Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

С.Дивангар: “Мал эмнэлгийг айлын гэрээс гаргана”

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо,  Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хамтран “Эрүүл бэлчээрийн төлөө 10 жил хамтдаа” уриатай зөвөлгөөнийг Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгууллаа.

“Монгол Сарлаг 2018” фестивалийн үеэр зохион байгуулсан тус зөвлөгөөнд 18 аймгийн 186 суманд 63 мянган малчин өрхийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөний үеэр Швейцарийн Хөгжлийн агентлаг, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр хэлэхдээ “Одоогоос 30 орчим жилийн өмнө  мал сүргийн өсөлт Монголын төр засаг, олон нийтэд баяртай мэдээ болдог байсан. Харин өнөөдөр энэ мал сүрэг нэмэгдсээр   байх юм бол нэг л мэдэхэд бэлчээрийн мал аж ахуй устаж сүйрэх аюул руу орно. Тиймээс Бэлчээр ашиглагчид болон Ногоон алт төслийн зүгээс малын тоог тогтвортой зохистой хэрэглээнд нь байлгая гэдэг талаас нь харж байгаа.

70 орчим сая орчим малыг зохистой тоон хэмжээнд буулгая гэж хичээвч Монголын хүн ам 3 сая гаруйхан. Бид хичнээн хэрэглээд ч зохистой тоо хэмжээнд хүрэхүйцээр хэрэглэж чадахгүй. Дотоодын хэрэглээ бүрэн ханачихсан. Тэгэхээр зохистой тоонд хүргэхийн тулд бид гадаад зах зээл рүү мах, махан бүтээгдэхүүн болгон гаргах хэрэгтэй болж байна.

Гэтэл гадаад зах зээл рүү гаргахын тулд мал эмнэлгийн ажилтай холбоотой асуудлууд үүсч байна. Мал эмнэлгийн үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрүүлж байж гадаад зах зээл бидэнд үүдээ нээнэ. Тэр үүдийг нээхийн тулд Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсч байна.

Юуны өмнө мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Би Завхан аймгийн Идэр сумын хүн. Нутгаасаа хүнсэндээ мах бэлдэхдээ энэ эрүүл, надад аюул учруулахгүй гэж ямар ч нотолгоогүй зөвхөн “итгэл”-ээр  авч хэрэглэдэг. Малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хэрэгцээ шаардлагад хүлээн зөвшөөрөгдөж байвал чанартай байна гэж бид хэлнэ.

Харин гадаад зах зээл бидний итгэлээр явахгүй, зөвхөн  баримт нотолгоонд тулгуурлан хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг баримт нотолгоонд анхаарлаа хандуулдаг. Тиймээс Мал эмнэлгийн үйлчилгээний  чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

“Манай мал эрүүл”, “Манайд вакцин хэрэггүй” гэж хэлдэг болно

Мал эмнэлгийн үйлчилгээг хамрагдвал зохих малд л үзүүлдэг байх ёстой.  Өнөөдөр орон нутагт очиход “Манай мал өвчтэй”, “Манай малд вакцин хийж  өгөхгүй байна” гэсэн яриа их байдаг нь өнөөдрийг  хүртэл мөрдөж ирсэн эрх зүйн тогтолцоотой холбоотой. Бидний төслийн хүрээнд хийж байгаа ажил бодит үр дүнд хүрээд эхлэхээр “Манай мал эрүүл”, “Манайд вакцин хэрэггүй”, “Манай малд вакцин хийх хэрэгтэй гэдгээ нотол” гэж хэлээд сууж байна.

Тиймээс “Би эрүүл малтай хүн” гэдгийг хэлдэг болгохын төлөө төсөл гол анхаарал чиглүүлж байгаа юм. Энэ нь Дэлхийн мал эмнэлгийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх гол шалгуур байх ёстой. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг улс орнууд дотор манай Монгол Улс нилээн өндөр үнэлэмжтэй байдаг. Молнгол Улсын Засгийн  газраас мөнгө гаргаад 2007, 2010, 2012 онуудад Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас шинжээчид уриад манай малын чанар, хүртээмж, эрүүл байдлын яг юу нь болохгүй байгааг тогтоолгоочихсон.

2016 оны эцсээр Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламж дэмжлэгээр  Монгол Улс хууль эрх зүйн орчинг бүрдүүллээ. Ингэснээр улс төрийн шийдэл гарсан тул бодит ажил болгох бидний үүрэг үлдлээ гэж болно. Энэ хууль ирээдүйн нилээн том ахиц дэвшлийг бий болгосон. Итгэхгүй байгаа хэсэг бүлэгт төслийн зүгээс анхаарал хандуулж, бодитоор нь хийж үзүүлж, улс төрийн шийдвэр гаргагч төдийгүй малчдад мэдээлэл өгөх гэж зорьж явна.

Төслийн ажлыг  дөрвөн том багцад хуваасан.

Нэгд, худалдааны хорио цээр халдварт өвчингүй тайван  байгаагаа баталж нотлох. түүнийгээ нийтэд  зарладаг болно.

Мөн гадаад улс оронд зарладаг болох ёстой. Өнөөдөр мал эмнэлгийн  байгууллагаас өвчингүй тайван газраа бидэнд санал болгооч ээ гэвэл нэг ч цэг байхгүй. Магадгүй Европ руу түүхий махан таташ дулааны боловсруулалтад оруулахгүй бүтээгдэхүүнийг хэн нэгэн санал  болгож болно. “Бид шаардлагатай бүтээгдэхүүнээ хаанаас авах вэ” гэвэл Мал эмнэлгийн газар хэлж чадахгүй. Манай төслийн хүрээнд “Өвчингүй тайван бүс”-ийг бий болгож, зарим өвчнийг улсынхаа хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд байхгүй гэдгийг нотлох юм. Мөн түгээмэл дэгддэг өвчинг тодорхой нутаг дэвсгэрт гархгүй “ТАЙВАН БҮС” гэж  тогтоон зарладаг байхын төлөө анхаарч ажиллаж байна. Ажил хэрэг болгож  чадвал экспорт тасралтгүй үргэлжлэх боломж нээгдэнэ.

Хоёрт, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэж байна.

Энэ нь нэгэнт өвчингүй  тайван байдлыг баталгаажуулж, тэр бүс нутагт өвчин  орж ирээгүй гэдгээ нотолж байх ёстой. Өвчин орж ирлээ гэхэд шуурхай илрүүлж чаддаг байх ёстой. Тодруулбал, ямар нэгэн  өвчний шинж тэмдэг эхний байдлаар илэрвэл бид олж илрүүлж, барьж тогтоож чаддаг болох ёстой. Өөрөөр хэлбэл малчин малчны хотонд нь өвчин илрээд хэдэн хот айл дамнаад явчихсаны дараа мал эмнэлэг рүү давхидаг биш маш орчин үеийн технологи ашиглаад хурдтайгаар  шуурхай илрүүлдэг болох юм.

Гуравт, “Загвар  мал эмнэлэг” байгуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ хүрээнд  Монгол Улсын мал эмнэлгийн үржлийн нэгжийн стандартыг  шинэчлүүлэхээр мал эмнэлгий стандартыг батлуулсан. Стандартын дагуу “Мал эмнэлэг ямар байх вэ”. Бид энэ ажлаа “Мал эмнэлгийг айлын гэрээс гаргана” гэж товчхон нэрлээд байгаа. Өнөөдөр нэг суманд 4 мал эмэнэлэг байлаа гэхэд 4 айлын хашаанд байна. Дөнгөж саяхан бид Завхан  аймагт очсон, зарим мал эмнэлэгийн газар айлын унтлагийн өрөөнд байсан. Бид тэнд нь орж ажилтай нь танилцсан.

Баталгаатай газар эм тариагаа хадгалж байгаа нь тэр. Эхний ээлжинд айлын хашаанаас гаргаж, нэг хашаанд төвлөрүүлнэ. Боломжтой бол нэг дээвэрт оруулж үйлчилгээ авах боломжуудаар хангана. Ингэснээр бид орчин үеийн технологиудыг байрлуулж, туршлагаа хуваалцах боломжийг нээнэ.

Дөрөвт, мал эмнэлэгийн төлөвлөлт, удирдлагын нэгдсэн  системийг бий болгох ажилд анхаарлаа хандуулж байна.

Нэгдсэн систем нь маш олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Тухайлбал, Малын бүртгэл, лаборатори, Мал эмнэлгийн гэрчилгээ, Эмийн бүртгэл, Блчээрийн нэгдсэн систем, Хүний нөөцийн  удирдлага зэрэг олон хэсэгтэй. Эдгээрээс  төслийн хүрээнд Мал эмнэлгийн сүлжээ  байгууллага, гэрчилгээний систем хоёрыг  түлхүү анхаарч ажиллаж байна.

Бэлчээрийн нэгдсэн систем аль хэдийнэ бий болж, түүнийг холбох арга замуудыг бид шийдсэн. Энэ систем дээр Төрийн болон ТББ–ууд уялдсан байгаа. энийг бүтээгдэхүүн анх мал төрсөнөөс төхөөрөх хүртэл, тэрнээс хойш боловсруулагдах бүх  шатыг хамарсан гинжин хэлхээн систем рүү оруулж өгнө. өөрөөр  хэлбэл мал төллөсөн цагаас төхөөрөх хүртэл бүх түүхийг дэлгэн үзүүлэх юм. Тэрийгээ “Та бүхэнд бид нотолно” гэж хэлэх юм.

Нэг чухал хэсэг нь мал эмнэлгийн баталагаажуулалтын систем байгаа. Энэ систем нь малчны хотонд байгаа малыг үйлдвэрт сонгохоос эхлээд эцсийн бүтээгэхүүн болж хэрэгэлэгчийн ширээн дээр очих хүртэл бүх үе шатыг хамарсан систем байгаа.

Одоо олгогдож байгаа Мал эмнэлгийн гэрчилгээ ямар давуу талтай вэ. Гэрчилгээ үнэт цаасан дээр  хэвлэгдэж байна. Үнэ цэнэ нь цаасандаа л байгаа. Дээр нь  бичсэн зүйлийг хэн ч тоохгүй гадаад зах зээл хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ цаасан дээрхийг батлах тодорхой зүйл байна уу гэж асуудаг.

Бидний одоогийн хэрэгжүүлэх систем нэвтэрсэнээр тухайн мал төллөсөнөөс гурван жил  болоод төхөөрүүлэхэд, 6 жилд маллагадаад хүнсэнд очих тэр хугацааны бүх түүх мал эмнэлгийн үйлчилгээний системд бүртгэгдэнэ. Таны ширээн дээр очиж байгаа боодол мах баталгаатай гэдгийг зургаан жилийн түүхэнд нь үндэслэн нотолгоо болгох юм. Энэ түүхийг баримт нотолгоо  гарган хүлээн зөвшөөрүүлдэг болсоноор итгэлээр худалдан авалт хийхийг уриалахгүй болно.

“Мал эмнэлэг цаасгүй техонологид  шилжинэ”

Тэгвэл энэ процессийн хүрээнд ямар ажил хийгдэх вэ гэвэл малчны хотонд очиж үйлдвэрийн захиалсан малыг ялган авна. Тухайлбал, “Мах маркет” компани “Эр төлөг авья”  гэвэл Бэлчээр  ашиглагчдын хэсэг, хоршоогоороо дамжуулаад очно. Очоод малчдаасаа үйлдвэрийн шаардлагад нийцсэн төлөг ялгаж авна. Ялгасан малдаа ээмэг зүүнэ. Ээмэг зүүснээр хариуцлагыг  малын эмч авч байгаа юм.

Малын эмч энэ мал эрүүл, эндээс бэлтгэсэн бүтээгдэхүүн чанартай, мал эмнэлгийн бүх үйлчилгээ хийгдсэн “Би хариуцья” гэсэн тамгыг ээмгээр дарж байгаа гэсэн үг. Энэ мөчөөс эхлэн ээмгэн дээрх тоог уншуулахад уг малыг хэн гэдэг малчин, хаана өсгөж, ямар эмнэлгийн үйлчилгээ авсан бэ  гэдгийг мэдэж болох юм. Энэ уншигч төхөөрөмжийг төслийн сумынхаа малын эмч нарт өгч байгаа. Нэмэлт тоноглол суулгасан ухаалаг утас гэсэн үг.

Эвдрэхгүй хагарахгүй гэмтэхгүй, ус доргионоос хамгаалагдсан. Дотор талын бүх программыг Монгол инженерүүд зохион бүтээсэн. Монгол заавартай. Утсаар ярьж, интернэт орж, мал эмнэлгийн ажлаа ч хийнэ. Энэ төхөөрөмжийг малын эмчийн гарт  өгснөөр мал эмнэлэг цаасгүй техонологид  шилжиж байгаа гэсэн үг. Малын эмч нарт олон цаас хэрэггүй. Энэ дотор л бүх ажил хийгдэнэ.

Малын эмчийн хуруу энэ төхөөрөмжинд хүрэхэд систем бүх үйлдлийг нь бүртгэнэ. Тэр нь малын эмчийн болон мал эмнэлгийн ажлын тайлан болно. Түүнийг нь бид олон  улсад дэлгэн харуулж, бүтээгдэхүүнээ  эксортолдог түүхтэй болох юм. Ээмэг уншуулах  төхөөрөмжөөр уншуулж, системээр дамжуулан сумын төвөөс шууд зөвшөөрөл хүснэ. Сумын байцаагч нарт комьютерийг  нь өгчихсөн.  Тэд сүлжээгээр мэдээлэл ороод ирэхээр нь гэрчилгээ олгоход 4 зүйлийг нотолно уу гэж асууна.

  1. Өвчингүй тайван нутагт маллагдаж байсан.
  2. Зайлшгүй  хийгдэх ёстой мал эмнэлгийн үйлчилгээнүүд хийгдсэн үү
  3. Тухайн үед үзүүлэхэд өвчнйи шинж тэмдэг илэрсэн үү
  4. Хүнсэнд хэрэглэх бол эм хийсэн хугацаанаас хойш хүлээх хугацаа нь өнгөрсөн үү  зэргийг асууна.

Эдгээр асуултад “Тийм”, “Үгүй”  гэж тохирох хариулт илгээсний дараа нь сум болгонд сууж байгаа хяналтын улсын байцаагч шалгана. Магадгүй паразит өвчнөөс сэргийлсэн вакцин хийлгэсэн ч системд бүртгэгдээгүй бол  байцаагч хориглолт хийх эрхтэй. Тэгэхээр малын эмч,  малчин эмч хоёр харилцан хамааралтай байж бүх үйл явдал систем рүү орсоноороо Монголд төдийгүй олон улсад  бүтээгдэхүүн гарах боломж нээгдэж байна.

Малын эмчийн бүх хийх ажил хийгдсэн бол байцаагч “Зөвшөөрөв” гэсэн нэг л товч дарахад 100 км  цаана байгаа малчны хотод хариу нь цаг алдалгүй очино.  Малын эмчийн бүсэнд гэрчилгээ  хэвлэгдэн гарах төхөөрөмж өлгөөтэй байна. Өнөөдөр А4-ийн үнэт цаасан дээр хэвлэж байгаа бол кассын билл дээр л хэвлэгдэнэ.  Бидний хувьд гэрчилгээний цаана байгаа мэдээлэл, түүхэндээ үнэ цэнэ нь байх юм. Цаас нь хямдхан. Гэрчилгээний ерөнхий загварыг гаргахдаа бид малчдаас эхлээд хэрэглэгч  хүртэлх олон талуудын эрх ашиг сонирхоыг шингээсэн. Тухайлбал, Цагдаагийн  байгууллага малын хулгайтай тэмцэхэлд маш их зардал гарган ажилладаг. Систем бүрэн нэвтэрчихвэл тэр бүх асуудлыг системэээрээ шийдчихнэ.

