Эмгэнэл
![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/Untitled-1-2.jpg?resize=768%2C399&ssl=1)
ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР /1976-2025/
Бидний хайрт хань, халамжит аав, ах, дүү, эрхэм дотнын нөхөр Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.
Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ 10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.
Тэрбээр сэтгүүлчийн ажлаас гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг 10 гаруй орчуулгын кино бүтээлд дуу оруулжээ.
Ө.Отгонбаатар МҮОНТ-ийн “Сүлд”, “Ярилцья” нэвтрүүлэг, ТВ5 телевизийн “Сар шинийн эгшиглэн” нэвтрүүлэг, “Долоо хоногийн тойм” зэрэг үзэгчдэд танигдсан олон арван нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэж, олны талархал, хүндлэлийг хүлээсэн сэтгүүл зүйн нэгэн үеийн том төлөөлөл байлаа.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.
Түүний мэргэжлийн ур чадварыг үнэлэн “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Сэтгүүлч Ө.Отгонбаатарын мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын сэтгүүл зүйд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.
Таныхаа зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, үзэгт нэгт нөхөд ашид үргэлжлүүлэх болно.
Эх сайхан Монгол орныхоо алтан хэвлийд амгалан нойрс доо.
ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