ЯрилцлагаНогоон АзиОнцлох

С.Баярмаа: Бид сумаа “Ногоон Баянхангай болгох” зорилго тавьсан

БНСУ-ын Ойн агентлаг болон БНСУ-ын ойн аж ахуйг дэмжих агентлагийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Баянхангай суманд “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбай бий болсон юм. Уг төслийг “Ногоон Ази сүлжээ” ТББ хариуцаж удирдан хэрэгжүүлж байгаа ба энэ төслийн талаар Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаатай ярилцсан билээ.

-Төв аймгийн Баянхангай сумын талаар товч танилцуулаач?

-Манай сум 1977 онд анх Атарын II аяны хүрээнд газар тариалангийн чиглэлээр байгуулдагдсан. Нийт газар нутаг 100733 га газар нутагтай үүнээс бэлчээр-54064.5453 га, ХАА-н газар-91055.0453 га, Тариалангийн газар-34357 га, хот тосгон-619.9561 га, зам шугам сүлжээ-870 га, Ойн сан-1006 га, Усан сан-12 га, Улсын тусгай хэрэгцээт газар-7170 га газрыг тус тус эзэлдэг. Нийт хүн амын тоо 1514, 416 өрх айлтай. Найрамдал, Хөшөөт гэсэн 2 багтай, 90.000 толгой малтай, 192 малчин өрх, 70 гаруй мал бүхий өрхүүдтэй, Улаанбаатар хотоос 100 км зайд засмал замаар холбогдсон, дэд бүтэц сайтай сумд тооцогддог. 

– Баянхангай сумын газар нутгийн онцлог юу вэ?

-1990 оноос хойш эрчимтэй мал аж ахуй хөгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт их нөлөөлж, малын тоо толгой эрчимтэй нэмэгдэж байгаа. Иймд бид Газар тариалан-мал аж ахуйг хослуулан эрчимжсэн мал аж ахуйг  хөгжүүлэх чиглэлээр бодлого барьж ажиллаж байна. Түүхийн дурсгалт газаруудтай тул аялал жуулчлал ч хөгжих боломжтой. Манай сум тахь, буга, чоно, цагаан зээр, тарвага зэрэг олон төрлийн ан амьтантай, 1992 оноос эхлэн Хустайн Байгалийн Цогцолбор газрын орчины бүсэд хамаарагддаг болсон.

-Иргэдийн шилжилт хөдөлгөөн хэр их байдаг вэ. Магадгүй ган, зуд, цөлжилтөөс үүдэн нутаг орноо орхих явдал гардаг уу?

-Шилжилт хөдөлгөөн харьцангуй гайгүй ч сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, зуны улиралд бороо чийг бага унаж байгаагаас үүдэн бэлчээрийн доройтолт орох болсон. Тиймээс сумынхаа 300 га газарт мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулан ажиллаж байна. Бид энэ асуудлыг яаралтай шийдэж, сум орон нутгийн онцлогт тохирсон арга хэмжээг авахгүй бол 5 жилийн дараа гэхэд бэлчээр ч үгүй, малчин ч үгүй болох аюул ойрхон байгаа.

-Төрж өссөн нутаг орныхоо төлөө, цөлжилтийг сааруулахад иргэдийн хийж чадах олон зүйл байдгийн нэг нь мод тарих гэдэгтэй та санал нийлэх үү. Яагаад?

-Тэгэлгүй яахав, 100 хувь санал нийлнэ. Манай сумын хувьд ойн сан бүхий газар нутаг маш бага тул цөлжилтийг сааруулах, бэлчээр хөрсийг сэргээх хамгийн чухал асуудлын нэг бол яах аргагүй мод тарих явдал юм. Ард иргэд маань хашаандаа, албан байгууллагынхаа гадна талбайд, цэцэрлэгт хүрээлэндээ анги хамт олноороо хүрэлцэн ирж мод тарьж байгаа.

Энэ жил манай суманд Ногоон Ази ТББ-ын эхлүүлж буй энэ төслөөр дамжуулан сумаа “Ногоон Баянхангай болгох” зорилго тавьж байна. Төслийг амжилттай, тогтвортой хэрэгжихэд орон нутгийн засаг захиргааны зүгээс бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллана.

-Ногоон Ази ТББ-ын санхүүжилтээр Баянхангай суманд “Атар хамтын төгөл” ойжуулалтын отгон талбайг бий болголоо. Ногоон Ази төрийн бус байгууллагатай холбогдсон түүхээсээ хуваалцвал?

-Ёстой гэнэтийн үйл явдал болсон. Миний төдийгүй манай сумын ард иргэдийг хүсэл зорилго энэ хүмүүсийг над уруу явууллаа л гэж боддог. Өнгөрсөн хавар Шин Гин Ху захиралтай Ногоон азийн хамт олон 2022 онд хэрэгжүүлэх төслийнхөө байршил буюу орон нутгаа судлаж яваад манай сумын урдуур гарч яваад, манай ажил дээр орж ирсэн юм.

Би ч бөөн баяр яаж уг төсөлд хамрагдах боломжтой болохыг асууж, биднээс шалтгаалах бүх мэдээллээ өгч хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн. Ингээд сумынхаа ИТХ-н дарга болон төлөөлөгч нартаа хэлж яаралтай хурал зарлуулж, мод тарих газрынхаа асуудлыг шийдвэрлэж өгсөн. Манай ИТХ-н төлөөлөгч нар 100 хувийн саналаар мод тарих талбайн асуудлыг дэмжсэн.

-Орон нутгийн иргэдийн дэмжлэг, оролцоо, хүсэл зорилго чухал үүрэгтэй байх болов уу. 2022-2027 оны хооронд хэрэгжих энэхүү төслийн үр дүнг хэрхэн харж байна. 

-Манай сумынхан энэ төслийн үр дүнг маш өндөрөөр харж, хүлээж байгаа. Учир нь төсөл хэрэгжүүлж буй 100 га газарт 5 жилийн дараа гэхэд битүү ой болж модныхоо сүүдэрт суусан, хүүхэд багачууд маань жимсээ түүсэн, ард иргэд мод тарих аргад суралцсан, өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэртэй болсон байна. Үүнийг бүтээхийн тулд сумын иргэдийн оролцоо идэвхи, сум орон нутгийн удирлагын дэмжлэг маш чухал юм.

-Мод тарьснаар орон нутгийн иргэд эдийн засгийн үр ашиг хүртэхээс гадна ажлын байр нэмэгдэж, амьдрах таатай орчин бүрдэх боломж нээгдлээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид бүх зүйлийг Ногоон ази сүлжээ ТББ-аас хараад, зүгээр хүлээгээд байх нь зохимжгүй гэж боддог. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн Газраас 2022 оныг “Хоршоог хөгжүүлэх жил” болгон зарлаж, тэр дундаа 21 аймгаасаа хамгийн анх манай Төв аймаг хоршоодоо дэмжээд эхэлсэн. Энэ хүрээнд сумдууд маань жилийн 3 хувийн хүүтэй зээлийг хоршоодоо дэмжиж олгосон. Сумын зүгээс “Атар хамтын төгөл” хоршоог байгуулсан, тэднийг дэмжиж ажиллана.

Ингэснээр тэнд ажиллаж байгаа иргэд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэж цаашлаад, Улаанбаатар хот болон аймагт зохион байгууллагддаг үзэсгэлэн худалдаанд оролцож орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн манай сум зам дагуу үйлчилгээний газрууд ихтэй байдаг. Түүнийгээ түшиглээд “Атар хамтын төгөл” нэрийн барааны дэлгүүр ч нээхээр төлөвлөсөн. Нэрийн барааны дэлгүүр барих газрын асуудлыг шийдэрлэх бүрэн боломжтой.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Мод тарьж ургуулаад, түүнийхээ үр шимийг хүртэх боломж олгосон Ногоон АЗИ ТББ болон төслийг санхүүжүүлэгч байгууллагуудад хандаж хэлэх үг.

-Маш их баярлалаа. Монголчууд бид ярьдаг даа. “Мод тарих нэг насны буян” гэдэг. Тэгэхээр 100 га газарт мод тарьж ургуулна гэдэг асар их буянтай ажил болно. Нөгөө талаар манай сумын эко систем, бэлчээр хөрсөнд маш чухал нөлөө үзүүлэхээс гадна сумын иргэдийг хамтарч хоршиж ажиллах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж олгоно.  

БНСУ-н Ойн газрын хамт олон болон Ногоон Ази сүлжээ ТББ-н хамт олонд Баянхангай сумын нийт ард иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний үйлс бүхэн дэлгэрч байхын ерөөл өргөе. Баярлалаа.

П.Нарандэлгэр

Ногоон Ази сэтгүүл 2022.12 сар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close