Буянгийн Батцэцэг /1985-2023/
Бидний хайрт найз, халамжит хань, сэтгүүлч Буянгийн Батцэцэг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, мэргэжил нэгт нөхдөд нь хүнд гарз, уй гашуу тохиолоо. Цэл залуухан 37 насандаа, таван сартай үрээ, үзгээ үүрд орхиод тэр минь бурхан зүг одлоо.
Тэрээр 1985 оны хоёрдугаар сарын 28-нд Хэнтий аймгийн төрөх тасагт Буянгийн ууган охин болон мэндэлжээ. Улмаар Хэнтий аймгийн Бэрх хотын цэцэрлэгт хүмүүжиж, долоон настайдаа Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд элсэж, 2002 онд төгссөн. Тэрээр нэгэн насны мэргэжлээ сэтгүүлч хэмээн эргэлзэлгүй сонгож, 2002-2006 онд СУИС-ийн харъяа Радио телевизийн дээд сургуульд суралцан, “Шилдэг төгсөгч” улаан дипломтой дүүргэж байсан юм.
Сэтгүүлч Б.Батцэцэг нь мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн, шударга зарчимч, телевизийн салбарт өөрийн өнгө төрхөө бий болгосон чадварлаг сэтгүүлч, уран бүтээлийн хамтрагч байлаа. Б.Батцэцэг ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлж, 2006-2008 онд МҮОНРТВ-д эрүүл мэндийн сэтгүүлч, 2008-2010 онд Боловсрол суваг телевизэд эрүүл мэндийн сэтгүүлч, 2010-2013 онд “Шууд” телевизийн мэдээний албаны сэтгүүлч, 2013 онд “Ийгл ньюс” телевизэд сэтгүүлч, 2013-2019 онд MNC телевизэд мэдээний албаны дарга, парламентын сэтгүүлч, 2020 онд ШӨХТГ-т хэвлэл мэдээллийн төлөөлөгч, 2021-2023 онд “Зүүнбаян Төмөр зам” ХХК-д хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2023 оны 7-р сарын 26-наас “Монголын төмөр зам” ТӨХК-д Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байв.
Сэтгүүлч Б.Батцэцэг нь телевизийн салбарт 10 гаруй жил ажиллахдаа нийгмийн хөндүүр асуудлын шалтгаан, үр дагавар, учир шалтгааныг хөндсөн, гарц эрэлхийлсэн, хариуцлага нэхсэн, бодит, эерэг үр дүнд хөтөлсөн олон арван сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэж байв. Тэрээр MNC телевизэд мэдээний албаны дарга, парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж байх хугацаандаа “Долоо хоногийн онцлох хүн” ярилцлагын нэвтрүүлэг, “7 хоногийн тойм” хөтөлбөрийг тогтмол бэлтгэн хүргэжээ. Түүний амьдралын, ажил мэргэжлийн он жилүүд мэргэжлийн редакц дунд “мэдээгээр амьсгалж” байлаа.
Түүний мэргэжлийн ур чадвар, бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж “Шилдэг залуу сэтгүүлч” шагнал, МСНЭ-ээс “Ган үзэгтэн” тэмдэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж, MNC телевизийн шилдгийн шилдэг ажилтан, МАКС группийн “Шилдгийн шилдэг ажилтан”-аар шалгарч, байрны урьдчилгааны эзэн болж байв.
Б.Батцэцэг нь дайчин, алиа хошин, нөхөрсөг, хүн чанар, нинжин сэтгэлээ ивэлгэж, тусч зөөлөн зангаа дэвссэн, ажил мэргэжилдээ сэтгэлээ өгсөн эрхэм нэгэн байлаа.
Үзгээрээ бичсэн үнэн бүхэн нь өчигдөрхөн байтал үнэн зүрхний нөхөр минь өнөөдөр эзгүйрлээ. Ханьдаа, хоёр үрдээ хайртай шүү гэж бичиглэн орхиод хан тэнгэрт заларлаа. Хайртай бүхэндээ талархлаа гэж хэлээд цэлмэг залуухан насандаа холын холыг зорилоо.
Түүний гэрэл цацруулсан инээд, эелдэг зөөлөн эрхэм чанар, тусч нинжин сэтгэл, ихийг бүтээх дүүрэн хүсэл эрмэлзэл, цовоо цолгиун дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай