Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Н.Ганхуяг: Бид бэлчээрээ доройтуулахгүй,  ирээдүйдээ  үлдээхийн төлөө ажиллаж байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хамтран Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Эрүүл бэлчээрийн төлөө 10 жил хамтдаа” уриатай зөвөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Монгол Улсын баруун, зүүн хязгаар, өмнийн говиос малчдын байгууллагын төлөөлөл болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчиддөө баярлалаа. Бид энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг “Эрүүл бэлчээрийн төлөө 10 жил хамтдаа ажилласан малчдын байгууллагууддаа баярын мэнд хүргэе” гэсэн сэдвийн дор зохион байгуулж байна.

Өнөөдөр малчдын байгууллага үүсч хөгжөөд 10 гаруй жил болсон байна. Архангай аймгийн Ихтамир суманд анхны Бэлчээр ашиглагчдын бүлгүүд байгуулагдаж, өргөжин улмаар анхны Бэлчээр ашиглагчдын холбоог байгуулж байсан. Дараа нь Завхан аймгийн Тэлмэн, Төв аймгийн Өндөр ширээт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад энэ үйл ажиллагааг эхэлж байсан. Ховд, Увс аймагт тодорхой хэмжээний төлөөллүүд үүссэн. 2017 оноос төвийн болон зүүн бүсийн аймгуудад төсөл маань хэрэгжиж малчдын байгууллагууд бий болж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 160 гаруй суманд бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсан. 87 суманд сумын анхан шатны хоршоод, 11 суманд Хадгаламж зээлийн хоршоо, 1400 орчим Бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдсан. Энэ хүрээнд 63.5 мянган малчин өрх гишүүтэй, өнөр өтгөн  байгууллага болж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо гэдэг нэг дээвэр дор мэргэжлийн байгууллагын хэмжээнд ажиллаж байна.

Ингэснээр Ноос ноолуурын холбоо, Арьс ширний холбоо зэрэг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад холбоодуудтай  хамтран ажиллаж, хөгжлийн шинэ шатанд хүрч байгаадаа баяртай байна. Холбоо байгууллагууд өргөжихийн хирээр гадаадын болон дотоодын байгууллагууд бидний зүг анхаарлаа  хандуулж, төрийн ажил үйлчилгээнд оруулж байна.

Иймд өнөөдөр хүрэлцэн ирсэн анхдагч нарт хүндэтгэл үзүүлж байна. Учир нь иргэний нийгмийн байгууллага ийм хэмжээнд ажилладаг болно гэдэг амаргүй ч урт удаан хугацаанд хамтдаа ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн 18 аймгийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр биднийг үзэсгэлэнт Хөвсгөл далайн эрэг дээр хүлээн авсан Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, сумын бэлчээр ашиглагчдын холбооныхондоо баярласан талархсанаа илэрхийлж байна” хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Г.Энхболд, Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар, НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн н.Гэрэлт-Од, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУ-ын зөвлөх инженер проф. Доктор Г.Надмид, Ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, ХХАХҮЯ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Сонгууль, ХХАХҮЯ-ны Гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн А.Нансалмаа, Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн зохицуулагч Т.Энхжаргал, тус төслийн Ноос ноолуурын зөвлөх н.Хишигжаргал болон 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооныхон оролцсон юм.

Зөвлөгөөнд оролцогч аймаг сумдын төлөөллүүдийг танилцуулсаны дараа Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг үйл ажиллагааны цар хүрээ, цаашдын зорилго зорилтын талаар анхны мэдээлэл өгснийг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Бидний үйл ажиллагаа явуулж байгаа 186 сум Монгол Улсын 21 аймгийн нилээдгүй газар нутгийг хамарч 127 мянган малчинтай хамтран ажиллаж байна. Нэг бэлчээр ашиглагчдын хэсэгт 30-40 өрх байдаг. 35 мянган га бэлчээрийг  хамарч 25-26 мянга орчим толгой  малтай, Дундын мөнгөн сан 3-4 сая төгрөгтэй болжээ.

Манай холбооны хамгийн гол хамтрагч нь Швейцарийн  хөгжлийн агентлагийн  Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл. Энэ төслийн хүрээнд бид гурван томоохон сэдвийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Тодруулбал, бэлчээр ашиглагчдын хэсэг, бэлчээр ашиглах гэрээгээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгохоор зорьж байна. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Малын эрүүл мэндийн эргэн  мөшгих тогтолцоо гэсэн гурван том сэдвийн хүрээнд ажиллаж байна.