Гэрчилгээнд дээр нэг онцлох зүйл нь “Бэлчээрийн төлөв” гэдэг мэдээлэл нэмэгдсэн. Дэлхийн улс орнуудын хувьд мал эмнэлгий гэрчилгээнд “Бэлчээрийн төлөв” гэсэн заалт оруулсан улс нэг ч байхгүй. Яагаад гэвэл тэдэнд тий шаардлага байхгүй.  Бэлчээрийн мал аж ахуйтай орнууд цөөнгүй байгаа ч тэдний хөгжил доогуур байна.

Манай эхлэн энэ шинэ загварыг оруулах гэж байгаа цөөхөн улсуудын нэг. Энэ мэдээлэлд Бэлчээрийн мониторрингийн үр дүн, Геодизи зураг зүйн газрын мэдээллийн сан дээр тулгуурласан үзүүлэлт гарч ирэх юм. Ингэснээр монгол малын бүтээгдэхүүн бол байгалийн цэвэр, органик гэдгийг батлан харуулах юм. Кодыг уншуулахад датанууд гарч ирнэ. Төв суурин газар юмуу, уул уурхайн улмаас эвдэгдсэн газарт бэлчиж байсан уу эсвэл уулын  нугад таван зүйлийн эмийн ургамалаар хооллож  байсан мал уу гэдгийг систем харуулж чадна. Бид тэр датаг ашиглан гадаадын зах зээлд монгол малын мах байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг баталж, түүнийгээ зарлах юм.

“Хаанаас гаралтай, ямар хүнс идэж байгаагаа мэддэг байх нь их чухал”

Үйлдвэрлэлд ямар үйл явц өрнөх вэ гэвэл малчны хотноос ээмэглэгдсэн мал тээвэрлэгдэж үйлдвэрт ирэхэд нь нөгөө төхөөрөмжөөрөө кодыг уншуулна. Тэр нь уг бараа бүтээгдэхүүний “Бар код” болон хувирч, гулуузан дээр зүүнэ. Гулуузыг олон хэсэг болгосон ч хэсэг тус бүрт нь дагалдана. Энэ бар кодыг хэрэглэгчдэд зориулж байгаа юм. Хэрэглэгчдэд зориулсан апликейшнийг монгол инженерүүд бүтээчихсэн байгаа. Ухаалаг утасны Play store дээрээсээ татаад авчихна. Үндсэн мэдээллүүд уншигдана. Нэмэлт мэдээлэл хүсвэл систем рүү хандаад илүү ихийг мэдэж болно. Хамгийн гол нь одоо хэрэглэгчийн гар дээр баталгаажсан бүтээгдэхүүн санал болгодог болно.

Зах зээл дээр кодлогдсон бүтээгдэхүүн,  кодлогдоогүй бүтээгдэхүүн аль аль нь байна. Мэдээж хэрэглэгчийн сонголт. “Ард түмэндээ итгэж байна” гээд захаас худалдан авалт хийх эсэх нь хэрэглэгчийн сонголт. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал маш чухал болсон цаг. Үр хүүхдийнхээ, гэр бүлдээ санаа тавьдаг бол хаанаас гаралтай, ямар хүнс идэж байгаагаа мэддэг байх нь их чухал. Нөгөө талаар асуудал үүсвэл хариуцлага тооцох тодорхой эзэнтэй байх нь чухал гээд кодлогдсон бүтээгдэхүүн худалдаалдаг газраас очиж авах эсэх нь тухайн хүний сонирхол хүсэл.

Ямартай ч, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг тандаж үзвэл хүмүүс тодорхой бүс нутаг, аймаг сумаас гаралтай бүтээгдэхүүнийг эрэлхийлдэг нь нотлогдсон. Тиймээс олон талын туршлагыг судалж үзээд ХХААХҮЯ, Мал эмнэлэг  үржлийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг  “Ногоон алт” төсөл хамтран энэхүү веб технологид суурилсан системийг зохион бүтээсэн юм. Нөгөө талаар гадаад экспорт тасралтгүй үргэлжлэх боломж нээгдэнэ” гэлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close