Зочны ярилцлагаОнцлохFocus

Л.Буянхишигт: Би ч амьдралдаа харамсаад байдаггүй юм, харамсаад юу өөрчлөгдөө билээ дээ

Энэ удаагийн ярилцлагын маань зочин Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, Найрал дууны багш асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Буянхишигт байлаа. Түүний хэн болох, цаг үе тэдний үеийнхийг хэрхэн бүтээв, хүн гээч өөрийнхөө хувь заяаны эзэн нь болохын тулд ямархан зам туулах хэрэгтэй болдгийг энэхүү ярилцлага өгүүлнэ гэдэгт найднам.

-Таныг би саяхныг хүртэл Дорноговийн хүн юм байна гэж боддог байлаа. Гэтэл та чинь Дундговийнх юм байна шүү дээ?

-Би хуучнаар Дундговийн Буянт-Овоо суманд төрсөн хүн. Одоогийн Өлзийт сумын баг. Тэгээд хоёр сумын нэр хэлээд байдаг юм. Миний үндсэн захиргаа гэвэл нэг ийм. Гэтэл бас Дундговийн Гурвансайханых гэж явна аа. Манай аав ээж хоёр мал тууж яваад Гурвансайханы айлд намайг өргүүлчихсэн юм. Уг нь эхээс зургуулаа, би хамгийн бага нь. Мал туух үед би гурван сар орчимтой, дээр нь гурвын гурван бага насны хүүхэд дагуулж явах болоод намайг өргүүлчихсэн юм билээ л дээ.  Нөгөө айл нь ч намайг өргөж авъя гэж гуйх таарсан гэдэг. 

Сүүлд нь би ээжээрээ тоглоом шоглоом хийж “Та намайг зарчихсан шүү дээ” гэхээр ээж сүрхий сандарч “Нүгэл гэм, юу боллоо гэж хүүгээ зарах вэ. Ийм тийм учиртай болоод өргүүлчихсэн юм” гэдэг сэн. Мал тууна гэдэг зунжин, намаржин явдаг ажил байж. Баянтүмэнд малаа тушаачхаад буцаж явахдаа унаа мал нь цуцдаг ч юм уу, өөрсдөө ч эцэж ядарсан юм уу манай хэд Хэнтий аймгийн Дархан суманд өвөлжсөн байдаг юм. Тэр жил яггүй өвөл болж. Ер нь бичин жилийн зуд эхэлж байсан үе шиг байгаа юм. Тэгээд тэндээ суурьшчихсан юм билээ. 

-Тэр айлд таниас өөр хүүхэд шуухад гэж байх уу?

-Өөр хүүхэд байхгүй, айлын ганц болж байгаа юм. Хөдөөгийн хүүхдүүд ямар янзтай өсч торнидог, бага сургуульд хэрхэн яаж орж, төгсдөг билээ, тэр бүхнийг Дундговийн Гурвансайханд үзэж өнгөрүүлсэн. Гэтэл дөрөв төгсдөгийн урд жил аав маань өнгөрчихлөө. Ээж бас бус юм бодсон биз. Намайг дөрөвдүгээр анги төгссөний дараагаар Манлай руу ах дүүдээ очиж золгоно гэж хоёул хөтөлгөө морьтой хөдөлж байгаа юм. 

Өргөсөн ээжийн үндсэн нутаг нь Өмнөговийн Манлай. Манлайд очтол Хярын гурван Алтгана гэдэг газар нутагладаг баян Занданбалын гэдэг айл наадмаар морь унуулна гээд. Тэр айлынхаа гуйвраар наадмаар хурдны морь унаж, даагаар шагнуулаад иртэл ээж чинь дотуур саа болсон гэцгээж байна. Одоогоор бол цус харвасан шиг байгаа юм. Тэгээд хэвтэрт орчихсон, ямар ч хэл яриа байхгүй. Должин эгч гэж хазгар хөгшин, мөлхөж явахаас өөр хөдөлгөөнгүй. Ийм нэг гурван хүн тэр өвлийг ганц гэрээр давдаг юм. Хүний жудаг тийм үед танигддаг юм билээ л дээ. Хөхөө өвлийн хүйтэнд цугтаа өвөлжиж байсан улс бид гурвыг орхиод нүүгээд явчихаж байсан юм шүү.

Манлайгаас очиж авсан том ах Л.Лувсанбалдан

-Үгүй мөн, хүнд үеэ…?

-Бэрх бэрх. Ээж, Должин эгч бид гурав өвлийн эхэн сараас хаврын эхэн сар хүртэл буурин дээрээ хар цай, жаахан гурилтай, их л өлмүүн зөлмүүн хоног сарыг өнгөрүүлсэн дээ. Мал хуй ч гэж байхгүй. Ганц морьтой байсан, өнөөх маань үхчихсэн. 

-Хөлдөж үхэхэд ч ойрхон байв уу?

-Өвөлжөө хавиар заг элбэгтэй тулдаа л ард нь гарсан. Юуных юм бүү мэд, түлшинд явахдаа хэрээнээс их айна. Айх цаашаа, ухаан алдчихна. Долоодугаар сарын дундуур хэвтэрт орсон ээж маань дараа жилийн цагаан сарын үеэр өөд болдог юм. Хөдөөлүүлж чадалгүй талийгаачтайгаа бараг долоо хоног цугтаа хоносон. Хавь ойрынхон яаж нэг юм дуулсан юм, тэр улс ирж өвлийн хүйтэнд манай гадаа майхан барьж. Ингэж тэгсээр байтал бараг арав хоног хамтдаа байсан. Тэгээд муу ээжийг минь тэмээнд ачаад явсан, янз бүрийн уншлага энэ тэр ч гэж сүйд болоогүй, дараа нь тэр улстай ч таараагүй. Түүнээс хойш сар орчмын дараа ах маань ирж намайг авч явж байсан юм даг. 

-Их л аргагүйдсэн байна шүү?

-Үгүй ээ, ердөө. Хүн үзэгдэхгүй. Тэр хөл муутай хөгшин ямар ч аргагүй, айхын бараа л байсан. Гэхдээ тэр хөгшний ухаанаар амьд гарсан гэж боддог. Би тэр хүнд яаж ч тус болж байсан юм, яаж ч төвөг болж байсан юм, зарим зарим юмаа одоо бас сайн санадаггүй юм. Ах маань намайг аваад буцах үедээ садангийн нэг айлд хэл дуулгасан. Би ч нэг юм тэгж Хэнтийн Дархан суман дахь аав ээж дээрээ амь зүдүүхэн очиж байлаа. 

-Таныг анх хараад ээж чинь яав, тэр гэрт юу болов?

-Тэр үед манайх Дархан-Уулын энгэр дэх Улаан хадын бууцанд байж таарсан. Тэмээнээс буугаад гэр рүүгээ алхлаа. Ээжийгээ ч сайн танихгүй. Гэр рүүгээ дөхөж иртэл ээж буцаад орчихсон. Босго даваад ортол зуухныхаа баруун зүүнээр алхаад яахаа мэдэхээ байчихсан. Удалгүй тайвширч намайг барьж авч үнсэж, үйлаан майлаан болж ээж бид хоёр анх нүүр хагарч байлаа.

-Нүд хальтрахаар харагдсан юм болов уу?

-Уг нь ах маань Буянт-Овоо суманд гэртээ авчраад намайг хэд хэдэн удаа усанд оруулж, хувцас хунарыг минь сольж их л өөд татсан. Ядахдаа би унаган гөхөл үстэй, түүнийгээ авахуулах тун дургүй. Тэр гөхөлөөсөө болоод толгойн бөөс хуурс салахгүй. 

Тэгэхэд би нэг муу хуучин үстэй дээлтэй, хөвөнтэй өмдтэй, цоорхой майжгий эсгий гуталтай очсон. Доройтсон амьтан л харагдсан байх. Дор орсон хүний бөөс хуурс ойр наана салдаггүй юм билээ л дээ.

-Та ч тэгвэл хоёр дахиа төрсөн хүн байна шүү дээ?

-Тэгээд л би хүүхдийг хүнд өргүүлэх дургүй байдаг юм. Сүүлд ч бас үр хүүхдүүдээ өргүүлчихсэн тал бий.

-Та тэгээд төрсөн, өргөсөн алингаар нь овоглодог юм?

-Төрснөөрөө. Лувсандоржийн гэж. 

-Дараа нь амьдрал таныг хаашаа хөтлөв?

-Хэнтийн Дарханд 1955 оны хавар ирсэн юм шүү дээ. 1956 оноо алгасаад дараа жил нь тавдугаар ангид орж байгаа юм. Уг нь бага сургуульд байхдаа овоо сурлага сайтай хүүхэд байсан шиг. Майн нэгний баяраар Гурвансайханы манай ангийн багш н.Пунцагдорж гэж навтгар бор хүн намайг мөрөн дээрээ суулгачхаад явж байсан юм даг. Тэрийг нь харсан томчууд “Чи яахаараа багшийнхаа мөрөн дээр гараад суучихдаг юм” гэхэд багш миний өмнөөс “Онц сурдаг юм чинь суулгүй яах вэ” гэж хариулж байсныг нь их сайн санадаг. Гуравдугаар ангийн хүүхэд хэрнээ хүний мөрөн дээр сууж явсан гэхээр бие хаа гэж жижигхэн амьтан байсан байгаа биз. Ингээд тавдугаар ангид ороод сурсан чинь улаан нойл. 

Гэр бүлийн зураг 1967 он

-Жил алгасчихсан? 

