Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2023.03.16) хуралдаанаар энэ хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын цаглавартай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, өнгөрсөн сар гаруй хугацаанд Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж ярилцлаа. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн тогооч, нярав зэрэг албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, номын сангийн харъяаллыг ойлгомжтой болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох орчныг сайжруулах асуудлыг Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах санал хэллээ.
Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд ажиллаж буй номын сан БСШУЯ-нд харъяалагддаг бол бусад газар ажиллаж буй номын сан Соёлын яаманд хамааралтай байна. Тиймээс номын сангийн харъяаллыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ. Мөн номын сангийн баяжуулалтад жилд 80 мянган төгрөг төсөвлөдөг. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, энэ хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай, Номын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх учраас дээрх саналуудыг тусгаад явах боломжтой.
Байнгын хорооны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох орчны тулгамдсан асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийн тайланг сонсоно. Энэ үеэр асуудлаа ярилцах боломжтой гэв.
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн тогтолцоог салбар хамаарахгүйгээр шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа. Харин энэ чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилласан УИХ-ын гишүүдтэй уулзаж, боловсрол, соёл, спортын талаар иргэдээс гаргасан санал бодлыг нэгтгэн сонсож, хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргав.
Эдгээр асуудлыг Байнгын хороогоор гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварт тусган, Байнгын хорооны огтоолыг батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.