ЯрилцлагаОнцлох

Ж.Цээлэй: Бусдын төлөө зориулсан сэтгэл бүхэнд талархаж байна

Түүхээ өнөөдрөөр үргэлжүүлж, ирээдүйгээ бүтээхээр эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги 60 жилийн ойтойгоо золгож байна. Энэ ангид тасралтгүй 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Ж.Цээлэйг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа онцоллоо.

 Анхны сэтгэгдэл хүнд их тод үлддэг юм шиг санагддаг. Албанд орж байсан тухайн үеийг эргэн дурсвал?

– Тийм шүү. Цэргийн хүн болно гэсэн багын мөрөөдлөө биелүүлсэн. Хүүхэд байхад дүрэмт хувцастай ах нар гоё харагдана. Сүрлэг, жавхаалаг заримдаа сүрдмээр санагддаг байлаа. Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч ажилд авна гэсэн зарын дагуу шалгалт өгөөд хүнд хэрнээ нэр хүндтэй энэ албанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 40,000 төгрөгийн цалинтай. Галын дуудлагад өмсдөг байсан хөдөлмөр хамгааллын хувцас өвлийн улиралд усанд норж хөлдчихнө. Гал унтраахад хүндрэлтэй, галаа унтраагаад дууссаны дараа автомашиндаа суухад хөдөлгөөн хязгаарлана. Робот шиг…

Ажил дээрээ ирэнгүүтээ паар тэвэрч сууж байгаад л хувцсаа гэсэхээр нь тайлдаг тийм л үед ажилладаг байсан. Хэдийгээр энэ бүхэн тухайн үедээ хэцүү санагддаг байсан ч эргээд дурсахад хүнд хатуужил, тэсвэр, чадварыг олгосон байна. Түүнээс хойш Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжиж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хувцас хэрэглэл, автомашины хангалт жилээс жилд сайжирч байгаа. Үүрэг гүйцэтгэх бүхий л боломж бүрдсэн гэж боддог. Үүрэг гүйцэтгэж байгаа 21 жилийн 16 жилд нь гал сөнөөгчөөр, сүүлийн дөрвөн жилд нь бага дарга албан тушаалыг хашиж байна.

– Тэгэлгүй яахав цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгддөг шүү дээ. Үүний адилаар үүрэг гүйцэтгэдэг дуудлагын төрөл хүртэл нэмэгдсэн..?

– Хамгийн анх Дархан захын цайны газар шатсан дуудлагаар ажиллаж байсан. Юугаа ч мэдэхгүй, дэмий л айж, сандарч байснаа санадаг юм. Туршлага, дадлагатай аврагч нарынхаа унтраах ажиллагааг хараад тэднийхээ өгсөн үүргийг биелүүлээд алдаа, дутагдалгүй л унтрааж байсан. Таны хэлснээр дуудлагын төрөл нэмэгдэж, аврагч биднээс илүү ур чадваруудыг шаардах болсон. Ой, хээрийн түймэр, зам тээврийн болоод усны осол, төөрсөн, сураггүй болсон эрэн хайх, аврах ажиллагаа, өндрөөс аврах гээд бүхий л дуудлагад үүрэг гүйцэтгэж байгаа. Хамт олонтойгоо ойролцоогоор 3000 орчим гал түймэр, гамшиг ослын дуудлагаар ажилласан байна.

– Аврагч байна гэдэг амаргүй ажил. Шантрах үе ч гарна. Хоёргүй сэтгэлээр хорин хэдэн жил зүтгэсэн шалтгаан юу байв?

– Хэн нэгнээс баярлалаа гэж хэлэх талархлын үг. 2004 онд Дархан-Уул аймгийн “Хараа” зочид буудалд гарсан галаас 13 настай хүүхдийг аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн юм. Гэтэл хэд хоногийн дараа галаас аварсан хүүхэд маань намайг сурагласаар ирж, баярлалаа ахаа таны хүчээр би дахин амьдарч байна гэж хэлсэн тэр үг намайг илүүтэй хурцалсан. Нүдэнд нулимс цийлэгнээд, албаараа бас өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж байлаа. Түүнээс хойш би илүү хичээх хэрэгтэй юм байна. Олон хүнд амьдрал бэлэглэж, аз жаргалыг түгээх ёстой юм байна гэж зүтгэж ирсэн.