-Жил алгачихсан, дээр нь ой санамж сайнгүй байсан шиг байгаа юм. 

-Ямартай ч эцэг эхийнхээ барааг харсан хүн байна. Учиртай болсон уу?

-Намайг буцаж ирэхэд манайх мал сүрэг овоотой, дориун болчихсон байсан. Тэр үед зарим ах эгч гэрлэж бараалаагүй, гэртээ байцгаасан. Тэднийг их дагуулна, Дархан уулын энгэр рүү хонь малд явуулна, айлын хүүхдүүдтэй тоглуулна. Дээр нь жалганд тогтсон борооны усанд тоглож, нар салхинд эмчлэгдээд их давгүй орчинд 2-3 жил өнгөрсөн юм шүү. Тэндээсээ сумын Улаан буланд очсон гэж байгаа. Манай нутагт унага тамгалах найр гэж сайхан найр болдог. Дээр нь айраг ихсээд ирэхээр айргаа дундлах гээд орчны улсад дуулгана. Нэгд нь хэл дуулгахад саахалтынхан цугаар хүрээд ирнэ. Тэгээд л дуулна, хуурдана. 

-Ямар сайхан юм бэ, бүр нүдэнд харагдчихлаа?

-Өө хачин сайхан. Хурга ишиг хөөцөлдөж явтал эгч бид хоёрыг дуулуулна гээд дуудна. Манай бага эгч хөөрхөн дуулчихна. Ороод очихоор найрын улс “Чи нөгөө Цомбон туурайтай хүрэн”-ээ дуул л гэнэ. Яаж ч тэр дууг дуулдаг байсан юм, эгчтэй хамжиж байгаад дуулдаг байсан байх даа. 

-Тэгж яваад урлагийн хүн болчихсон уу?

-Нэг унага тамгалах найран дээр сумын Улаан булангийн эрхлэгч Н.Гэлэгсодов гэдэг хүн эгч бид хоёрын дуулж байхыг хараад намайг тоосон шиг байгаа юм. Тэгээд маргааш өглөө нь манайд орж ирээд “За хүү, Улаан буланд очоорой. Аав ээж чинь зөвшөөрөлгүй яах вэ. Чамаар дуулж хуурдуулах ажил хийлгэнэ” гэдэг юм. Улаан булангаа ч сайн мэдэхгүй, тэгсэн хэрнээ дуулуулна гэхийг нь сонсоод дуртай нь аргагүй “За” гэчихлээ. 

Түүнээс хойш нэг их удалгүй хониныхоо бэлчээрээс шахуу яваад очлоо. Октябрийн баяр болох гээд концерт бэлдэх болоод явчихлаа шүү. Морио тавиад явуулчихсан, айл айл хэсээд хоног төөрүүлээд явдаг хүн болоодохов. 

Улаан булан маань бас ч гэж мандолин, гармон зэрэг ганц нэг хөгжимтэй. Нөгөөдүүлээ хөгжимдөж сурах гэж оролдсоор байтал утсанд нь хурууны өндөг цэврүүтчихнэ. 

Сүүлдээ ч мэдрэхээ болилоо, тэгж байж сонсголоороо хөгжим дарж сурсан. Ойр хавьд ноот мэдэх хүн байх биш, өөрөө л оролдохоос өөр аргагүй. 

Өдөржин л хөгжимтэйгээ ноцолдоно. Заримдаа ядраад нөгөөхөө тэврээд унтчихна. Анх “Тэгвэл хоёулаа”-г дуулсан санагдана. Бас С.Гончигсумлаа гуайн “Ээждээ”-г их дуулна. Энэ хоёроор л дуучин-уран сайханчаа эхлүүлсэн байдаг юм. Тэгээд 1960 он хүртэл Улаан буландаа, бараг гэртээ ч харилгүй “ажилласан”. 

-Цалин хөлс гэж өгөх үү?

-Тийм юм байхгүй ээ. 

-Сургууль юу болов. Сургуулийн тухай ер яригдахгүй байх чинь?

-Үгүй үгүй, зөвхөн тэндээ. Тэр үед уран сайханчид багаар их тойрно. Морьтой явцгаана. Сажилж шогшуулж явна гэж бараг байхгүй шүү дээ. Тэгж яваад үлийд бүдэрч ойчих үе ч гарна. Үлийд бүдрэх дээрээ тулвал мандолин, гармоноо л гэнэ. Н.Гэлэгсодов гуай бид хоёр аав хүү хоёр шиг, ах дүү хоёр шиг л байсан. Тиймээс би анхныхаа багшаа хэмээн бодож, хүндэлж явдаг. Тэр хүн миний толгойд их юм хийсээн. 

-Тэгээд хаана хэнийд толгой хоргодох уу?

