Д.Баттулга: Спорт хүнийг залуужуулдаг


Монголын Пауэрлифтингийн холбооноос Мастеруудын 36 дахь ДАШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 1-6-ны өдрүүдэд Ази тивд анх удаа зохиогдсон тус тэмцээнд 27 орны тамирчин 140 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон юм. Тус тэмцээн 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш гэсэн 4 насны ангиллаар тус бүр 8 жингээр аваргуудаа тодруулсан бөгөөд манай улсаас 27 тамирчин оролцож, 40 орчим медаль хүртэв. Энэ үеэр Монголын Пауэрлифтингийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чулууны Гантулга, тус холбоны Ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга нартай ярилцсанаа хүргэж байна.
Ч.Гантулга /Монголын Пауэрлифтингийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/

-Холбооны үйл ажиллагааны талаар тодруулвал?
-Би Монголын Пауэрлифтингийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр саяхан томилогдсон. Баттулга найзынхаа амжилтыг сайн мэддэг. Сүүлийн 15 жил энэ спортын бүхий л үйл ажиллагаанд маш идэвхитэй оролцож байгааг нь харлаа. Өөрийн эрхгүй л энэ спортод татагдаж орсон. Тиймээс “Пауэрлифтингийг Монголд хөгжүүлье. Шинэ залуу тамирчдыг зөв замаар хөгжүүлье. Ази, дэлхийн түвшинд гарахад нь өөрийн зүгээс туслая” гэсэн бодлоор нэгдсэн.
Бидний анхны зохион байгуулсан тэмцээн сайхан боллоо. Нийт тамирчид, баг бүрэлдэхүүн, дэлхий нийтэд сурталчилж байгаа сурвалжлагчид, олон нийтийн ажилтнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Азид анх удаа зохиогдож буй Пауерлифтингийн Дэлхийн ангилалтай тэмцээн гэдэг утгаараа бэлтгэл ажил маш сайн хангагдсан. Энэ ажил эхний өдрөөс дуусах хүртэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу явлаа. Хоол унд, байрлах өрөө, бэлтгэл хийх боломж гээд үндсэн тэмцээн болж байгаа танхим, тайз засал, штанг хэрэгсэл цөм дэлхийн хэмжээнд байлаа.
-Энэ бүх боломжийг нэг дор хангах нь их чухал тийм үү?
-Тэгэлгүй яахав. Таван тивээс тамирчид 2-3 хоногийн өмнө ирж уур амьсгал, агаар орчинтойгоо дасан зохицоход хугацаа хэрэгтэй. Монгол өөрөө өндөрлөгт оршдог. Тамирчид холоос ирээд хүч, чансаагаа гаргах нь амархан биш учраас биеийн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Тэр бүх өндөр шаардлагыг хангахын тулд арын алба маш сайн ажиллах хэрэгтэй юм байна. Олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохиож байгаа нь манай улсын туршлага болж байна. Манай тамирчид цаашдаа амжилт гаргах боломж нээгдэж байгаа нь цаанаа Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөсөн хэрэг болж байна.
Д.Баттулга /Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/

-Олон улсын Пауэрлифтингийн холбооны түүхээс хуваалцвал?
-IPF буюу Олон улсын Пауэрлифтингийн холбоо анх 1974 онд байгуулагдсан. 36 дахь удаагийн Мастер ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохиогдож байна. Монголын Пауэрлифтингийн холбоог миний бие 2003 онд үүсгэн байгуулсан. Одоо 13 салбар холбоо, 6000 гаруй тамирчидтай байна. Жилд улсын чанартай 3 тэмцээн зохион байгуулдаг. Энэ жил 5 тэмцээн зохион байгууллаа. Хэвтээ шахалтын улсын аварга, Хэрэглэлтэй улсын аварга, Хэрэглэлгүй улсын аварга, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Пауэрлифтингийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд зохиосон. Дараа нь Хүй долоон худаг дээр Монгол туурагтны их наадмын үеэр “Их талын хүчтэн” нэртэйгээр “Strongman” тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд 11 аймгийн тамирчид оролцож байсан.