Сургалт зөвлөгөөнийг баг, суманд малчдад хүргэхээс гадна энэ оноос интернэт, цахим орчинг ашиглан сургалт зөвлөгөөнийг явуулж байна. Мөн бид 18 аймгийн Засаг дарга нартай 4 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Аймгийн Засаг дарга нар гэрээний хүрээнд хүлээсэн үүрэгтэй ажиллаж байна. Энэ хүрээнд хийж  байгаа нэг гол ажил нь аймгийн болон сумын хэмжээнд бэлчээрийн менежментийг сйажруулах ажлын хэсгийг чадавхижуулахад анхаарч ажиллаж байна. Тэд та бүхний түшиж тулах төрийн байгуулагуудын төлөөлөл байх юм.

Улсын хэмжээнд хийж байгаа өөр нэг томоохон ажил нь бэлчээрийн хяналт үнэлгээ юм. Хэсэг бүлгийн улирлын бэлчээрийн фото мониторингийн цэг тогтоон судалгаа явуулж байна. Ингэснээр тухайн бэлчээр соргог байгаа юмуу , дунд зэрэг доройтсон байна уу, илүү их доройтсон байна уу гэдгийг тогтоож, түүнийгээ сэргээн сайжруулах мониторингийн чухал мэдээлэл хийж байна. Мөн хэсэг бүлгийн хэмжээнд гар зураг гарган түүнийгээ  нийлүүлж, бэлчээр ашиглагчдын төлөвлөгөөг гаргаж, сумын ИТХ-аар батлан хэрэгжүүлэхэд анхаарч байна. Хэсэг бүлгүүд бэхжиж, хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, малын эрүүл мэнд чанарыг сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр голчлон ажиллаж байна.

Хэсгийн малчид маань нэг хүний хүч хүрэхгүй ажлыг хамтран хийж байна. Бэлчээрийн сэлгээ нүүдлийг хамтын оролцоотой зохион байгуулж, хэсэг бүлэг бүр хамтын мөнгөн сантай болсон байна. Шинэ аймгууд маань дундын мөнгөн сайн байгуулахаар идэвхитэй ажиллаж байна. Ялангуяа Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгууд хамтын  мөнгөн сангаа бүрдүүлээд дууссан. Одоо шинэ аймгууд болох Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгууд хамтын мөнгөн сан байгуулах ажлыг эрчимжүүлээд байна.

Одоогийн байдлаар 3.6 тэрбум төгрөг хэсэг бүлэг буюу малчдын гар дээр эргэлдэж байна. Хэдийгээр хэсэгтээ очиход бага мөнгө болдог ч гэлээ хүмүүс хоорондын итгэлцэлийг бий болгож, малчын байгууллагын байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй ажил юм. Тиймээс шинэ аймгууд энэ жилдээ багтаад дундын сангаа бүрдүүлэх ажлаа эрчимжүүлээрэй, төслийн зүгээс оруулах хувийг төлөвлөчихсөн байгаа.

Малчдын бичил төслүүдийг бид дэмжин  ажиллаж байна. Өнгөрсөн жил 60 орчим төслийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн аймаг сумдын ИТХ, УИХ-тай хамтран бичил төслийн уралдаан зарласан. Энэ хүрээнд 70 төслийг  шалгаруулж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил хийсэн сургалтын хүрээнд энэ жил малчин эмэгтэйчүүдийн урласан бүтээгдэхүүнийг Улаанбаатар  хотын иргэдэд хүргэх ажлыг төлөвлөн эхлүүлсэн байна.

Аймаг сумын ИТХ-ын гол асуудал нь бэлчээр байдаг. Тиймээс бэлчээрийн асуудалд анхаарал хандуулж туршлага хуваалцах аялалыг зохион байгууллаа. Энэ хүрээнд бид өнөөдрийг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тун удахгүй Өмнөговь аймагт “Нүүдэлчин малчдын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулна.

Хоршоодын  борлуулалт жил бүр нэмэгдэж, жилд 5.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, боловсруулах үйлдвэрүүдэд сарлагийн хөөвөр, торомны ноос, хонины ноос бэлтгэж өгч байна.

Монголдоо анхдагч болж малын гарал үүслийн мөшгих тогтолцоогоор хэрэглэгчдэд чанартай шинэлэг бүтээгдэхүүн нийлүүлэхэд  анхаарч ажиллаж байна. Бид өнгөрсөн онд 2 мянга орчим төлөг гарал үүсэл нь баталгаатай байдлаар Үндэсний үйлдвэрт нйилүүлсэн. Энэ жил Дельта компанитай хамтран Архангай, Хөвсгөл аймгуудын гэрээ байгуулсан хэсэг бүлгээс Улаанбаатар  хот руу гарал үүсэл баталгаатай мах нийлүүлнэ. Дельта компанийн худалдааны төв ирэх намдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод нээлтээ хийх гэж байна.

