Байгаль орчинНийгэм

“Утааны сонсгол хийцгээе” сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж байна

“Утааны сонсгол хийцгээе” сонсгол зохион байгуулахаар иргэн Б.Мөнгөнхишиг гарын үсэг цуглуулж эхэлжээ. Төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, үйл ажиллагааг сайжруулъя хэмээн энэхүү сонсголыг зохион байгуулж буй юм. 

Өргөдөлд 

МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол Улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна.

Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100000 хүн амд 92 байхад Монгол Улсад 100000 хүн амд 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30хувиар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол Улсад маш том гарз хохирол юм. Агаар орчны бохирдол тогтмол нэмэгдэж байгаа нь эрүүл иргэд өсөж торниход сөргөөр нөлөөлж байна.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2.ерөнхий хяналтын; 6.2.3.төсвийн хяналтын; 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна.

Үүгээр:

1. 2017 онд батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, үйл ажиллагааг эрчимжүүлж, эзэнжүүлж, хариуцлагажуулах гүйцэтгэлийг хангалуулах талаар арга хэмжээг эрчимжүүлэх,

2. Өнгөрсөн хугацааны агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн зарцуулалтад хяналт мониторинг хийж, төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох, цаашид улсын төсөв батлахдаа асуудлын эрэмбэ харгалзан үзэж батлахад анхаарах,

3. Орчны бохирдлыг бууруулах, үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, төсвийн зарцуулалт, үйл ажиллагаа, ажлын албаны болон хорооны үйл ажиллагааг сайжруулах, төсвийн зарцуулалт болон шийдвэр гаргах явц, сонгон шалгаруулалт зэрэг явцуудыг олон нийтэд нээлттэй болгох, цаашлаад хорооны бүтэц бүрэлдэхүүнийг чадавхжуулах, чадварлаг удирдлагаар хангахад онцгой анхаарахыг хүсэж байна. Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал гамшгийн хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшил болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, гурван талын хамтын ажиллагаатайгаар шийдвэрлэхэд дэмжлэг болно” хэмээжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close