ЯрилцлагаFocus

Ж.Алтантулга: Гурав дахь үеийн цэргийн хүн болсноороо бахархдаг

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын офицер ахлах дэслэгч Ж.Алтантулгатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалан овогтой Алтантулга гэдэг. Би 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар бүрэн дунд сургуулийг төгссөн. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний хувьд Зэвсэгт хүчинд найм дахь жилдээ ажиллаж байна.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт, бидний ярьж хэвшсэнээр гурав, дөрөвдүгээр хороололд хүүхэд нас минь өнгөрсөн. Тэгэхээр унаган хотынх болж таарна. Хүүхэд байхын л их хөдөлгөөнтэй, биеийн тамирын хичээлээс бусад хичээлдээ дургүй хүүхэд байв. Хоёр өвөө минь цэргийн хүмүүс байсан. Аав минь бас цэргийн хүн болохоор хүүхэд ахуйгаасаа цэргийн амьдралтай их ойрхон өссөн. Энэ маань ч цэргийн мэргэжил сонгож удам дамжсан офицер болоход ихээхэн нөлөөлсөн байх. Багаасаа өвөө, аавыгаа харж өссөн болоод ч тэр үү цэргийн хүмүүс их дотно санагддаг байсныг нуух юун.

-Цэргийн хүн болох шангаа ингэж л татсан байх нь…

-Би ерөнхий боловсролын сургуулиа 2013 онд төгссөн. Намайг төгсдөг жил аав маань ОХУ-д суралцахаар болж би аавтайгаа хамт хойд хөршийг зорьсон. Нэг жил орчим хугацаанд гадаад хэлээ сайжруулаад Монголдоо буцаж ирсэн. Ирээд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж цэргийн хэргийн анхан шатны мэдлэгийг олж авсан.

2014 онд гадаадын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, улмаар Канад Улсын эзэн хааны нэрэмжит Цэргийн их сургуульд суралцахаар явсан юм. Эхний дөрвөн сар хэлний бэлтгэлд хамрагдаж амжилттай төгссөн тул үндсэн сургуульдаа элсэн орж, 2015-2019 оны хооронд бакалаврын боловсрол эзэмшсэн.

Монгол Улсаас Канад Улсын эзэн хааны нэрэмжит Цэргийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн анхны монгол сонсогч болсон. Өмнө нь хэлсэнчлэн намайг цэргийн мэргэжил сонгож, цэргийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол миний өвөө болон аав минь. Өвөө, аавынхаа залуу нас, эрч хүчээ зориулсан тэр л үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаадаа маш их баярладаг. Аав маань одоог хүртэл Зэвсэгт хүчиндээ алба хаагаад хоёргүй сэтгэлээр зүтгэж явна.

-Хэзээнээс гадаад орон руу явж суралцах бодол төрж эхэлсэн бэ?

-Би хүүхэд байхаасаа л цэргийн хүн болно гээд ярьдаг байсан ч яг таг шийдээгүй байлаа. Харин гадаад руу явж суралцаж цэргийн хүн болох бодол Орост байх хугацаанд толгойд орж ирсэн. Энэ тухайгаа аав, ээждээ хэлтэл тэд маш их баяртайгаар хүлээж авсан. Ялангуяа манай аав. Ингээд л өөрийгөө бага, багаар бэлдэж эхэлсэн дээ.

-Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?

-2019 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Харуул үйлчилгээний тусгай ротын салааны захирагчаар томилогдсон. Тус рот нь БХЯ болон ЗХЖШ-ын харуул хамгааллатыг хариуцдаг үндсэн чиг үүрэгтэй тусгай рот шүү дээ.

-Та англи хэлтэй хүний хувьд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байгаа үеийн залуустаа зөвлөгөө өгвөл?

-Би ч хүмүүст зөвлөгөө өгөхөөр хэмжээний англи хэлтэй хүн биш байх. Гэхдээ залуу офицер хүний хувьд аливаа зүйлд манлайлагч нь байх ёстой гэж боддог. Гадаад хэлийг сурахын тулд хамгийн гол нь өөрөө өөртөө сурах чинхүү хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй. Судлан суралцаж байгаа тухайн хэлэндээ өөрөө дурлаж байж амжилтад хүрдэг тухай олонтоо сонсож байсан.

Мөн миний хувьд багаасаа англи хэл дээр хүүхэлдэйн кино үздэг байсан. Сайн ойлгохгүй ч үзээд л байх хэрэгтэй, цаагуураа чих онгойж сонсох чадвар сайжирдаг юм билээ. Бас шинэ үгийн баялаг ярианы хэлэнд маш чухал. Өдөр бүр тогтмол шинэ үг сурч түүнийгээ зөв дуудлагаар нь цээжилж байх хэрэгтэй.