Өнөөдөр 1362 хэсэг бүлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 800 нь бэлчээр ашиглах болон мониторингийн гэрээг байгуулсан байна. Энэ гэрээнүүд Газрын  харилцаа, геодизи зураг зүйн газарт бүртгэгддэж байгаа. Ингэснээр газрын харилцааны явцад малчдын эрх ашгийг хамгаалж, гэрээт бэлчээрт уул уурхай болон өөр үйл ажиллагаа явуулах асуудал үүсэхгүй болох юм.

11 аймгийн 818 хэсэг дээр 125 дундын сангийн тусгай данс нээж, 22 мянган малчин өрхийн 3.6 тэрбум төгрөгийг цуглуулсан байна. Сумын 155 холбоо байгуулагдсан байна. Энэ байгууллагууд маань гадна дотны санхүүжилтээр 3.6 тэрбум  төгрөгийг жилд бэлчээрт оруулж байна. Холбоодын гишүүд 63.5 мянга болж, хоршоо 87, хадгаламж зээлийн 11 хоршоонд 12 мянган малчин өрх нэгдэж, 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Эдгээр хоршоод дээр 300 орчим байнгын ажилтай, түр ажилтай 430 орчим хүн байна. Жилийн дундаж  орлого 3 тэрбум орчим төгрөг болж, жилд 4 сая төгрөгийн татварийг улсад төлж байна.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас Нүүдэлчин малчдын мэдээллийн сан бүрдүүлэх төслийн ажлыг хийж байна. Энэ төслийн хүрээнд малчин өрх болгоноос судалгаа авч, томоохон хэмжээний мэдээллийн санг бий болгоно. Ингэснээр Монгол Улсад малчид болон бэлчээр ашиглалт, малчдын байгууллагын талаарх мэдээллийн томоохон сан бий болох юм. Энэ нь малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн мөшгих тогтолцоонд  оролцох гурван том мэдээллийн сангийн  нэг болно. Мал эмнэлгийн газар, ХХААХҮЯ, Газрын харилцаа геодизи зураг зүйн газар дээр  нэг манай дээр нэг байх юм.

Мөн бид “Хил хязгааргүй малын эмч, аграномик” гэдэг байгууллагтай хамтраад Архангай, Говь Алтай аймагт торомны ноос, сарлагийн хөөврийн нэмүү өртөгийг нэмэгдүүлэхээр гарал үүслийн баталгаатай, олон улсын зах зээлд гаргах төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Ноос ноолуурын холбоо, Арьс ширний холбоо, Банкны холбоо зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж  байгаа.

Өнгөрсөн жил “Газрын олон улсын эвсэл”-д бүртгэгдсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ХХААХҮЯ-тай хамтраад Малчдын улсын зөвлөгөөн, Бэлчээрийн үндэсний форумыг амжилттай зохион байгуулсан. Нүүдэлчин малчдын нэг өдөр, Сарлаг фестиваль, Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвөлгөөнийг зохион байгуулсан. Энэ жил сарлаг дэд хөтөлбөр хэрэгжихэд их ойрхон болсон. Учир нь ХХААХҮ-ын яамтай хамтраад Малчдын зөвөлгөөнийг зохион байгуулж, Бэлчээр хамгаалах хуулийн төслийг хэлэлцүүлсэн.

Саяхан манай улсад зохиогдсон Олон улсын хөдөө аж ахуйн чиглэлээр хуралдсан хуралд анх удаа малчин хүн буюу Баянхонгор аймгийн Богд сумын хэсгийн ахлагч нээж үг хэлсэн. Ингээд бид малчдын байгууллагынхаа дуу хоолойг дотооддоо болон гадаадын байгууллагууд хүргэж явна.

Өнгөрсөн жил Өвөрмонголын Ордос хотод бэлчээрийн  цөлжилтийн талаар хэлэлцсэн. Саяхан Япон улсад очид Зүүн өмнөд Азийн  улс орнуудын нэгдсэн хуралд оролцлоо. Энэ бүхнийг www.greenmongolia.mn цахим мэдээллийн сайт, болон Greengold фейсбүүх хуудсанд маш сайн мэдээлж байгаа. Та бүхэн ч өөрсдийн мэдээллээ сайн оруулж байгаарай гэдгийг дашрамд хэлье.

Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг нь бэлчээрээ хамтарч ашиглаж, хамгаалдаг, ялангуа малын бэлчээрээ дундаа ашигладаг хүмүүс. Иргэний хуулийн 401.1, Газрын тухай хуулийн 52.2-оор зохицуулагддаг бэлчээрээ урт удаан хугацаагаар гэрээгээр ашиглах боломжтой тул бид энэхүү бэлчээр ашиглах гэрээн дээр хамтран ажиллаж байгаа. Энэ нь цаашдаа малчдын байгууллага оршин тогтнох, Монгол Улс бэлчээртэй байх, байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүнээр олон улсын түвшинд гарах зэрэгт чухал үүрэгтэй юм.

Тиймээс хамгийн анхан шатны хэсэг бүлгийн зохион байгуулалтыг зөв хийчихвэл цаашдаа  зөв замаар явна. Хэсэг бүлгийн үйл ажиллагааг дэмжихийн тулд суман дээр Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байна. Энэ холбоо нь малчдын эрх ашиг, сонирхолыг хамгаалах иргэний нийгмийн маш хүчтэй төлөөлөл байх юм. Энэ бол олон улсын жишиг. 10 гаруй жилийн өмнө анх биднийг ингээд ярьж байхад хүмүүс бэлчээр нутгийн талаар ярьдаггүй, тоодоггүй байсан.

Одоо төрийн удирдалгууд ойлгож,  Монгол Улсад бэлчээр хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна. Мөн бизнесийн хоршоод, Хадгаламж зээлийн хоршоо нь бэлчээр ашиглах гэрээг дэмжих байгууллагууд гэж ойлгож болно. Тэд бэлчээр ашиглах хэсэг бүлгүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах загваруудыг гаргасан. Тухайлбал, хэсэг бүлгүүдийн орлого гэхэд биет болон биет бус, мөнгөн хөрөнгө, төслийн дэмжлэг, хамтран хийсэн ажил, хоршооны борлуулалтын орлого, дундын сангийн өсөлтийн хурд, ХЗХ-ны Эрсдэлийн сангаас Хэсгийн мөнгөн сан бүрдэж байна. Мөнгөгүй бол ажил хийх нь амаргүй шүү дээ.

Манай холбоо гишүүдтэй байгууллага учрас тодорхой татвартай. Хуучин нэг  аймаг жилд  малчдынхаа өмнөөс сая төгрөгийн татвар төлдөг,  Хоршоод тэр хэмжээний татвар төлж байгаа тиймээс шинэ аймгууд одооноос энэ ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Хуучин аймгууд түүхий эдийн борлуулалтын орлогоос татвар төлдөг. Тушаасан ноос ноолуураас нь нэг кг ийг нь татварт авдаг. Бэлчээр ашиглагчдын холбооны санхүүжилтийн загвар нь мөн гарсан.

Манай холбооны нийт орлого иргэний зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой Аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, Ноогдол ашгийн орлого, Хадгаламжийн хүүгийн орлого,  Төсөл хөтөлбөрийн санхүүжилт, Хандив, Татвар зэргээс бүрддэг. Цаашдаа бид он удаан жил ажиллахын тулд төсөл хөтөлбөрүүдийг илүү сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бид бэлчээртээ өөриймсөг ханддаг, байгалийг талхалсан бол эдийн засгийн хариуцлага хүлээдэг, ингэснээр малын тоог өсгөх биш, чанар бүтээмжийг сонирхдог болгох нь чухал юм. Үүнийг хэрэгжүүлэх нэг гол механизм нь бэлчээрийн төлбөр хураамж. Энэ ажлыг өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал санаачлан аймгийнхаа Бэлчээр ашиглагчдын  холбоотой хамтран Бэлчээр ашиглалтын хураамж авах журмыг батласан. Журмыг аймгийн ИХ-аараа баталж, загвараа Багийн иргэдийн нийтийн хурлаараа баталж, одоогоор 10 суманд сургалт мэдээлэл өгсөн байна.

Малчид энэ жилийн сүүлээс бэлчээр ашигласны хураамжаа төлж, Бэлчээрийн санд төвлөрүүлнэ. Энэ  сан нь сумын бэлчээр ашиглагчдын холбоон дээр байрлана. Баянхонгор аймгаас эхлүүлсэн энэ санаачлагыг одоо Архангай, Завхан, Увс аймгууд хэрэгжүүлж, Говь алтай аймаг хэрэгжүүлэхээр сонирхож байна.

