Шинэ мэдээ

Э.Магсаржав: Зэрлэг ан  амьтан бол Монгол орны үнэт баялаг

Хүн төрөлхтөн он цагийн уртад шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтыг эзэмшиж, асар их баялаг бүтээж чадсан ч ан ав эрхлэх хүсэл дэлхийн улс үндэстэн бүрт уламжлагдан хадгалагдсаар байна. Гэвч өнөө цагт ан ав хийх зорилго, эрэлт хэрэгцээ түүхэн уламжлалаасаа ихээхэн өөр болсон.

Ан ав эрхлэх нь хүний байгальтай харьцах төрөлх хэрэгцээ, байгаль хамгаалах шинэлэг арга төдийгүй чөлөөт цагаа байгалийн сайханд аятай өнгөрөөж, бие сэтгэлийн таашаал авах идэвхитэй амралтын нэг хэлбэр болсон. Иймд байгалийн нөхөн төлждөг баялагийг урт хугацаанд тогтвортой ашиглаж улс орны эдийн засагт зохих хувь нэмэр оруулах нэн чухал асуудал болжээ.

Тиймээс Монгол орны үнэт баялаг болох агнуурын амьтдыг хамгаалах, урт хугацаанд тогтвортой ашиглах, бэлчээрийн мал аж ахуйтай зөв хослуулсан менежмент бий болгох зорилгоор “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн ойлголт” сургалт өчигдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд боллоо.

Энэхүү сургалтад БОАЖЯ, Монголын ан агнуурын холбоо, ХААИС, МУИС хамтран зохион байгуулж байгаа аж. Сургалтад 11 аймгийн БОАЖГ, ХААИС, Агнуурын бүс нутаг бүхий аймаг сумдын ан амьтан хамгаалах нөхөрлөлийн гишүүд оролцож байгаа аж. Сургалтаар МУИС-ийн профессор, Монголын ан агнуурын холбооны тэргүүн Р.Самъяа “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн ойлголт” сэдвээр, Алтайн нүүдэлч ТББ Ё.Онон “Агнуурын менежментийн төлөвлөгөөний тухай ойлголт” сэдвээр,  WCS-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Н.Одончимэг “Нөхөрлөлийн үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт” сэдвээр, МУИС-ийн дэд профессор С.Шар “Зэрлэг ан амьтдын мониторингийн судалгааны арга зүй” сэдвээр, ХААИС-ийн багш Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захирал Э.Магсаржав “Биотехникийн арга хэмжээг зохион байгуулах нь” сэдвээр, ХААИС-ын ахлах багш Ч.Ууганбаяр “Бэлчээрийн мал ба зэрлэг амьтны хамаарал” сэдвээр, Х.Зоригт “Тусгай зориулалтын ангийн үйлчилгээ, ангийн отог байгуулах” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Зохион байгуулагчид энэхүү “Ан агнуур засагчлалын үндэсний чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.

Энэ үеэр ХААИС-ын багш, Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захиралтай Э.Магсаржавтай ярилцсан юм.

-“Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн ойлголт” сургалтын талаар тодруулж өгөөч?

-“Ан агнуур загасчлалын үндэсний анхдугаар чуулган”-ы хүрээнд “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн ойлголт”  нэртэй сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 11 аймгийн 70 гаруй хүн оролцлоо. Орон нутгийн  иргэд тэр бүр чадавхижих сургалтад хамрагдаж, ан амьтадыг хамгаалах талаар нэгдэн ойлголтод хүрч чаддаггүй. Энэ сургалтад Монголын ан агнуурын холбооноос санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, ан агнуурын бүс хариуцдаг компаниуд, аймгуудын Байгаль орчны газар, Агнуурын бүс нутаг бүхий аймаг сумдын ан амьтан хамгаалах нөхөрлөлийн гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

-Ан агнуурын анхдугаар чуулган зохион байгуулах болсон учир шалтгааныг тодруулж өгөөч?

-Зэрлэг ан  амьтан бол Монгол орны үнэт баялаг. Энэ үнэт баялагийг зөв зохистой ашиглах, хамгаалах, судлах өнөөгийн шаардлага бий болсон. Тиймээс   зэрлэг ан амьтдыг хариуцдаг нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд бүгд нэгдсэн ойлголтоор улсын хэмжээний энэ чухал баялагийг зүй зохистой хамгаалах  талаар ярилцах цаг болсон. Учир нь байгаль орчны бусад салбарууд болох Усны салбар, Ой салбарынхан тулгамдсан асуудлуудаа ярилцаад төрийн бодлогод оруулаад байна.

Гэтэл зэрлэг ан амьтны нөөц,  үр ашиг, өсөлт хөгжилтийн талаар тэр бүр ярихгүй байна. Төрийн бодлогод оруулах талаар өнгөрсөн үед огт байсангүй. Тиймээс байгалын хишиг буян болсон энэхүү нөөц баялагаа зүй зохистойгоор ашиглаж, хамгаалах салбарын хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх  хэрэгтэй байна. Систем гэж нэрлээд байгаа Нөхөрлөлийг илүү сайн хөгжүүлэх, олон талын ур чадвар мэдлэг мэдээлэлтэй болж, харилцан туршлагаа хуваалцах хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

-Чуулганаас гарах үр дүнг хэрхэн харж байна?

-Хэд хэдэн үр дүнг хүлээж байна. Нэгд, манай нөхөрлөлийн гишүүд ан агнуурын асуудлаар бие биенээсээ харилцан туршлага судлана. Хоёрт, хамгаалалтын үйл ажиллагааны талаарх чиг баримжаа авах, бидний хийж байгаа ажил арга замын хувьд зөв байна уу, эсьвэл алдаа дутагдалтай байна уу гэдгийг мэргэжжлийн хүмүүсээр яриулж, нэгдмэл ойлголттой болно. Тухайлбал, Ан  агнуурын нөөцийн  тухай ойлголт, Зэрлэг амьтны менежмэнт гэж юу вэ.  Нөхөрлөлийн зохион байгуулалт гэж юу вэ, Зэрлэг амьтанд биотехникийн арга хэмжээг хэрхэн авах вэ? Бэлчээрийн  мал ба зэрлэг амьтны харилцан хамаарал гэх мэт чухал сэдвийг нөхөрлөлийн  70 гаруй хүнд хүргэж байгаа нь их чухал л даа.

-Бэлчээрийн мал аж ахуй ихээр хөгжиж малын тоо толгой нэмэгдэх нь  ан амьтдын амьдралын чанарт нөлөлөөлж байгаа талаар ярьж байна. Энэ талаар тодруулвал?

Нэгд өвс ургамал, идэш тэжээлийн өрсөлдөөн болж байна. Хоёрт, уст цэг гэж амин чухал хэрэгцээ байдаг. Гэтэл гэрийн малын тоо толгой хэт ихэссэнээс зэрлэг амьтадад усны хэрэглээ нь хязгаарлагдаж байна. Тйимээс энэ хоёрын харилцан үйлчлэлийг зөв хослуулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Монгол Улсад малаа өсгөөд зэрлэг амьтангүй болоё гэсэн бодлого байхгүй. Тийм учраас энэ хоёрын зохистой харьцааг тохируулах нь зайлшгүй шаардлага болоод байна.

-Чуулганаас гарсан зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах ажлыг хийх үү?

-Чуулганд 300 гаруй хүн оролцоно.  Энэ үеэр хүн бүрээс санал аваад асуудлуудыг нэгтгээд Байгаль орчин аялал жуулчлалын яамандаа уламжилна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

Zuv

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close