WorldОнцлох

Засгийн газрууд сэтгүүл зүйг хамгаалж чадахгүй байна 

2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 

Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж буй этгээдүүд нь түүнийг хамгаалах үүрэгтэй хүмүүс буюу эрх баригчид байна. Үүнийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ жилийн индексээс тодорхой харж болно. Индексийн эрэмбэлэлт хийхэд ашигласан таван шалгуур үзүүлэлтээс улс төрийн үзүүлэлт хамгийн ихээр уруудаж, дэлхийн хэмжээнд дунджаар 7.6 оноогоор буурсан үр дүнд үндэслэн ийнхүү дүгнэж байна. 

Засгийн газрууд сэтгүүл зүйг хамгаалж чадахгүй байна 

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх таатай орчин, нөхцөл бүрдүүлэх, олон нийтийн найдвартай, хараат бус, олон төрлийн мэдээ, мэдээлэл авах эрхийг хангах үүргээ умартсан засгийн газрууд, эрх баригчдын тоо улам нэмэгдэж байна. Хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг дэмжих, сахин хүндэтгэх явдал буурч, төр засаг, улс төрийн бусад оролцогчдын дарамт шахалт нэмэгдэж буйг “Хил хязгааргүй сурвалжлагчид” буюу RSF-ын индексээс харж болно. 

“Энэ жил дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь сонгуульд оролцож байна. 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн сэтгэл түгшим үр дүн буюу индексийн таван шалгуур үзүүлэлтийн нэг болох улс төрийн үзүүлэлт буурсныг анхааралдаа авахыг RSF-ын зүгээс сануулж байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад улс орнууд, улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоо багассаар байна. Ийнхүү эрх мэдэл алдагдах нь сэтгүүлчдийн үүрэг оролцоог сулруулах, тэдэнд дарамт шахалт үзүүлэх, зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараах арга замаар хэвлэл мэдээллийг эрхшээлдээ оруулдаг хор уршигтай үйлдэлтэй заримдаа хоршдог. Харин жинхэнэ сэтгүүл зүй нь аливаа ардчилсан тогтолцоонд болон улс төрийн эрх чөлөөг эдлэхэд нэн чухал үүрэгтэй.” 

Анне Боканд, RSF-ын Ерөнхий редактор

Энэ жил олон улсын хэмжээнд сэтгүүлчдийг хамгаалах зарчмыг биелүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн улс төрийн хүсэл эрмэлзэл илт дутагдсаныг онцлууштай. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдол 2023 оны аравдугаар сараас хойш өрнөсөн Газын зурвас дахь дайны уршгаар дээд хэмжээндээ хүрэв. Израилийн батлан хамгаалах хүчин Палестины 100 гаруй, тэр дундаа ажил үүргээ гүйцэтгэж явсан 22-оос доошгүй сурвалжлагчийн амь насыг хөнөөжээ. 

Израилийн эзлэн түрэмгийлэл, тасралтгүй бөмбөгдөлтөд өртсөн Палестин улс 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 157-д эрэмбэлэгдэж, сэтгүүлчдийн аюулгүй байдлын үзүүлэлтээр сүүлийн 10 орны тоонд багтаж байна. (2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн аюулгүй байдлын эрэмбэлэлтийг эндээс үзнэ үү). 

Хуурамч мэдээллийн эсрэг сэтгүүл зүй их сонгуулийн жилд 

2024 онд дэлхийн түүхэнд их сонгуулийн жил тохиож байна. Өнгөрсөн жил ч мөн шийдвэрлэх сонгуулиуд болсон. Латин Америкт хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон талт байдалд заналхийлэгчид сонгуульд ялалт байгуулсан ба тэдний дотор нэн тэргүүнд Аргентинд (26 байраар ухарч 66-д) хамгийн том мэдээллийн агентлагийг хаасан Хавиер Милей байна. 

Сонгууль нь сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл дагуулах нь түгээмэл байдгийг Нигери (112-т) болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (123-т)-ын жишээ харуулж байна. Сахелийн бүс нутагт, ялангуяа Нигер (19 байр ухарч 80-д), Буркина Фасо (28 байр ухарч 86-д), Малид (нэг байр ухарч 114-т) төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан цэргийн хунта нар хэвлэл мэдээлэлд тавих хараа хяналтаа чангатгаж, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд байнга саад учруулж байна. Режеп Тайип Эрдоган Туркт дахин сонгогдсон нь санаа зовоосон асуудал болж байна. Индексээр 158 дугаарт эрэмбэлэгдсэн тус улс оноогоо алдсаар байна. 

Генератив хиймэл оюун ухааныг улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл үйлдвэрлэхэд ашиглаж буй нь түгшүүр төрүүлж байна. “Deepfake” буюу хуурамч бичлэгийн технологи сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд ихээхэн түлхэц болж байна. Словакийн (12 байр ухарч 29-д) парламентын сонгуулийн үеэр сэтгүүлч Моника Тодовагийн яриаг хиймэл оюун ухаан ашиглан хуурамчаар үйлдсэн явдал үүнийг гэрчилнэ. Уг явдал нь ардчилсан сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор сэтгүүлчид халдсан анхны баримтжуулсан тохиолдлын нэг юм. 

