ДТҮ: Гангийн үйлдвэртээ их засвар хийнэ
– Технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг шат дараатайгаар засварлана –
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг.
Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн Гангийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө эхний хагас жилийн байдлаар 103 хувиар биелүүлэн ажиллалаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар гөлгөр ган туйван 9713 тонн, иржгэр ган туйван 4894 тонныг борлуулж, өнөөдрийн байдлаар \2023.07.27\ иржгэр болон гөлгөр ган туйвангийн 10 мянган тонн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлээд байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Гангийн үйлдвэртээ 2023-2024 оны өвлийн бэлтгэлээ хангах, цаашид үйлдвэрлэлийг хэвийн тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг шат дараатайгаар засварлахаар төлөвлөгөөт их засварын ажлыг 8-р сарын 1-ээс хийж эхлэх гэж байна.
Энэхүү төлөвлөгөөт их засвар нь сүүлийн 5 жилд тасалдаад байсан бүрэн хэмжээний их засвар юм.
Их засварын үеэр хайлах цех, цувимал үйлдвэрлэх цех, туслах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүддээ засвар хийнэ. Энэ хугацаанд хайлалт, цувилт хийгдэхгүй, үйлдвэрийн бусад хэсгүүд хэвийн ажиллана.