НийслэлFocus

Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц төсөл” болон “Улаанбаатар тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн талаар хэлэлцлээ.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалын эцэс орчмын 4 га талбайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 9 блок 712 айлын орон сууцыг цэцэрлэг, хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан төв, авто зогсоол, ногоон байгууламж бүхий талбайтай байхаар цогц төлөвлөлтөөр барина. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийг чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөлөөнд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууц болон олон төрөлтэй түрээсийн хэлбэрийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд уг төслийг хэрэгжүүлж буйг онцлоод 2025 онд бүтээн байгуулалтыг дуусгана гэв. Тус орон сууцны байр 32-71 ам метр талбайтай 1-3 өрөө байх төлөвлөлттэй. Орон сууцны 142-ыг түрээсийн, 570-ыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох бол үлдсэн 35 орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх юм.

Харин “Улаанбаатар тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг олон улсын нэн хөнгөлөлттэй зээлээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Дэлхийн банкнаас хийсэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн салбарын судалгаанд тулгуурлан тус төслийг боловсруулсан бөгөөд гурван бүрэлдэхүүн хэсгээр ажил зохион байгуулна. Тухайлбал, эхний бүрэлдэхүүн хэсэгт Баянхошуу, Өнөр хороолол, Нарны зам орчмын авто замыг сэргээн засварлаж, 4-6 эгнээ болгон өргөтгөнө. Түүнчлэн авто зогсоолын болон ухаалаг тээврийн системийн шинэчлэлийг тус бүрэлдэхүүний хүрээнд хийхээр төвлөжээ. Тэгвэл хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын хоёр талыг өргөтгөн, шинээр босоо тэнхлэгийн коридор байгуулах юм. Мөн энэ хүрээнд сонгогдсон коридоруудад нийтийн тээвэрт зориулсан эгнээ байгуулж, автобусны буудлуудыг сайжруулна. Харин гуравдугаар бүрэлдэхүүн хэсэгт зам тээврийн үр дүнтэй төлөвлөлт хийхээр төлөвлөнө гэдгийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа. Тодруулбал, явган зорчигч болон дугуйн зам зэргийг цогцоор нь шийднэ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид төслүүдийн танилцуулгыг сонсоод, хэрэгжүүлэхийг дэмжлээ. Мөн дараагийн хуралдаанд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцын тайланг сонсохоор тогтов. Түүнчлэн нийтийн тээврийн салбарт онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Тухайлбал, төлөөлөгч Д.Гантулга “Автобус давуу эрхтэй эгнээ байгуулах, буудлуудыг шинэчлэх гэх мэт ажил хийхээр төлөвлөжээ. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн асуудал хүнд байна. Өнгөрсөн удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар өр, тулгамдаж буй асуудлыг ярилцсан. Тиймээс нийтийн тээвэрт чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. Мөн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Нийтийн тээврийн компаниуд их хэмжээний алдагдалтай ажиллаж байна. Солонгос улсын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн салбарын орлого, зарлагыг хянадаг. Компаниуд сард хэдий хэмжээний орлоготойгоо мэдэх боломж алга. Нийтийн тээврийн төлбөрийн цахим программ нэвтрүүлэх чадамжтай компаниуд монголд хөгжсөн. Нийслэл тэднийг дэмжиж яагаад болдоггүй юм бэ. Ажлын хэсэг гаргаж, “Улаанбаатар смарт карт” компанид шалгалт оруулж, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороонд танилцуулахыг хүсье. Бид гарч буй алдааг яаралтай засах хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан үргэлжилж байна…

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close