Засгийн газарОнцлох

Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх оны төсөвт тусгасан

“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас зарим бодлогыг танилцууллаа.

Тэрбээр,
-Манай Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн цар тахлыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн, шинэ сэргэлтийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан.  Жишээлбэл, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэх юм. Тиймээс хадгаламжтай ирээдүйн иргэдийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзаж, 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр байршуулах тогтолцооны шинэчлэлд шилжин орох болно.

Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцооны шинэчлэлийг мөн ирэх жил эхлүүлнэ. Чанартай боловсролыг хангах хүрээнд боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан.  Үүнд цахим боловсрол болон үр дүнд, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг тусгасан. Мөн энэ хичээлийн жилээс Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо. Нэг хүүхдийн авах илчлэгийн хэмжээ нэмэгдэж, цаашдаа боловсролын чанарт ахиц гарна гэж харж байна.

Инноваци болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ч бас онцгойлон анхаарч ажиллаж байна. Эдгээр бодлогын зорилго, зорилт, арга хэмжээ бүр манай улсын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл хэрэг билээ гэв.

Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.

“Манай үндэсний томоохон компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгоос тусгаж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар зөв хандлага тогтоон, байгальд ээлтэй, ногоон төсөл, хөтөлбөрт анхаарах хандлага эрчимжиж байна.


Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх сэдвээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын цуврал уулзалтыг амжилттай зохион байгуулсаар байна. Эдгээр уулзалтын хүрээнд цар тахлын үед төр хувийн хэвшил, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид хамтдаа эдийн засгийг эрчимжүүлэх гарцыг эрэлхийлж, шинэ сэргэлтийн бодлогыг хамтдаа боловсруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас талархан дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тухайн улс орон тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа ирээдүйд улам ахиулахын тулд хичээл, зүтгэл гарган ажиллах болно. Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close