Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг
“Ногоон Ази Сүлжээ” ТББ болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран “Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй”-н сургалтыг энэ сарын 11-21-ний өдрүүдэд зургаан дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтын зорилго нь Монголын цөлжилтийг бууруулах, хотын агаарын бохирдлыг багасгах бөгөөд “Хотыг ойжуулах”, мод тарих үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулахад оршиж байгаа юм. Мөн хашаандаа жимс жимсгэнийн мод тарих, нарийн ногоо тариалах зэргээр санхүүгийн хэрэгцээгээ хангах болон иргэдийн үйлдвэрлэлтийн чадамжийг дээшлүүлэх зорилготой. Үүгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хот, эко тосгон байгуулах хөдөлгөөнийг явуулахад шинэ эхлэлийг тавихад нэмэр болох юм.
Энэ талаар Налайх дүүргийн Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн удирдагч, Засаг даргын орлогч С.Тунгалаг “Манай дүүрэг 2017 оны иргэдийн хурлаараа “Эко Налайх” гэсэн хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр орчноо ногоон болгож тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуусын эко, байгаль орчноо хамгаалах мэдлэг боловсролыг нэмэгдүүлж байна. Мөн хаврын мод тариалалтын үеэр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод тарьж, дүүрэг энэ чиглэлээр судалгаа хийж, хяналт тавьдаг тогтолцоотой ажиллаж байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ууд, Нийслэлийн Байгаль орчны газраас дэмжлэг болж иргэдэд мод тарих зөвлөгөө, зөвлөмжийг өгч, сургалт явуулж байгаад баяртай байна. Өнөөдрийн сургалтад мод тарих сонирхолтой 50 орчим иргэн хамрагдлаа. Мөн Нийслэлийн хэмжээнд 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд манай дүүргийн иргэд төрийн байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдийн амьдрах орчноо сайжруулах ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн уг зорилтын хүрээнд Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аян зарласан.
Энэ аяны хүрээнд манай дүүргийн олон өрх хашаагаа тохижуулах, стандартын бохир, ариун цэврийн байгууламж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хашаандаа жимсний мод, ногоо тариалах ажлуудыг хийсэн. Ингэснээр айл өрх, үр хүүхэд нь тав тухтай амьдрах, өөрсдөө хөдөлмөрлөж сурах, хашаанаасаа жимсээ авч идэх, хүнсний ногоогоо бэлтгэх зэрэг нь өөрсдийнх нь орлогод маш ихээр нөлөөлж байна. Энэ мэт идэвхжүүлэлтийн ажлууд хийгдэж байна” гэлээ.
Харин иргэдийн хувьд хашаандаа тодорхой хэмжээгээр мод, бут тарьж, хүнсний ногоо тариалах сонирхол их хэдий ч энэ талын нарийн мэдлэг муугаас буруу тарьж ургуулах асуудал нэлээдгүй байдаг талаар ярьсан юм.
Налайх дүүргийн 7-р хорооны иргэн Ц.Тэгшжаргал: Манай улсын хөгжлийн гарц нь эко бүтээгдэхүүн
Би 2015 онд тэтгэвэрт гарсан. Хашаандаа 36 ширхэг чацарганын мод тарьсан. Мөн хөдөө талбайд үхрийн нүдний мод тарьж байна. Ер нь модны үржүүлэг сонирхдог, ялангуяа жимс жимсгэнийн мод тарих сонирхолтой. Одоогоор жимсээ гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэж байгаа ч цаашдаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс өнөөдрийн сургалтыг зорьж ирлээ.
Манай монголчууд талбай ихтэй, хашаа томтой. Тэндээ жимс жимсгэнэ, нарийн ногоогоо тариалаад ахуйн хэрэгцээгээ хангаад байхад болохгүй зүйл байхгүй гэж боддог. Өнөөдөр дэлхий тэр чигээрээ эко биш болчхоод байна. Тиймээс монголчууд бид газраа ухалгүйгээр жимсээ савлаад, жимсээрээ дэлхийд танигдаж, эко бүтээгдэхүүнээ зарвал энэ нь манай улсын хөгжлийн гарц болох болов уу гэж боддог. Өөрийнхөө цаад хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө л жимсний аж ахуйг сонирхож эхлээд байна.
Налайх дүүргийн 5-р хорооны иргэн Г.Отгон: Өндөр настанд зориулалтын хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгож өгөөч
Би хашаандаа мод тарих сонирхолтой. Одоогоор манай хашаанд хэдэн үхрийн нүдний суулгац бий. Үүнийгээ өргөжүүлж, хашаагаа моджуулах хүсэлтэй байгаа. Өмнө нь суулгасан суулгацууд минь сайн ургаж өгөхгүй байсан юм. Тэгтэл хоорондын зайг нь буруу тооцоолж суулгасан байж. Өнөөдрийн сургалтаар модыг хэрхэн зөв суулгах талаар олон зүйл мэдэж авлаа.
Энэ мэдлэгтээ суурилаад цаашид хашаандаа илүү олон төрлийн мод, жимс жимсгэнийн үрсэлгээ суулгана гэж бодож байна. Мөн өндөр настанд зориулалтын хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгож баймаар байна. Бид өөрсдөө гар аргаар хүлэмж барихаар бас зориулалтын бус болохоор болж өгөхгүй байх шиг байна. Хороо, дүүргээс хүлэмж үнэгүй, хөнгөлөлттэй өгсөн иргэд хүлэмжээ тэр бүр зөв зүйтэй ашиглахгүй, ногоогоо тарихгүй л байх шиг харагдах юм.
Налайх дүүргийн 5-р хорооны өндөр настан н.Дашбат: Хашаагаа сайхан үзэмжтэй, эко байлгавал бусад хүмүүс надаас санаа авах байх
Миний хувьд хашаандаа төрөл бүрийн мод, бут, сөөг, хүлэмжид хүнсний ногоо тариалдаг. Мод, бутаа ямар хугацаанд яаж усалж, тариалах талаар нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй учраас зарим нь бас ургахгүй байна. Тиймээс өнөөдрийн сургалтаас нарийн мэдлэг олж авахаар, өөрийнхөө мэдэхгүй зүйлд хариулт авахаар ирсэн. Хашаагаа сайхан үзэмжтэй, эко байлгавал бусад хүмүүс надаас санаа авж, үлгэр дууриалал болох байх гэж боддог.
Гэр хорооллын хашаанд гоёл чимэглэлийн болон жимсний мод, сөөг тарьж ургуулан орчноо тохижуулах нь агаарын бохирдлыг бууруулан, тоос шороог багасгахаас гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, нэг мод болон нэг га ойн ач холбогдол:
-1 мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг
-1 га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая метр куб агаарыг цэвэрлэдэг
-1 га навчит ой гурван кг, шилмүүст ой 5-10 кг, арц 30 кг фитонцит хэмээх бодисыг ялгаруулж, агаарыг цэвэршүүлдэг аж.
Энэ тухай Шинжлэх ухааны академийн Газар зүй-Гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Баттулга “Өнөөдрийн сургалтаар иргэддээ мод тарих, хашаагаа хэрхэн тохижуулах, гоёл чимэглэлийн модыг яаж сонгох, их мод тарьснаар гоё болох уу, эсхүл цөөн хэдэн хэлбэржүүлсэн гоёмсог цэцэг, навч, ишний хэлбэр өнгийг зохицуулан тарьснаар үзэмжтэй харагдах боломжтой зэрэг энгийн зүйлсийг ойлгуулахыг хичээлээ.
Мөн дэлхийн дулаарал болон Монголд нүүрлээд буй дулаарлын үед мод, ургамал тарих нь хамгийн чухал юм гэдгийг ойлгуулахыг зорьсон. Мод тарьснаар шороон шуурга, салхины хүчийг тогтоон барих, дуу чимээг багасгах гэх мэт олон эерэг талтай. Иргэдийн хувьд мод, бутаа ямар зайтай тарихаа сайн мэдэхгүй байх шиг байна.
Том модыг хооронд 2 метрийн зайтай, байшин, орон сууцнаасаа зайтай тарих хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол байшингийн суурийг үндэс нь гэмтээх эрсдэлтэй байдаг. Харин жижиг бут, сөөгийг ойрхон таривал илүү сайн ургана. Хамгийн гол нь эхлээд хаана ямар мод, бут, жимсний мод тарих эсэхээ төлөвлөж, зургаа гаргах хэрэгтэй. Мөн мод, бутны суулгац худалдаж авахдаа дээд хэсэг буюу иш мөчрийг нь сайн хар.
Ганц годгор, нарийн иштэй суулгацыг авах хэрэггүй. Саглайж ургасан модыг сонгох хэрэгтэй. Түүнчлэн гол бүдүүн үндсээс гадна түүнээс салаалсан олон салаа хялгасан үндэс ихтэй модыг сонгож авах хэрэгтэй. Хялгасан үндэс нь хүнтэй зүйрлэхэд хоол иддэг ам юм. Тиймээс хөрсөнд байгаа усыг хялгасан үндэс л сордог учир уг үндэс үгүй бол мод ургахгүй л гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.