-Энэ удаад зохион байгуулж байгаа тэмцээнийг тодруулбал?
-Монгол улсад төдийгүй Азид анх удаа зохион байгуулагдсан энэхүү Мастер ангилалын тэмцээнийг зохион байгуулах эрхийг 2015 онд Люксембургээс авсан юм. Мастер ангилалд 40-өөс дээш насныхан буюу мастер 1, мастер 2, мастер 3, мастер 4 гээд ангилагддаг. Тэмцээний эхний өдөр мастер 3, 4 ангилалын эмэгтэйчүүд бүх жингээр буюу -47 оос +84 хүртэл 7 жинд өрсөлдлөө. Мастер 3, 4 ийн эрэгтэйчүүд өрсөлдлөө. Мастер 4 буюу 70-аас дээш насны ангилалд манай улсын 7 тамирчин өрсөлдсөн.
М3 нь 60-70 насныхан байгаа. М4 гэхээр 70 аас дээш, 80 аас дээш насныхан ч байгаа. АНУ-аас 83 настай хүн өрсөлдөж байна. 17 цаг насаж ирсэн хүндэтгэл үзүүлж өөрийн биеэр тосож авсан. Энэ удаагийн тэмцээнд нэхүү тэмцээнд 23 орны баг тамирчид ирж өрсөлдөж байгаа аж. Ази тивд анх удаа зохиогдож байгаа уг тэмцээнд 23 орны 171 тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс зэрэг 331 хүн манай улсыг зорин ирсэн байна. Манай улсаас 27 тамирчин өрсөлдлөө. Манай баг тамирчид холбооныхоо Стронг клубт,Бага Баян цэргийн амралтад бэлтгэл хангасан.
Манай холбоо энэхүү олон улсын тэмцээнийг Азид анх удаа зохион байгуулах эрх авсан гэдэг утгаараа бүх зүйлийг дэлхийн стандартын дагуу хийхийг зорьсон. Холбооноосоо санхүүжүүлж, 200 гаруй сая төгрөгөөр штанк хэрэгсэл авлаа. Тамирчидаа хувцас хэрэгсэлээр бүрэн хангалаа. Шилдэгүүдэд зориулан бэлтгэсэн цом медалийг Дэлхийн холбоо их таатайгаар хүлээн авч байна.
-Тэмцээнд 70, 80 настай ахмад настай хүмүүс штанг өргөн өрсөлдөж байгаа нь их сайхан, содон харагдаж байна л даа. Манай улсын хамгийн ахмад тамирчин нь хэдэн настай вэ. Ер нь манай улсад ахмад настанууд энэ спортоор хичээллэх боломж хэр байдаг вэ?
-АНУ-аас ирсэн 82 настай тамирчин гэхэд залуу хүн шиг л харагдаж байгаа. Мастер ангилалд Монголын 30 гаруй тамирчид өрсөлдлөө. Ер нь манай Монголчууд энэ спортоор маш сайн хичээллэх болсон. Жишээ нь, Намхайдорж гуай Монгол улсын гавъяат тээвэрчин хүн. Дэлхийн аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтдаа орчихсон байгаа. Хамгийн ахмад тамирчин Цэгмид гуай 74 настай. Манай мастерууд өөрийгөө их цоглог авч явдаг. Спорт л хүнийг тийм болгож байна.
Манай холбоо 2003 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тамирчид маань хөгжиж, спорт маань өргөжөөд ахмадууд шинэ залуу тамирчин болон орж ирж байна. Нас нь ахмад байж болох энэ спортын хувьд “Шинэ залуу тамирчид” шүү дээ.
Тэр болгонд бид ахмад настай гэж ялгалгүй аль болох хамтдаа баг болоход анхаардаг. Тамирчин хүний диктатураар харьцаж, ханддаг. Настай хүн гэж хандаад байвал яаж амжилт гаргах вэ. Бид “Нас бол тоо” гэж ярьдаг шүү дээ. Тэр үнэн юм байна гэдгийг энэ спортоос харж байна.
