Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 150 мод суулгалаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд агч, монос төрлийн 150 мод суулгалаа. Тус хэлтсийнхэн энд дүйцүүлэн нөхөн сэргээлтийг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд одоо шинэс, улиас, монос, голт бор, үхрийн нүд, гүйлс зэрэг 2000 гаруй мод ургаж байна. Энэ өдөр тэд мөн 1800 гаруй модонд намрын цэнэг усалгаа хийсэн юм.
Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн сайн жишиг тогтоож, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, ногоон хөгжлийг дэмжих бодлогыг тогтвортой хөгжлийн таван бодлогынхоо нэгээр тодорхойлсон Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялаг бүтээж байна.
Аливаа уул уурхайн үйл ажиллагаа нь үйлдвэрлэл эхэлснээс хаагдах хүртэл хүрээлэн буй орчин, орон нутгийн иргэдийн амьдралд шууд болон дам байдлаар нөлөөлдөг. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах явцад уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, сайжруулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн тусгай хэлтэс байгуулан үе шаттай ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс