Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

16 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж, 2 хүний амь хохирчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 16-17-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 524 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 379 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 7 нийт 15 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь хохирчээ. 

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Харин орон нутагт автомашин онхолдсон 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон бол автомашин мөргөлдсөн 3 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэтээр авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг нь хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 208, орон нутагт 43, нийт 251 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул замын хөдөлгөөнд оролцсон бол өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close