Манайханд гадаад хэл сурах явцдаа гаргадаг нийтлэг алдаа бий. Тэр нь ямарваа нэг гадаад шинэ үг сурахдаа буруу дуудлагаар сонсоод цээжилчихсэн байдаг. Үүнээсээ болж ярианы хэл болон сонсголын шалгалтад ихэвчлэн алддаг. Шинэ үг цээжлэхдээ үгийн бүтэц болон үндэс язгуурыг маш сайн харж ойлгож, зөв дуудлагаар нь сурах хэрэгтэй.

Миний хувьд шинэ зүйл сурах дуртай, суралцахаас хэзээ ч татгалздаггүй. Та гадаад хэлийг сурахад хэчнээн цаг зав зарцуулна, тэр хэмжээгээрээ л үр дүнгээ өгнө. Гадаад хэл сурахад хэн уйгагүй, шантаршгүй байна түүнд л үр дүн нь харагддаг. Хэчнээн сайн сургууль, сургалтад суугаад өөрөө давтах, мэдлэгээ бататгахад цаг гаргаагүй, хичээгээгүй бол үр дүн, ахиц дэвшил харагдахгүй шүү дээ.

Гадаад хэлийг тогтмол ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй л бол төрөлх эх хэл минь биш юм хойно аажим аажмаар мартагддаг гэмтэй. Эцэст нь хэлэхэд өдөрт ядаж 30 минутыг өөртөө цэвэр зориулж гадаад хэлээ судалдаг байх хэрэгтэй. Мөн гадаад хэл шимтэн судалж байгаа хүний их, бага тархи нь хоёулаа зэрэг хөгждөг.

Та манлайлагч хүн гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Олон янзаар тайлбарлаж болно. Энэ талаар хүн бүр харьцангуй өөр өөр ойлголттой байдаг байх. Миний хувьд манлайлагч хүн бусдад үгээр бус үйлдлээрээ зөвөөр үлгэрлэж, хариуцлагаа хүлээж чаддаг, бусдыг зөвд үргэлж уриалан манлайлж байх ёстой болов уу. Миний бодлоор манлайлал гэхээр их том зүйлийн тухай ярих албагүй гэж боддог. Ядаж л хэлсэндээ хүрдэг, ажилдаа цагтаа ирдэг байх нь наад захын соёл.

Ямарваа нэгэн зүйлд буруугаа хүлээж, хариуцлагаа үүрч чаддаг байх гэх мэтчилэн өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг зүйлээс эхэлдэг болов уу. Мэдээж залуу офицерын хувьд сурч мэдэх зүйл маш их байгаа. Мөн хаяа шүүмжилмээр зүйл ч багагүй байдаг. Иймд аль болох өөрийгөө хөгжүүлж олон шинэ зүйлд суралцаж туршлага, мэдлэг, дадлага хуримтлуулахыг боддог.

Дэлхийн хаана ч, ямар ч салбарт баг хамтын ажиллагаа мэдлэг чадвар, боловсрол, харилцан итгэлцэл дээр суурилсан хамтын манлайллаар ажил урагшилдаг болсон.

-Өнөө үед мэдлэг чадвараас илүү хандлага чухал гэгдэх боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-Аливаад хандах хандлага чухал. Гэхдээ энэ нь туйлын чухал гээд бусдыг нь тоохгүй орхиж болохгүй. Төрийн алба, хувийн хэвшил хоёр хоорондоо эрс ялгаатай. Төрийн алба нь өөрөө сонгон шалгаруулалт, шатлан дэвших зарчимтай учраас мэдлэг чадваргүй хүнээр ажил хийлгэнэ гэдэг хэт өрөөсгөл юм.

Цаашлаад төрийн албанд орох сонгон шалгаруулалтаар тухайн хүний хандлагыг бүрэн тодорхойлох боломжгүй учраас харьцангуй ойлголт. Гэхдээ ажилд орсны дараа гүйцэтгэлийн үнэлгээгээр, удирдах албан тушаалтан болон хамт олны үнэлгээгээр хандлагыг үнэлж болох талтай.

Хандлагаас шалтгаалж ямар ажил хариуцуулах, цаашид шатлан дэвшүүлэх эсэх зэрэг тохирсон шийдвэрийг гаргаж болно л доо. Ямартай ч төрийн албанд мэдлэг чадвар зайлшгүй чухал, мэдээж зөв хандлага, зөв манлайлал үүний салшгүй нэг хэсэг болж байгаа.

-2023 оныг “Залуу офицеруудыг дэмжих жил” хэмээн зарласан. Бид үүнд хэрхэн ач холбогдол өгч, юунд илүү анхаарах ёстой гэж санагддаг вэ?

