ОнцлохНийслэл

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт”, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлээ.

Уг арга хэмжээг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “Ойн энэ өдөр үе үеийн Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох “Мэлхийт” хөшөө, “Монголын Нууц Товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт их хуурыг цэнгүүлдэг уламжлалтай билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн энэ өдөр тохиож байгаа бас нэгэн баярт үйл явдал бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг хүлээн авч байгаа явдал юм.

1994 онд батлагдаж түүнээс хойш нийслэлийн эрхзүйн хүрээний бүхий л асуудлыг зохицуулж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдрийн нийгмийн өөрчлөлт, бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэж, шинэчлэсэн эхийг хүлээн авч байна. Эрхзүй, эдийн засгийн энэхүү шилжилт, шинэчлэл нь Нийслэлийн хөгжлийг хурдасгаж, цаг үеийн шаардлагаа биелүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” гэлээ. 

Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийн хүлээн авах ёслолын  арга хэмжээ Төрийн ордонд боллоо.  
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close