“Нөхөн үржихүйн нас бол 19-35 нас байдаг. Энэ насанд гэр бүл төлөвлөлт нөхөн үржихүйн нас эхэлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өсвөр насандаа эдгээр мэдээллүүдийг авч байсан бол 19-35 насанд бэтгэлтэй, сэтгэл зүйгээ бэлдсэн байх болно. Эхний ээлжид “Бэлгийн амьдралд миний бие бэлэн үү? Энэ тал дээр би бие, эрхтэн болон сэтгэл зүйн хувьд ямар байна вэ? гэдгээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
Хамгийн нэгдүгээрт, анатомийн бүтэц маань ямар байна вэ? Умай, дайвар, өндгөвч бүтцийн хувьд эрүүл байна уу? Үтрээнд ямар нэгэн үрэвслийн өөрчлөлт байна уу? Эрхтэн системийн хувьд бөөр, зүрх, залгиур хоолой, ходоод гэдэсний талаас ямар нэгэн эмгэг байна уу гэдгийгээ заавал үзүүлж байж гэр бүл төлөвлөлтийг зохицуулах хэрэгтэй. Эмэгтэй хүн ээж болохынхоо өмнө нөхөртэй болж, гэр бүлийн харилцаанд орлоо гэхэд нэгдүгээрт хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийн биед байгаа эрхтэн системийн болон нөхөн үржихүйн талын эмгэг байгаа эсэхийгээ тодруулах ёстой.
Сэтгэл санаагаараа “Би энэ жирэмслэлтийг тээхэд сэтгэл зүйн хувьд бэлэн байна уу, үгүй юү гэдэгтээ өөрт өөртэйгөө болон гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж төлөвлөх юм бол цаашид гарах эрсдэл, хүндрэлийг бууруулж өгнө. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нь эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь хамааралтай. Цаашид нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэгт бие, сэтгэл санаа, эрхтэн систем, эрүүл байдал зэргийг цогцоор нь авч үзэх ёстой. Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэг тухайн хүнд байгаа эсэх, эрхтэн тогтолцооны суурь эмгэг бий юу, үгүй юү, бэлгийн чиг хандлага, бэлгийн боловсролын түвшин, өмнө нь жирэмслэлээс хамгаалах янз бүрийн арга хэрэглэж байсан эсэх, БЗХӨ-өөр өвдөж байсан уу гэх байдлаар өвчин эмгэг, сэтгэл санааг хамтад нь уялдуулсан цогц ойлголт юм.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бэлгийн харилцаанд тулгуурлаж авч үздэг бөгөөд яг өөрийн биед ямар өөрчлөлт байна? өөрийн сэтгэл зүйг харгалзахгүйгээр, өөртөө тусгаж авахгүй орхигдуулдаг.
Нөхөртэй боллоо. Бэлгийн харьцаанд орлоо. Төлөвлөөгүй байтал жирэмсэллээ. Сэтгэлийн хөөрлөөр жирэмслэлтээ тээхээр шийдлээ. Гэтэл жирэмслэлтийн явцад жирэмсний 3 сартайд, 6 сартайд үндсэн суурь эмгэгүүд нь илэрч эхэлдэг” хэмээн ЭНЭШТ-ийн их эмч Ц.Болормаа онцолж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.
Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар