Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээс хэрхэн санал авах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгээс тодрууллаа.
-Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал санал авахаар болсон. Санал хураалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-УИХ-ын 2023 оны 12 дугаар сарын 116 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоосон.
Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу гадаад улсад суугаа иргэдээс санал авах үйл ажиллагааг Төв комисс болоод салбар комиссоор дамжуулан зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамны саналыг харгалзан Төв комиссыг байгуулж, Төв комисс нь гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад салбар комиссыг байгуулан санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар, Монгол Улсын төлөөлөгчийн газар зэрэг нь гадаад улсад санал хураалтыг зохион байгуулах салбар комисс болж иргэдээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.
Гадаад Улсад суугаа иргэдийн санал авах үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос Гадаад хэргийн яам болон Улсын бүртгэлийн газартай хамтран ажиллаж бэлтгэл ажлыг хангаж байна.
-Гадаадад амьдарч байгаа иргэд сонгуульд яаж саналаа өгөх вэ?
-Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс бага зэргийн ялгаатай.
Нэгдүгээрт, Урьдчилан бүртгүүлнэ. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.
Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг.
Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө.
-Дипломат төлөөлөгчийн газраа мэдэгдэхдээ заавал биечлэн очих уу?
-Гадаад улсад суугаа иргэд өөрийн байгаа улсад салбар комисст биечлэн, шуудан, эсхүл цахим шуудангаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх боломжтой. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс аль болох уян хатан байдлаар бүртгэлийг зохион байгуулж гадаад улсад суугаа иргэдийн сонгох эрхийг хангаж ажиллахаар зорьж байна.
Гадаад улсад санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах төв комисс дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө байгуулагдах бөгөөд байгуулагдсан дариуд санал хураалт болоод урьдчилан бүртгүүлэх талаар нарийн зааварчилгаа мэдээллүүдийн дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан түгээх болно.
-Гадаадад амьдарч байгаа Монголчуудын хувьд тухайн улсынхаа хөдөлмөрийн хуулийн дагуу ажилладаг учраас санал өгөх өдрөө ажлаасаа чөлөө авах эрхийг хэрхэн эдлэх бололцоог СЕХ хангаж ажиллаж байгаа вэ?
-Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах боломж бололцоо хараахан бүрдээгүй байгаа тул санал хураалтын өдрийг аль болох олон өдөр байх мөн амралтын өдрийг тааруулах боломжтой байх саналуудыг УИХ-д хүргүүлсэн.
УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургаадугаар сарын 20-ны пүрэв гаригаас эхлэн 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд маань аль нэг амралтын өдрөө тааруулан ирж саналаа өгөх боломжтой.
-Ер нь гадаадад байгаа иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо ямар байдаг вэ?
-Манай улс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг хамгийн анх Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар хувь тэнцүүлсэн хэсэгт сонгогч нам, эвслийг дэмжиж саналаа өгөх боломжтойгоор зохион байгуулсан. Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017, 2021 оны ээлжит сонгууль гээд нийт 4 удаагийн сонгуульд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Сонгогчдын оролцооны хувьд 4000-7400 орчим сонгогч бүртгүүлж 2700-5600 орчим сонгогч саналаа өгдөг. Энэ нь сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэн нэрийн жагсаалтад бүртгүүлсэн иргэдийн тоотой харьцуулахад 65-75 хувийн оролцоотой байгаа нь харьцангуй сайн оролцоотой гэж хэлж болохуйц байдаг.
№ | Сонгуулийн нэр | Он | Салбар комисс | СНЖ-д бүртгүүлсэн | Санал өгсөн | СНЖ-тай харьцуулахад |
1 | Улсын Их Хурлын сонгууль | 2012 | 39 | 4276 | 2777 | 65% |
2 | Ерөнхийлөгчийн сонгууль | 2013 | 39 | 6233 | 4242 | 68.1% |
3 | Ерөнхийлөгчийн сонгууль-I | 2017 | 45 | 7209 | 4767 | 66.13% |
4 | Ерөнхийлөгчийн сонгууль -II | 2017 | 42 | 7209 | 2676 | 37.12% |
5 | Ерөнхийлөгчийн сонгууль | 2021 | 45 | 7394 | 5568 | 75.3% |
Гэвч Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт иргэдийн тоотой харьцуулахад харьцангуй бага буюу хангалтгүй хэмжээнд байгаа юм.
Үндэсний статистикийн газрын хүн амын тооллогын дүнгээр 2010 онд Монгол Улсаас гадаадад 107,140 иргэн байсны 81 хувь нь сонгуулийн насны иргэн амьдарч байсан бол 2020 оны дүнгээр 122,301 иргэний 82 хувь нь сонгуулийн насны иргэд байна. Эндээс харахад Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт сонгуулийн насны иргэдийн 3-6 хувь нь сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлсэн гэсэн үг. Сонгуульд оролцож төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих нь хүн бүрийн үүрэг гэж үзэж хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.
-Саналын хуудсыг хэрхэн тоолж, баталгаажуулж хүчинтэйд тооцох вэ?
-Салбар комисс нь санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл салбар комиссуудаас ирсэн битүүмжлэл бүхий саналын хуудсыг нэг бүрчлэн задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулан дүнг гаргадаг. Уг үйл ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна