УИХFocus

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2024.05.03) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д 1 дүгээр үе шат буюу 2021-2030 онуудад эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх 10 үр дүнг жагсаасны 5 дугаарт “мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлсэн байна” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.29-д “Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх институцийн тогтолцоог бүрдүүлнэ.” гэж, 4.2.31-д “Мэдээллийн технологийн кластерыг хөгжүүлж, гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ.” гэж, 4.2.33-т “Мэдээллийн технологи болон цахим худалдааны салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдын санаачилгыг дэмжинэ.” гэж тус тус заасан.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн баримт бичигт мэдээллийн технологи, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, мэдээллийн технологийн компани, дэвшилтэт технологийн талаарх ойлголт тодорхойгүй байгаагаас Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд төрөөс дэмжихээр заасан “мэдээллийн технологийн компаниуд”, “мэдээллийн технологийн энтрепренер”, “хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн үндэсний компани”, “кластер”, “сэндбокс орчин” зэргийг хэрхэн ойлгох, хэрэглэх хүрээ тодорхойгүй байна. Одоогоор Харилцаа холбооны тухай хуульд “мэдээллийн технологи” гэсэн нэр томьёог тодорхойлсон хэдий ч энэ төрлийн харилцааг цаашид дэлгэрүүлэн зохицуулаагүй, мөн “харилцаа холбоо” гэдэг нэр томьёоны агуулгад “мэдээллийн технологи” нь багтахгүй байгаа зэргээс тус хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулан зохицуулахад хүндрэлтэй байна.

Түүнчлэн Инновацийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиуд үйлчилж, зарим төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгүүдийг бий болгосон хэдий ч хязгаарлагдмал хүрээтэй, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь заавал инновац бүтээх албагүй бөгөөд нөгөө талаас мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг бодлогын түвшинд дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар ханган ажиллах төрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийн талаарх зохицуулалт дутмаг байгаатай холбогдуулан цахим эдийн засгийг бий болгох арга зам нь ойлгомжгүй, зөвхөн уриалгын шинжтэй байгааг дурдах нь зүйтэй. Статистик тоон мэдээллээс харахад мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тооцоолоход 0.24 хувьтай байна.

Иймд Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан мэдээллийн технологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин, механизмыг бүрдүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн салбарын сайд танилцуулав.

Тэрбээр, хуулийн төслийн зорилт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан гэв. Үүнд:

– Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн төслийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолт, тухайлбал, “мэдээллийн технологи”, “мэдээллийн технологийн үйлдвэрлэл”, “сэндбокс орчин”, “дэвшилтэт технологи” зэрэг нэр томьёоны агуулгыг тодорхойлсон. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, тэр дундаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн, хуулийн этгээдээс худалдан авдаг байх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх зарчмыг тогтоожээ.

– Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газар, төрийн болон нутгийн өөрөөр удирдах байгууллагын хүлээх нийтлэг үүргийг тодорхойлох бөгөөд энэ хүрээнд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах талаар тусгасан аж.

Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоох бөгөөд энэ хүрээнд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, программ хангамжийн эх код эзэмших эрх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, салбарын хүний нөөцийг бэлтгэх, бодлогын судалгаа шинжилгээ хийх, бүх нийтийн цахим ур чадварын түвшинг үнэлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах, үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад таниулах зэрэг харилцааг зохицуулсан байна.

Түүнчлэн мэдээлэл, технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн дэвшилтэт технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох, үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага (цаашид “Мэдээлэл, технологийн үндэсний парк” гэх)-тай байхаар тусгажээ.

– Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэхэд тавигдах шаардлага, бүртгэлээс хасах үндэслэлийг тодорхойлсон.

– Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг, дэмжлэгийн эх үүсвэрийн талаар тусгасан.

– Хуулийн төслийн тавдугаар бүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан хориглох зүйл, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой бусад зүйлийг тусгасан.

Мэдээллийн технологийн салбарыг дэмжих тухай хуулийн төслийг дагаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version