НийгэмБоловсролФото сурвалжлагаFocus

Өнөөдрийн тань сонголт ирээдүйд үлдээх “өв”

Хүүхдүүд томчуудад хандан чин сэтгэлийн үгээ хэлж байна. Тэд “Ирээдүйд бидний амьдрах эх дэлхийн төлөө анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ах эгч нартаа баярлалаа. Өнөөдөр бид бүхэн  эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй харин хойч үеэсээ зээлж авсан гэдгийг л битгий мартаарай.  Бид ч бас өнөөдөр олж мэдсэн бүхнээ ирээдүйд хүүхдийнхээ төлөө, тэдний үр ачийн төлөө зориулах болно” хэмээн чин сэтгэлийн талархалаа илэрхийлэв.

Энэ бол өчигдөр Холлидай Инн зочид буудалд зохион байгуулагдсан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол 2015-2018” төслийн 1 дүгээр шатны ололт амжилт, үр дүнг олон нийтэл танилцуулах, арга хэмжээний үеэр оюутан, сурагчдын төлөөллийн хэлж байсан ухаалаг үгсийн нэгээхэн хэсэг.

Түүх сөхвөл, 2002 онд Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо даян дэлхийн тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан ажээ. Энэ үеэр эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах харилцан уялдаа бүхий, бие биеэ тэтгэх тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх хамтын үүрэг хариуцлагыг тунхаглаж, тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын арван жилийг зарлахыг уриалан “Иоханнесбургийн тунхаглал” зэрэг баримт бичгүүдийг баталсан байдаг.

Тиймээс “Миний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр эсвэл эсрэгээр нөлөөлж байдаг” гэдгийг ойлгон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд болон  их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудад хүүхэд залуучуудыг хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран аж төрөх, хамтран ажиллах, суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудыг хамтдаа шийдэхэд сургах зорилгоор БСШУСЯ, БОАЖЯ санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүүжилтээр“Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Уг төслийн эхний үе шатны үр дүнг танилцуулах тус арга хэмжээнд БОАЖЯ Төрийн нарийн бичгийн дарга Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн удирдах хорооны дарга Ц.Цэнгэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн удирдах хорооны гишүүн Илария Дали, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан болон уг төсөл хэрэгжсэн аймаг орон нутгийн удирдлагууд, цэцэрлэг сургуулийн төлөөллүүд, сурагч, оюутнууд оролцлоо.

2015 оноос эхлэн хэрэгжсэн уг төслийн хэрэгжүүлэгчээр Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Шведийн Усалагийн их сургууль, Швейцарийн IZB хамтарсан консорциум хамтран ажилласан байна. Тус арга хэмжээний үеэр орон нутгуудад хийгдсэн ажлын үйл явцыг харуулсан бичлэг, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн онцлох үр дүн, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн чиглэлээр БОАЖЯ-тай хамтран хийсэн ажлууд, гарсан үр дүн, БСШУСЯ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлсэн үйл ажиллагааны явц үр дүнг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд оролцогчдын сэтгэгдлийг авснаа хүргэж байна.

 

“Бүх сургуулид цаашдаа ногоон стандарттай болмоор байна”

БОАЖЯ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл: “2015 оноос эхлүүлсэн энэ төслийг БСШУЯ, БОАЖЯ  тус бүр ээлж дараалан удирдлагаар хангаж ажиллаж ирсэн. Төсөл хэрэгжсэн зургаан аймгийн бүх сумдад Ногоон эко хөгжлийн  сургууль, суурь боловсролыг бий болгоход анхаарсан. 3000 багш сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэж, төслийн гол бааз  суурь бий боллоо. Ногоон сургууль, ногоон эдийн засаг зэрэг олон чиглэлээр багш сурагчийг мэдлэг  мэдээллээр хангах, эрчим хүчний алдагдал хаанаас гардаг, халаалтыг хаанаас хангах ёстой гэх мэт энгийн хөрөнгө мөнгө гаргахгүйгэр хийчих энгийн аргуудыг сургалаа.