-Тэр үеийн хүмүүс хүүхдийг хүний өөрийн гэхгүй. Гэрт нь ундалж цайллаа гэхэд үнэ хөлс нэхэхгүй. Очихгүй удахаар ганц нэг нь “Чи чинь яагаад сураггүй болчихов” гэнэ. Хэн нь ч өөрийн хүүхэд шиг л ханддаг тийм цаг байлаа.  Уран сайханд явдаг хоёр найзтайгаа айлын нэг пин шиг юманд амьдардаг ухаантай. Цайтай цайгүй үзэж өгнө өө. Өлсөж цангах бол юу ч биш. Үлийдээ бүдчээд явж байх нь л өөрөө жаргал байлаа. Удалгүй нэгдэл байгуулагдлаа. 

Нөгөө хэдэн ажилгүй уран сайханчдыг чинь туслах бригадын гишүүн болгочихлоо. Хадлан хадна, хашаа хороо барина, худаг ухна. Сумын сайн муу хамаг ажилд дайчлагдана. Нэг өвөл Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Модотын уурхай татан буугдаад, байшин буулгаж суманд барьдаг ажилд оролцох юм болов. 1958 оны үед юм уу даа, арванхоёрдугаар сард н.Намсрайсүрэн гуай ахлаад, Ц.Батнасан бид гурав 5-6 тэмээн тэрэгтэй явдаг юм. Буцаж явтал уулын хажуугийн мөстсөн гулгаан дээр тэмээ хальтирч, мод ачсан тэрэг талаараа харчихаад, татлага нь тасарч  их л сандаргаж билээ. Тэглээ гээд голдоо ортлоо даарч хөрч явснаа санадаггүй юм.

-Залуу байжээ?

-Би 1942 онд төрсөн хүн. Тэгэхээр тэр үед 16-тай л байж. Тэр аян амьдралдаа явсан ганц аян даа, нэг ч хүнд гайхуулаад байх юм биш. Тэгтэл нэгдэл ГАЗ-51 машинтай болоодохлоо. Түүгээрээ уран сайханчдаа авч явдаг болж, буцаад дуулж хөгжимддөг болов. Гэхдээ ганц уран сайханчаа хийхгүй ээ, нөгөө хадлан хашааны ажилдаа зарагдана. Тэгж байтал 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар наадам болов. Сумаасаа шалгарлаа, аймагт тоглолтод оров.

Түүнээсээ нэг хүндэт тэмдэг ч бил үү, нэг шагналтай үлдсэн юм даг. Сониноос их наадам болдог тэр жил намар оройхон миний анхны багш нарын нэг И.Агваандаш гуай, С.Жаргал гэдэг эмэгтэйн хамт сумын Улаан булангийн уран сайханчдад туслахаар ирдэг юм. Надад “Ай нанаа”-г заагаад, хуучир хуучирдаж сур гэв. Түүнийх нь муухай дуугарна гэж юу гэх вэ. Мандолин шиг хуруу дарах тэмдэглэгээгүй болохоор өнгө олж дарна гэдэг маш хэцүү, мэдрэмж сонсгол их шаардана. Муухай дуугараад байхаар нь би тоглох дургүй ээ, хожим нь ч олигтой сураагүй. 

Хэнтий аймгийн Соёлын ордон. Наадмын талбайн павилонд тавигдсан зураг. 1961 он.

-Хүн дургүй зүйлдээ хойрго л гэдэг. Үнэн бололтой?

-Чухам үнэн. Ийм маягаар хэсэг манаргаж явтал И.Агваандаш багш энэ хүүхдийг аймгийн Соёлын ордонд оруулъя гэсэн саналыг Намын хороонд тавьсан юм шиг байгаа юм. Тэр үед би хадланд гарчихсан байсан. Н.Гэлэгсодов багш бидэн дээр ирээд “Чамайг аймгаас дуудаж байна гэнэ” гэдэг юм. Айх шахуу юм боллоо. Дэг дугхийгээд болдоггүй. Багш өглөөгүүр ирсэн байсан юм, үдэд тэсэлгүй асуулаа. “Намайг яагаад дуудсан юм бол оо” гэсэн чинь “Чамайг Соёлын ордонд дуудсан бичиг ирсэн байна билээ. 

Одоо миний мориор яв. Даргад хэлээд цааш явахаа бод. Өнөөдөр шуудантай” л гэж байна. Багшийн хулгар хээрийг унаад, сумын төв хүрлээ. Нэгдлийн дарга контортоо сууж байна.