-Цэргийн алба хаагч бүр манлайлагч байх ёстой гэж боддог. Ямарваа нэгэн зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа, үе гэж бий. Хүн бүр манлайлагч. Бидний сонгосон мэргэжил, энэ салбар манлайллын өндөр ур чадварыг шаарддаг гэж би ойлгодог. Өдрөөс өдөрт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, хөгжлийн үр дүнд бид бүхэн манлайлагч болдог.

Бид ямарч ажлыг чин сэтгэлээсээ хийж, түүндээ дурлах нь манлайлагч болохын гол үндэс. Ирээдүйд бидний нуруун дээр Зэвсэгт хүчнийг удирдах, цаашид чиглүүлэн авч явах чухал хариуцлагатай үүрэг ирнэ. Тэр үед бид бүхий л талаар бэлтгэгдсэн байх ёстой. Үүний тулд бидэнд манлайлал, зөв үлгэрлэл хэрэгтэй.

Одоогийн XXl зуунд бид зөвхөн өөр хоорондоо өрсөлдөж, нэг нэгнийхээ дээр гарах биш хувь хүний хөгжил боловсролдоо илүү анхаарах ёстой болов уу гэж бодож байна. Нэгэнт дэлхий ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг дор бид ч мөн түүнээс хоцролгүй, дагаж өөрчлөгдөх нь нэн чухал. Хуучин болж байсан гээд ирээдүйдээ тийм чигээрээ, дөрлүүлсэн бух шиг байгаад байж болохгүй шүү дээ.

-Цэрэг хүний хувьд тусгаар тогтнол, эх оронч үзэл гэдэг хэр өргөн ойлголт вэ?

-Маш олон өнцгөөс харж ойлгож болох байх. 10 жилийн хүүхэд байхдаа төдийлөн бодож тунгааж яваагүй юм билээ. Цэргийн сургуульд элсэн ороод өргөн хүрээгээр, тал бүрээс нь харж эхэлсэн. Канад Улсын эзэн хааны нэрэмжит сургуульд байхдаа бүр ч ихээр мэдэрсэн юм.

Алтантулга гэж хувь хүн байхгүй, Монгол хүн л гэж бий гэдгийг, цаашлаад эх орон тусгаар тогтнолыг бидэнд ямар их үнээр үлдээсэн болохыг ухаарч ойлгосон. Хүн бүрт эх оронч үзэл суртал байх ёстой гэж боддог. Эх оронч үзэл суртлыг энгийн иргэдэд төлөвшүүлэхэд бид бүхний оролцоо юу юунаас илүү чухал .

Таны бахархал юу вэ?

-Миний бахархал бол миний хоёр өвөө, бас аав минь. Тэднийхээ үргэлжлэл болон Зэвсэгт хүчинд алба хааж байгаа өөрөөрөө битүүхэн бахархана. Төрсөн нутаг усаараа бахархана. Энэ хүртэл явахад миний хажууд үргэлж хамт байсан ханиараа бахархана. Мөн мөр зэрэгцэн алба хааж байгаа хамт олноороо бахархана. Хамт олон найз нөхөдгүй бол би хэн юм бэ. Нэг л бие хүн шүү дээ. Хамт олон найз нөхөд, сайн хүрээлэл байгаа учраас л би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.

-Энэ цаг үед мөр зэрэгцэн алба хааж байгаа үеийн залуу офицерууддаа хандаж юу хэлмээр байна?

-Бид залуучууд, энэ улс орныг цаашид авч явах, ачаа үүрэх хүмүүс. Иймд амин хувиа хичээлгүй, дор бүрнээ улс эх орныхоо төлөө зөв зүйлсийг хийж бүтээж, дуугарч чаддаг байгаасай. Мөн би офицер хүн бүр сурган хүмүүжүүлэгч, зөв үлгэрлэгч байх ёстой гэж боддог. Тийм ч хүмүүжлээр хүмүүжиж офицер болсон.

Залуу офицерууд ямар ч хүнд цаашдынх нь ажил амьдралд хэрэгтэй зөвлөгөөг өгчих хэмжээнд боловсорч, өөрийгөө болон бусдыг зөв, гэрэлт ирээдүйд чиглүүлж чаддаг байх ёстой. Мөн хүнтэй ажиллах арга барилд сайтар суралцаж, хүний итгэл даах, сэтгэлийн дэм өгөх, үнэнч шударга, үлгэрлэн манлайлагч байх эрдэмд суралцахыг хичээгээрэй.

Бас өөрсдийн салбар бүрдээ манлайлагч нь байгаарай гэж хэлье. Уйгагүй хичээл зүтгэл байгаа цагт юм дуулгаж л таарна. Хорвоо хөдөлмөрч хүнийг олж харах нүдтэй шүү дээ.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай редакцын хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.

Эх сурвалж: “Соёмбо” редакц, ахмад Г.ИТГЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close