Монголчууд 60 нас гараад л гэртээ хийх юмгүй гээд суудаг шүү дээ. Гэтэл энэ нь буруу. Тэмцээн уралдаанд орж, бэлтгэл сургуулилт хийгээд явах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Тэмцээнд бүгд яг ижил эрхтэй өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд оролцоно. Мастеруудын ангилал гээд штанг нь хөнгөн байхгүй ижилхэн л байна. Яг адил 2-ын гол, 25 кг-ын диск угсрагдана.
Манай мастерууд, тухайлбал Намхайдорж гуай 70 гарсан гэхэд 200 кг-ыг газраас өргөж чадаж байна. 200 кг гэдэд 200 гийн поошигтой зүйл биз дээ. Мундаг байгаа биз. Спорт хүнийг залуужуулдаг. Энэ үгийг хаана ч хэлнэ. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүгд л спортоор хичээллэж байна. Энэ хүмүүсийг булчин шөрмөс, энэ тэр гээд л их юм ярьдаг. Тэгтэл энэ чинь эрүүл чийрэг эрч хүчтэй байхын эхлэл. Эрүүл чийрэг байж улс орноо удирдаж авч явна биз дээ. Манай холбооны УЗ-ын гишүүд бүгд л пауэрлифтингээр хичээллэдэг. Хамтын хүч спортод л харагддаг юм байна.
-Ийм том хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад санхүү хэрэгтэй. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?
-Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, БСШУСЯ-ны дэмжлэг байлаа. Мөн манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүх боломжоороо хамтран ажиллалаа. Манай УЗ таван хүний бүрэлдэхүүнтэй. УЗ-ын Ерөнхийлөгч Заяабаатарын Буяннэмэх, холбооны УЗГ Чулууны Гантулга, Вандангийн Энхбилэг, Сандуйжавын Энхбаатар, Дашийн Баттулга байдаг. Бид өөрсдийн санаа зорилгоор нэгдэж, хариуцсан ажлаа боломж бололцоо бүхнээ ашиглан хийлээ. Таван хүний санаа нь нэгдмэл, зангидсан гар шиг байсан учраас бид чадлаа.
Хүмүүс тавуулахнаа байж яаж ингэж холбоогоо сайн авч яваад байна гэдэг. Хүнд сэтгэл байвал бүх юм болдог. Бид Пауэрлифтингийн спортдоо сэтгэл гаргаж байгаа учраас тамирчид маань олуулаа болж байна. Өмнө нь өсвөр үеийн тэмцээнд 10-аадхан хүүхэд орж байсан бол одоо тэмцээн зохиоход нэг өдөртөө дуусахааргүй олон тамирчин оролцож байна. Одоо салбар 13 холбоод өсвөр үеийн тамирчдыг ихээр бэлтгэж байна. Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дорноговь, Замын-Үүд, Налайх, Багануур, Улаанбаатар хотын Стронг клуб бүгд л өндөр ач холбогдол өгч байна.
Стронг клубын багш Энхболд, клубын нийт тамирчиддаа маш их баярлалаа. Энэ спортын төлөө бүгд л хичээж байна. Бид Дэлхийн холбооны 4 хүний бүтэн зардал, 21 хүний буудал хоол даасан гээд бидний зарлагыг тооцвол нилээн их тоо гарна л даа. Гэхдээ бид дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулж байгаа учраас Монголынхоо нэрийг сайнаар гаргах ёстой. Бүгд л хичээлээ. Хэцүү юм алга. Бидний хүсэж хүлээсэн тэмцээн байлаа.
Сонирхуулахад, зөвхөн Пауэрлифтингийн тэмцээнийг хөтөлдөг АНУ-ын иргэн, Дэлхийн олон улсын пауерлифтингийн хөтлөгч Жиног тусгайлан урьж авчирлаа. Энэ хүний зардал гэхэд 10 сая төгрөг гарч байна. Энэ байшингаас гарахад л зардал гарна. Байрлах байр, явах унаа люкс өрөө хоногийн 480 мянга. Мөн холбооноос Африкийн төлөөлөгч, Азийн холбооны төлөөлөгч, Украйны IT-ийн ажилтан нарын зардлыг бүтэн дааж байгаа. Энэ тэмцээн дээр допингийн шинжилгээ авдаг. Дэлхийн WADA буюу -World Anti Doping Agency”-тай хамтран допингийн шинжилгээ хийлээ. Мөн Goodlift.com дэлхийн хэмжээнд мэдээллээ түгээдэг сайт ажиллалаа. Дэлхийн бүх тивд энэ тэмцээн цацагдаж байгаа.