Дарга уг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ, гэсэн хэрнээ “Чи энд юу хийж яваа юм, хадлан дээр байх ёстой биш бил үү” гэж байна. Би ч учраа хэллээ. Дарга халгаадаггүй ээ. “Гар, яв” гээд өрөөнөөсөө хөөгөөд гарчихсан. Гараад айх гомдох зэрэгцээд зогсож байтал сумын нарийн бичгийн дарга Х.Хайдав гуай таардаг юм. Х.Хайдав гуай миний хэлэхийг сонсоод буцаж дагуулж орж, аймаг явахыг минь зөвшөөрүүлж билээ. Зөвшөөрүүлж аваад гараад иртэл сумын шуудан ирчихсэн зогсож байна. Над мөнгө битгий хэл, өмссөн хувцаснаасаа өөр юм байдаггүй. 

-Тэр үеийн шуудангийн хөлс хэдэн төгрөг байх уу?

-Хорин таван төгрөг. Тэр нь их мөнгө өө. Хүмүүсийн дүйвээнээр шуудангийн машинд суучихсан. Нугдайж суусаар аймаг хүрлээ. Оройхон аймагт ирлээ. Таних хүн байдаггүй. Тээврийн товчооны хажууд Ягаан клуб гэж байсан юм. Тэр хавьд нэг манаач айл байна. Тэднийд ортол тавдугаар ангид хамт сурч байсан н.Должинсүрэнгийнх байдаг юм. Аав ээжид нь учир явдлаа хэллээ. Хоол унд ид л гэнэ. Тэр зуураа “Соёлын ордноо мэдэх үү” гэнэ. “Мэдэхгүй” гэсэн чинь аав нь “Должинсүрэн маргааш өглөө хүргэж өгөөрэй” гэнэ. Маргааш нь Соёлын ордонд очтол ашгүй И.Агваандаш багш байна.

Соёлын ордны дарга Н.Дамбадугар гуай тэр хоёр хэд хоногийн дараа шалгах юм болж, би бүх л чаддаг мэддэгээ үзүүлж байж арай гэж тэнцлээ гэсэн үг сонсов. Тэгээд ч шууд тэнцсэн гэсэн үг биш. Тэр үед жүжигчид нь бригадаар явчихсан таарсан. 

Тэр хүмүүсийг ирэхээр дахин шалгана шүү гэж байгаа юм. Түүгээрээ ч болж, дахин шалгуулж тэнцэн 125 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчнээр ажилд оров оо. Сарын дараа цалингаа авч нэг цагаан цамц, дүнсэн тамхи, жаахан чихэр авч байгаа юм. Үлдсэнийг нь бодвол хавь орчмын Хятад гуанзны бууз хуушууранд өгөө биз. 

-Та чинь их цэмцгэр хүн. Тамхи татдаг байсныг чинь мэдэхгүй юм?

-Тэр үед ногоон дүнс гэж их зөөлхөн, гаансаар татдаг тамхи байсан юм. Манай хүргэн ах О.Содномцэрэн тэр дүнсийг их уугуулна. Хүргэн ах тамхи татахын хажуугаар аав ээжээс нууж байгаад улаан сугаараа гаансаа явуулна. Тэрнээс нь татаж байгаад тамхи татаад сурчихсан юм. Дараа нь 25 жилийн хойно тамхинаас гараад 11.20-ийн чихэрт орчихсон. 

-Аймгийн Соёлын ордонд ажиллана гэдэг сүрдмээр байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Улаан буланд хамт ажиллаж байсан С.Ганжуур гэгч эмэгтэй надаас хэдхэн хоногийн өмнө Соёлын ордонд орсон байсан. Танихаар тэрийг их бараадна. Нөхөр нь аймгийн Эвлэлийн хороонд татагдаад ирчихсэн, тэгээд тэднийд суудаг боллоо. 

“Өвлийн адуучин-”ы автор Ц.Дэмбэрэл гуай манай хөгжмийн багш. Тэр хүн надад кларнет сур гэж даалгадаг юм. Тэр хөгжмийг хулсаар үлээдэг. Зориулалтын хулс нь аймгийн хэмжээнд ердөө ганц. Багш “Үүнийг хугалчихав, хугалчихвал өөрөө зорж хийнэ шүү. 

Наадахынхаа хамгийн бүдүүн өнгийг гаргаж сураарай, сурахгүй бол ажлаа өгөөрэй” гэж байгаа юм. Тийм үг сонссон хүн чинь чадлаараа чармайна биз дээ. Хулсаа амь мэт хайрлана. Чадахгүй хүнд өнөө хөгжим нь бас муухай дуугарна аа. Хулс нь нороод дэвтэхээрээ зуураад, амьсгаа хүрэхээргүй болж дуугарахаа ч байчихна. Тэгэхээр нь уур хүрээд чангахан зуухаар хуга үсэрчихнэ. Тэгээд л зорох ажилд орно. Целлотоор ч, хулсаар ч зорж байсан. Хулсаар хэчнээнийг ч зорсон юм бэ дээ.

-Хулс тэгээд олдох уу?

