ХЭҮКFocus

Хувийн мэдээллээ алдсан иргэд нууц үгээ солихыг зөвлөж байна

“Интермед” эмнэлгийн цахим сан халдлагад өртсөнтэй холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд УРИАЛАХ нь:

Хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй хэсэг бөгөөд өөрийн хувийн мэдээллийг нууцлах, хамгаалуулах цаашлаад ямар мэдээллийг хэн, хэрхэн цуглуулж, ашиглаж байгааг мэдэх, устгуулах эрхтэй.

Түүнчлэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн хувь хүн өөрийн хариуцлагаар хязгаарлагдахгүй. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй этгээд ч холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, ёс зүйтэй хандах ёстой.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийт нь “Интермед” эмнэлгийн цахим сүлжээ халдлагад өртсөн тухай мэдээллийг түгээхдээ хувийн мэдээлэл нь алдагдсан иргэдийн овог, нэр, регистр, утасны дугаар зэрэг тухайн хүнийг тодорхойлж болохуйц мэдээллийг хавсаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчиж буй үйлдэл юм.

Технологийн хөгжлийг дагаж цахим орчинд хүний эрхийг зөрчих үйлдэл дэлхий улс орон бүрд гарч байна. Манай улсын хувьд ч энэ төрлийн эрхийн зөрчил олноор үйлдэгдэж байгаа учир цахим орчин дахь соёлтой хэрэглээг төлөвшүүлэх замаар хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулах нэн шаардлагатай юм.

Хүний эрх, эрх чөлөөг хангахад иргэн бүрийн оролцоо, манлайлал чухал. Тиймээс аливаа мэдээ, мэдээлэл, зураг, дуу, дүрсийг цахим орчинд хуваалцаж, дамжуулахдаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, Иргэд, олон нийт нь хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос та бүхэнд уриалж байна.

Жич: Хувийн мэдээллээ алдсан иргэд интернет банкны нэвтрэх нэр, нууц үгээ солих, банкны гүйлгээндээ хяналт тавих, сэжигтэй мэдээлэл, харилцааг хянах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close