Уул уурхайОнцлох

Улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.

Энэ өдөр төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын хүнд цаг үед Засгийн газрын онцгой даалгавар биелүүлэн ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн хариуцлага, сайн жишээг онцолсон юм.

Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг санхүүжүүлэх нэмэлт ачаа үүрч байгаа ч улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүй гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ.

“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онд төсвийн орлогыг нэг их наяд руу дөхүүлж байсан бол өнгөрсөн онд нэг их наядыг давуулан биелүүлсэн юм. Харин энэ онд “онцгой даалгавар”-ын хүрээнд 1 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээс гадна улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Зууны манлай үйлдвэр одоогоор Монголын 900 мянган өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрт 640 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Он дуустал дахин 400 гаруй тэрбум төгрөг төлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ. 

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр зэсийн ханш тогтвортой байгаа нь цар тахлын үеийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх, Үйлдвэр технологийн парк байгуулах, энэ хүрээнд Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх боломж бүрдүүлж байгааг Ерөнхий захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Томоохон үйлдвэрлэлийг дагаад жижиг, дунд үйлдвэрүүд сэргэх, хөгжих, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа сайжирна гэж  үзэж байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close