-Хятад цайны хулс гэж байсан юм, сав нь гэсэн үг. “Хулс тэсгээдэггүй ямар янзын хүүхэд вэ” гээд багшаар олон удаа загнуулсан. Долоо хоног хөгжимтэйгээ ноцолдон байж учрыг нь олж, тэндээ анх ноот сурсан.

-Одоо нэг юм ажил амьдрал тогтох янзтай болж ирэв үү. Мэргэжлийн урлагийн байгууллагын нэрийн өмнөөс тайзан дээр гарах цаг дөхөж, тийм үү?

-Тэр үеийн Соёлын ордныг урлагийн хагас мэргэжлийн байгууллага гэж үздэг. Тэглээ гээд уран бүтээлд тавих шаардлага сул биш байсан. 1960 оны сүүлчээр бригадаар явж байгаад Баянхутаг сумын клубт анх “Ганган хул”-ыг дуулсан юм даг. Тэгсэн бадгуудаа хольж дуулаад. Их л сандарсан хэрэг. Бригадаас бууж ирээд багш нараасаа хатуухан зэм хүртсэн нь мартагдашгүй сургамж болж байв. /инээв/

-Та чинь маш эрт гавьяат авч байсан хүн байна билээ. Түүнээс хойш төрийн дээд одон медаль аваагүй гэж сонссон. Энэ юутай холбоотой юм бол?

-Дорноговь аймгийн Соёл урлагийн 10 хоногоор авсан, 37-тойдоо гэсэн үг. Юутай холбоотойг мэдэхгүй, Алтан гадас өгье гэхээр нөхөж өгч болдоггүй бололтой сонссогддог юм. Соёлын тэргүүн бол бий.

-Та чинь тэгэхээр хэзээ нь Дорноговийн театрт очсон байх уу?

-34-тэйдээ. 1976 оны намар Соёлын яамны томилолтоор Найрал дууны багшаар очсон. Үүний өмнө 1968 онд Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд Жүжигчний мэргэжил дээшлүүлэх зургаан сарын курст биднийг хамруулахад Хэнтийгээс очиж байлаа. Курс төгсөхөд хоёр хүнд Найрал дууны багшийн үнэмлэх олгосны нэг нь би байсан юм. Гэсэн ч манай курсийнхэн бүгд мундаг уран бүтээлчид байсан болохоор хожим тэднээс зургаа нь гавьяат болсон. 

Одоо тэр курсээс амьд сэрүүн хүн үлдсэнгүй. Тэр курсийг төгсөхөд Улан-Үдийн дээд сургуульд суралцах ганц боломж олдсон ч түүндээ явж чадаагүй. Бас Завханд очвол оч гэсэн очсонгүй. Тэгээд Хэнтий рүүгээ буцсан. Дараагаар Дорноговь руу томилогдсон доо. Очтол Дорноговь аймгийн Соёл урлагийн 10 хоногийг Улаанбаатарт тавих болж, бүх сум, байгууллагаар орж шалгаруулалт явуулдаг ажил руу палхийгээд орчихсон. Зөвхөн дууны төрөлд гэхэд 300 хүн шалгуулж, 60 хүнийг авсан байдаг юм.

-Нүсэр ажил болсон байна шүү?

-Аймгийн Намын хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга н.Балдандорж, Соёлын хэлтсийн дарга н.Батмөнх гуай хоёр ахлаад, манай Д.Нацагдорж, Л.Ухнаа багш, бид тав энэ ажлыг нугалсан. Тухайн үед Говьсүмбэр Дорноговийн харьяанд байсан гээд бод доо. Зарим суманд хонон өнжин ажилласан, нэлээд цаг хугацаа орсон нүсэр ажил болсон юм. 

-Дорноговьд гэр бүлтэйгээ цуг ирсэн үү?

-Би өөрийн дөрөв, өргөсөн нэг хүүхэдтэй. Анхны гэр бүлийн хүн маань намайг урлагт явуулах дургүй. Бид хоёрын дундаас дөрвөн хүүхэд гарсан. Гурвыг нь гаднын хүнд өргүүлсэн. Би бригад яваад өгнө, буцаад ирэхэд өргүүлчихсэн байна. Тэр ч хадам ээжийн санаа байсан байх. Арга бараад дөрөв дэхийг нь аав ээждээ өргүүлж байлаа. Хот руу курст явах болсон гэлээ дээ, явахын өмнө хадам ээж тэнхрээгүй биетэй эхнэрээ, нялх хүүхэдтэй нь орхиод явах гэлээ гэж үг хаяж байна. 

Бүр хямраад, мотоцикл сайн барьдаг хүн гуйгаад, охиныхоо нүүрийг марлиар халхлаад, энгэртээ ганц угж сүүтэй аавынх руугаа давхисан. Сар гаруйтай амьтныг гэртээ хүргэж өгчхөөд курстээ явсан. Тэгээд бид хоёр тийш болцгоосон доо. 

Түүний дараа надад Дархан суманд бүжиг зааж байсан С.Жаргалтайгаа гэр бүл болсон ч үр хүүхэд гарсангүй. С.Жаргалынхаа ээжээс хүүгээ өргөж авч байлаа, дүүг нь гэсэн үг. Хань минь драм талдаа их давгүй жүжигчин байсан. Түнхний мултралаас болоод юм юм даамжраад, 2007 оны 10 дугаар сард бурхан болсон. Том хүү маань Хан Хэнтий чуулгад дуучин-хөгжимчнөөр ажиллаж байгаад мөн л зуурдаар өнгөрчихсөн юм. /Бид хэсэг дуугүй суув/

Бүжиг дэглээч Л.Ухнаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, миний бие Гавьяат жүжигчин цол тэмдэгээр нэг өдөр шагнуулж, дурсгалын зураг татуулсан нь

-Аймгуудын театр үүдээ барьж байх үед “Саран хөхөө” хаалгаа бариагүй цөөн театрын нэг боллоо гэцгээж байсан. Миний санахаар та яг тэр үеийн удирдлага байх шүү?

-1994-1998 онд “Саран хөхөө” театрын даргаар ажилласан. Манай Д.Нацагдорж хойшоо явах болоод, би даргаар ажиллах болсон юм. Тамгаа ч авлаа, тэгтэл олон хүн дуу дуугаа авалцаад ажлаасаа гараад явчихдаг юм наймаа хийнэ гээд. Тэдгээрээс хожим нь 12 хүнийг буцааж ажилд авсан байдаг юм.

-Хэдэн хүн ажлаас гарсан хэрэг вэ. Ер нь театр хэдэн хүнтэй байсан юм бол?

-Бараг хориод хүн гарсан. Театр дөч гаруй хүнтэй. Тал шахуу нь ажлаас гарчихаар юу болох уу. Нөгөөдүүлээ буцааж авч байж байдал арай дээрдсэн. Наймаа панз нь дампуурсан нь ч бий, гайгүй ашиг орлоготой хэрнээ би бол ясны уран бүтээлч юм байна гээд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар буцаж ажилдаа орсон нь ч бий.

-Тэгээд тоглолт тавьж байв уу?

-Тавина аа. Гэхдээ тун хэцүү. Бригад явна гэж бүр байхгүй. Гэхдээ орлого бол таслаагүй. Мандах сумын харьяат, кино механикч Д.Пүрэвжавыг жүжигчний орон тоон дээр бил үү, ажилд авч байгаа юм. Тэгээд кино гаргана. Тэр их нэмэр болсон. 

-Цалингаа яаж тавих уу?

-Чүй чамай л тавина. Манай нягтлан Ц.Дуламсүрэн гэж их чадалтай нягтлан байсан. Тэр хүн тулдаа тэр хэцүү үеийг авч гарсан. 

-Сэтгэл зүйн хувьд хүнд тусна биз?

-Хүндээр барах уу. Яаж хүмүүсээ цалинтай байлгах уу, түүний тулд хэрхэн шинэлэг сэтгэлгээний уран бүтээлтэй байх уу, хэрхэн яаж аймаг орон нутгийн удирдлагуудад үүнийгээ зөвөөр ойлгуулах уу гээд түмэн зүйлийн юм бодож байгаа юм. Түүний хажуугаар энд тэндхийн театр үүдээ барилаа л гэнэ. Бүр санаа зовчихно. Байгууллагаа нураачихгүй юм сан, нэр төрийг нь аваад гарчихсан юм сан гэж чадлаараа зүтгэсэн. Манай хамт олон дотроос дахиж гаръя оръя гэх хүн гараагүй. Бүгд л тэр цаг үеийг хамтдаа туулсан даа. 

-Тэр үед энд тэндгүй шугам их хөлддөг байсан байх шүү?

-Тэгсэн тэгсэн. Манай театр ч дэн дунтай байсан. Засвар хийх тухай бүр бодох ч юм биш. Хүнтэй юм ярихаар л мөнгө ярина. Тэгсэн ч тэр үед хэнд ч мөнгө байгаагүй. Эрчим хүчний дарга Б.Лхагваа маань их тус болсон. Хагарсан цоорсон юмнуудыг их бага хөлсөөр хийж өгч, хөлдөө хөгөө чирэхээс минь аварч байсан юм шүү.

Та ч цөөнгүй уран бүтээл хийсэн байх. Судалгааны ном гаргалаа л гэсэн?