Энэ хүмүүсийн зардал 30 гаруй сая төгрөг гарсан. Чанга байна. Гэхдээ бид зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж байна. Хэрвээ эрх мэдэл, ашгийн төлөө явсан бол хувьдаа ашиглаад, сайхан идэж ууж, өмсөж зүүгээд л алхаж байх байсан. Гэхдээ бид тэгээгүй энэ холбооныхоо төлөө, Монголдоо үлдэх нэр хүнд, олон сайхан тамирчидынхаа төлөө бид явж байна. Сэтгэл байхад болдог л юм байна. Өөр холбоодод улс хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг. Гэтэл тэдний зохиож байгаа тэмцээнд ихэвчлэн Орос, Монгол, Хятад гурав л оролцдог. Харин бидний зохион байгуулсан энэ тэмцээнд АНУ гэхэд 60 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ.
Түүхэндээ ийм олуулаа тэмцээнд оролцож байгаагүй. Энэ үнэхээр классик боллоо. Бразилаас хүн ирлээ. Энэ бол Монгол Улсын нэр хүнд аль түвшинд байгааг харуулж байна. Монголын тамирчид, Монголын холбоо нэр хүндтэй байгаа учраас энэ хүмүүс өөрсдийнхөө зардлаар зорьж ирсэн гэж болно. Бидний сайн ажиллаж байгаагийн үр дүн. Тэмцээнд ашиглагдсан штангууд цөм Япон, Шведийн албан ёсны дэлхийн брэндүүд байгаа. Энэ бол дэлхийн стандарт болсон гэсэн үг.
Дэлхийн хаана ч олон улсын тэмцээн дээр ЕLIKO-г ашигладаг. Бид Монголынхоо нэрийг бодож сайн чанартай байхад анхаарсан. Холидай Инн зочид буудал үнэхээр таван одтой гэдгээ харуулж чадаж байна. 300 гаруй хүний хоолыг түвэггүй гаргаж, буудалд байрлуулж байна. Үнэхээр том тэмцээний ард гарлаа. Энэ тэмцээн жил болгон хийгддэггүй. Энэ тэмцээнийг бид авсанаар Монголд маань хагас тэрбум ам доллар үлдэж байгаа. Монголоос үйлчилгээ вч байгаа шүү дээ.
-Дараагийн хийгдэх ажлууд юу байх вэ?
-Энэ сарын 7-ноос Индонезийн Жакарта хотод Азийн Пара Пауэрлифтингийн тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол улсын гавъяат тамирчин, Рио 2016 Паралимпийн хүрэл медальт Энхбаярын Содномпэлжээ оролцож, өмнө нь өргөсөн 239 кг жингээ баталгаажуулах боломж бололцоотой байгаа. Би дасгалжуулагчаар оролцоно. Мөн манай холбообны УЗ-ын гишүүн Чулууны Гантулга, Заяабаатарын Буяннэмэх нар оролцоно.
11 дүгээр сард Шведэд насанд хүрэгчдын тэмцээн болно. Манайхаас 7 тамирчин оролцоно. Миний бие дасгалжуулагаар явна. Энэ тэмцээн их өрсөлдөөнтэй. Нэг жинд 20 гаруй тамирчин өрсөлддөг. Манайх медалийн төлөө өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаа. Мөн 12 сарын 4-9 нд Ази тивийн аварга шалгаруулах бүх насны ангилалын тэмцээн Холлидай Инн зочид буудалд болно.
ХМ: Дэлхийн Пауэрлифтингийн мастерууд Улаанбаатар хотноо өрсөлдөж байна
П.Нарандэлгэр