Мөн Бэлчээр ашиглалтын хоёр шатлалт гэрээг өргөжүүлээд явж байна. Хоёр шатлалт гэрээ нь  нэгд тэр хэсэг бүлгийг бэлчээрийг баталгаажуулж өгч байна.  Тухайлбал, 20-30 өрх тэдэн га бэлчээрийг 15 жилийн хугацаанд ашиглах ёстой гээд батлагаажуулж өгнө. Хоёрт, энэ  бэлчээрт малын тоо  толгойг хэрхэн зөв зохистой байлгаж, зөв ашиглах вэ гэдэгт менежмент хийх эрх, үүрэг олгож байгаа юм. Энэ хүрээнд аймаг сумын газрын даамлууд сургалтад хамрагдсан. Тэд сумандаа бүртгэлжүүлэх боломжтой болсон.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх талаар дараагийн хүн дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Хамгийн гол нь бидний хийж байгаа энэ бүх ажлууд мэдээж малчин түмний сайн сайхан  амьдралын төлөө чиглэгдэж байгаа. Түүнчлэн байгаль орчин бэлчээрээ доройтуулахгүй байснаар одоо цөлмөж дуусгалгүй ирээдүйд  үр хүүхэддээ байгаагаар нь үлдээхийн төлөө ажиллаж байна.

Та бүхэн ч  гэсэн олон улсын хэмжээнд сайн дурынхан гэж нэрлэгддэг хүмүүс.  Энэ нь  нэг талаар хүн болж төрснийхөө хувьд нийтийнхээ төлөө, байгаль орчин, эх дэлхийнхээ төлөө хийх  маш сайхан ажил билээ. Бидний хийж байгаа бүх  ажил Монгол Улсынхаа болон сум аймгийнхаа, малчдынхаа сайн сайхны төлөө чиглэгдэж байдаг. Хэсэг бүлгийн хил татах, бэлчээрийн фото мониторинг хийх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, улсдаа орлого оруулахад чиглэж байна.

Тухайлбал, фото мониторингийн цэгийг мэдээлснээр уг бэлчээр соргог юм уу, өөрчлөгдсөн юм уу гэдгийг тодорхойлсоноор бүтээээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно. Орчин үеийн хэрэглэгчид дандаа түүх сонирхдог болсон. Тиймээс бид энэ түүхийг шингээж өгснөөр олон улсад борлуулагдаж байгаа Монголын маань бүтээгдэхүүнүүдийн үнэ өртөг, нэр хүнд өснө.

Бид багийн зохион байгуулалтаар ажилладаг. Манайд удирдлага санхүү, үйлчилгээний  ложистик хариуцсан хэсэг, технологи, малчдын байгууллагынхаа хөгжлийг хариуцсан хэсэг, хоршоо маркетингаа хариуцсан  хэсэг, сургалт мэдээлэл олон  нийттэй харилцах багтай. Нэгдсэн холбооны удирдах зөвлөлд   21 байгаа. Нийт 29 хүнтэй байх юм.

Түүнчлэн Холбоо маань Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөлтэй. Салбарын танигдсан хүмүүс бодлогын зөвлөлд ордог. Гишүүд маань аймгийн холбоо, сумын холбоо, хэсгийн малчид, дундын хоршоо, анхан шатны хоршоод, иргэн аж ахуйн нэгж байгууллага гэсэн бүрэлдэхүүнтэй. Гүйцэтгэх багт 20 гаруй хүн ажилладаг, 60 орчим байнгын болон түр зөвлөхүүд ажилладаг.

Бидний дор байнгын болон түр бүтэцтэй Хадгаламж зээлийн хоршоо, дундын хоршоо ажиллаж байна. Зөвлөгөөний чиглэлээр ажилладаг мэргэжлийн үнэлгээ хийдэг, залуу судлаачдын клуб үйл ажиллагаа явуулж байна.

Хүндэт гишүүн 3 байдаг. АНУ-ын  Торнадогийн судлагааний  хүрээлэнгийн америк иргэн Брендон, Ногоон алт төслийн удирдагч н.Энх-Амгалан, судлаач  н.Булгамаа, Англид торомны ноосыг сурталчилах ажлыг хийж байгаа Мейси Жонсон нар байна. 1500 орчим дэмжигч гишүүд, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид ажилллаж байна.

Энэ дашрамд өгүүлэхэд манай  холбоо хэд хэдэн төсөлтэй хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран Хот орчмын бэлчээрийн төслийн судалгааны ажлыг хийсэн. Бид цаашдаа ч хамтран ажиллана. Оюутолгой  компанитай хамтран Говийн Оюу төслийг Өмнөговь аймгийн тодорхой сумдад хэрэгжүүлж байна.

“Баян Айраг” уул уурхйн компанитай хамтран уул уурхайн дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийг Завхан аймагт хэрэгжүүлж байна. ХХААХҮЯ тай хамтран хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close