“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь 2024 оны тусламжийн талаарх тайлангаа нийтэлжээ. Мөргөлдөөнт бүсээс мэдээ бэлтгэдэг хэвлэл мэдээллийн ажилтнуудад учрах эрсдэл дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгаа энэ үед сэтгүүлчид эх нутгаасаа дайжих явдал ихэссээр буйг тайланд онцолсон байна. Тус төрийн бус байгууллагын яаралтай тусламжийн сангийн 70 хувийг дэлхийн өнцөг булан бүрийн мөрдөн мөшгөгдөж буй сэтгүүлчдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд зарцуулжээ. Эх нутгаасаа дайжсан сэтгүүлчдэд дэмжлэг тусламж үзүүлэх нь мэдэх эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой.
RSFнь 2024 онд 700 гаруй сэтгүүлчдэд яаралтай тусламж үзүүлжээ. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн талаарх 2024 оны тайлангийн тоймд цохон тэмдэглэснээр, мөргөлдөөнт бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн эсрэг аюул заналхийлэл улам нэмэгдэж байгаатай холбогдуулан RSF-ын Тусламжийн алба өнгөрсөн онд санхүүгийн тусламжийн дийлэнх хэсгийг буюу 70 хувийг сэтгүүлчдийг түр нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн суурьшуулахад зориулсан байна. Энэхүү буцалтгүй тусламжийн ачаар Ази, Америк, Ойрх Дорнод, Африк, Зүүн Европ зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн сэтгүүлчид эрхэлж буй ажлаасаа болж амь насанд заналхийлэх, шоронд хорих, бие махбодийн шийтгэлээс зугатан холдох боломжтой болсон.
“Эх орноосоо дайжиж, дүрвэсэн сэтгүүлчдийг дэмжих нь RSF-ын нэн тэргүүний зорилт билээ. Дэлхий даяар сэтгүүлчдийг мөрдөн мөшгөж буй өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг нэн даруй тэднийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах ёстой. Дүрвэсэн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийг мэдээллээр хангах эрхэм зорилгоо үргэлжлүүлэн биелүүлэх боломж олгохын тулд тэдэнд зориулсан Европын эрх зүйн статусыг нэн даруй бий болгох шаардлагатай байна. Бүх нийтийн мэдэх эрхийн төлөө амь насаа эрсдэлд оруулж байгаа эдгээр хүмүүст Европ орогнол олговол зохино.”
RSF-ын Тусламжийн албаны дарга Виктория Лавенью
Тусламжийн алба нь эх орондоо болон дамжин өнгөрөх улсад сүрдүүлэг заналхийлэлд өртсөн сэтгүүлчдэд эмнэлгийн, хууль эрх зүйн, сэтгэл зүйн болоод материаллаг тусламж олгохоос гадна 400 гаруй сэтгүүлчдэд захиргааны дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн, RSF нь аюулгүй байдал нь эрсэдсэн, санхүүгийн хямралд орсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тусламж дэмжлэг олгодог. 2024 онд тус ТББ нь дэлхийн 16 орны 42 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яаралтай тусламж олгосон ба эдгээр ХМХ-ийн 21 нь эх нутгаасаа дүрвэн гарчээ.
Хямралд нэрвэгдсэн орнуудын сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэв
2024 онд RSF-ын Тусламжийн албанд Афганистан, Орос, Иран, Мьянмар, Судан зэрэг орны сэтгүүлчид ханджээ. Хэвлэл мэдээллийн эсрэг дарангуйлал нэн хүнд байгаа эдгээр улс орны нөхцөл байдлаас үүдэн RSF хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай болсон.
- Афганистан: Талибууд эрх мэдлээ эргүүлэн авснаас хойш гурван жилийн дараа Афганистан RSF-ын Тусламжийн албаны анхаарлын төвд байсаар байна. 2024 онд 160 сэтгүүлч тус албаны дэмжлэг туслалцаа авчээ. Одоогоор тэдний 100 гаруй нь хүмүүнлэгийн виз олгохыг хүлээсэн байдалтай Пакистанд байрлаж байна.
- Орос: RSF-ын тусламжийн алба өнгөрсөн онд Оросын 72 сэтгүүлчийг эх орноос нь нүүлгэн шилжүүлж, хилийн чанадаас хараат бус мэдээ бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь Кремлийн суртал ухуулгатай тэмцэхэд тус дэм болж байна.
- Палестин: Тус улс нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд дэлхийн хамгийн аюултайд тооцогддог. 2023 оны аравдугаар сараас хойш 150 гаруй сэтгүүлч Израилийн армийн гарт амиа алдсанаас 41-ээс багагүй нь ажлаа хийснийхээ төлөө санаатай халдлагад өртжээ. Тусламжийн алба нь орон нутгийн түнш “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөө Арабын сурвалжлагчид” (ARIJ) ТББ-аар дамжуулан Газын зурваст тоног төхөөрөмж тараахаас гадна хөрш орнуудад орогнол эрсэн Газын 15 сэтгүүлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн сэтгүүлчдэд визийн зөвшөөрөл мэдүүлэх зэрэг захиргааны дэмжлэг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.
- Иран: Исламын Бүгд Найрамдах Иран улс сэтгүүлчдийг хамгийн ихээр дарангуйлдаг дэглэмийн нэг хэвээр байна. 2024 онд RSF-ын Тусламжийн алба эх орноосоо дүрвэсэн Ираны 43 сэтгүүлчдэд тусламж олгожээ.
- Мьянмар: Дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьсон улс гэгддэг Мьянмарт олон олон хэвлэл мэдээллийн ажилтнууд шоронд хоригдсон ба эх нутгаасаа дайжсан. RSF өнгөрсөн онд Тайланд руу дайжсан Мьянмарын сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, тус улсын 43 сэтгүүлчид санхүүгийн тусламж олгосон байна.
- Судан: Судан нь улс орныг сүйрүүлсэн дайнаас болж сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн хүнд хэцүү газруудын нэг болоод байна. RSF-ын Тусламжийн алба 2024 онд мэргэжлийнхээ улмаас онилогдсон Суданы 22 сэтгүүлчид тусламж үзүүлсэн.
- Никарагуа: Даниел Ортегагийн дэглэм үндсэн зорилтынхаа нэг болох хараат бус сэтгүүлчдийн эсрэг дарангуйллаа эрчимжүүлсэн хэвээр байна. RSF өнгөрсөн онд Коста Рика руу дайжсан Никарагуагийн сэтгүүлчид болон АНУ-д орогнож байсан хэд хэдэн сэтгүүлчдэд санхүүгийн тусламж үзүүлжээ.
RSF-ын үндсэн таван санал зөвлөмж
Тайланд дурдсанаас үндсэн таван санал, зөвлөмжийг түүвэрлэн авав. Үүнд:
- Аюулд өртсөн сэтгүүлчдэд яаралтай виз олгох нөхцөл бүрдүүлэх
- Нүүлгэн шилжүүлэлт болон хувь хүнийг хамгаалах хөтөлбөрт хамрагдах боломжоор хангах
- Нутгаасаа дайжсан сэтгүүлчдийг эх орон руу нь буцаахаас хамгаалах
- Дүрвэсэн сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргийг ил тод мөрдөн шалгах
- Сүрдүүлэг заналхийлэлд өртсөн сэтгүүлчдийг дүрвэгсэд хэмээн хүлээн зөвшөөрөх талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах