Монголын анхны залуус, өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төв үүдээ нээлээ
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан Монголдоо хамгийн анхны гэж болох залуус, өсвөр үеийнхэнд зориулсан “Бэлгийн боловсрол олгох төв”-ийг /2024.07.04/ нээлээ. “Пийс тауэр”-ын есөн давхрын 909 тоот өрөөнд байрлах тус төвд өсвөр үеийнхэн, залуу гэр бүлүүд тэр ч бүү хэл цэцэрлэгийн насныхан ч очиж үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог юм. Тус төвийн нээлтэд Хятад, Филлипин, Тайвань, Зүүн ба зүүн өмнөд бүсийн далайн залуучуудын холбооны төлөөлөгчид оролцов.
1994 онд байгуулагдсан Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол Улс дахь анхны төрийн бус байгууллага өдгөө 30 дахь жилийн түүхийн хуудсаа бичиж явна. Тус нийгэмлэг нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын, шашны бус төрийн бус байгууллага бөгөөд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч багш, сайн дурынхны тусламжтайгаар өсвөр үеийнхэнд үнэн зөв, мэдээлэл өгөхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд 17 аймгийн салбар болон Улаанбаатар дахь “Өсвөрийн эмч” клубын гишүүдээрээ дамжуулан үе тэнгийн сургагч багш бэлтгэн ажилладаг билээ.
Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд чиглэсэн “Бяцхан эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. “Бяцхан эмч” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хот, Төв аймаг, Орхон аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Архангай Хашаат сумын цэцэрлэгт тус тус амжилттай хэрэгжиж байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүд аливаа зүйлийг маш амархан сурч чаддаг бөгөөд хүүхдийг энэ үед нь зөв мэдээ мэдээллээр хангаж өгвөл ирээдүйд чадварлаг, мэдлэг боловсролтой болох тэрхүү суурь нь тавигддаг ажээ.
Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Монгол Улсад жилдээ 4000 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлж буй бөгөөд дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг аж. Мэдээлэл дутмаг, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байдаг тул энэ талаар охид, хөвгүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, үе тэнгийн сургагч багш бэлтгэж, улмаар энэхүү төвийг Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс 30 жилийнхээ ойн хүрээнд байгууллаа.
Өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төвд үр хөврөл тогтохоос эхлээд төрөх хүртэл хүүхэд хэрхэн томордог тухай үзүүлэн, хүний биеийн бүтэц, жирэмслэлтээс хамгаалах олон төрлийн хэрэгслүүд зэргийг байрлуулсан аж. Түүнчлэн цэцэрлэгийн насныханд зориулсан эрүүл мэндэд хохирол учруулдаг хүнсний бүтээгдэхүүний талааар мэдлэг олгож тестлүүлэх хэсэг ч нээлтэд очсон зочдын сонирхлыг татаж байв.
П.Нарандэлгэр