Байгаль орчинЗочны ярилцлагаFocusШинэ мэдээ

Я.Мажаасүрэн: Дундговь аймагт цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлийн давтамж нэмэгдсэн

Дундговь аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Я.Мажаасүрэнтэй ярилцлаа.

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн агаарын хэм, байгаль орчинд гарч буй хувьсал хэрхэн мэдрэгдэж байгаа вэ.

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Дэлхийн агаарын дундаж температур 1.5 градусаар нэмэгдсэн. Монгол орны хувьд жилийн дундаж агаарын температур 1940-2020 оны хооронд 2.4°С-аар дулаарч, нийлбэр хур тунадас 6%-иар бага зэрэг буурсан үзүүлэлт байна. Монгол улсын зарим бүс нутагт хуурайшилт үргэлжлэн нэмэгдэх, мөстлийн хайлалт, усны нөөцийн бууралт, газрын доройтол, ургамал бүрхэвчийн ядуурал, цөлжилт зэрэг хэрхэн нэмэгдэж байгааг манай эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнгүүдээс тодорхой харж болно.

-Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт Монгол орны хувьд тэр дундаа Дундговь аймагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ. Сүүлийн жилүүдийн судалгаа, харьцуулалтын талаар онцолвол?

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд төдийгүй Дундговь аймагт ч тодорхой илэрч, улмаар энэ нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлтэй нийлж байгаль орчинд нөлөөлж байна. Дундговь аймагт үзүүлж байгаа гол нөлөө бол цөлжилт, цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлийн давтамж ихсэж байгаа явдал юм. Сүүлийн жилүүдийн судалгаа, харьцуулалтаас онцолвол: Хүчтэй салхийг Засгийн газрын 286-р тогтоолд зааснаар салхины дундаж хурд 15 м/с ба “Аюултай үзэгдэл” нь 28 м/с. Түүнээс их болоход “Онц аюултай үзэгдэл” гэж үздэг. Хүчтэй салхи, шороон шуурга нь эдийн засагт ихээхэн хор хохирол үзүүлдэг аюултай,  гамшигт үзэгдлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхины тохиолдлын тоо буурахгүй байна. Ялангуяа хүчтэй аадар борооны өмнө болон аадар бороотой давхцан ажиглагдаж түүний учруулсан хохирлын хэмжээ сүүлийн 20 жилд өссөн

Дундговь аймгийн хэмжээнд ажиглагдсан хүчтэй салхи, шороон шуургатай өдрийн тоо /2001-2020 он/

Энэ жилийн гамшигт үзэгдлээс гэвэл, 2021 оны 03-р сарын 14-нд: Дундговь аймгийн нутгаар цас ороогүй. Салхи баруун, баруун хойноос дундаж их хурд нь Эрдэнэдалай суманд 34 м/с, Сайхан-Овоо, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-угтаал, Баянжаргалан сумдаар 28 м/с, бусад сумдаар 16-24 м/с хүчтэй салхи салхилж, үргэлжилсэн хугацаа нь хамгийн бага нь Сайхан-Овоод 08 цаг 08 минут, хамгийн их нь Баянжаргалан суманд 14 цаг 53 минут үргэлжилж, онц аюулын хэмжээ буюу 28 м/с давсан тохиолдол нь Говь-угтаал 16 минут, Сайнцагаан суманд 30 минут, Баянжаргалан суманд 01 цаг 54 минут, Эрдэнэдалай суманд 3 цаг 28 минут, Сайхан-Овоо суманд 04 цаг 43 минут, Гурвансайхан суманд 5 цаг 7 минут үргэлжилсэн. Түр зуур Сайхан-Овоо, Гурвансайхан, Говь-угтаал, Өлзийт сумдаар 34-35 м/с, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдаар 40 м/с хүрч ширүүссэн.   