Амарч байсан ч бусдад авралын гараа сунгах тохиолдол аврагчдад маань байдаг. Таны хувьд…?

– 2015 онд Улсын их баяр наадам үзээд морьтой явж байтал нэг хүүхэд унасан байдалтай хэвтэж байна. Өөрийн эрхгүй гүйж очоод шалгатал баруун гар нь хугарч, яс нь гозойж, хүүхэд айж, өвдсөнөөсөө болоод уйлж байсан. Хүмүүс тойроод зогсчихсон, тусламж дуудаарай гээд бужигналдсан байдалтай. Гарын доорх материал ашиглан гарт нь чиг тавьж боож, өвдөлтийг нь мартуулахын тулд аргадаж, тайвшруулж байгаад эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгч байсан. Сурсан юмыг сураар боож болдоггүй шүү дээ. Тэр тусмаа аврагчид бидний хэн нэгэнд туслах сэтгэл хэзээ ч, хаана ч, хэн гэдгээс үл хамааран “зориулагдсан” байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай.

– Аврагчтайгаа ярилцаад суух бүртээ л баярлалаа гэдэг үгийг хэн нэгний өмнөөс хэлмээр санагдаад байдаг юм. Гэр бүлийнхэн нь ч үргэлж бахархал дүүрэн байдаг байх?

– Ажил, албыг маань маш сайн ойлгоно. Тусалж, дэмжинэ. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Миний ханийг Р.Отгонтуяа гэдэг. Дархан-Уул аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албанд ажилладаг. Том охин Ц.Номин-Эрдэнэ МУБИС-ийг 2022 онд төгсөж, аймгийн I 10 жилд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Бага охин Ц.Амин-Эрдэнэ нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн IV ангид сурдаг. Өөр, өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, амьдралаа бүтээж байгаа бусдын л адил эгэл жирийн гэр бүл.

– Таны төрж, өссөн нутгийг Увс аймаг гэж хамт олноос тань сонссон юм байна?

– Тийм шүү. Увс аймгийн Хяргас суманд төрж, өссөн. Айлын зургаа дахь хүү. Намайг ээж, аав маань их л сэргэлэн, цовоо хүүхэд байсан гэж ярьдаг юм. Миний аав Ц.Жамбал Хяргас сумандаа үйлдвэрчний хорооны даргыг 16 жил, худалдаа бэлтгэлийн даргын ажил хийж байгаад 50 насандаа өндөр насны тэтгэвэрт гарч, 2005 онд бурхан болсон. Миний ээж Ж.Тогтох тус сумандаа цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо 80 гарсан буурал байгаа. Гэр бүлийнхээ хүнийг дагаад Дархан-Уул аймагт ирсэн. Ажил, амьдралаа эхлүүлсэн энэ сайхан нутагтаа 20 гаруй жил амьдарч байна.

– Онцгой байдлын албанд орсон залуус шантрах, ажлаасаа гарах нь олширсон нь анзаарагддаг юм. Дөнгөж ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залууст хандаж хэлэх үгээр тань яриагаа өндөрлөе?

– Онцгой байдлын алба өөрөө зарчимч, зохион байгуулалттай байхад сургадаг. Хувь хүнийхээ хувьд гэвэл мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээрээ хандаж, чин сэтгэлээсээ хийхийг хичээж, зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал амжилтаар дүүрэн байх болно гэж хэлмээр байна. Энэ албанд ажиллаж байгаа алба хаагч бүр эрдэнэт хүний амь нас, түүхийн дурсгалын үнэт зүйл, байгаль экологид учирч болох хохирлыг таслан зогсоож чаддаг хамгийн буянтай үйлсийг бүтээдэг.

Албаны онцлог чанараа ойлгож чадвал хоёргүй сэтгэлээр зүтгэх эрч хүчийг мэдрэх болно. Шантрах гээд байвал надаас өөр хэн үүнийг чадах юм бэ гэж өөрийгөө зоригжуулдаг байгаарай гэж хэлмээр байна. Энэ дашрамд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэе. Бусдын төлөө зориулсан сэтгэл бүхэнд талархаж байна.

Энэ дашрамд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэе. Бусдын төлөө зориулсан сэтгэл бүхэнд талархаж байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close