БОАЖЯ-ны стандартыг төслийн хүрээнд бий болголоо. Эрчим хүч гэж  юу вэ, хог хаягдал дээр яаж ажиллах вэ, усыг  яаж зөв ашиглах вэ зэрэг төслийн хүрээнд олон ажил хийгдсэн нь үр дүнг үзүүллээ. Өнөөдөр энэ төсөл Монгол орныг хамарсан нь их ач холбогдолтой байна. Сургуулийн хүүхдүүд их оролцлоо. Эко сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд болоход өрсөлдөлөө.

Бэлтгэгдсэн багш нар цаашаа хичээлээ заагаад явна. Бүх сургуулид цаашдаа ногоон стандарттай болмоор байна. Тухайлбал, ногооны талбайтай, үдийн цайныхаа  хэрэглээг хангаж, хүсний ногоогоо хэрэглэдэг болчихвол Монгол улсын бүх сургуулиуд ийм стандартыг хэрэгжүүлнэ. Хотын сургууль өөр газар ногоогоо тариалаад байж болно”.

 

 “Боловсролын ЦӨМ хөтөлбөрийн шинэчлэлийг бий болгосон”

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн удирдах хорооны гишүүн Илария Дали: “Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ стратеги төлөвлөгөө гаргасан. Тэр нь тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг үйл ажиллагааг сургуулийн нөхцөл байдалд ялангуяа бага сургуулиас  дээд сургууль гээд бүхий л түвшинд хэрхэн оновчтой төлөвлөж  хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарсан.

Боловсролын  салбарт тогтвортой хөгжлийн боловсролын анги танхимуудыг бий болгосон. Боловсролын ЦӨМ хөтөлбөрийн шинэчлэлийг бий болгосон. Энэ нь эргээд сурагчдад үр ашгаа өгч ЭКО сургуулиудыг дэмжиж өгсөн. Хүүхдүүд академик мэдлэг олж авахаас гадна практик  мэдлэг олж авч байна. Зарим сургуулиуд гаднаа ногоон орчинг бий болгож, хүлэмж барьж, хүүхдүүдийг сургаж байна. Мөн хог хаягдлыг ангилж ялгаж, эрчим хүчийг хэмнэх аргад сургаж байна. Энэ хөтөлбөр цаашид илүү их үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Тогтвортой хөгжлийн  чиглэлээр үндэсний хөтөлбөр гаргалаа. Манай ШХА энэ бүх гарч байгаа үр дүнд  их талархалтай хандлаж байгаа. Төслийн эхний  үе шатанд хийсэн ажлыг та бүхэн харсан. Цаашдаа улам үр дүнтэй өргөжин хөгжиж, улс орны  хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэхээр стандартад анхаарах, сургалтын тогтолцооныхоо арга барилд энэхүү шинэлэг аргыг тусгах ажлыг хийх хэрэгтай.  Ийм ажилд хүн бүрийн хүчин чармайлт чухал үүрэгтэй. Хамтран ажилласан төр засгийг төлөөлөл болох хоёр яамны хамт олонд талархаж байна”.

 

“Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хүргэх

хүчин чармайлтаа зогсоох ёсгүйг ойлгосон”

Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон: Бид өнөөдөр хамтдаа маш чухал арга хэмжээнд оролцож байгааг онцолмоор байна. Бид өмнө нь хөдөө энэ арга хэмжээг зохион байгуулахад Монгол улсад цаашдаа илүү олон хүнд хүргэх тал дээр  хүчин чармайлтаа зогсоох ёсгүй юм байна гэсэн бодол төрсөн.

2015 онд  НҮБ аас 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхий даяар хэрэгжүүлэхээр тохиролцоод үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү зорилтыг хангахын тулд Тогтвортой хөгжлийн боловсролд анхаарлаа хандуулах шаардлага үүссэн. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хүргэх,  хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бий болгох гээд олон чиглэлээр анхаарч ажилласан байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд боловсролын болон байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа хандууллаа. Тогтвортой хөгжлийн үзэл санааг улс  орны, салбарын, байгууллагын бодлогуудад хэрхэн оновчтой тусгах вэ гэдгийг анхаарсан. Ялангуяа боловсролын салбарт багш нарыг давтан сургах бэлтгэх, сурах бичиг боловсруулах зэрэгт хэрхэн байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжил болон үзэл санааг  шингээх вэ гэдэгт анхаарсан.

