Орон нутагFocus

Ерөнхийлөгч баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох ангийн үйл ажиллагааг танилцууллаа.

Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч эх орны баруун хязгаарыг сахин хамгаалж буй хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчин дайчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

received_897571564851703

Төр, засгаас хил хамгаалах байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавх, боомтын хүчин чадал нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа бөгөөд “Цагааннуур” боомтын чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэж, цаашид Даянгийн боомттой авто замаар холбохоор төлөвлөж байгааг дурдав.

Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур, Даян, Өлгий боомтууд нь Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Казакстан улсын эдийн засгийн холбоос, ард түмнүүдийн харилцааны гүүр болж байдаг улсын хил хамгаалалтын чухал хэсгүүд гэдгийг онцоллоо.

Тиймээс Монгол Улсын баруун хилийн халдашгүй дархан байдлыг найдвартай хамгаалахын зэрэгцээ хилийн боомтуудын аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг нягт нямбай, түргэн шуурхай, соёлтой явуулахад анхаарч ажиллахыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч үүрэг болгов.

Цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвараа байнга дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж буй хилчин дайчид болон ажил, амьдралын бат бэх ар тал болсон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник гардуулах ёслолд оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close