ХАА-н салбарЯрилцлагаМБАНХGreengoldЭдийн засагОнцлох

А.Даваадалай: “Малын цахим худалдааны зах” хоршооны үйл ажиллагааг илүү хялбар болгож байна

Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, малчид болон хоршоодын хамтын ажиллагааг дэмжиж, хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжийг хониор баталгаажуулсан “Малын цахим худалдааны зах”-ын анхны хамтрагч Дунговь аймгийн Дэрэн сумын “Буянт хан Түмэн сүрэг” хоршооны дарга Аншингийн Даваадалайтай ярилцсанаа хүргэж байна. Тус хоршооны хувьд цахим системийг ашиглан эхний ээлжинд 1000 хонийг туршилтаар худалдаалж, үр өгөөжийг нь хүртээд байгаа юм.  

-Таны хувьд хоршоо байгуулах шалтгаан юу байсан бэ?

-Малчдын хувьд хоршоо байгуулах нь нэн чухал, олон асуудлыг шийдэх арга зам болоод байна. Учир нь өнөө цагт ихэвчлэн айл өрхийн тэргүүн, аавууд л хөдөө мал дээр гарсан байгаа. Эхнэр нь үр хүүхдүүдээ хараад гэрээсээ хол суманд, аймгийн төвд эсвэл хотод очиж амьдрах болсон. Хүн хүч багатай залуу малчид маань бие биедээ тусалж, ажлаа хөнгөвчилж, илүү түргэн бүтээмжтэй байх шаардлага бий болчихлоо.

Ийм нөхцөлд хоршоо байгуулснаар хэдэн малаа ганцаараа маллаж, нэг нэгээрээ хийж амжихгүй, барахгүй байгаа ажлаа хамтраад хийх боломжтой болох юм. Ажил нь хөнгөвчлөгдөөд ирэхээр залуу малчид маань гэр бүлдээ зарцуулах цаг зав нь ч их болно. Манай хоршооны гишүүд хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг 1-2 өдөрт л амжуулж байна. Тиймээс бид хоршоогоо илүү өргөжүүлж, олон хүнийг хамруулж, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч байгаа.

-Орон нутагт ажиллаж байгаа хоршооны хувьд тулгамдаж байгаа асуудал нь юу байна?

-Орон нутгийн хувьд мөнгөн дэмжлэг гэхээсээ илүү бодлого шийдвэрээр дэмжиж, ямар ажил хийвэл малчид хамтран нэгдэж хорших боломжтой болох талаар сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Малын бүх төрлийн түүхий эдийг бэлтгэх болон чанарт анхаарсанаар гарах үр дагавар ач тус зэргийг ойлгуулсан сургалтууд хэрэгтэй. Мөн хоршоодоос нэгдсэн зохион байгуулалттайгаар орчин үеийн техник технологийг ашиглах асуудлыг нэн түрүүнд шийдэж, ингэж ажиллах боломжтой гэдгийг харуулсан жишиг загвартай болох нь чухал.

-Таны хоршооны жишиг загвар нь юу байгаа вэ?

-Манай хоршоо 2019 оноос махны чиглэлийн “Цөм сүрэг” үржүүлэхэд анхаарч, ашиг шимтэй, зах зээлийн эрэлтэд нийцсэн хурганы махыг худалдаанд гаргахаар зорьж байна. Зөвхөн хоршооны хүрээнд эхэлсэн “Цөм сүрэг” бий болгох ажил маань малчдын сэтгэлд нийцсэн үр дүнг харуулсан тул манай сумын бусад малчид сонирхож, дэмжиж эхэлсэн. Харин сум орон нутгаас “Цөм сүрэг” өсгөж үржүүлэх газар нутгийг илүү далайцтай томоор гаргаж өгвөл дэмжлэг болох гээд байна. Түүнчлэн одоо бидний хамтран ажиллаж байгаа “Малын цахим худалдаа зах” маань хоршооны үйл ажиллагааг маш ихээр хөнгөвчилж байна.

-Танай  хоршооны үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчилсөн талаар тодруулбал?

-Манай хоршооны айл өрхүүд товлосон цагт малаа бэлдээд захиалагчид зарснаар зөвхөн мөнгөө л тоолж авна. “Малын цахим худалдааны зах” маань бидний өмнөөс нь малыг маань борлуулаад өгчихнө. Цахим худалдаагаар малаа борлуулах эргэх холбоо тасралтгүй үргэлжилж, шууд малчдынхаа гар дээрээс малаа эрүүл чанартай байдлаар хэрэглэгчид нийлүүлэх боломж бүрдлээ.

Малчид маань ченжүүдэд мал, махаа өгөхдөө үнэ ханшийг нь буулгуулдаг асуудал ч байхгүй болно. Тэгэхээр аль аль талдаа  уялдаатай ажиллаж байгаа болохоор их зөв, гоё ажил болохоор байна. Манай хоршооны малчдын дийлэнх нь мянга гаран малтай. Ер нь 800-аас дээш тоооны малтай байж л малчин хүн санхүүгийн хувьд боломжийн амьдрахаар байгаа өнөөгийн нөхцөлд энэ бол том боломж. Нөгөө талаар бэлчээр нутгаа хамгаалж, бэлчээрийн даацдаа тохирсон мал маллахад анхаарах болсон энэ цаг үед тоо биш чанар чухал.