Мөн бид өөрийн болон бусад улс орнуудын 100 гаруй жилийн өмнөөс анхаарч ирсэн ойн салбарын үйл ажиллаг сайжруулахаар хамтарч ажилласан. Манай нийгэмлэг герман хэлээр ярьдаг Европын хэд хэдэн оронд “Тогтвортой хөгжлийн  үзэл санааг ойн салбарт хэрэгжүүлж, одоо байгаа дэлхий ертөнцийн нөөцийг дараа дараагийн үеийнхэнд хэрхэн  оновчтой өвлүүлж уламжлуулах вэ” гэсэн өөрийн гэсэн туршлагыг нэвтрүүлэх ажлыг хийсэн”.

 

“Монголын Ерөнхий боловсролын системд нөлөөлсөн

ЦӨМ хөтөлбөр шинэчлэгдсэн”

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан: “Тогтвортой хөгжлийн боловсрол төслийг БСШУСЯ, БОАЖЯ санаачлан Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж 2015-2018 оныг дуустал хэрэгжүүллээ. Эхний үе шатыг хэрэгжүүлэх энэ явцад Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн Усалагийн их сургууль, Швейцарийн IZB-ийн хамтарсан консорциум хэрэгжүүлэгчээр ажиллалаа. Зорилго нь Монгол Улсын  Ерөнхий Боловсролд тогтвортой хөгжлийг нэвтрүүлэх, олон нийтэд тогтвортой хөгжлийн үзэл санааг таниулах, мэдлэг мэдээлэл түгээх, энэ чиглэлээр үйлдэл хийхэд нөлөөлөх зорилго бүхий төсөл хэрэгжлээ.

Өнөөдрийн байдлаар  маш олон үр дүн гарсан байна. Тухайлбал Монголын Ерөнхий боловсролын системд нөлөөлсөн ЦӨМ хөтөлбөрийг шинэчилж, сурах бичгүүд шинэчлэгдлээ. Улс даяар 50 мянган гаруй багш бэлтгэлээ. Мэдлэг байна, зарчим нэвтэрлээ,  суурь бичиг баримт байна. Одоо багш нар хүүхдүүдэд зааж сургаад явах боломж нээгдлээ.

Дараагийн нэг том ажил нь байгаль орчны яамтай хамтран зөвхөн төрийн албан хаагч гэлгүй  ард иргэдэд энэ төслийн  талаарх мэдлэг мэдээлэл олголоо. Монгол улсын ISO14001 стандартыг  шинэчлээд  хэрэгжүүлээд явж байна. Бүх аймгийн Тамгын газрын мэргэжилтнүүдэд яаж өдөр тутмын ажил амьдралдаа Ногоон хөгжлийн зорилтыг нэвтрүүлэх боломжтойг зааж  мэдрүүллээ.

Үүнээс онцлоод “Цөм” хөтөлбөрийг дэлгэрүүлье. Манай боловсролын салбарын хувьд өмнө нь “Математик бол зүгээр л математик” гэж заадаг. Харин Цөм хөтөлбөрөөр бүх хичээлүүд хоорондоо холбоотой болно. Маш энгийнээр хэлвэл “Монгол гэр зүгээр л хүн амьдардаг энгийн  нэг орон зай мэт боловч яг үнэндээ Тогтвортой хөгжлийн боловсролыг  өөртөө агуулдаг. Хаяаг нь сөхлөө салхи ороход фикик,  дээр нь байгаа унь тооны ухаан, тооноор од нар сар харлаа шүлэг зохиол урган гарна. Энэ бүхэн нэг гэрт л багтаж байна.

Хоёрт, бидний үед математикийн хичээлийг шууд заадаг, түүнийг яаж амьдралд хэрэглээ болгох вэ гэдгийг заагаагүй.  Харин одоо сурагч ангидаа хичээлээ  сонсоод гараад яаж хэрэгжүүлэх талаар заах юм. Тухайлбал, стандартын бодит хэрэглээ буюу ногоон оффис гэхэд цаасаа хэмнэж, эрчим хүч,  усаа хэмнэх зэрэг орох юм”.

