НийслэлFocus

Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ. Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалууд хэрэгжих таатай орчин бүрдэнэ гэсэн урьдач нөхцөл бий болно гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн үндсэн зорилго нь нийслэл хотыг тогтвортой хөгжүүлж, одоогийн ба ирээдүйн хотын иргэдийн амьдрах үйл ажиллагааны тааламжтай орчинг бүрдүүлэн бий болгоход орших бөгөөд өмнөх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хугацаа 2020 онд дуусаж байгаатай холбогдуулан хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал/концепц/-ыг боловсруулсан гэлээ.  




Өдгөө дотоод болон гадаад хүчин зүйлсээс хамаарах сорилтуудтай тулж буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үйл явцыг 2040 он хүртэл тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц цомхон, хүртээмжтэй, ухаалаг, хэмнэлттэй хөгжлийн үзэл баримтлалуудаар төлөвлөж, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

Улмаар дээрх хөгжлийн үзэл баримтлалуудыг хангуулах замаар иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хотын хөгжлийн алсын хараа дэвшүүлжээ.Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна.

Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.




Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчим гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Харин хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт” гэв. Үргэлжлүүлэн хурлын Хороодын хамтарсан хурлаас гаргасан санал дүгнэлтийг  Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ. Цаашид уг төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан,  энэ  онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх аж.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close