УИХFocus

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 87 дугаар захирамжаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 10 удаа хуралдсан хэмээлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасны дагуу Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо тус тус эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцээд санал, дүгнэлт болон олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан байна.

Ажлын хэсгээс тогтоолын хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн яамнд, тогтоолын хавсралтад 2023 онд хэрэгжүүлэхээр тусгасан төсөл,  арга хэмжээг Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаж, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамнд тус тус үүрэг болгох”-той холбоотой зарчмын зөрүүтэй саналыг тогтоолын төсөлд нэмж тусгахаар санал гаргасан боловч холбогдох албан тушаалтнууд тогтоолын төсөлд тус заалтыг нэмэхгүйгээр хавсралтад тусгасан тухайн төсөл, арга хэмжээ бүрийг  хэрэгжүүлнэ” гэсний дагуу тус зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас хуралдааны тэмдэглэлд тусгасан асуудлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “парламентыг үл хүндэтгэсэн” үйлдэл хэмээн үзэж, хариуцлага оногдуулахтай холбоотой хуулийн заалтыг уншиж танилцуулсан гэж танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Тогтоолыг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, хүнсний хамгамжийг сайжруулах далайцтай бодлого ажил хэрэг болно гэж харж байгаа. Таван жилийн хугацаанд малын бүх өвчнөөс салах том зорилтыг бид дэвшүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гурван жилийн хугацаанд шүлхий өвчнөөс ангижрах бодлогыг боловсруулан салбарын Байнгын хороогоор батлуулсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ.

Жижиг, дунд үйлдвэр, хоршоод болон хөдөөгийн үйлдвэрлэлийг дэмжих, мах боловсруулах жижиг үйлдвэрүүдийг орон нутагт байгуулахад тодорхой хөрөнгө шаардлагатай байгаа. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах учиртай. Тогтоолын төсөлд ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрээ дэмжих талаар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бэ хэмээн асуусан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос малын эрүүл мэндийг хамгаалах асуудлаар тогтоол баталж, таван жилийн хугацаанд мал сүргээ бүрэн вакцинжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ асуудал Хүнсний хамгамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын хөтөлбөр, төлөвлөгөөнд бүрэн туссан. Таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар малын вакцинжуулалтыг хийх бөгөөд 145 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссан байгаа.

Өрхийн аж ахуй болон хоршоодыг дэмжих чиглэлээр нийт найман тэрбум төгрөгийг хөтөлбөрийн хүрээнд суулгасан. Гэхдээ ганц хөтөлбөрөөр нийт асуудлыг шийдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас хоршоодыг болон жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин бага хүүтэй зээл олгож байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд сүүний дотоодын хэрэгцээг хангахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл, чанартай махаар дотоодын хэрэгцээг хангах, зохих стандартыг батлах хүрээнд хэрхэн ажиллахаар төлөвлөсөн талаар тодруулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бид сүүний хэрэглээний 50 орчим хувийг дотоодоос хангаж байгаа. Цаашид дотоодын хэрэгцээг 100 хувь хангахын тулд 400 сая литр сүү нэмж үйлдвэрлэх шаардлагатай. Тогтоолын төсөлд эрчимжсэн аж ахуйг дэмжих ажлуудыг тусгасан бөгөөд энэ хүрээнд мах, сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр оруулж ирж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээ дэмжихээр төлөвлөсөн.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах техникийн зохицуулалтыг баталсан. Төхөөрөхөөс өмнөх малын эрүүл мэндээс эхлээд махан бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр ирэх хүртэлх бүх сүлжээнд тавигдах нэгдсэн стандартыг Засгийн газар баталсан. Мал эрүүл эсэх, вакцинжуулалтын хугацаа дууссан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан ямар үйлдвэрт бэлтгэх болон тээвэрлэлт, хадгалалтын ямар стандартыг мөрдөхийг нарийвчлан тусгасан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс эхлэн Техникийн зохицуулалтыг мөрдөнө. Одоо бид нийт махны зургаа орчим хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байгаа. 2023 оны 01 дүгээр сараас эхлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсэндээ хэрэглэх зорилт тавиад ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хийлээ.

Байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулжээ.

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төсөлд туссан мэргэжил, ёс зүйн хорооны эрх, үүрэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хуулийн хүрээнд тэгш, шударга явагдаж байгаа эсэх болон эмнэлгүүдийн эмчилгээ хэр оновчтой, үр дүнтэй, ёс зүйтэй байгаа талаар хяналт тавих, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг шалгах, шийдвэрлэх чиг үүрэгтэй байх талаар тайлбар хэлж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгасан байна.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close