 

“Цаасаа нэг саванд, шил хуванцараа нэг саванд,

ахуйн хог хаягдлаа нэг саванд хийдэг болсон”

Сэлэнгэ аймгийн ЕБ лаборатори IVсургуулийн 11 Б ангийн сурагч Б.Энхжин: “Төслийн хүрээнд энгийн хэрэглээнээсээ эхэлж эх дэлхийгээ  өөрчилж болно гэдгийг ойлгосон. Хогоо ялгаж ангилж байна. Манай клубынхэн “Дугуйтай Сэлэнгэ” хөтөлбөр хэрэгжүүлж, мини парламент хэлэлцүүлэг өрнүүлж, Сүхбаатар сумандаа нэг өдрийг  автомашингүй өдөр болгосон.  Ингэхдээ хүүхдүүд өөрсдөө судалгаагаа хийж хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг санаачилсан. Манай “Дугуйтай Сэлэнгэ клуб” маань 200 гаруй гишүүнтэй.  Миний амьдралдаа нэвтрүүлсэн хамгийн энгийн нэг дадал зуршил бол хог ангилах арга.  Цаасаа нэг саванд, шил хуванцараа нэг саванд,  ахуйн хог хаягдлаа нэг саванд хийдэг болсон.

 

“ОТИС 2030 клубын оюутнууд бид хэрэгцээгүй хэрэглээгээ танаж эхэлсэн”

Отгонтэнгэр их сургуулийн  “ОТИС 2030 клубын удирдагч Г.Сувд: “Отгонтэнгэр их сургуулийн хувьд Тогтвортой хөгжлийн боловсрол төслийг сургалтынхаа хөтөлбөрт нэвтрүүлж, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ОТИС 2030” клубыг байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна.

Клубын хувьд  нэгд, тогтвортой  хөгжлийн ойлголтыг бусдад түгээн дэлгэрүүлэх, хоёрт олон талт үйл ажиллагааг өөрсдөө санаачлан хэрэгжүүлэх зорилготой. Манай клубын хувьд ихэвчлэн хог хаягдлыг дахин ашиглах буюу гар дорх материалуудаар бүтээлүүд хийдэг. Оюутан залууст хэрэгтэй өврийн дэвтэр хийсэн. Хуванцар савны бөглөөгөөр хогийн сав хийж байршуулсан.

Хаягдсан кардон цаасаар хогийн сав хийж, сургуулийнхаа анги танхимд байршуулсан. Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор оюутнууд болон ЕБ-ийн зарим сургуулиудад сургалт явууллаа. Шинээр ирсэн оюутан  дүү нартаа “2030 оны даалгавар” нэртэй тогтвортой хөгжлийн 17 зорилтыг  таниулах арга хэмжээг олон талтаар зохион байгуулсан.

НҮБ-ээс гарсан комикийг бид эх хувиар нь зөвшөөрөлтэйгээр авч англи хэлээс монгол хэл рүү орчуулан  зургийг нь монгол ахуйтай ойролцоо болгон монголдоо дахин хэвлэн гаргасан. Манай сургуулийн  сэтгүүл зүйн ангийн оюутнууд Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр мульт медиа болон контент бүтээлүүдийг гарган цахим орчинд олон нийтэд хүргэсэн.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бид гэртээ ч хогоо ангилж хаядаг болсон.  Усаа хэмнэлдэг болсон. Ус  эргээд бидэнд, бидний үр хүүхдэд ямар үнэ цэнээр олдох вэ гэдгийг ойлгодог болсон. Мөн бидний өмсөж зүүж байгаа бүхэн ямар шат дамжлагаар ирдэг вэ гэдгийг судалсан. Тиймээс бид хэрэгцээгүй хэрэглээгээ танаж эхэлсэн. Ингэснээр бид байгаль  дэлхийдээ тодорхой  хэмжээний өөрийн хувь нэмрээ оруул байна гэж үздэг.  Ер нь бид бүхэн  эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй харин хойч үеэсээ зээлж авсан гэдгийг л битгий мартаасай.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close