Маш олон засгийн газар хандалтыг хязгаарлах, хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягийг хаах, мэдээ, мэдээлэл агуулсан зурвасуудыг дарах аргаар нийгмийн сүлжээ, интернэтэд тавих хяналтаа чангатгаж байна. Вьетнамд (174-т) нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчдийг шоронд хорих нь түгээмэл. Дэлхийн бусад улс орнуудаас илүү олон сэтгүүлчийг саатуулан хорьж байгаагийн зэрэгцээ Хятадын засгийн газар (172-т) мэдээллийн сувгуудад хатуу хяналт тавьж, цахим контентыг зохицуулах, эмзэгт тооцогддог буюу намын үзэл баримтлалын эсрэг мэдээлэл түгээхийг хязгаарлах зорилгоор цагдан хянах, мөрдөн тагнах бодлого хэрэгжүүлсээр байна.

Зарим улс төрийн бүлэглэлийн зүгээс сэтгүүлчдийг доромжлох, нэр төрийг нь гутаах, заналхийлэх замаар тэднийг үзэн ядуулах, үл итгэх байдлыг улам даамжруулж байгаа бол нөгөө хэсэг нь хэвлэл мэдээллийн экосистемд буюу өөрсдийн хараа хяналтад буй төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод бизнесийн холбоотнуудаар дамжуулан эзэмшсэн арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль алинд хяналт тогтоож байна. Жоржиа Мелонигоор удирдуулсан Итали улсад (46-д) парламентын эрх баригч эвслийн гишүүн хоёр дахь том мэдээллийн агентлагийг (AGI) эзэмшихийг оролдсон тохиолдол гарсан. Тус улс энэ жил таван байр ухарсан үзүүлэлттэй байна. 

Улс төрийн бүлэглэлүүд хуурамч мэдээлэл түгээх зохион байгуулалттай арга хэмжээг зохион байгуулах, тэр бүү хэл түүнийг өдөөхөд оролцох нь түгээмэл байна. Индексийн судалгаанд хамрагдсан орнуудын дөрөвний гурваас илүүд нь (180-аас 138 улс) асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь улс орныхоо улс төрчдийг суртал ухуулга, хуурамч мэдээлэл түгээх зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох нь түгээмэл гэж хариулсан байна. Энэхүү оролцоог “тогтмол” гэж 31 оронд тодорхойлжээ. 

Зүүн Европ, Төв Азийн орнуудад хэвлэл мэдээллийн цагдан хяналт эрчимжиж байгаа нь Оросын дарангуйллын аргатай цочирдмоор адил төстэй байна. Энэ байдал ялангуяа Беларусь (10 байр ухарч 167-д), Киргизстан (120-д), Азербайжан (13 байр ухарч 164-т) улсуудад ажиглагдана. Кремлийн нөлөө Серби хүртэл хүрч (7 байр ухарч 98-д), засгийн газраар дэмжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын суртал ухуулгыг нэвтрүүлж, эрх баригчид Оросын дүрвэгч сэтгүүлчдийг айлган сүрдүүлж байна. ОХУ-д (162-т) Владимир Путин 2024 онд дахин сонгогдсон. Украины (61-д) хэвлэл мэдээллийн орчин, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг доройтуулж буй тус улс нь дайныг үргэлжлүүлсээр байна. 

Хамгийн өндөр болон хамгийн бага үзүүлэлт 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тэргүүлсэн гурван улсад хүртэл улс төрийн ерөнхий үзүүлэлт буурсан. Норвеги улс тэргүүн байраа хадгалсан хэвээр ч улс төрийн үзүүлэлтийн оноо буурсан орнуудын тоонд багтжээ. Тус улсын улс төрчид хэвлэл мэдээллийг хууль шүүхээр дарамтлах тохиолдол гарсны улмаас Европын холбооны орнууд дотор тэргүүлэх байр сууриа Дани улсад (2-т) алдсан. Данийн араас Швед (3-т) эрэмбэлэгдэж байна. 

Өнгөрсөн жилийн индексийн хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн Азийн гурван орон болох Вьетнам, Хятад, Хойд Солонгосыг улс төрийн оноо нь огцом буурсан гурван улс орлов. Эдгээр орнуудад, Талибаны бүлэглэл хяналтаа тогтоосноос хойш сэтгүүлчдийг мөрдөн мөшгөх тохиолдол тасраагүй Афганистан (улс төрийн үзүүлэлт 44 байр ухарсан), Сири (улс төрийн үзүүлэлт 8 байр ухарсан), улс төрийн болон ерөнхий үзүүлэлтийн аль алинаар сүүл мушгисан Эритрей (улс төрийн үзүүлэлт 9 байр ухарсан) улсууд багтаж байна. Сүүлийн хоёр улс хэвлэл мэдээллийг хамгаалах ямар ч хуульгүй бөгөөд баривчлагдсан, сураггүй алга болсон, барьцаалагдсан сэтгүүлчдийн тоогоороо тэргүүлж байна.