Шороон шуурганы гамшигт үзэгдэл нь Дундговь аймгийн нийт нутгийг хамарч, үзэгдэх орчин 50 метр ч харагдахгүй болсон. Үргэлжилсэн хугацааны хувьд хамгийн бага нь Баянжаргаланд 06 цаг 26  минут, хамгийн их нь Эрдэнэдалайд 10 цаг 25 минут, бусад сумдаар 08 цаг 10 минутаас 09 цаг 24 минут үргэлжилсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан.

03-р сарын 27-нд: Баянжаргалан, Сайнцагаан сумдаар 28 м/с, бусад сумдаар 18-24 м/с, түр зуур 40 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан. Хүчтэй салхины хувьд 08 цаг 16 минутаас – 15 цаг 53 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Эрдэнэдалай суманд 8 цаг 16 минут, хамгийн их нь Баянжаргалан суманд 15 цаг 53 минут үргэлжилсэн. Шороон шуурганы хувьд 07 цаг 47 минутаас 14 цаг 22 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Эрдэнэдалай суманд 7 цаг 47 минут, хамгийн их нь  Цагаандэлгэр суманд 14 цаг 22 минут үргэлжлсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан.

-Дундговь аймгийн байгаль цаг уурын онцлогийн талаар тодруулж өгөөч?

-Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөрт орших Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Дундговь аймагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй, боржин чулуутай цохио, толгод, бэсрэг уулс бүхий ухаа гүвээрхэг тэгшивтэр нутагт хамаарна. Нийт газар нутгийн талбай 74,690 км квадрат. Далайн түвшнээс дээш 1100-1350 метрт өргөгдсөн байдаг. Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж (Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг), нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг), нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг) гэж 3 хуваадаг.

Агаарын темпертурын хувьд олон жилийн дунджаар 1,1- 4,5  градусын хооронд хэлбэлздэг. Агаарын дундаж температураас үзэхэд 2007 он хамгийн дулаан жил, 2012 он хамгийн хүйтэн жил, бусад жилүүд дундажын орчим,      Агаарын үнэмлэхүй хамгийн бага(хүйтэн) температур -41,0 градус 2002 онд Сайхан-Овоо суманд ажиглагдсан байдаг. Агаарын үнэмлэхүй их(дулаан) температур 41,0 градус 2017 онд Гурвансайхан суманд тус тус ажиглагдаж байсан. Монгол оронд хур тунадасны хэмжээ хойноосоо урагшлах тусам багасаж говийн нутгаар хамгийн бага  буюу олон жилийн дундажаар 70-150мм тунадас ордог гэж үздэг. Манай ажиглалтын мэдээгээр Дундговь аймгийн нутгаар олон жилийн дунджаар /1991-2020 он/ 86,0-209,0 мм хур тунадас, хамгийн их хур тунадастай жил 2016 онд 181,0мм, хамгийн бага хур тунадастай жил 2006 онд 60,0мм орсон байдаг. Жилийн нийлбэр хур тунадас өсч байгаа хандлагатай байна.

Дундговь аймгийн жилийн нийлбэр хур тунадас, ОЖД /1991-2020 он/-тай харьцуулсан нийлбэр хур тунадас

-Цөлжилт, хөрсний доройтлын хор нөлөө ямар түвшинд хүрч, эргэн нөхөн сэргэхэд их хугацаа зарцуулахыг харахыг хүсвэл Дундговь аймагт очиж үзэхэд мэдэгдэнэ гэж нэгэн судлаач хэлж байсан. Энэ талаар таны бодол?

-Хаа сайгүй хөрсний доройтол нүүрлэж, бэлчээрийн ургамлын төрөл зүйл нь ховордож, ургамал хоорондын зай холдож байгаа шалтгааныг олохын тулд хөрсийг шинжилж цөлжилтөнд нөлөөлж байгаа байдлыг нь тодорхойлох хэрэгтэй. Тиймээс хөрсний шинжилгээ хийх нь чухал. Манай цаг уурын улсын сүлжээнд хөрсний шинжилгээ хийдэг 1500 цэг байдаг. Бүх аймгуудад Байгаль орчны шинжилгээний лабораторитай. Үүний үр дүнгээр Монгол орны хэмжээний Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн  БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргасан. Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргаж, мэдээллийн үр дүнг салбаруудад ирүүлсэн байгаа. Энэ цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Үүний дотроос Дундговь аймгийн хэмжээнд цөлжилт хүчтэй явагдаж, өөрөөр хэлбэл 1,3 хувь нь сул, 13,0 хувь нь дунд, 54,8 хувь нь хүчтэй, 30,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаад байна.

Монгол орны хэмжээгээр “Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн”-гээс гаргасан зургыг харуулъя. 

Байгаль цаг уурын аятай таатай орчинг бүрдүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хангахад мод тарих нь их чухал гэж үздэг. Тиймээс Дундговь аймаг дахь цөлжилтийг сааруулах зорилгоор БНСУ-ын Гуяан хотын Хот цэцэрлэгжүүлэлтийн газрын удирдлагууд болон Ногоон Ази сүлжээ ОУТББ-аас төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төсөл хэрхэн үргэлжилж байна?

– БНСУ-ын Гуяан хот, Мандалговь хот 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулан 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн нь 78,5 хувийн ургалттай явна. Энэ төслийн хүрээнд Мандалговь хотод ургаж буй ойн зурвасыг жил бүр хариуцан ургуулж, усалж арчилдаг 20 гаруй хүнд “Ногоон Ази Сүлжээ” ТББ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, бидний ажлыг дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн хэмжээнд нэн хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүн малын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгалийн онц аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Иймд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, элсний нүүдлийг сааруулах ойн зурвас байгуулах, айл өрх бүр мод, бут тарих ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж “Дундговио-Ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд болон “8 ТҮМЭН МОД ТАРИХ” хөдөлгөөнийг  өрнүүлж албан байгууллага бүр 80 мод, айл өрх бүр 8 мод тарьж, говь нутагт цөлжилттэй тэмцэхэд хүн бүр нэгдэхийг уриалж хаврын тарилтаар нийт 44295 модыг тарьж ургууллаа.

Ойн зурвас байгуулах төлөвлөгөөний дагуу эхний ээлжид Дундговь аймгийн Сайнцагаан сумын угталт үдэлтийн хаалганаас төвөөр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто зам дагуу Улаанбаатар хотоос орж ирэх авто зам цагдаагийн постын замын 2 талаар 25 га талбайд 15000 ширхэг суулгац тарьсан. Мод тарилтын үед Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн ажилтан албан хаагчид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хөрс боловсруулалтыг хийж модны усалгаа, арчилгааг тогтмол хийж, 3 жил өөрсдөө хариуцан,  арчлах, хамгаалах үүрэг чиглэл авсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” уриалгыг хэрхэн харж дүгнэж байна. 2030 онд нэг тэрбум мод тарьж ургуулж чадвал байгаль цаг уурын хувьд ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ, Мэргэжлийн хүний хувьд ирээдүйг зөгнөвөл?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” уриалга маш зөв санаа хувь хувь хүний хүвьд дэмжиж байгаа. Манай аймгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Мод тарих үндэсний өдрөөр албан ёсоор нээлт хийж, аймаг орон нутгийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн албан хаагчид, иргэд оролцов. “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумд, байгууллага аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд нийт 17357 ширхэг мод бут, тарьсан. Дундговь аймгийн хэмжээнд хаврын тарилтаар 44295 мод, намрын тарилтаар 17357 нийт 61652 ширхэг мод, бут тарилаа гэсэн тоон мэдээллийг БОАЖГазраас авсан.

П.Нарандэлгэр

Эх сурвалж: “Ногоон ази” сэтгүүл 2021 он

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close