НийгэмОнцлохШинэ мэдээ

Тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн худалдаа, үйлчилгээний жагсаалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар мэдээлсэн.  

Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд  тооцжээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулахаар болсноо мэдээллээ. Энэхүү зөвлөлд  нь аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтах бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх бодлогод аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг тусгах, гадаадын томоохон байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр бэлтгэлээ хангаж байна.

Дээрх 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохгүй болсны үр дүнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит хэмнэлт, үр дүн гарна.

-Бүрдүүлэх баримт бичгийг багасгах чиглэлээр:

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг /нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг бүрдүүлдэг/ бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болно.

-Зардлыг хэмнэх чиглэлээр:

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь жилд нийт 191,306,000 төгрөг /бичиг хэргийн зардал 41,994,000 /баримт бичгийг хувилах зардал/, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 /төрийн 5 байгууллага руу ирж, очих нийтийн тээврийн зардал//-ийн зардлыг хэмнэж байна. Үүний цаана ил болоогүй, тооцох боломжгүй олон зардал бий.

-Цаг хугацааг хэмнэх чиглэлээр:

Иргэд төрийн гурван байгууллага /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс/ руу хоёр удаа, 2 байгууллага /дүүргийн Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/ руу нэг удаа ирж, очдог бөгөөд нийт 447,936 цаг /нэг удаа ирж, очих хугацаа 3 цаг бөгөөд 1 иргэн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахад 24 цагийг зарцуулж байна/-ийг зарцуулдаг бөгөөд дээрх цаг хугацааг бүхэлд нь хэмнэх боломжийг бүрдүүлж байна.

-Шат дамжлагыг багасгах чиглэлээр:

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нэг гэрээ байгуулахад төрийн таван байгууллага /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/-д биечлэн очиж хүсэлт гаргадаг бөгөөд цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний хүсэлтээ зөвхөн нэг цонхоор гаргана. Иргэний хүсэлтийг төрийн дээрх байгууллагууд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүлээн авч, шийдвэрлэн хариуг нэг цонхоор цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл.

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор,

    гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

  1. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

1.цахим;

  1. хүүхдийн.

Нийтийн байрны үйлчилгээ

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close