-Би чинь оройгоор арав төгссөн. Дээр ярьсан нөгөө курсийн үнэмлэхтэй хүн чинь өөрийгөө их голно. Уг нь хоёр зуугаад уран бүтээл бий. Бүр хожим ардын голдуу хэдэн дуу Радиогийн алтан фондод бичүүлсэн. Уг нь тэдгээр туурвил ганцхан миний толгойд бүтсэн эд шүү дээ. Өөрийгөө хэтэрхий чамлаад, жалгандаа байсаар идэвхтэй он жилүүдийг үдчихсэн. Судалгааны номын тухайд Равжаа хутагтын зохиосон зарим дууг багтаасан “Авралын дээд” дууны түүвэр нооттой нь хэвлүүлсэн. 

Түүнээс гадна Дорноговиос гаралтай ардын дуунуудыг хэдэн жил цуглуулж ноотлон, ээжийнхээ дуулдаг “Зааны шинжтэй уул” дууны нэрээр нэрлэсэн номоо гаргасан. Бас Сайхандулаан сумын нутгаас гаралтай байж болохуйц “Цагаан шаазан” ардын дууны хөгжимт жүжиг болохуйц материалыг олж хадгалсан байна. Дээр нь хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай өдөр тутмын сонинд цувралаар бичдэг. Түүхийг бичиж үлдээж байгаа үүднээс гэх үү дээ. Одоо бараг хориод хүний түүх бичсэн байна шүү.

Хань Д.Гүнсэнмядагтайгаа.

-Хоёр ээжийгээ та одоо ямараар дурсдаг вэ?

-Миний төрсөн ээж эхээс гурвуул. Манай ээж Ц.Дуламцоо хамгийн бага нь, эгч нар нь Ц.Цэрэнцоо, Ц.Хандцоо. Дундговийн Буянт-Овоо сумын нутгаар айлын найр болоход тэр гуравгүй найр болно гэж байдаггүй байсан гэсэн. Хөгшин ээж Одням бүр дал гарсан хойноо айлын найран дээр дуулж байсныг тод санадаг юм. Их эвлэгхэн, сайхан дуулдаг хүн байсан. Өргөсөн ээж маань дуу шуу цөөтэй, бүрэгдүү, одоогоор бол ядуухан ч айл байж. 

Тэр үед айлууд малтай байх хэцүү. Малын татвар гэж төлөөгүй бол малыг нь хураагаад авчихдаг байсан. Овсгоотой улс бол ноос ноолуурын төлөвлөгөөтэй нь цуг айлуудын малыг авчихдаг. Ээж маань дөрөв төгсдөг жил төлөвлөгөө, юутай хээтэй нь малаа хүнд өгчихсөн. 

Оронд юм авсан, үгүй нь бүү мэд. Тэгээд л Манлай руу гарч яваад өнгөрсөн гэдэг нь тэр л дээ.  

-Та амьдралдаа юунд харамсдаг вэ?

-Би ч амьдралдаа харамсаад байдаггүй юм. Юмыг их хурдан мартдаг. Харамсаад юу өөрчлөгдөө билээ дээ. 

-Таны түүхийг сонсож байхад дандаа сайн хүмүүстэй тааралдаж явсан байх юм. Та ч өөрөө хувь заяаныхаа эзэн нь байх гэж их зүтгэж. Бурхан танд үнэхээр л хайртай юм даа гэж бодогдож суулаа?

-Хэлээд юу гэх вэ. Гэхдээ тэднийхээ ачийг хариулж чадсангүй дээ. Хүнийг ер нь сайн ижий аав, сайхан багш, түшигтэй хамт олон л өөд нь татдаг юм билээ дээ. Тухайн нийгэм, цаг үеийн өгөөж ч их байлаа. Тэр үеийн хүмүүс их шударга байж. 

Энэ хүүхдэд нэг юм байна гэж багш нар маань олж харж, шударгаар үнэлсэнийх юм. Ах нь сүүлд цайны ханьтай болсон. Доёдын Гүнсэнмядаг гэж математикийн багш мэргэжилтэй, их сайн хүнтэй ханилсан. Бид хоёрын яриа төгсөх дөхөж байх шиг байна. Ах нь нэг түүх яръя. Театрын даргын ажлаа авчхаад 4000 юаньтай Эрээн гарлаа. Театрт хэрэгтэй гэсэн бүхнээ 3000-д нь авчихлаа. Цаана нь 1000 үлдэнэ биз. 

Түүнийг нь завшчихвал завшчихна ш дээ. Гэтэл өөртөө авчихъя гэсэн бодол төрөхгүй байгаа юм. Харин түүний оронд энэ үлдсэн 1000 юань театрт маань хэрэгтэй гэсэн шүү юм бодоод байгаа юм. Тийм нэг шударгадуу, өр зээлд дургүй, худал хуурмагт тааламжгүй ханддаг, одоогийн хүмүүсийн үнэлэмжээр бол жаахан тэнэгдүү хүн л явж дээ. 

-Урилгыг минь хүлээж авч ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Б.Туул

FB: Batsuuri Tuul

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close