчилдэг. Харин үүнийг ашиглах, санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр хөгжүүлэхийг оролддог хэсэг бүлэг хүмүүс, хүн байхыг үгүйсгэхгүй. Ном, зохиол бол тэгж хөгждөг ч эд биш. Зохиолчдын бүтээл зах зээлийн ямар нэгэн бизнесийн шинжгүйгээр хөгжих ёстой. Ер нь ашиг орлогын төлөө бичдэг салбар ч биш. Ийм зорилготой ном, зохиол бичнэ гэвэл цаашдаа ч бүтэмжгүй байх юм.

-Монголын зохиол, яруу найргийн хөгжил болон зохиолч, яруу найрагчдын сэтгэлгээ ямар түвшинд байна вэ?

-Зохиол гэдэг авъяасын бүтээл. Авъяастай хүн бичдэг. Орчин цагийн бүх төрлийн зохиол жигд хөгжиж байгаа. Тиймээс 1920, 1930, 1940, 1960, 1980-иад оны зохиол ийм, тийм гэж ангилагдах үндэс байхгүй. Яагаад гэвэл уншигчид нь тэр цаг үетэйгээ зэрэгцэж байдаг. Тэр цаг үе ямар уншигчидтай байна вэ тийм л зохиол, бүтээлийг зохиолчид бичиж гаргаж байна. Монголын утга зохиол өөрийн салбараа хөгжүүлсэн. Дэлхийд байхгүй үг зохиол, утга зохиолын шүүмжийн бүтээлүүд Монголд л байдаг.

-Үг зохиолыг анх сэтгэж бичсэн зохиолч нь хэн билээ?

-19-р зуунд анх хуульч Сандаг бүтээлдээ үг зохиолыг гаргаж ирсэн түүхтэй. Монголын уран зохиолд ч, мөн эртний уран зохиолд Сандагийн бүтээлийг “Үг зохиол” гэж томъёолсон.

-Орчин үед зохиолчид “Үг зохиол”-ыг бичиж байна уу?

-Орчин үеийн уран бүтээлд зохиолчид ярианы бүтээл бичиж байна. Өөрөөр хэлбэл,орчин цагийн аман зохиолын нэг салбар нь Үг зохиолын төрлөөр хөгжиж байгаа. Ер нь Монголын уран зохиолын хөгжлийн түвшин өндөр. Уншигчдын оюун санаа тодорхой цаг хугацаа, тодорхой үеийг илэрхийлдэг учраас тийм хүрээнд шилжсэн бүтээлүүд бичигдэж, өсч байна. Монголын зохиолчид залуужсан.

Уран зохиол хоёр хэлбэртэй. Нэгд, насанд хүрэгчдэд, хоёрт, хүүхдийн зохиол гэсэн шинж, онцлогтой, жигд хөгжиж байна. Монголын зохиол анх гэр бүлийн хүрээнд уншдаг нэгдмэл утга зохиол байсан. Жишээ нь,  Монголын нууц товчоо зохиолын эхний хоёр бүлэг нь хүүхдэд, дараах бүлгүүд нь насанд хүрэгчдэд зориулсан байдаг. Сүүлийн үеийн Монголын уран зохиол салбарыг дагнахгүй, мөн тус тусдаа хүүхдийнх, насанд хүрэгчдийн зохиол гэж ангилагдан бичигдэж, хөгжсөөр байна.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close