World

Ази, Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна 

Ази, Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал дордсон бөгөөд 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус бүс нутгийн 32 орны 26 нь оноо буурсан үзүүлэлттэй байна. Бүс нутаг дахь захиргаадалтын засгийн газрууд мэдээ, мэдээлэлд тавих хараа хяналтаа эрчимжүүлэн чангатгасаар байна. 

Афганистанд (178-д) гурван сэтгүүлч алагдаж, хамгийн багадаа 25-аас доошгүй сэтгүүлч саатуулагдан баривчлагдсан нь тус улсын индексийн оноог 26 байраар ухрахад хүргэсэн. Хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тогтоож буй Хойд Солонгос (177-д) болон Хятад (172-т) индексийн оноогоор сүүл мушгив. Вьетнам (174-т), Мьянмар (171-д) хэвлэл мэдээллийн ажилтнуудыг үй олноор нь шоронд хорих үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг хорьсон орнуудын дөрөв болон хоёрдугаарт тус тус жагсаж байна. Засгийн газар сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх арга хэмжээг нэмэгдүүлсэн нь Камбож (151-д) улсыг хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр улаан хүрэн өнгөөр тэмдэглэгдсэн “маш ноцтой нөхцөл байдалтай” улс орны ангилалд оруулсан. Тус бүс нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн аюултайд тооцогдсоор байгаа Филиппинд (134-т) 2023 онд хоёр сэтгүүлч бусдын гарт амиа алдсан. 

Сонгуулийн өмнөх хүчирхийлэл 

Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл бүс нутгийн хэд хэдэн оронд нэмэгдэж, гэм буруутнууд бүгд шахуу ял шийтгэлээс мултарсан. Бангладешт (165-д) гурван сэтгүүлч амь үрэгдсэн бол Пакистанд (152-т) сэтгүүлчдийг дур зоргоор баривчлах, сураггүй алга болгох явдал ихэсчээ. Индонезид (111-д) сэтгүүлчид бие махбодийн болон цахим халдлагад өртөж байна. 

Хэвлэлийн эрх чөлөөнд халтай хууль тогтоомж 

Зарим улсын индексийн өсөлт нь олныг төөрөгдүүлсэн үзүүлэлт юм. Учир нь тэдгээр улсын оноо буурсан бөгөөд өмнө нь тэднээс дээгүүр эрэмбэлэгдэж байсан орнуудын оноо буурснаас үүдэн индексийнх нь оноо өссөн аж. Чанга хатуу хуулиудыг баталсан ч хоёр байр ахисан Энэтхэг (159-д) үүний жишээ юм. Тус улс дахь шинэ нөхцөл байдал ардчиллын шалгуурт нийцэхгүй хэвээр байна. Үүний нэгэн адил Хонконгод (135-д) 2020 онд Бээжингээс батлан хэрэгжүүлж буй үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу сэтгүүлчдийг мөрдөн мөшгөж буйн улмаас тус улсын оноо буурсан ч таван байр ахисан байна. 

Ардчилсан орнуудад хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна 

Сүүлийн жилүүдэд индексийн үзүүлэлт ахисан хэд хэдэн оронд цагдан хяналт эргэн иржээ. Өмнөд Солонгост (62-т) засгийн газраас хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг гүтгэлэг үйлдсэн хэргээр шалгана хэмээн сүрдүүлсэн. Монголд (109-т) гүтгэлгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сэтгүүлчдийг хатуу хараа хяналт дор байлгахад хүргэж буй бол Малайзид (107-д) засгийн газрыг шүүмжилсэн мэдээллийн сайтуудыг хаадаг. 

Бүс нутаг дахь хэвлэлийн эрх чөлөөний жишиг 

Энэ жилийн индексийн эхний 15 байранд Ази, Номхон далайн бүс нутгийн нэг ч улс багтсангүй. Үүний гол шалтгаан нь Шинэ Зеланд (19-д) зургаан байр ухарсантай холбоотой. Гэсэн хэдий ч тус улс бүс нутагтаа тэргүүлэгч хэвээр байна. Мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл тулгарсан ч Зүүн Тимор (20-д), Самоа (22-т), Тайвань (27-д) зэрэг бүс нутгийн бусад ардчилсан орнууд хэвлэлийн эрх чөлөөний жишиг тогтоосоор байна.

PRESS KIT – RSF PRESS FREEDOM INDEX 2024

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version