Индексийн үзүүлэлт бүс нутгаар 

Таван тив дэх хэвлэлийн эрх чөлөө 2024 онд 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр

Магреб, Ойрх Дорнодын бүс нутаг маш ноцтой нөхцөл байдалтай хэмээн тооцогдох болов. Тэдний араас захиргаадалтын засгийн газрууд нь сэтгүүл зүйг боомилж буй Ази, Номхон Далайн бүс нутаг орж байна. Харин Африкт бүс нутгийн нөхцөл байдал арав хүрэхгүй хувьд маш ноцтой гэсэн боловч улс орнуудынх нь бараг тал хувь нь хүнд нөхцөл байдалтай гэсэн ангилалд багтсан. 

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал сайн гэж үнэлэгдсэн орнууд бүгд Европ тивд харъяалагдаж байна. Тухайлбал, эдгээр орнууд нь хэвлэлийн эрх чөлөөний анхны хууль болох Европын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлаад удаагүй байгаа Европын Холбооны гишүүд юм. 

Индексийг тэргүүлэгч гурван орны нэгд багтдаг байсан Ирландын халааг Швед авсан бол Герман эхний арван байрт бичигдсэн. Европын Холбооны гишүүн орнууд дотроо хамгийн доогуурт эрэмбэлэгдсэн Унгар, Мальта, Грек улсууд хэвлэлийн эрх чөлөөний асуудалтай тулгарч байна. 

Террорист үйл ажиллагаа явуулсан, үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн хэргээр зохиомол ял тулгахад нөлөөлж буй хуурамч мэдээллийн тархалт, хэвлэл мэдээллийн цагдан хяналтын улмаас Зүүн Европт сэтгүүл зүйн нөхцөл байдал дордсон. Орос (162-т), Беларусь (167-д), Туркменистан (175-д) үүний жишээ болно. Гүржид (26 байр ухарч 103-т) эрх баригч нам нь Москватай найрсаг харилцаагаа өргөжүүлж байна. Аюулгүй байдлын үзүүлэлт сайжирч, амиа алдсан сэтгүүлчдийн тоо цөөрч, улс төрийн үзүүлэлт дээшилснээр Украин 18 байр ахиж, 61-д эрэмбэлэгдсэн. 

Америк тивд сэтгүүлчид шийтгэгдэх айдсаас болж зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, хүрээлэн буй орчинтой холбоотой сэдвийг сурвалжлах боломжгүйгээс ноцтой байдал үүсэж байна. 

Нөхцөл байдал нь хангалттай гэсэн ангилалд (хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр шараар тэмдэглэгдсэн) багтсан орнуудын эзлэх хувь 2023 онд 36% байсан бол 2024 онд 21% болж буурчээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх орны нэг АНУ арван байр ухарсан. Өмнөд Америкийн бараг бүх улс хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “асуудалтай” гэсэн ангилалд багтах болов. Энэхүү ухралт Хавьер Майлей мэтийн хэвлэлийн эрх чөлөөний дайснууд сонгуульд ялж, засгийн газрууд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг бууруулж чадахгүй байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой. 2019 оноос хойш 37 сэтгүүлч бусдын гарт амь насаа алдсан Мексик сэтгүүлчдэд хамгийн аюултай орон хэвээр байна.

Саб-Сахарын Африкт 2023 оны сонгуулийн үеэр улс төрийн хүчирхийлэл газар авсан. Африкийн орнуудын наймаас илүү хувь нь хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдсэн нь 2023 оныхоос хоёр дахин их үзүүлэлт юм. Нигер, Того, Мадагаскарт сурвалжлагчдад дарамт шахалт үзүүлсэн тохиолдлууд гарчээ. Тус бүс нутагт Нигер, Буркина Фасо, Мали зэрэг Сахелийн хэд хэдэн улсад аюулгүй байдлын үзүүлэлт буурсан. 

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэхэд хамгийн хэцүүд тооцогддог хоёр дахь бүс нутаг болох Ази, Номхон Далайн таван улс буюу Мьянмар (171), Хятад (172), Хойд Солонгос (177), Вьетнам (174), Афганистан (178) хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн аюултай арван орны тоонд багтжээ. Өнгөрсөн жилээс ялгаатай нь тус бүс нутгийн аль ч улс индексийн эхний 15-д багтсангүй. 

Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудын тал нь шахуу хэвлэлийн эрх чөлөөний маш ноцтой нөхцөл байдалтай гэсэн ангилалд орсон. Арабын Нэгдсэн Эмират улс газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдсэн Йемен, Саудын Араб, Иран, Палестин, Ирак, Бахрейн, Сири, Египет зэрэг найман орны нэгд багтаж байна. Хамгийн олон сэтгүүлч амиа алдсан Палестин индексээр доогуур байрт бичигджээ. Катар нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал хүнд буюу маш ноцтой гэж ангилагдаагүй тус бүс нутгийн цорын ганц улс юм. 

Дэлхий даяар удахгүй болох сонгуулийн үеэр сэтгүүлчид асар их дарамт шахалттай тулгарах төлөвтэй байна.

PRESS KIT – RSF PRESS FREEDOM INDEX 2024

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version