Тэгээд ч хот хөдөөгүй цахимаар бүх ажлаа амжуулдаг болсон давуу талыг ашиглаад “Малын цахим худалдааны зах”-аар дамжуулан, үнийн тогтвортой байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай мал, махыг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа нь бүх талаараа маш сайхан ажил юм. Цаашид эхлүүлсэн ажлаа тогтвортой хөгжүүлж, өргөжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал.

-Ямар дэмжлэг байвал зохих вэ?

-Монгол орны хаана ч тэр малын тоо толгой, байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн даац, хомсдол их болсон.  Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд орон нутгаас байгаль орчин болон малчдын амжиргааг дэмжих энэ төрлийн төслүүдийг бүх талаар нь дэмжиж өгөх нь зөв болов уу.  Ер нь хүмүүс нэг л ойлгоод явчихвал мал, мах гэдэг хүний байнгын хэрэгцээ шаардлага. Хэрэглэгч мал, мах авна, зарим нэг нь цахим орчинд борлуулалт хийх зэргээр мөнхийн эргэлттэй байх туд зөвхөн хониор хязгаарлагдахгүй. Цаашлаад үйл ажиллагаа улам өргөжин тэлж, бусад малын мах болон сүү цагаан идээг хэрэглэгчийн гар дээр шууд хүргэдэг болно.

-Энэ системийн давуу талыг хэрхэн мэдэрсэн бэ?

-Хоршоонд нэгдсэн малчдын хувьд амар хялбар ажил болжээ гэдгийг онцгойлон хэлж байгаа. Яагаад гэвэл малчдын амьжиргаа маш хурдан дээшилэхээр байна. Илүү сайн ойлгуулахын тулд цахим худалдааны талаарх сургалт, зөвлөгөөн явуулах шаардлагатай гэж харж байна. Хоршооддоо ч илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд явбал үр дүнтэй болно. Бидний хувьд тогтсон ханшаар өгчихөж байгаа болохлоор санаа зовох юм байхгүй, малчид маань үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байна. Хамгийн чухал нь хоршоо болон хоршоонд байгаа малчдыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийснээр эргээд бэлчээр, байгаль орчноо хамгаалахад тус болох юм шүү дээ.  

-Цахим худалдаанд хөрөнгө оруулагчийн сонголтоор малчнаас худалдан авсан малыг тусгай малчнаар маллуулах боломж нээлттэй байгаа. Магадгүй танай хоршоонд ийм санал тавибал хүлээн авах уу?

-Манай говь нутгийн хувьд бэлчээрийн хомсдол их болчихсон. Ийм нөхцөлд цахим малын худалдаанд зориулсан таваарын малыг маллахад зардал өндөр гарах магадлалтай ч хөрөнгө мөнгийг нь гаргаад зөв зохион байгуулж чадвал боломжгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь миний яриад байгаа орон нутгийн дэмжлэг энэ ажлыг хийхэд илүү хэрэгтэй. Хэдэн мянган таваарын мал маллах газрыг шийдэхийн тулд малчдынхаа малын бэлчээрийг тахлахгүй байхад анхаарах нь чухал.

-Малын худалдааны цахим захын нэг оролцогч нь мал эмнэлэг. Тэр утгаараа хоршоод мал эмнэлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллавал болохоор байна?

-Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарт цахим технологи нэвтэрч илүү амар хялбар болсон. Мал эмнэлгийн цахим систем нь бидний давуу тал. Манай хоршоод орон нутгийн малын эмчтэйгээ л харилцдаг. Мал эмнэлгийн хувьд өөрийн харъяа бүх нэгжийн айл өрхүүддээ нэг бүрчлэн хүрч улсаас үнэгүй тараагддаг вакцин, туулга, тарилга бүгдийг нь яг хүрч хийж чадаж байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Тэгвэл энэ системд хамтрагч болсноор  мал эмнэлэг нь хоршоогоо, хоршоо нь  мал эмнэлгээ гэсэн зарчмаар харилцан хамтын ажиллагаатай хэн хэнийгээ хянаад явчихвал илүү үр дүнтэй болно.

-“Малын цахим худалдааны зах” хоршооны үйл ажиллагааг хөнгөвчилсөн талаар дээр дурьдсан шүү дээ. Энэ талаар онцолвол?

-Манай хоршоо 1000 хонийг цахимаар борлуулах ажлыг эхний ээлжинд туршилтаар хийж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ ажил хоршооны борлуулалтын үйл ажиллагааг илүү амар хялбар болгосон тул илүү олон тооны мал нийлүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа манай хоршоотой хамтрах ажил маань улам өргөжиж, улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа бусад хоршоо, малчин өрхүүд нэгдэж цахим худалдааг үйл ажиллагаандаа нэвтрүүлээсэй гэж хүсэж байна.

Орчин үеийн технологи ашиглан хийгдэж буй энэ ажил маань олон гар дамжсан дамжлагаас үүдсэн үнийн өсөлтийг зогсоох эдийн засгийн зөв эргэлтийг бий болгочихлоо. Энэ эргэлтийн үр өгөөжийг түшиглэн байгаль орчноо хамгаалахаасаа гадна малчдын санхүүг тогтмол дэмжиж, хэрэглэгчдэд чанартай хүнс тогтсон үнээр нийлүүлэх боломжтой. Малчны хотноос хэрэглэгч таны гарт чанартай, 100 хувь органик махыг хүнсэндээ хэрэглэх боломжийг бүрдүүлж, энэ төсөлд хамтран ажиллаж байгаа бүх ААН байгууллагууд, хоршоодод амжилт хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close